Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, December 15, 2015

Чойжоо: Би поп хүн

Хүйтэн өвлийг дулаацуулах зүйл хөршгүй халуун сэтгэлээс өөр юу сан билээ. Хэн нэгний халуун дулаан үгсийн илчинд бид бүлээцэж, хөг эгшиг нь хөлийн алхаатай нийлэх сайхан хөгжмийн хэмнэлээс илч авч, хагацалд тэврүүлээд шатаж үлдэхдээ ч үнс нурамд хувилдаггүй халуун дотно зүрхнийхээ цохилох хэмнэлээр өдөр өдрийг шинээр харж явна. Энэ л шинэ өдрүүдэд хань болдог, магад өнөөдрийнх шиг ийм л хүйтэн өдрүүдийг давж гарах эрчим хүчийг агуулсан дуу таны плэйлистэд байна уу. Миний чихэвчээр лав “DraconianLacuna Coil” бас миний үнэлж барамгүй эрдэнэ мэт Akira Yamaoka-гийн бүтээлүүд тасралтгүй хангинаж байна. Бас Чойжоогийн нэг дуу. Хөнгөхөн гунигтай, тэгсэн хэрнээ эмх замбараагүй бодол тээж, санаашралыг минь саринуулдаг нэг дуу.




“...Энэ борооны дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байтал дахин замхран одох уу
Заавал чамайг бараан, бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү...”
Энэ дууг сонсоод хүрч чадаагүй хэн нэгнийхээ тухай бодолд автаагүй хүн хэдий олон бол. Ингэж бодохоор л Чойжоод алга ташмаар болдог юм. Гэхдээ энд алга ташилтын чимээнээс илүү түүний дотор орших уянга, хүрч боломгүй солонго татах чимээг анирдаж, хийж бүтээх оргилуун их хүслийнх нь хүчит давалгаа мэт шуугианыг чагнах нь илүү чухал билээ.
Танилц, түүнийг чөлөөт уран бүтээлч гэдэг.

Thursday, November 26, 2015

О.Элбэгтөгс: Аливаа зүйлд хаалт хийх амархан. Нээлт л хэцүү.

Яруу найраг гэж юу вэ. Шад болгон багцалсан олон мянган үгсийн чуулган бүхий шүлгүүдийн чухам алийг нь яруу найраг гэж хүлээн зөвшөөрөх вэ. Мэдээж, энэ энгийн мөртлөө ээдрээтэй асуултад төгс хариулт гэж үгүй.

Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчихье гэхээр мэдэхээ байчихдаг” хэмээн ярьсан нь бий. Магад энэ л хамгийн оновчтой хариулт байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө яруу найрагч хэмээн зоригтойгоор тунхаглаж чадаж байгаа хүнийг бид яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг болов уу.
Энд, яг энд сугаад яруу найргийн тухай, найрагчийн тухай бодол хөврүүлж байгаа минь ярилцлагын зочноо таницуулах гээд хадуурч байгаа хэрэг л дээ. Шууд л, “Түүнийг О.Элбэгтөгс гэдэг” гээд эхлэх байсан юм. О.Элбэгтөгсийг “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл” шүлгийн номоор нь мэдэх хүн олон. Тэгвэл залуу найрагч маань өчигдөрхөн шүлгийн “Чөлөөт шувуу”, өгүүллэгийн “Бүслэлт” номынхоо хуримыг хамтатган хийсэн юм.
О.Элбэгтөгсийн “Чөлөөт шувуу”-г нээхэд өмнөөс,
“...Цэцэрлэгийн сандал хүнгүй хоосон
Цэнхэр цас хаа сайгүй бударна
Хөшгөө татсан чэнэ амьдралын
Хүнд тээш мөрийг минь дарна...” гэсэн мөртүүд мэндчиллээ. Тэгээд надад эдгэшгүй төсөөлөл, эгнэшгүй санаашрал бүхэн үг болон эвлэхийн цагт энэ ертөнцөд яруу найраг мэндэлдэг юм шиг санагдсан билээ.

