Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, March 20, 2014

Яруу найраг мандтугай, бүтэлгүй хайр мандтугай

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулаад хамгийн сүүлд бичсэн шүлгээ оруулж байна. 5-ын 9 дуусч байсан 2 сарын 4-ний өдөр байлаа.

Бээрсээр үдсэн өвлүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна..

Биеэ хураасан урт удаан жилүүдийг
Бэлэг шиг тосон авч, бэлэг шиг хадгалсаар
Би энд чамайг хүлээхээс залхаж байна,
Энд чамайг ирэхгүйгээс айж байна..

Өчигдөр л үнсээд салсан гэдэгтээ өдийг болтол итгэсээр
Өнөөдөр бүрийг өнчин өнгөрөөсөөр туйлдаж байна
Өмөлзөх уруулаа цус шүүртэл хазлаад ч
Өөрийн чинь үнсэлтийг олохгүй байгаадаа цөхөрч байна

Өрцөнд минь цуурайтах харуусал дундах хашхираан
Өглөөн нарыг хасах цэнэгээр туучих миний гунигт өдрүүд,
Өчигдөрхөн чамд үнсүүлсэн уруул,
Өрөө ч мэдэлгүй хүлээсээр байх хамгаас хуучин зуршил минь
Өө, би яаж шинээр амьдрахаа мэдэхгүй байна
Би яаж хүлээлтгүйгээр амьдрахаа мэдэхгүй байна.

Бээрсээр үдсэн өдрүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна.