Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...
Showing posts with label Interview. Show all posts
Showing posts with label Interview. Show all posts

Thursday, November 26, 2015

О.Элбэгтөгс: Аливаа зүйлд хаалт хийх амархан. Нээлт л хэцүү.

Яруу найраг гэж юу вэ. Шад болгон багцалсан олон мянган үгсийн чуулган бүхий шүлгүүдийн чухам алийг нь яруу найраг гэж хүлээн зөвшөөрөх вэ. Мэдээж, энэ энгийн мөртлөө ээдрээтэй асуултад төгс хариулт гэж үгүй.

Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчихье гэхээр мэдэхээ байчихдаг” хэмээн ярьсан нь бий. Магад энэ л хамгийн оновчтой хариулт байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө яруу найрагч хэмээн зоригтойгоор тунхаглаж чадаж байгаа хүнийг бид яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг болов уу.
Энд, яг энд сугаад яруу найргийн тухай, найрагчийн тухай бодол хөврүүлж байгаа минь ярилцлагын зочноо таницуулах гээд хадуурч байгаа хэрэг л дээ. Шууд л, “Түүнийг О.Элбэгтөгс гэдэг” гээд эхлэх байсан юм. О.Элбэгтөгсийг “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл” шүлгийн номоор нь мэдэх хүн олон. Тэгвэл залуу найрагч маань өчигдөрхөн шүлгийн “Чөлөөт шувуу”, өгүүллэгийн “Бүслэлт” номынхоо хуримыг хамтатган хийсэн юм.
О.Элбэгтөгсийн “Чөлөөт шувуу”-г нээхэд өмнөөс,
“...Цэцэрлэгийн сандал хүнгүй хоосон
Цэнхэр цас хаа сайгүй бударна
Хөшгөө татсан чэнэ амьдралын
Хүнд тээш мөрийг минь дарна...” гэсэн мөртүүд мэндчиллээ. Тэгээд надад эдгэшгүй төсөөлөл, эгнэшгүй санаашрал бүхэн үг болон эвлэхийн цагт энэ ертөнцөд яруу найраг мэндэлдэг юм шиг санагдсан билээ.

Friday, September 25, 2015

Бүжгийн багш Б.Энхзул: Хром экстракт шиг монгол балетын урсгал үүсгэхийг хүсдэг

"Pearl dance” бүжгийн сургалтын төвийн багш Б.Энхзулыг хараад түүнийг ярилцлагад урихгүй байж чадаагүй юм. Доорх ярилцлагыг уншаад та яагаад түүнийг онцолж харж, олзолж ярилцсаныг ойлгох билээ. 22 настай Энхзул багшийн хөөрхөн инээмсэглэсэн төрх, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Тэр бол миний уулзаж байсан хамгийн залуу багш билээ. Хэдий залуу ч гэсэн түүний анхны бяцхан шавь тун удахгүй тайлан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ямартаа ч тааж хэлэхийн аргагүй тэр холын ирээдүйд Энхзул багштай бид олон удаа таарна байх аа. 


Sunday, June 1, 2014

Ү.Юмжир: Би материалын донтон



Monday, July 1, 2013

Сонгодог урлагийн “нялх” одод

  • Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урслаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аяллынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан.




Thursday, June 13, 2013

З.АЛТАНГЭРЭЛ: БОР БОРХОН МАНХАН ДЭЭР БОДОЛ МИНЬ ЭРГЭЛДЭЖ БАЙНА



  • “Сувдан сондор 8” аяллын үеэр говийн ноён хутагтын, долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл гэдэг хүнтэй нүүр учрах боломж олдсон тухай “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-дээ дурдсан билээ. Тэгвэл таны өмнө соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлийн яриа дэлгээтэй байна. Түүнтэй ярилцах боломж нээлттэй байсан ч Алтангэрэл ахын амгалан, даруу байдлаас нь сүрдээд ч гэх үү нэг л халгаад байв. Учир нь Говийн ноён хутагтын V дүр болох Д.Данзанравжаа таалал төгссөнөөс хойш тахилчийн удам одоо хэр нь тасраагүй байгаа нь монголчуудын нэг бахархал билээ. Түүнд ойртох тусам улам л хайр төрж байснаа нуух юун. Тиймээс ярилцлага маань нэг дор суугаад ярьчихсан асуулт, хариулт бус бага багаар тэмдэглэж явсан үүх түүх болоод хууч яриа, сэтгэл хөдлөлийн цуглуулга байх нь магад.