Wednesday, November 18, 2015

Г.Гэрэлхүү: Өнгөрсөнд үлдсэн хийгээд ирээдүйд тосох цаг хугацааг би энэ цаг үед л “хорьж” чадна

Улаанбаатар хотын түгжрэлийн төв цэг болсон 100 айлын уулзварын ойролцоо уран бүтээлчдийн урлан буй. Уран бүтээлчдийн ур хийц ундарсан зургууд энд л утга санаагаа олж, урчуудын уртаас урт бодлууд энд л “биеждэг” билээ.
Улаан, шар гэрэл урдхан талд минь анивалзана. Ногоон гэрэл асахыг хүлээж зогсохдоо би уулзах гэж байгаа хүнийхээ тухай бодож байв. Дээхнэ дээ, бид МУЗ-өөс зохион явуулдаг “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв.

Манай ангид дуугүй хэрнээ бодолд дарагдсан шинжгүй, дэргэдээс нь харахаар хөөрхөн инээмсэглэдэг, дотно яриа өрнүүлэхэд бас тийм ч дотогшоо биш нэгэн зураач залуу байж билээ. Тэр жил бие даасан үзэсгэлэнгээ гаргахад нь ийм уйгагүй зурдаг, уран бийрийг урлагтайхан татдаг түүний авьяасыг бишрэн харсан билээ. Түүний нэрийг Гэрэлхүү гэдэг.
Гэрэлхүүтэй анх гар барин танилцахад шууд л “Гэрлэх үү” гэж хэлээд намайг гайхуулж, сандруулж, бантуулж билээ. Тийм инээдтэй байдлаар танилцсан зураач маань саяхан Австралийн Күйнслэндийн орчин үеийн уран зургийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулдаг Контемпорари урлагийн Ази Номхон Далайн Триенальд  анх удаа Монгол улсаатөлөөлж оролцоод ирсэн билээ. Аргагүй сонирхолтой зургуудыг нь үзэж, амттайхан ярилцлага хийхээр би түүний тухай дурсан зогсож байна. Тэгээд ногоон гэрэл асаж, би ч зураачдын Б урлангийн зүг алхлаа.

Friday, September 25, 2015

Бүжгийн багш Б.Энхзул: Хром экстракт шиг монгол балетын урсгал үүсгэхийг хүсдэг

"Pearl dance” бүжгийн сургалтын төвийн багш Б.Энхзулыг хараад түүнийг ярилцлагад урихгүй байж чадаагүй юм. Доорх ярилцлагыг уншаад та яагаад түүнийг онцолж харж, олзолж ярилцсаныг ойлгох билээ. 22 настай Энхзул багшийн хөөрхөн инээмсэглэсэн төрх, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Тэр бол миний уулзаж байсан хамгийн залуу багш билээ. Хэдий залуу ч гэсэн түүний анхны бяцхан шавь тун удахгүй тайлан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ямартаа ч тааж хэлэхийн аргагүй тэр холын ирээдүйд Энхзул багштай бид олон удаа таарна байх аа. 


Sunday, June 1, 2014

Ү.Юмжир: Би материалын донтон



Thursday, May 1, 2014

Ж.Дүүрэнтөгс: Уран бүтээлд шингэсэн эрчим хэзээ ч хувирахгүй...

 
 
Хэн нэгэнтэй ханатлаа ярилцаад буцахдаа би гариг ертөнцийн өчүүхэн нэгэн эд эс гэдгээ мэдэрдэг. Учир нь надаас тэс өөр бодолтой үй олон хүмүүс энэ ертөнцөөр дүүрэн буй. Тэдний хэдхэн хувь нь миний дэргэдүүр өнгөрч, цөөхөн хэдтэй нь л би нүүр учирч ярилцдаг. Энэ удаад би мөн л шинэхэн танилаа эрхэм уншигч танд танилцуулах гэж байна. Тэр бол манай сэтгүүлийн зочин, уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс юм. Тэрбээр бидний нүдэнд дасал болсон олон ч баримлыг бүтээсэн билээ.

-Та их гоё, ховор нэртэй юм аа.
-Миний аав жүжгийн зохиолч, найруулагч хүн байсан. Би ууган хүү нь болохоор нэрийг минь их л бодож, зөгнөж өгсөн байх. Нэр маань хувь зохиолоо дагуулж ирсэн хэмээн бэлэгшээж эзэн нь байхыг хичээдэг дээ.

