Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, December 14, 2012

Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна


Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна 
Тангадын Мандир гэдэг нэрийг утга зохиолынхон андахгүй. Чухамдаа түүний “Саран зэв”, “Хорин нэгэн зул” гэдэг хоёр ном л түүнийг ийн танигдахад хүргэсэн хэрэг. Тиймдээ ч “Хорин нэгэн зул” ном дахин хэвлэгдсэн баярт мэдээг дуулаад түүнтэй уулзахаар болзсон юм. 22 жилийн өмнө 20 мянган хувь хэвлэгдсэн энэ ном одоо хуучин номын худалдаанд байхгүй. Тухайн үед Монгол хаадын хөргийг цоо шинээр зурсныг нь манай түүхчид олзуурхан хүлээн авч байжээ. Дандаа л хятад, өвөрмонгол уран бүтээлчид манай хаадын хөргийг бүтээдэг байх үед хэн ч харсан Монгол гэж хэлэх домогт баатруудын дүрийг бүтээсэнд нь тэр шүү дээ.

“Хорин нэгэн зул”-ын баатрууд бүгд л уужуухан байсныг бодохоор ингэж дүрсэлсэн Т.Мандир гуай ч гэсэн тийм байх гэж таамаглаж байв. Түүний зохиолын найруулга ямар гайхалтай болохыг мэдрэх тусам зүрхшээх сэтгэл аяндаа төрнө. Гэсэн ч тэр намайг тайвшруулах мэт аядуу зөөлөн ярьж байлаа. Бид түүний найзын эрхлэн гаргадаг “ТB долоо хоног” сэтгүүлийн байранд уулзсан юм.



-Та их удаан чимээгүй байлаа шүү. Сураг алдарсан гэх үү дээ. Энэ хугацаанд юу хийж байв даа?

-Түүнээ уншаад л, ном бичээд л сууж байлаа. Их олон ном бичжээ. “Ари Монголчуудын түүх”, “Нүүдэлчдийн түүх” гэж хоёр том түүхэн туужийнхаа дараа “Хишиг өдөр” гэдэг уран зохиолын номоо дуусгалаа. Энэ маань “Саран зэв”, “Түгшүүрт аялал” хоёртой нийлээд холбоо гурван тууж болох учиртай. Түүхийг гүжирдэж болохгүй учраас уран зохиолын ном гэдгийг онцлоод байгаа юм. Энэ номд маань Монголчуудын их нүүдлийн тухай гарах тул түүхтэй андуурагдаж мэднэ.

-Таны бичсэн “Хорин нэгэн зул” номыг уншаад найруулгыг нь магтах үг олдохгүй шагширч суусан шүү. Түг таг ч байхгүй зүгээр л шууд урсчихаж байгаа юм.

-Найруулгын тухай асууж байгаа чинь их сайхан байна. Манайхан эртний найруулгаа мэдэхгүй болохоор сүүлийн үед Монцамэ-гийн модон хэл гэдэг шиг л болчихоод байна. Дамдинсүрэн гуайн хэвл үүлсэн “100 билэг” гэж ном бий. Түүнийг уншихаар монгол хэл аяндаа урсчихдаг болохыг мэднэ. Монгол хэлний утга агуулга, эхлэл төгсгөлийг мэддэг байх нь бичгийн хүнд их сайхан. Би цэрэгт байхдаа Дамдины “Зохист аялгуу” номыг уншаад хэл найруулга, яруу хэллэгийг мэдэрсэн юм. Чиний хэлдгээр түг таг хийсэн зүйлийг бичвэртээ гаргахгүйн тулд үүнийг л яв цав унших хэрэгтэй болох байх даа.

