Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, June 3, 2026

Санаа алдалт

 Анхны шүлгийн түүвэр маань "Санаа алдалт" нэртэй гарах байв. Атал би чинь санаа алдалт шигээ л оргүй хоосонд хувилж, санаашрал шигээ л үл үзэгдэх эрчим мэтээр аж төрж бн. Тэгээд тэр санаа алдалт аль эрт замхарсан юм. Гэхдээ энд орж ирж пост бичиж буй минь эр зоригийн үзэгдэл боллоо. Он удаан шүлэг бичихээс зугтаж явсан атал одоо би тэмдэглэлийн дэвтрүүдээ нэгжиж сууна. Тэгээд шүлгүүдээ эмхэтгэн, хэвлүүлэхээр боллоо. Яагаад гэдгийг 10 жилийн өмнөх шүлгүүд минь хэлнэ биз ээ. 

Асаж болохгүй гал байжээ

Асгарч болохгүй бороо байжээ

Амьдрал нэртэй жижигхэн суурингийн

Адилхан бичигтэй чулуунуудын нэг нь байжээ.

Tuesday, December 15, 2015

Чойжоо: Би поп хүн

Хүйтэн өвлийг дулаацуулах зүйл хөршгүй халуун сэтгэлээс өөр юу сан билээ. Хэн нэгний халуун дулаан үгсийн илчинд бид бүлээцэж, хөг эгшиг нь хөлийн алхаатай нийлэх сайхан хөгжмийн хэмнэлээс илч авч, хагацалд тэврүүлээд шатаж үлдэхдээ ч үнс нурамд хувилдаггүй халуун дотно зүрхнийхээ цохилох хэмнэлээр өдөр өдрийг шинээр харж явна. Энэ л шинэ өдрүүдэд хань болдог, магад өнөөдрийнх шиг ийм л хүйтэн өдрүүдийг давж гарах эрчим хүчийг агуулсан дуу таны плэйлистэд байна уу. Миний чихэвчээр лав “Draconian”, “Lacuna Coil” бас миний үнэлж барамгүй эрдэнэ мэт Akira Yamaoka-гийн бүтээлүүд тасралтгүй хангинаж байна. Бас Чойжоогийн нэг дуу. Хөнгөхөн гунигтай, тэгсэн хэрнээ эмх замбараагүй бодол тээж, санаашралыг минь саринуулдаг нэг дуу.




“...Энэ борооны дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байтал дахин замхран одох уу
Заавал чамайг бараан, бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү...”
Энэ дууг сонсоод хүрч чадаагүй хэн нэгнийхээ тухай бодолд автаагүй хүн хэдий олон бол. Ингэж бодохоор л Чойжоод алга ташмаар болдог юм. Гэхдээ энд алга ташилтын чимээнээс илүү түүний дотор орших уянга, хүрч боломгүй солонго татах чимээг анирдаж, хийж бүтээх оргилуун их хүслийнх нь хүчит давалгаа мэт шуугианыг чагнах нь илүү чухал билээ.
Танилц, түүнийг чөлөөт уран бүтээлч гэдэг.

Thursday, November 26, 2015

О.Элбэгтөгс: Аливаа зүйлд хаалт хийх амархан. Нээлт л хэцүү.

Яруу найраг гэж юу вэ. Шад болгон багцалсан олон мянган үгсийн чуулган бүхий шүлгүүдийн чухам алийг нь яруу найраг гэж хүлээн зөвшөөрөх вэ. Мэдээж, энэ энгийн мөртлөө ээдрээтэй асуултад төгс хариулт гэж үгүй.

Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчихье гэхээр мэдэхээ байчихдаг” хэмээн ярьсан нь бий. Магад энэ л хамгийн оновчтой хариулт байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө яруу найрагч хэмээн зоригтойгоор тунхаглаж чадаж байгаа хүнийг бид яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг болов уу.
Энд, яг энд сугаад яруу найргийн тухай, найрагчийн тухай бодол хөврүүлж байгаа минь ярилцлагын зочноо таницуулах гээд хадуурч байгаа хэрэг л дээ. Шууд л, “Түүнийг О.Элбэгтөгс гэдэг” гээд эхлэх байсан юм. О.Элбэгтөгсийг “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл” шүлгийн номоор нь мэдэх хүн олон. Тэгвэл залуу найрагч маань өчигдөрхөн шүлгийн “Чөлөөт шувуу”, өгүүллэгийн “Бүслэлт” номынхоо хуримыг хамтатган хийсэн юм.
О.Элбэгтөгсийн “Чөлөөт шувуу”-г нээхэд өмнөөс,
“...Цэцэрлэгийн сандал хүнгүй хоосон
Цэнхэр цас хаа сайгүй бударна
Хөшгөө татсан чэнэ амьдралын
Хүнд тээш мөрийг минь дарна...” гэсэн мөртүүд мэндчиллээ. Тэгээд надад эдгэшгүй төсөөлөл, эгнэшгүй санаашрал бүхэн үг болон эвлэхийн цагт энэ ертөнцөд яруу найраг мэндэлдэг юм шиг санагдсан билээ.

Wednesday, November 18, 2015

Г.Гэрэлхүү: Өнгөрсөнд үлдсэн хийгээд ирээдүйд тосох цаг хугацааг би энэ цаг үед л “хорьж” чадна

Улаанбаатар хотын түгжрэлийн төв цэг болсон 100 айлын уулзварын ойролцоо уран бүтээлчдийн урлан буй. Уран бүтээлчдийн ур хийц ундарсан зургууд энд л утга санаагаа олж, урчуудын уртаас урт бодлууд энд л “биеждэг” билээ.
Улаан, шар гэрэл урдхан талд минь анивалзана. Ногоон гэрэл асахыг хүлээж зогсохдоо би уулзах гэж байгаа хүнийхээ тухай бодож байв. Дээхнэ дээ, бид МУЗ-өөс зохион явуулдаг “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв.

Манай ангид дуугүй хэрнээ бодолд дарагдсан шинжгүй, дэргэдээс нь харахаар хөөрхөн инээмсэглэдэг, дотно яриа өрнүүлэхэд бас тийм ч дотогшоо биш нэгэн зураач залуу байж билээ. Тэр жил бие даасан үзэсгэлэнгээ гаргахад нь ийм уйгагүй зурдаг, уран бийрийг урлагтайхан татдаг түүний авьяасыг бишрэн харсан билээ. Түүний нэрийг Гэрэлхүү гэдэг.
Гэрэлхүүтэй анх гар барин танилцахад шууд л “Гэрлэх үү” гэж хэлээд намайг гайхуулж, сандруулж, бантуулж билээ. Тийм инээдтэй байдлаар танилцсан зураач маань саяхан Австралийн Күйнслэндийн орчин үеийн уран зургийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулдаг Контемпорари урлагийн Ази Номхон Далайн Триенальд  анх удаа Монгол улсаатөлөөлж оролцоод ирсэн билээ. Аргагүй сонирхолтой зургуудыг нь үзэж, амттайхан ярилцлага хийхээр би түүний тухай дурсан зогсож байна. Тэгээд ногоон гэрэл асаж, би ч зураачдын Б урлангийн зүг алхлаа.

Friday, September 25, 2015

Бүжгийн багш Б.Энхзул: Хром экстракт шиг монгол балетын урсгал үүсгэхийг хүсдэг

"Pearl dance” бүжгийн сургалтын төвийн багш Б.Энхзулыг хараад түүнийг ярилцлагад урихгүй байж чадаагүй юм. Доорх ярилцлагыг уншаад та яагаад түүнийг онцолж харж, олзолж ярилцсаныг ойлгох билээ. 22 настай Энхзул багшийн хөөрхөн инээмсэглэсэн төрх, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Тэр бол миний уулзаж байсан хамгийн залуу багш билээ. Хэдий залуу ч гэсэн түүний анхны бяцхан шавь тун удахгүй тайлан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ямартаа ч тааж хэлэхийн аргагүй тэр холын ирээдүйд Энхзул багштай бид олон удаа таарна байх аа. 