-Таны зурж буй зураг их хачирхалтай санагдлаа. Чонон толгойтой, монгол дээлтэй баатар эр үү дээ. Юу өгүүлж байгаа юм бол?
-... Өрөөсөн хөлөө үхэр бууны суманд үйчихсэн, тэгсэн хир нь сүлд тугаа тулан өндийж байна. Ялагдашгүй, дийлдэшгүй, дуусашгүй гэсэн санаа. Энгэрээс нь бэлтрэг цухуйж байгаа нь чонын хийморьтой эрчүүд төрсөөр л байх болно гэдгийг илэрхийлж буй. Энэ зэргийн утгатай зүйлийг ярьж омогшиж болдог юм чинь зурж яагаад болохгүй гэж...


Thursday, March 20, 2014

Яруу найраг мандтугай, бүтэлгүй хайр мандтугай

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулаад хамгийн сүүлд бичсэн шүлгээ оруулж байна. 5-ын 9 дуусч байсан 2 сарын 4-ний өдөр байлаа.

Бээрсээр үдсэн өвлүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна..

Биеэ хураасан урт удаан жилүүдийг
Бэлэг шиг тосон авч, бэлэг шиг хадгалсаар
Би энд чамайг хүлээхээс залхаж байна,
Энд чамайг ирэхгүйгээс айж байна..

Өчигдөр л үнсээд салсан гэдэгтээ өдийг болтол итгэсээр
Өнөөдөр бүрийг өнчин өнгөрөөсөөр туйлдаж байна
Өмөлзөх уруулаа цус шүүртэл хазлаад ч
Өөрийн чинь үнсэлтийг олохгүй байгаадаа цөхөрч байна

Өрцөнд минь цуурайтах харуусал дундах хашхираан
Өглөөн нарыг хасах цэнэгээр туучих миний гунигт өдрүүд,
Өчигдөрхөн чамд үнсүүлсэн уруул,
Өрөө ч мэдэлгүй хүлээсээр байх хамгаас хуучин зуршил минь
Өө, би яаж шинээр амьдрахаа мэдэхгүй байна
Би яаж хүлээлтгүйгээр амьдрахаа мэдэхгүй байна.

Бээрсээр үдсэн өдрүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна.

Monday, July 1, 2013

Сонгодог урлагийн “нялх” одод

  • Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урслаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аяллынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан.




Saturday, June 22, 2013

СӨРӨГ




 Би сөрөг. Гэрлийн нөмөр дэх сэрүүхэн хар өнгө, сүйт бүсгүйн гэвлүүрийн цаана нуугдсан анхны хайрын шарх мэт байдаг л нэгэн сөрөг үзэгдэл. Нэмэх цэнэгийг цаг ямагт татсаар байдаг хасах тэмдэг. Эерэг хандлагад тэмүүлэгч бүхний айдас мэт тийм халгам, тийм сөрөг үелзэл, би. Амьсгал минь бусдынхаас ч дулаан, амь бие минь ердийнхөөс ч халуун. Маргаашийн төлөө өнөөдрийг золиослох нүд нь улайрсан этгээд эр зориг хийгээд хувь тавиландаа эргэлзэх хөгийн айдас надад үгүй. Түрхэн зуурын ов мэхээс ч илүү түрэмгийлэл надад илүү таалагддаг. Тоос болох жам ёсыг тоолох мөнгөнөөс дээгүүрт тавьдаг, энэ цагийн тэнэг иргэн. Сүүдэр, гэрлээр сүлсэн бидний жижигхэн дэлхийд гэрлийн хурд, хэмнэлийг гаргаж томьёолсон атлаа харанхуй бүүдгэр үзэгдлийг үгүйсгэлгүй орхисон нь санаандгүй хэрэг биш гэлтэй. Учир нь хүмүүс чулууг хүртэл зэвсэг болгочихдог хар хорын сэтгэлийг дотроо тээж өсдөг юм. Гэхдээ хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тийм гэнэн агаад хүчит эрчмийг ялгаруулахдаа тааруухан. Тиймээс л дотроос нь байн байн цухалзсаар буй сөрөг хандлагынхаа эсрэг тэмцэж, тэр тэмцлийн дундаас гэгээг нь тас зуурч үлддэг бололтой. Улс, үндэстэн даяараа сайн сайханд зорих сонгодог арга энэ юм.