Wednesday, June 12, 2013

Б.Цацрал: Тайзан дээр сөгдөж суугаад л, хэвтээд л гитарддаг байлаа

 “Мэднесс” хамтлагийн “Colors of us” цомогтой хамт энэ өдрийг эхлүүллээ. Өчигдөрхөн хэвлэлтээс ирсэн энэ цомогт танил юм шиг аялгуутай хэрнээ цоо шинэ бүтээлүүд бий. Яг одоо би “Цэл залуухан моддын доор дурлалт хосууд тэврэлдэн, үнсэлцэнэ. Зун цаг” гээд л дуулж байна. Энэ бол Б.Цацралын зохиосон шинэ ая.
16 жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг” мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд “I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд тун завгүй байлаа.

Monday, June 10, 2013

Домог, хуучинд хучигдсан Мөнхийн цохио


“Судван сондор 8” аяллын тухай өгүүлэх “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-ийн үргэлжлэл болгон энэхүү нийтлэлээ бичиж сууна. Аяллын тав дахь өдөр бид “Суварган цохио” хэмээх хадны энгэрт буудалласан юм. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших энэ цохиог нутгийнхан нь Хайрхан цохио хэмээн цээрлэн дууддаг. Аяллын багт маань хөтөч болсон Хатанбулаг сум болон Сулинхээр багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Айлхүүгийн Баярсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр уул уурхайн компаниудтай чадлынхаа хэрээр тэмцдэг нэгэн болохыг нутгийн иргэд ярьсан юм.

Saturday, June 1, 2013

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст
Талстууд ихэвчлэн маш олон өнцөгтэй байдаг тул хэдэн талтайг нь тоолж байсангүй. Ямартаа ч талст талст хэвээрээ байхдаа л үнэтэй. Тэгвэл энэ этгээд дүрстэй адилтгаж болмоор нэгэн эмэгтэйг “Дээжис” сэтгүүлийнхээ ярилцлагад урилаа. Энэ бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. “Pro sounds” студийн зөөлөн хар буйдан дээр тухлангаа дуучин бүсгүйн өмссөн гоёмсог даашинз, урт түрийтэй өндөр өсгийтөд нь нүдээ унагаж байхад минь тэр өөрийн тоглолтын талаар ярьж байв. Жимс идэж суугаа дуучин Алтаа миний мэдэхээс өөр болчихсон юм шиг санагдсан л даа. Нөгөөтэйгүүр олонд дасал болоогүй дүр төрхийг нь би харсан гэж хэлж болох л юм. Ер нь Алтаа гэдэг хүнийг яг таг тодорхойлох хэцүү л дээ. Би л гэхэд өдий хэр нь түүнийг ямар имижтэй, аль жанрт илүү дуртайг мэддэггүй юм. “Намайг эзэмдэх миний сэтгэл” зэрэг дуунуудаараа эрос нэр авч, “Эстрадын хатан хаан” уралдаанаас хоёрдугаар байр хүртээд л... Тэгснээ Өвөрмонголд очиж этник дууны тэмцээнд түрүүлсэн. Дараа нь “Мандах нар”, “Гангар шаазан” зэрэг ардын дуунуудыг энэ цаг үед авчирлаа. Монголын поп дива хэмээх эрхэм сайхан алдартай ч болов. Ерөөс л Алтаа гэдэг хүнийг урлагийн хүн гэдгээс өөрөөр, аль нэг хэлбэр дүрсэнд хувирган тайлбарлах амаргүй юм. Зүгээр л өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст гэж нэрлэе.

Thursday, April 25, 2013

З.БАТБИЛЭГ:ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МААНЬ ЯС МОД САЙТАЙ, ОЛОН НУГАСТАЙ, ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ОНГОЙДОГ



Удам дамжсан уран бүтээлчидтэй ярилцахад үргэлж сонирхолтой байдаг. Учир нь тэд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай ярихдаа хэд хэдэн хүнийг төлөөлдөг билээ. Тэгвэл кино урлагийн талаар гурван хүний өмнөөс ярьж чадах хүнийг өнөөдрийнхөө зочноор урилаа. Тэр бол кино зохиолч Ч.Гомбын ач хүү З.Батбилэг. Бид түүнийг кино найруулагч, сэтгүүлч Г.Золжаргалын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Ер нь “Нэртэй хүний зүстэй хүү” байх амаргүй. Аав нь, өвөө нь хэдийчинээ мундаг байна, хүүгийнх нь шалгуур төдийчинээ өндөрсөнө. Тэр өндөр шалгуурт бүдрэхгүйн тулд, дэргэдээ байгаа тод “од”-ны гэрэлд бүдгэрэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй ч гэдэг. Энэ л жимээр манайхны олон уран бүтээлч алхаж буй. Тэдний нэг нь З.Батбилэг. Тэр ч бас өөрийнхөө дотор буй өөр нэгэн гэрлийг үзэгчдэд харуулахаар зорьж яваа залуу уран бүтээлч билээ.