Sunday, June 1, 2014

Ү.Юмжир: Би материалын донтон



Thursday, May 1, 2014

Ж.Дүүрэнтөгс: Уран бүтээлд шингэсэн эрчим хэзээ ч хувирахгүй...

 
 
Хэн нэгэнтэй ханатлаа ярилцаад буцахдаа би гариг ертөнцийн өчүүхэн нэгэн эд эс гэдгээ мэдэрдэг. Учир нь надаас тэс өөр бодолтой үй олон хүмүүс энэ ертөнцөөр дүүрэн буй. Тэдний хэдхэн хувь нь миний дэргэдүүр өнгөрч, цөөхөн хэдтэй нь л би нүүр учирч ярилцдаг. Энэ удаад би мөн л шинэхэн танилаа эрхэм уншигч танд танилцуулах гэж байна. Тэр бол манай сэтгүүлийн зочин, уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс юм. Тэрбээр бидний нүдэнд дасал болсон олон ч баримлыг бүтээсэн билээ.

-Та их гоё, ховор нэртэй юм аа.
-Миний аав жүжгийн зохиолч, найруулагч хүн байсан. Би ууган хүү нь болохоор нэрийг минь их л бодож, зөгнөж өгсөн байх. Нэр маань хувь зохиолоо дагуулж ирсэн хэмээн бэлэгшээж эзэн нь байхыг хичээдэг дээ.

-Таны зурж буй зураг их хачирхалтай санагдлаа. Чонон толгойтой, монгол дээлтэй баатар эр үү дээ. Юу өгүүлж байгаа юм бол?
-... Өрөөсөн хөлөө үхэр бууны суманд үйчихсэн, тэгсэн хир нь сүлд тугаа тулан өндийж байна. Ялагдашгүй, дийлдэшгүй, дуусашгүй гэсэн санаа. Энгэрээс нь бэлтрэг цухуйж байгаа нь чонын хийморьтой эрчүүд төрсөөр л байх болно гэдгийг илэрхийлж буй. Энэ зэргийн утгатай зүйлийг ярьж омогшиж болдог юм чинь зурж яагаад болохгүй гэж...


Thursday, March 20, 2014

Яруу найраг мандтугай, бүтэлгүй хайр мандтугай

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулаад хамгийн сүүлд бичсэн шүлгээ оруулж байна. 5-ын 9 дуусч байсан 2 сарын 4-ний өдөр байлаа.

Бээрсээр үдсэн өвлүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна..

Биеэ хураасан урт удаан жилүүдийг
Бэлэг шиг тосон авч, бэлэг шиг хадгалсаар
Би энд чамайг хүлээхээс залхаж байна,
Энд чамайг ирэхгүйгээс айж байна..

Өчигдөр л үнсээд салсан гэдэгтээ өдийг болтол итгэсээр
Өнөөдөр бүрийг өнчин өнгөрөөсөөр туйлдаж байна
Өмөлзөх уруулаа цус шүүртэл хазлаад ч
Өөрийн чинь үнсэлтийг олохгүй байгаадаа цөхөрч байна

Өрцөнд минь цуурайтах харуусал дундах хашхираан
Өглөөн нарыг хасах цэнэгээр туучих миний гунигт өдрүүд,
Өчигдөрхөн чамд үнсүүлсэн уруул,
Өрөө ч мэдэлгүй хүлээсээр байх хамгаас хуучин зуршил минь
Өө, би яаж шинээр амьдрахаа мэдэхгүй байна
Би яаж хүлээлтгүйгээр амьдрахаа мэдэхгүй байна.

Бээрсээр үдсэн өдрүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна.

Monday, July 1, 2013

Сонгодог урлагийн “нялх” одод

  • Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урслаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аяллынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан.