Thursday, June 13, 2013

З.АЛТАНГЭРЭЛ: БОР БОРХОН МАНХАН ДЭЭР БОДОЛ МИНЬ ЭРГЭЛДЭЖ БАЙНА



  • “Сувдан сондор 8” аяллын үеэр говийн ноён хутагтын, долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл гэдэг хүнтэй нүүр учрах боломж олдсон тухай “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-дээ дурдсан билээ. Тэгвэл таны өмнө соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлийн яриа дэлгээтэй байна. Түүнтэй ярилцах боломж нээлттэй байсан ч Алтангэрэл ахын амгалан, даруу байдлаас нь сүрдээд ч гэх үү нэг л халгаад байв. Учир нь Говийн ноён хутагтын V дүр болох Д.Данзанравжаа таалал төгссөнөөс хойш тахилчийн удам одоо хэр нь тасраагүй байгаа нь монголчуудын нэг бахархал билээ. Түүнд ойртох тусам улам л хайр төрж байснаа нуух юун. Тиймээс ярилцлага маань нэг дор суугаад ярьчихсан асуулт, хариулт бус бага багаар тэмдэглэж явсан үүх түүх болоод хууч яриа, сэтгэл хөдлөлийн цуглуулга байх нь магад.

Wednesday, June 12, 2013

Б.Цацрал: Тайзан дээр сөгдөж суугаад л, хэвтээд л гитарддаг байлаа

 “Мэднесс” хамтлагийн “Colors of us” цомогтой хамт энэ өдрийг эхлүүллээ. Өчигдөрхөн хэвлэлтээс ирсэн энэ цомогт танил юм шиг аялгуутай хэрнээ цоо шинэ бүтээлүүд бий. Яг одоо би “Цэл залуухан моддын доор дурлалт хосууд тэврэлдэн, үнсэлцэнэ. Зун цаг” гээд л дуулж байна. Энэ бол Б.Цацралын зохиосон шинэ ая.
16 жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг” мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд “I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд тун завгүй байлаа.

Monday, June 10, 2013

Домог, хуучинд хучигдсан Мөнхийн цохио


“Судван сондор 8” аяллын тухай өгүүлэх “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-ийн үргэлжлэл болгон энэхүү нийтлэлээ бичиж сууна. Аяллын тав дахь өдөр бид “Суварган цохио” хэмээх хадны энгэрт буудалласан юм. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших энэ цохиог нутгийнхан нь Хайрхан цохио хэмээн цээрлэн дууддаг. Аяллын багт маань хөтөч болсон Хатанбулаг сум болон Сулинхээр багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Айлхүүгийн Баярсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр уул уурхайн компаниудтай чадлынхаа хэрээр тэмцдэг нэгэн болохыг нутгийн иргэд ярьсан юм.

Friday, June 7, 2013

Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл



Буйлс цэцэглэх чөлөөнөөр “Сувдан сондор” аяллын баг маань Дорноговь аймагт хөл тавьсан юм. Буйлсны үнэр салхиар түгэх нь ямар гайхалтай байв аа. Байгалийн энэ үнэрийг ямар ч сүрчигтэй адилтгамаар юм бэ дээ. Дэлбээгээ нээгээд тавхан хоногийн дараа бутран хийсдэг тэр гайхам, анхил үнэрийг цээжиндээ хадгалж үлдээхийг ямар их хүссэн гээч. Үгэнд хэрэв үнэр дайж болдогсон бол уншигч таны дэлгэсэн энэ хуудас бүхэл зуны турш таныг сэрүүцүүлэх байсан нь магад. Гэхдээ тайлбарлаж чадахгүй ч гэлээ ахин дахин яриад л баймаар тэр үнэрийг би “Сувдан сондор” гэдэг үгтэй хамт ой тоондоо шингээлээ. Хэзээ нэгтээ та Дорноговьд зочлохоор болбол буйлсны үнэрт заавал саатаарай. 