Monday, January 28, 2013

Б.Ариунаа: Цаасан хуйлмал гадных биш ээ, манай "Хөрстийн хуймаг"


Saturday, January 5, 2013

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ


Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шимтэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, орчуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг орчуулгадаа шингээдэг гэмээр санагддаг. Цаанаа л нэг амьтай бичлэгүүдийг нь унших тоолондоо түүнийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэгтэй гэж төсөөлдөг байлаа. Харин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үлдэх л гэж нийгмийн амьдралыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өндгөндөө өтөлсөн ангаахай гэж тодорхойлсон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямартаа ч би түүнийг уншигчийн хувиар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж боломгүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.

Sunday, December 16, 2012

Амьдрал цэгээс хязгааргүй алсрах гурван зураас

Манай сонин “Ринг” хэмээх сонирхолтой булантай байв. Өөр өөр байр суурьтай зочид үзэл бодлоор тулалдах ярилцлагын ринг бидэнд аливаа зүйлийг эргэцүүлэхэд дөхөм болдог байв. Тиймээс одоо “Ринг” булангаа сэргээн, мэргэн уншигч танд хүргэж байна. Ярилцлагын рингэнд “супернэгдэлчин” Ч.Эрдэнэ, түүхийн ухааны профессор Н.Нагаанбуу, “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа нар хүрэлцэн ирлээ. Тэдний “тулаан” маш хүлээцтэй, тогтуун өрнөснийг дурдалгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр тэдний санаа оноо, сурсан судалсан зүйлс нь өөр өөр ч хүн төрөлхтний нийтлэг асуудал, оюун санааны тухайд нэгэн чигт хандаж байсан юм. Энэ нь хүн бүхэн дотроо сайн сайхны гэрэл цацруулдаг болохын жижигхэн баталгаа билээ. Бидний яриа олон сэдвийг хамарч байгаа тул бараг л асуултгүй хөвөрсөн юм. 


Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа
        Зүүн гар талаас Д.Ухаанзаяа, Ч.Эрдэнэ, Н.Нагаанбуу

Friday, December 14, 2012

Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна


Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна 
Тангадын Мандир гэдэг нэрийг утга зохиолынхон андахгүй. Чухамдаа түүний “Саран зэв”, “Хорин нэгэн зул” гэдэг хоёр ном л түүнийг ийн танигдахад хүргэсэн хэрэг. Тиймдээ ч “Хорин нэгэн зул” ном дахин хэвлэгдсэн баярт мэдээг дуулаад түүнтэй уулзахаар болзсон юм. 22 жилийн өмнө 20 мянган хувь хэвлэгдсэн энэ ном одоо хуучин номын худалдаанд байхгүй. Тухайн үед Монгол хаадын хөргийг цоо шинээр зурсныг нь манай түүхчид олзуурхан хүлээн авч байжээ. Дандаа л хятад, өвөрмонгол уран бүтээлчид манай хаадын хөргийг бүтээдэг байх үед хэн ч харсан Монгол гэж хэлэх домогт баатруудын дүрийг бүтээсэнд нь тэр шүү дээ.

“Хорин нэгэн зул”-ын баатрууд бүгд л уужуухан байсныг бодохоор ингэж дүрсэлсэн Т.Мандир гуай ч гэсэн тийм байх гэж таамаглаж байв. Түүний зохиолын найруулга ямар гайхалтай болохыг мэдрэх тусам зүрхшээх сэтгэл аяндаа төрнө. Гэсэн ч тэр намайг тайвшруулах мэт аядуу зөөлөн ярьж байлаа. Бид түүний найзын эрхлэн гаргадаг “ТB долоо хоног” сэтгүүлийн байранд уулзсан юм.


