Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Миний шүтээнүүд

Нийтэлсэн: Tserenpil
Дэвүүртэй бүсгүй

Цоорын эгшиг тодроод сар улам ганцаардахад
Цочсон зүрх онгойгоод тутарганы үнэрт дотносоно
Дүүрэн дүүрэн цалгилах болор хундагыг тулгаад
Дүрлэгэр нүдний гэрэлд гараа өргөхөд хоосорно

Арван хувиар согтовч түмэн хувиар дурлах
Атгахан зүрхний мухарт улаан дэнлүү цоролзоно
Амрагийн үгтэй тангараг цээжин дотор дуурсавч
Аяа энэ л мөчийг орхиж яахан зүрхлэнэ

Дэвүүрийн ирмэг захлаад аальгүй нүд ширтэнэ
Дэнгийн эрвээхий шиг зүрх эхнэрээ мартаж цохилно
Дэргэд үргэлж дагах нүгэлт мөчийг яалтай
Дэлхий хүртэл давчдаад би одоо хаачих вэ?

 Сергей Есенин

Түүний шүлгийг амрагийнхаа чихэнд шивнээгүй хархүү Орос оронд байхгүй гэдэг. Ж.Нэргүй гуайн орчуулсан номноос нэгэн шүлэг сэтгэлийг минь эзэмдлээ. Магад хүн бүр энэ шүлгийг уншаад шүүрс алдах буй за. 1924 онд Есенингээс өөр хэн ингэж бичиж чадсан юм бэ.... :wd:

Хагас алтан зоосыг рублиер сольж өгдөг
Хар захын наймаачнаас би ингэж асуулаа:
“Хацар гоо Лала бүсгүйд хэлэх гэсэн юм аа
“Хайртай шүү” гэдгийг танай персээр юу гэдэг юм бэ?”

Мөнгө сольдог хүнээс би ингэж асуулаа
Мөрөн голын ус, салхинаас нууцлан шивнэлээ:
“Үзэмж төгс Лала бүсгүйд хэлэх гэсэн юм аа
“Үнсье” гэдгийг танай персээр юу гэдэг юм бэ?”

Зүрхэн цаанаа зовнил юугаа далдлаад
Зоос сольдог хүнээс ингэж би асуулаа:
“Мишээл төгс Лала бүсгүйд хэлэх гэсэн юм аа
“Минийх шүү” гэдгийг танай персээр юу гэдэг юм бэ”

Хариу болгож мөнгөний наймаачин ингэж хэллээ:
“Хайраа илчлэх гэж үг хэлдэггүй юм аа
Хайртай л бол нууцхан санаа алддаг юм аа
Хархан нүд нь нал эрдэнэ шиг гэрэлтдэг юм аа.

“Үнсье” гэдгийг үгээр орлуулж болдоггүй юм аа
“Үнсье” гэдэг чинь оршуулгын чулууны бичээс биш ээ
Улаан сарнайн дэлбээ болон нахилзан анхилаад
Уруул дээр нь шүүдэр болон хайлдаг юм аа.

Хайраа өгөөд оронд нь хариу нэхдэггүй юм аа
Хамтдаа хоёулаа жаргал зовлонг туулдаг юм аа.
“Минийх ээ” гэсэг үгийг хэлж чаддаг юм нь гэвэл
Мяндсан гэвлүүрийг хуулан хаясан гар л байдаг аа” гэлээ.
_____________________
 Лу.Батнасан

Чихээ хөдөлгөж
Насаараа инээхсэн..
Чи мэдэхгүй л дээ,
Чихээ хөдөлгөж насаараа инээх үгийг...

_____________________ 
Хятадын зохиолч Ли Бай
Цэцгэн дунд өмнөө гүц дарс тавиад
Цэнгэх нөхөд үгүйд ганц өөртөө сөгнөв
Дарстай хундагаа өргөөд, сарыг хань татахуйд
Даруй сүүдэр минь тодроод, бидэн гурвуул болов

Архи балгаж сураагүй сар эв дүйгүй
Арга үгүй сүүдэр минь л намайг дагаж хөнтөрнө

Сар сүүдэр бидэн гэлээ ч, үй зайгүй
Сайн нөхөд болцгоогоод хаврын шөнөжин наргив

Намайг ая барихуйд, сар дэмнэн намилзана
Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж биелнэ

Гурвуул ийн найрлахад амьдрал мөн ч зугаатай
Гуулин гүц хоосроход л зүг зүгтээ тарцгаана

Алс тэнгэрийн заадас дээр учрахын болзоо тавиад
Ахиад л би ганцаар өөрийн мөрийг хөөнө...

_____________________ 
Омар Хайям

Архичдыг халуун там хүлээдэг гэх
Амсдаггүй улсын үгэнд бүү итгэ
Хэрвээ там архичид амрагуудын орон болбоос
Хээ...цэс, тэр диваажин чинь маргааш гэхэд хоосорно

Солиортлоо ном унших нь миний амьдрал биш
Сонсголонт магтаалтай хамт би хундаганд дассан
Эрүүл ухаан хэрэв багш, чинь юм бол
Эрүүл ухаанаа бүү сонс тэр миний шавь

Тахиа юу гэж донгоддогийг чи мэдэх үү?
Таалал төгсөгчдийг сэхээж чаддаггүй тухай
Аниргүй нэгэн шөнө эргэж ирэхгүй тухай
Амьд хүмүүс үүнийг мэдэхгүй унтаж байгаа тухай

Амьдал бол зэрэглээ, амжиж баясацгаа
Ариун дурлалын мансууралд цэнгэцгээ
Хэрвээ бусдаас бага цэнгэсэн бол бүү гашууд
Бусдаас багахан зовсондоо сэтгэл дүүрэн бай

Өргөн хорвоод бид ердөө л шатрын хүү
Өдөр шөнө мэт хөлөг дээр тэр биднээр тэр наадна
Түлхэнэ, золино, солино нэг нэгээр маань хүртэнэ
Түүний дараа хайрцагт хийгээд л гүйцээ

1 comment:

  1. Ахиад л би ганцаар өөрийн мөрийг хөөнө...

    ReplyDelete