Энэ зургийг Нипонь би өөрөө дарсан бөлгөө :P
 

Saturday, June 1, 2013

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст
Талстууд ихэвчлэн маш олон өнцөгтэй байдаг тул хэдэн талтайг нь тоолж байсангүй. Ямартаа ч талст талст хэвээрээ байхдаа л үнэтэй. Тэгвэл энэ этгээд дүрстэй адилтгаж болмоор нэгэн эмэгтэйг “Дээжис” сэтгүүлийнхээ ярилцлагад урилаа. Энэ бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. “Pro sounds” студийн зөөлөн хар буйдан дээр тухлангаа дуучин бүсгүйн өмссөн гоёмсог даашинз, урт түрийтэй өндөр өсгийтөд нь нүдээ унагаж байхад минь тэр өөрийн тоглолтын талаар ярьж байв. Жимс идэж суугаа дуучин Алтаа миний мэдэхээс өөр болчихсон юм шиг санагдсан л даа. Нөгөөтэйгүүр олонд дасал болоогүй дүр төрхийг нь би харсан гэж хэлж болох л юм. Ер нь Алтаа гэдэг хүнийг яг таг тодорхойлох хэцүү л дээ. Би л гэхэд өдий хэр нь түүнийг ямар имижтэй, аль жанрт илүү дуртайг мэддэггүй юм. “Намайг эзэмдэх миний сэтгэл” зэрэг дуунуудаараа эрос нэр авч, “Эстрадын хатан хаан” уралдаанаас хоёрдугаар байр хүртээд л... Тэгснээ Өвөрмонголд очиж этник дууны тэмцээнд түрүүлсэн. Дараа нь “Мандах нар”, “Гангар шаазан” зэрэг ардын дуунуудыг энэ цаг үед авчирлаа. Монголын поп дива хэмээх эрхэм сайхан алдартай ч болов. Ерөөс л Алтаа гэдэг хүнийг урлагийн хүн гэдгээс өөрөөр, аль нэг хэлбэр дүрсэнд хувирган тайлбарлах амаргүй юм. Зүгээр л өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст гэж нэрлэе.

Monday, May 6, 2013

РЕКЛАМ

"Монгол контент" ХХК-иас ухаалаг төхөөрөмжинд зориулан эрхлэн гаргадаг "ДЭЭЖИС" дижитал сэтгүүлд нэгдлээ. Энэ сэтгүүлд би өөрийн блогтоо нийтлэхгүй сайхан материалуудыг нийтлэх тул блогийн эрхэм уншигчид минь Play store-оос үнэгүй татан аваарай. Интернэтгүй үед нээгээд, уншиж болдог болохоор бүүр ч гоё :)


Sunday, May 5, 2013

Миа Фарроу

Энэ нэр тийм ч танил нэр биш. Гэхдээ Миа гэдэг нэрийг сюрралист уран бүтээлч Сальвадор Далигийн цорын ганц сайн найз гэдгээр нь хүмүүс андахгүй. Эсвэл “My Way” дуугаараа алдаршсан цэнхэр нүдэн Франк Синтратай гэрлэж явсан түүх нь түүнийг улам ч алдартай болгодог. Миа энэ л хоёр гайхамшигтай эрийн нөмөрт амьдрахдаа хурц үнэртэй дуугүй цэцэг мэт аж төрж байв. Түүнийг жинхэнэ амьд домог гэдгээр өөрөөр тайлбарлавал дутуу үнэлсэн болох байх. Биднээс өмнө амьдарч байсан мэт санагддаг гайхамшигт хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах хувь түүнд тохиосон юм. Өдгөө 68 настай тэрбээр дуучин, жүжигчин мэргэжлээрээ олны танил болж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 50 гаруй шагнал авч байжээ. Харин одоо тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд л бүх цаг заваа зориулах болжээ.