Saturday, June 22, 2013

СӨРӨГ




 Би сөрөг. Гэрлийн нөмөр дэх сэрүүхэн хар өнгө, сүйт бүсгүйн гэвлүүрийн цаана нуугдсан анхны хайрын шарх мэт байдаг л нэгэн сөрөг үзэгдэл. Нэмэх цэнэгийг цаг ямагт татсаар байдаг хасах тэмдэг. Эерэг хандлагад тэмүүлэгч бүхний айдас мэт тийм халгам, тийм сөрөг үелзэл, би. Амьсгал минь бусдынхаас ч дулаан, амь бие минь ердийнхөөс ч халуун. Маргаашийн төлөө өнөөдрийг золиослох нүд нь улайрсан этгээд эр зориг хийгээд хувь тавиландаа эргэлзэх хөгийн айдас надад үгүй. Түрхэн зуурын ов мэхээс ч илүү түрэмгийлэл надад илүү таалагддаг. Тоос болох жам ёсыг тоолох мөнгөнөөс дээгүүрт тавьдаг, энэ цагийн тэнэг иргэн. Сүүдэр, гэрлээр сүлсэн бидний жижигхэн дэлхийд гэрлийн хурд, хэмнэлийг гаргаж томьёолсон атлаа харанхуй бүүдгэр үзэгдлийг үгүйсгэлгүй орхисон нь санаандгүй хэрэг биш гэлтэй. Учир нь хүмүүс чулууг хүртэл зэвсэг болгочихдог хар хорын сэтгэлийг дотроо тээж өсдөг юм. Гэхдээ хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тийм гэнэн агаад хүчит эрчмийг ялгаруулахдаа тааруухан. Тиймээс л дотроос нь байн байн цухалзсаар буй сөрөг хандлагынхаа эсрэг тэмцэж, тэр тэмцлийн дундаас гэгээг нь тас зуурч үлддэг бололтой. Улс, үндэстэн даяараа сайн сайханд зорих сонгодог арга энэ юм.

Thursday, June 13, 2013

З.АЛТАНГЭРЭЛ: БОР БОРХОН МАНХАН ДЭЭР БОДОЛ МИНЬ ЭРГЭЛДЭЖ БАЙНА



  • “Сувдан сондор 8” аяллын үеэр говийн ноён хутагтын, долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл гэдэг хүнтэй нүүр учрах боломж олдсон тухай “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-дээ дурдсан билээ. Тэгвэл таны өмнө соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлийн яриа дэлгээтэй байна. Түүнтэй ярилцах боломж нээлттэй байсан ч Алтангэрэл ахын амгалан, даруу байдлаас нь сүрдээд ч гэх үү нэг л халгаад байв. Учир нь Говийн ноён хутагтын V дүр болох Д.Данзанравжаа таалал төгссөнөөс хойш тахилчийн удам одоо хэр нь тасраагүй байгаа нь монголчуудын нэг бахархал билээ. Түүнд ойртох тусам улам л хайр төрж байснаа нуух юун. Тиймээс ярилцлага маань нэг дор суугаад ярьчихсан асуулт, хариулт бус бага багаар тэмдэглэж явсан үүх түүх болоод хууч яриа, сэтгэл хөдлөлийн цуглуулга байх нь магад.

Wednesday, June 12, 2013

Б.Цацрал: Тайзан дээр сөгдөж суугаад л, хэвтээд л гитарддаг байлаа

 “Мэднесс” хамтлагийн “Colors of us” цомогтой хамт энэ өдрийг эхлүүллээ. Өчигдөрхөн хэвлэлтээс ирсэн энэ цомогт танил юм шиг аялгуутай хэрнээ цоо шинэ бүтээлүүд бий. Яг одоо би “Цэл залуухан моддын доор дурлалт хосууд тэврэлдэн, үнсэлцэнэ. Зун цаг” гээд л дуулж байна. Энэ бол Б.Цацралын зохиосон шинэ ая.
16 жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг” мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд “I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд тун завгүй байлаа.

Monday, June 10, 2013

Домог, хуучинд хучигдсан Мөнхийн цохио


“Судван сондор 8” аяллын тухай өгүүлэх “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-ийн үргэлжлэл болгон энэхүү нийтлэлээ бичиж сууна. Аяллын тав дахь өдөр бид “Суварган цохио” хэмээх хадны энгэрт буудалласан юм. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших энэ цохиог нутгийнхан нь Хайрхан цохио хэмээн цээрлэн дууддаг. Аяллын багт маань хөтөч болсон Хатанбулаг сум болон Сулинхээр багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Айлхүүгийн Баярсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр уул уурхайн компаниудтай чадлынхаа хэрээр тэмцдэг нэгэн болохыг нутгийн иргэд ярьсан юм.