-Сүбээдэй баатрын хэсгийг л олон давтаж уншсан юмдаг. Тэгж байж “Монголын нууц товчоо”-ны баатрууд үлгэрийнх биш гэдгийг гүнзгий мэдэрсэн шүү. Та яг л өөрөө Сүбээдэй баатар юм шиг бичсэн байсан. Тийм төсөөлөл хаанаас ундардаг юм бэ?
-Өөрөө л бодож ийн төсөөлдөг. Манай аав бичээч хүн байсан юм. Хар, улаан туузтай монгол бичгийн машинтай. Гэрт маань Ц.Дамдинсүрэн, Пүрэвдорж генерал, Цэдэнбалжир гавж зэрэг мундаг хүмүүс их ирнэ. Тэдний нэгнийх нь ярианаас "атираатай тэнгис" гэдэг үгийг сонсоод их олзуурхаж байсан юм. Энэ үгийг хадгалж байгаад Сүбээдэй баатрын хэсэгт оруулсан. Дээхэн үеийн ном зохиолд Чингис хааныг нэг бол махчин, эс бол хөл нь газар хүрдэггүй дээдэс болгож бичдэг байлаа. Тэгээд би Чингис хааныгаа, бас түүний албат болсон домогт баатруудыг хүн байсан гэдгийг л бичиж үлдээхийг хүссэн юм. Өрлөг Зэлмэ, хөлөг Боорчийн санаа бодлыг ургуулан бодож байхдаа би эр хүн ар гэрээ авч явахаас илүү төрт улсын хувь заяаг даана гэдэг ямар хүнд болохыг төсөөлж ядан суусан шүү дээ.

-Энэ номыг 22 жилийн дараа дахин хэвлүүллээ. Энэ олон жилийн дараа нягталж уншихад ямар сэтгэгдэл төрж байв?

-Хэлэхээс зовоод байх юм, үнэхээр их бахархсан. Би яаж ийм мундаг бичээ вэ, яаж гээд л... Одоо бол ингэж онож хэлж чадахгүй. Сая дахин хэвлүүлэхэд нэг үсэг ч засаагүй гээд бод доо.

-Олон хүн бахархаж, баярласан шүү.

-Нээрэн, жигтэйхэн баярлацгааж байна лээ. Аль эрт хэвлүүлсэн номыг өдийг болтол мартаа байлгүй гэж санасан минь худлаа байна лээ. Ялангуяа чиний үеийн багачууд их сайн мэддэг юм билээ.

-Наяад оны үргэлжилсэн үгийн зохиолууд хэтэрхий нуршуу санагдаад байдаг юм. Харин таны энэ ном цомхон хэрнээ өгүүлбэр бүр нь чанга байсан шүү.
-Ялангуяа манай хоёр Пүрэв байна. Тэднийг нэг их ус шиг сунжирсан юм бичлээ гээд гомдоодог л байлаа. Залуу үеэ, та нарыгаа номноос уйдаж, хөндийрөх вий гэсэн минь тэр. Товчхон зүйл уншаад олон зүйл ойлгох нь ч үе үеийнхний сонирхол ш дээ.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Өөрийнхөө номноос “Гурвалсан үлгэр”-ийг уншсан юм уу даа. Энэ номыг жилд нэг уншаад зуршчихаж. Түүхээ мартахгүй байхад дөхөм болох юм. Ер нь сүүлийн үед унших ном ховорджээ. Александр Дюмагийн “10 жилийн хойно”, “20 жилийн хойно” номыг унших гээд л эрээд явна. Уг нь манай Ж.Нэргүй тэргүүтэй орчуулагчид ном хэвлүүлэх нь олширсон. Гэхдээ тэрийг нь худалдан авах гэхээр мөнгө хүрэхгүй юм. Ж.Нэргүй их сайн орчуулга хийж байна гэсэн. Номоо харамлаад өгөхгүй юм (инээв). Би өөрөө бараг л “Монголын нууц товчоо”-ноос уйдчихаад байна. Маш товчхон ном шүү дээ, бүхий л үйл явдлууд нь цээжинд байж байдаг болохоор тэр байх.

-Та бичих, зурах хоёрын алинд нь илүү дуртай вэ. Хүмүүс энэ номд багтсан 21 хөргийг бодитой, үнэмшилтэй гэж их магтдаг юм билээ. Саяхан Төрийн ордонд хүртэл дэлгэсэн байсан.