Thursday, November 22, 2012

Т.ТҮВШИНЖАРГАЛ: Тилда маягийн хүүхэлдэйг монголоор урладаг

Таны харж байгаа эдгээр хүүхэлдэйг урласан хүн бол Т.Түвшинжаргал. Яг л өөрийнхөө бүтээл шиг ган­ган, өхөөрдмөөр энэ эмэг­тэй цахим ертөнцөд “Гэгээн саран” урлантай. Эм­зүйч мэргэжилтэй тэрбээр Мэр­гэжлийн хяналтын  байгуул­лагад лабораторийн шинжээч. Хүүхэлдэйн урлалаас тэс өөр ажилтай хэдий ч ирээдүйд “Гэгээн саран” гэдэг урлантай болохыг мөрөөддөг. 

Saturday, November 17, 2012

Б.СУВД: БИ БҮХНИЙГ ТӨГС РҮҮ ОЙРТУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ


 
 
Бүхий л цаг үеийн янз донжийг хувцас загвар бэлхнээ илтгэнэ. Тиймдээ ч аль ч газрын соёл иргэнш лийн түүхийг бүтээж буй хамгийн “тод өнгө”-ийг хувцас загвар гээд хэлчи хэж болох байх. Тэгвэл өнөөдөр бидний хэд нь хувцас загварт гүн гүнзгий дурлаж, хэд нь өнөөгийн Монголын загва рын ертөнцийн ирээдүйг сэтгэж, даавуунд шингэн үлдэх гоц түүхийг өөрийн гараар шаглаж суугаа бол. Энгийн атлаа чухалд тооцогдох энэ л бодол маань намайг “Бямбын ярилцлага”-ын зочин руу хөтөлсөн юм. Тэрбээр “Монгол костюмс”-ын захирал, Үндэстний хувцас суд лалын академийн тэргүүн доктор, профессор, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Сувд юм. Түүнийг би энэ цаг үеийн уран үйлчдийн нэг гэдгийг бахархалтайгаар хэлж чадах байна. Номын дэлгүүрт саатахдаа мон гол, англи хэл дээрх “Mongol costumes” номыг сөхөж үзсэн хүн бүхэн надтай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Thursday, November 8, 2012

Монгол хэвлэлд ярилцлага өгнө гэж төсөөлж ч байсангүй

Канад улсад “Монгол” нэртэй хамтлаг бий. Нэрийг нь сонссон монголчууд тэднийг  сонирхохгүй өнгөрөөнө гэж үгүй. Би ч гэсэн энэ жишгээр л тэдний уран бүтээлтэй танилцсан юм. Фолк рок урсгалаар уран бүтээл туурвидаг энэ хамтлагийн дуу монголын аялгууг санагдуулахгүй. Гэхдээ цэвэр гаднын аялгуу биш. Дууг нь сонсох тусам хэчнээн хүчирхэг болохыг нь улам улмаар мэдэрнэ. Ерөөс л дууг сонсож байж л та миний хэлэх гэснийг ойлгох байх. Учир нь бидний мэдэх фолк рок хамтлаг “Алтан ураг”, “Хөсөгтөн” хамтлагийн дуунуудтай яалт ч үгүй холбоотой. Харин “Монгол” хамтлагийн зарим дуунд манай үндэсний аялгууг хэт европжуулжээ. Зарим дуу нь фолк мелодит төрлийг агуулсан байхад зарим нь тал газарт нүргэлэх хүчит хэмнэл шиг аж.





Saturday, October 27, 2012

Д.ГАН-ОЧИР: БИД ЧИНЬ МӨНХИЙН ГЭРИЙН ДААЛГАВАРТАЙ ХҮМҮҮС

Хааяа би цонх налж суугаад 
“Бүтэн сарны дор чамтайгаа 
Бүрэн сарны дор зүүдтэйгээ”... гээд л дуулдаг юм. Энэ дууных нь төлөө “Камертон” хамтлагт талархдаг хэдий ч үгийг нь бичсэн Д.ГанОчир ахыг огт дурсаж байгаагүй билээ. Харин саяхан түүний цуглуулга бүхий “Есенин Монголд” нэртэй ном хэвлэгдэхэд бид уулзсан юм. Уулзмагцаа уран бүтээлээсээ бэлэглэж, чихрээр дайлж суусан энэ ах дуу хуураар хөглөгдөж, тэр л хөгөнд жаргаж амьдардаг нэгэн аж. Түүний хөгжимд дурласан сэтгэлийг хэмжинэ гэвэл үе үеийн хит дуунуудыг нь санах хэрэгтэй байх. Бидний одоо хэр нь дуулсаар байгаа “Цамцаа тайл”, “Харууслын аяз”, “Зүүдэнд ирэх жаргал”, “Дурлалд би яараагүй”, “Би гэртээ”, “Чи надаас холдоо юу” гээд л олон сайхан дуунаас гадна “Гоо амраг”, “Манан”, “Нууц товчоо мину” зэрэг одоогийн хитүүд ч түүний сэтгэл нэвт үнэртэх бүтээл нь юм.