Friday, June 7, 2013

Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл



Буйлс цэцэглэх чөлөөнөөр “Сувдан сондор” аяллын баг маань Дорноговь аймагт хөл тавьсан юм. Буйлсны үнэр салхиар түгэх нь ямар гайхалтай байв аа. Байгалийн энэ үнэрийг ямар ч сүрчигтэй адилтгамаар юм бэ дээ. Дэлбээгээ нээгээд тавхан хоногийн дараа бутран хийсдэг тэр гайхам, анхил үнэрийг цээжиндээ хадгалж үлдээхийг ямар их хүссэн гээч. Үгэнд хэрэв үнэр дайж болдогсон бол уншигч таны дэлгэсэн энэ хуудас бүхэл зуны турш таныг сэрүүцүүлэх байсан нь магад. Гэхдээ тайлбарлаж чадахгүй ч гэлээ ахин дахин яриад л баймаар тэр үнэрийг би “Сувдан сондор” гэдэг үгтэй хамт ой тоондоо шингээлээ. Хэзээ нэгтээ та Дорноговьд зочлохоор болбол буйлсны үнэрт заавал саатаарай. 

Энэ зургийг Нипонь би өөрөө дарсан бөлгөө :P
 

Saturday, June 1, 2013

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст
Талстууд ихэвчлэн маш олон өнцөгтэй байдаг тул хэдэн талтайг нь тоолж байсангүй. Ямартаа ч талст талст хэвээрээ байхдаа л үнэтэй. Тэгвэл энэ этгээд дүрстэй адилтгаж болмоор нэгэн эмэгтэйг “Дээжис” сэтгүүлийнхээ ярилцлагад урилаа. Энэ бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. “Pro sounds” студийн зөөлөн хар буйдан дээр тухлангаа дуучин бүсгүйн өмссөн гоёмсог даашинз, урт түрийтэй өндөр өсгийтөд нь нүдээ унагаж байхад минь тэр өөрийн тоглолтын талаар ярьж байв. Жимс идэж суугаа дуучин Алтаа миний мэдэхээс өөр болчихсон юм шиг санагдсан л даа. Нөгөөтэйгүүр олонд дасал болоогүй дүр төрхийг нь би харсан гэж хэлж болох л юм. Ер нь Алтаа гэдэг хүнийг яг таг тодорхойлох хэцүү л дээ. Би л гэхэд өдий хэр нь түүнийг ямар имижтэй, аль жанрт илүү дуртайг мэддэггүй юм. “Намайг эзэмдэх миний сэтгэл” зэрэг дуунуудаараа эрос нэр авч, “Эстрадын хатан хаан” уралдаанаас хоёрдугаар байр хүртээд л... Тэгснээ Өвөрмонголд очиж этник дууны тэмцээнд түрүүлсэн. Дараа нь “Мандах нар”, “Гангар шаазан” зэрэг ардын дуунуудыг энэ цаг үед авчирлаа. Монголын поп дива хэмээх эрхэм сайхан алдартай ч болов. Ерөөс л Алтаа гэдэг хүнийг урлагийн хүн гэдгээс өөрөөр, аль нэг хэлбэр дүрсэнд хувирган тайлбарлах амаргүй юм. Зүгээр л өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст гэж нэрлэе.