-Бичихдээ дуртай байлгүй яах вэ. Анх сонинд ажилд ороод Хүүхэлдэйн театрын жүжигчин Чимэддорж гуайтай ярилцлага хийж байлаа. Тухайн үед манай сонинуудад ярилцлага гарч байсангүй. Орос сонин уншаад ярилцлага гэж ямар гоё юм бэ гэж бодож байсан даа. Яг л нүдээрээ үзэж байгаа мэт биччихсэн байгааг үзээд туршиж үзсэн маань тэр. Харин сониныхон маань анхны ярилцлагыг маань үзээд “Техникум төгссөн зураач юун сонин юм гаргаад ирэв ээ” гэцгээж байсан. Чимэддорж гуай ч тэр дороо л гавьяат болсон. Дараа нь Цэмбэлдорж багштайгаа ярилцсан. “Товч шиг жаахан дэлхий минь дээ” гэдэг үгээрээ намайг алмайруулж байлаа. Багш маань дэлхийгээ энгэрийн товч шиг л жижигхэнээр боддог нь тэр юм уу даа.

-Сэтгүүлчид үргэлжилсэн үгийн зохиол бичих нь олон. Та сэтгүүлзүйн бичлэгээр уран зохиол туурвихыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Зөгнөлт бүтээлээрээ алдаршсан Жюль Верн гарамгай сэтгүүлч байсан. Манай Ц.Дамдинсүрэн гуай “Үнэн” сонинд ажилладаг байсандаа ч тэр юм уу, амьдралд илүү ойр бичдэг байсан юм. Харин Б.Ринчен гуай болохоор монгол хэлний найруулга зүй рүү түлхүү ханддаг байсан шиг санагддаг юм. Зохиолуудыг нь уншихаар Монголын эртний судар бичгүүдийн үг, хэллэг найруулга харагдана шүү. Энэ нь мэдээж түүхийн талаасаа бидэнд их хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд сэтгүүлзүй, уран зохиол хоёр салшгүй холбоотой юм. Марк Твен, Чарльз Динкене зэрэг мундаг зохиолчид сэтгүүлзүйн арга барилаар Англи, Америкийн түүхийг хялбар өгүүлж, алдаршуулсан. Бид ч бас энэ жишгийг дагах хэрэгтэй. Ялангуяа залуу сэтгүүлчид түүх бичвэл сонирхолтой болно.

-Бичлэгийн хэлбэрийн талаар юу хэлэх вэ?

-Миний “Хорин нэгэн зул” номын зураг нь уран зохиолын маягтай, харин бичлэг нь сэтгүүлзүйн мэдээллийг багтаасан байгаа. Хүүхдүүдэд дайн тулаанаас илүү сэтгүүлзүйн ид хавыг гайхуулахыг хүссэн. Ш.Гаадамба гуай энэ тухай яг онож хэлсэн л дээ. Түүхийн товчоон гэдэг чинь эх түүхийн хуулбар биш ээ. Зохиолч хүний гаргасан араг яс бүхий материал гээд.

-Дээр үеийн номууд их олон хувь хэвлэгдсэн байдаг юм билээ. Та номоо хэчнээн хувь хэвлүүлж байв?

-“Хорин нэгэн зул” 10 мянга, “Сэнгүр горхины өглөө” 30 мянга, “Түгшүүрт аян” 10 мянга, “Саран зэв” таван мянган хувь хэвлүүлсэн. Тухайн үед Улсын хэвлэх газар, стандартын хэвлэх үйлдвэрүүдэд хэвлүүлдэг байлаа. Тэндээс ном зараад өгчихнө. Харин одоо бол өөрсдөө л зарах болж дээ. Бид ярилцах зуураа “Монцамэ” агентлаг руу явлаа. Захирлуудын өрөөнд зочлохдоо Т.Мандир гуай тэднээс “13 Алтай” сэдэвт судалгаагаа зурагтай нь хамт өгөх үүрэг даалгавар авсан юм. Харин дэд захирал Номинчимэд түүний “Саран зэв” зохиолыг магтаж, шинээр хэвлүүлж өгөхөө амлав. Тэндхийн нэгэн сэтгүүлч залуу өврөөсөө “Хорин нэгэн зул” номын улаан, цэнхэр хавтастай хуучин хэвлэлийг гарган ирж, гарын үсэг зуруулсан юм.