Monday, October 22, 2012

МИНИЙ АЖИЛ-ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ“тийз”

 Солонгос гэрийн эзэгтэй нарын дунд саван, шампуниас өгсүүлээд гоо сайхны бүхий л бүтээгдэхүүнээ өөрсдөө “найруулах” моод дэлгэрч бай­гаа. Ярилцлагын маань эзэн эмэгтэй ч бас ийм хообийтой. Уг нь энэ тухай л сонсох гэж би түүнтэй уулзсан юм. Нэлээд удаан ярилцсаны дараа түүнийг хүн судлал-антрополо­гийн салбарын хүн болохыг  нь мэд­сэн юм. Тэрбээр ясны генетик суд­лалаар Монголдоо анхдагч хэмээн бичигдэх “эрх”-тэй нэгэн аж. Учир нь манай хүн судлалын салбарт “яс судлаач” нэгээхэн ч үгүй билээ. Тиймээс миний танд танил­цуу­лах гэж буй хүн “Монголын гэгээ” байх учир¬тай. Түүнийг Гаваачимэдийн Лхагвасүрэн гэдэг.
    Бидний яриа өөр хоорондоо адилгүй хоёр сэдэвт хуваагдах тул мэр­гэн уншигч Та бүү төөрөлдөөрэй.

Saturday, October 20, 2012

Б.АМАРСАЙХАН: 20 ЖИЛИЙН ӨМНӨХ МӨРӨӨДӨЛ ДОТОР МИНЬ ЧИ СУУЖ БАЙНА

 

Нүүр ам судлал, тэр дундаа шүд ний салбарт хүч сорьсон мянган хүнээс хэд нь “шүд”-ээр овоглож яваа бол. Бас манай шүдний эмч нараас хэн нь Азид таниг даж, дэлхийн дайнд мөрөөдөж байгаа вэ гэдгийг та бодож байв уу. Бямбын ярилцлагын маань эзэн намайг ийм бодолд хөтөлсөн юм. Түүнийг Б.Амарсайхан гэдэг. ЭМЯ-ны нүүр амны ерөнхий мэргэжилтэн, Нүүр ам судлалын сургуулийн захирал гэхээс илүүтэй Азийн нүүр амны урьдчилан сэргийлэх академийн ерөнхийлөгч хэмээх алба нь сонирхлыг минь эрхгүй татлаа. Тэрбээр Монголдоо хамгийн томд тооцогдох Нүүр ам судлалын эмнэлэг-сургуулийг байгуулсан юм. Энэ эмнэлгийн дөрвөн давхар улбар байшин шүдэнд зориулсан бүхий л тоног төхөөрөмжөөр өвч “хуяглажээ”. Бид түүний музей мэт өрөөнд уулзлаа. Энд тэндгүй өргөмжлөл, диплом өрсөн ажлын өрөөнд нь.

Saturday, October 13, 2012

Төсөөллөөс алсарсан ӨНГӨТ АМТ

  
Бямбын ярилцлагын маань зочин О.Мөнхбаяр хэмээх бартэндэр залуу. Түүний бэлтгэсэн коктэйлийг амталж үзээд төрсөн сэтгэгдэл маань энэхүү гарчиг юм. Гааны ногоон өнгөтэйгээ харьцуулахад дэндүү халуун, солонгон өнгөтэйгээ зүйрлэмгүй исгэлэн амт түүнийг илэрхийлж үл чадна. Уг нь түүнтэй уулзахаасаа өмнө би маш олон төрлийн коктейльний амтыг мэддэг байлаа. Өнгийг нь ч мөн адил. Харин дараа нь амт бүрийг хүн хүний гарын амтаар “хувиргаж” болохыг анзаарсан юм.
Өөрийгөө дуу цөөтэй гэж тодорхойлсон тэрбээр үнэндээ их яриа хүн байлаа. Магад тэр энэ ажлынхаа нөлөөгөөр бусадтай харилцах урлагт ийнхүү суралцсанаа өөрөө ч анзаараагүй байж мэднэ. Бидний яриа цэнгээний газрын намуухан хөгжимтэй хамт үргэлжиллээ.