Monday, May 6, 2013

РЕКЛАМ

"Монгол контент" ХХК-иас ухаалаг төхөөрөмжинд зориулан эрхлэн гаргадаг "ДЭЭЖИС" дижитал сэтгүүлд нэгдлээ. Энэ сэтгүүлд би өөрийн блогтоо нийтлэхгүй сайхан материалуудыг нийтлэх тул блогийн эрхэм уншигчид минь Play store-оос үнэгүй татан аваарай. Интернэтгүй үед нээгээд, уншиж болдог болохоор бүүр ч гоё :)


Sunday, May 5, 2013

Миа Фарроу

Энэ нэр тийм ч танил нэр биш. Гэхдээ Миа гэдэг нэрийг сюрралист уран бүтээлч Сальвадор Далигийн цорын ганц сайн найз гэдгээр нь хүмүүс андахгүй. Эсвэл “My Way” дуугаараа алдаршсан цэнхэр нүдэн Франк Синтратай гэрлэж явсан түүх нь түүнийг улам ч алдартай болгодог. Миа энэ л хоёр гайхамшигтай эрийн нөмөрт амьдрахдаа хурц үнэртэй дуугүй цэцэг мэт аж төрж байв. Түүнийг жинхэнэ амьд домог гэдгээр өөрөөр тайлбарлавал дутуу үнэлсэн болох байх. Биднээс өмнө амьдарч байсан мэт санагддаг гайхамшигт хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах хувь түүнд тохиосон юм. Өдгөө 68 настай тэрбээр дуучин, жүжигчин мэргэжлээрээ олны танил болж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 50 гаруй шагнал авч байжээ. Харин одоо тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд л бүх цаг заваа зориулах болжээ.




Saturday, April 27, 2013

Амьдралын чөлөөнөөр

Мансуурам нил хар шөнөөр танихгүй хөлийн чимээ одод шиг л түгдэг сэн. Аль хэдийнэ танил болсон тэр чимээнд түүртээд унтаж чаддаггүй юм. Дөтөлж яваа алхаа ямар гутлынх вэ гэдгийг аньсан нүдэндээ төсөөлнө. Элэгдсэн гутлын чимээ, цоо шинэ өндөр өсгийтийн хөнгөн товшилт. Яг л юм ярьж байгаа мэт тов тодхон алхаатай хүмүүс ч бий. Тэр хүмүүс цонхны минь доор ямар мөр үлдээснийг харах юмсан гэж тэсэлгүй ихээр хүснэ. Орой бүр үүдэнд минь ирж зогсоод, орж ирдэг болох тэр нэгэн алхаа ямар байхыг дүрслэхийг хичээнэ. Унтахдаа хөг жим сонсдоггүй шалтгаан минь ердөө л энэ. Тэгээд л үл таних хүмүүсийн алхаа бодол дундуур минь туучихыг анирдсаар үүр цайлгадагсан. Өглөө эрт хөшгөө ярахад ядруухан өндийх нар шиг хув хуучин хүмүүс, яриад яриад дуусмааргүй тийм гүн харцнууд хаа нэг тийшээ яарч явна. Танихгүй хүмүүст би хамгаас дуртай.

Thursday, April 25, 2013

З.БАТБИЛЭГ:ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МААНЬ ЯС МОД САЙТАЙ, ОЛОН НУГАСТАЙ, ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ОНГОЙДОГ



Удам дамжсан уран бүтээлчидтэй ярилцахад үргэлж сонирхолтой байдаг. Учир нь тэд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай ярихдаа хэд хэдэн хүнийг төлөөлдөг билээ. Тэгвэл кино урлагийн талаар гурван хүний өмнөөс ярьж чадах хүнийг өнөөдрийнхөө зочноор урилаа. Тэр бол кино зохиолч Ч.Гомбын ач хүү З.Батбилэг. Бид түүнийг кино найруулагч, сэтгүүлч Г.Золжаргалын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Ер нь “Нэртэй хүний зүстэй хүү” байх амаргүй. Аав нь, өвөө нь хэдийчинээ мундаг байна, хүүгийнх нь шалгуур төдийчинээ өндөрсөнө. Тэр өндөр шалгуурт бүдрэхгүйн тулд, дэргэдээ байгаа тод “од”-ны гэрэлд бүдгэрэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй ч гэдэг. Энэ л жимээр манайхны олон уран бүтээлч алхаж буй. Тэдний нэг нь З.Батбилэг. Тэр ч бас өөрийнхөө дотор буй өөр нэгэн гэрлийг үзэгчдэд харуулахаар зорьж яваа залуу уран бүтээлч билээ.