Т.Мандир гуай тэр номыг үзсэнээ цочих шиг болоод, “Яасан сонин эд вэ” гэж хошигнож байв. Тангадын Мандир гуайтай хамт өнгөрүүлсэн хагас өдөр маань бодол эргэцүүллээр дүүрэн байлаа. Түүнээс алхам ч холдолгүй дагаж явсан намайг “Аюултай хүүхэд” гэж тодорхойлж амжив. Бүх зүйл цаг нартай байдаг хойно доо, Мандир гуай хоёр хүүгийнхээ хамт Чингэлтэйн аман дахь гэр рүүгээ яаран явсан юм. Бидний ярилцлага дуусах болоогүй байсан тул би зүгээр л гэрт нь зочлохоор амлаад үлдлээ. Дараагийн удаа би түүнтэй уулзахдаа найруулга зүйн талаар шаргуу шалгаах бодолтой байгаагаа илэрхийлэхэд таатайгаар хүлээн авсан билээ. Би түүнд сүүлийн үеийн орчуулгын номноос алийг нь бэлэглэе дээ л гэж бодож хоцорлоо.





Нийт сэтгэгдэл(9)
  • зочин      202.131.242.XXX
    2012 оны 12-р сарын 14
    энэ ямар сайхан нийтлэл вэ. ер нь ингэхэд хүмүүс *** жив, улстөр г.м ээс уйдаж дээ. нэг иймэрхүү ямар ч стрессгүй уншихад зовлонгүй зүйл бичих нь ямар сайхан вэ. энэ бол сэтгүүл зүйд хэрэгтэй л зүйл. худлаа онолдсон мэдэмхийрсэн хүнээс илүү гарах гэсэн атаа жөтөө хорсолоор дүүрэн энхбаяр, сонгууль, албан тушаал өөр юу юу ч билээ... бүр залхааж байна. ийм яаруу уянгалаг нийтлэл маш чухал шүү











    • Зочин      203.91.113.XXX
      2012 оны 12-р сарын 14
      нипонь гээд банжиг блог дээр шүүмжлэл хүлээж авдаггүй ярдаг хүүхэн байсан тэр л бичсэн юм шиг байна. хаа очиж гайгүй юм бичжээ, өөрийгөө ихээхэн магталгүйгээр. хэхэ.





  • Зочин      164.127.78.XXX
    2012 оны 12-р сарын 14
    ер нь энэ сүүлийн үеийн юмнуудыг уншихаар нэг л тийм түг таг гээд байх шиг болоод байгаа юм даа. зарим үгний сонголт буруу байна.ж: болзсон





  • zaya      202.131.244.XXX
    2012 оны 12-р сарын 14
    мундаг зохиолч шүү, саран зэв-ийг уншсан. их таалагдсан





  • unshigch      58.18.168.XXX
    2012 оны 12-р сарын 16
    saikhan yariltslaga boljee mandir ahdaa bayr hurgii mundag hun shuu. shadar 3n nzuudiin neg





  • Зочин      203.91.118.XXX
    1 цаг 59 минутын өмнө
    давгүй л бүсгүй байна лээ. цаашдаа наад хүндээ сайн шавь ороод бүр сайн сэтгүүлч болоорой гэж зөвлөмөөр байна. их юм мэддэг хүн шүү бүсгүй минь.даруухан энгийн л нэг зохиолч.зарим нэг хүмүүс мэдлэгийг нь ашиглаад хаясан юм.найз гэгддэг хүмүүсээс нь ч мэр сэр дуулддаг л юм байна лээ шүү.

1 comment:

  1. Бид л биесээ нээхгүй юм бол өөр хэн амжих билээ. Ийм эрэмгий атлаа энэрэлгүй хорвоод...

    ReplyDelete