Saturday, April 27, 2013

Амьдралын чөлөөнөөр

Мансуурам нил хар шөнөөр танихгүй хөлийн чимээ одод шиг л түгдэг сэн. Аль хэдийнэ танил болсон тэр чимээнд түүртээд унтаж чаддаггүй юм. Дөтөлж яваа алхаа ямар гутлынх вэ гэдгийг аньсан нүдэндээ төсөөлнө. Элэгдсэн гутлын чимээ, цоо шинэ өндөр өсгийтийн хөнгөн товшилт. Яг л юм ярьж байгаа мэт тов тодхон алхаатай хүмүүс ч бий. Тэр хүмүүс цонхны минь доор ямар мөр үлдээснийг харах юмсан гэж тэсэлгүй ихээр хүснэ. Орой бүр үүдэнд минь ирж зогсоод, орж ирдэг болох тэр нэгэн алхаа ямар байхыг дүрслэхийг хичээнэ. Унтахдаа хөг жим сонсдоггүй шалтгаан минь ердөө л энэ. Тэгээд л үл таних хүмүүсийн алхаа бодол дундуур минь туучихыг анирдсаар үүр цайлгадагсан. Өглөө эрт хөшгөө ярахад ядруухан өндийх нар шиг хув хуучин хүмүүс, яриад яриад дуусмааргүй тийм гүн харцнууд хаа нэг тийшээ яарч явна. Танихгүй хүмүүст би хамгаас дуртай.

Thursday, April 25, 2013

З.БАТБИЛЭГ:ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МААНЬ ЯС МОД САЙТАЙ, ОЛОН НУГАСТАЙ, ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ОНГОЙДОГ



Удам дамжсан уран бүтээлчидтэй ярилцахад үргэлж сонирхолтой байдаг. Учир нь тэд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай ярихдаа хэд хэдэн хүнийг төлөөлдөг билээ. Тэгвэл кино урлагийн талаар гурван хүний өмнөөс ярьж чадах хүнийг өнөөдрийнхөө зочноор урилаа. Тэр бол кино зохиолч Ч.Гомбын ач хүү З.Батбилэг. Бид түүнийг кино найруулагч, сэтгүүлч Г.Золжаргалын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Ер нь “Нэртэй хүний зүстэй хүү” байх амаргүй. Аав нь, өвөө нь хэдийчинээ мундаг байна, хүүгийнх нь шалгуур төдийчинээ өндөрсөнө. Тэр өндөр шалгуурт бүдрэхгүйн тулд, дэргэдээ байгаа тод “од”-ны гэрэлд бүдгэрэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй ч гэдэг. Энэ л жимээр манайхны олон уран бүтээлч алхаж буй. Тэдний нэг нь З.Батбилэг. Тэр ч бас өөрийнхөө дотор буй өөр нэгэн гэрлийг үзэгчдэд харуулахаар зорьж яваа залуу уран бүтээлч билээ.

Saturday, April 13, 2013

БИ Л БАЙЖ ДЭЭ, ХАВАР


 Дэлгээтэй цонхоор бүлээхэн салхи орж ирээд үс хийсгэчихэв. Урт удаан хүйтний дараа байгалийн үнэр түгэх нь хаварсан билүү. Хавар гэдэг үгийн цаана хайр гэдэг үг л дуулдаад байдагсан. Хайр бол үзэсгэлэнт эрвээхэй юм. Хөөцөлдвөл төөрчихнө. Хайр бол эрвээхэйн далавч мэт гоо үзэсгэлэн юм. Хүрвэл үхчихнэ. Эрж бэдрэх үед зугтаад байдаг хэрнээ, санаандгүй байж байтал гэдсэн дотор нисэлдээд байдаг үл үзэгдэх таталцал, түлхэлцлийн хууль юм. Тиймээс л би түүнийг өөрийн болгох гэж шунаглахгүйгээр урагшилж явна. Алхаад л, алхаад л... Заримдаа гүйж, хааяадаа үл хөдөлнө... Гэхдээ юу гээч, цаг хугацаа болоод гариг эрхэсийн уудам зайд үл үзэгдэх хийгээд, үзэсгэлэнтэйгээр харагдах эрвээхэйнүүд намайг тойрон эргэлдсээр байгааг би мэдэрсээр байдаг юм.
Харамсалтай нь нэг л эрвээхэй дурсамжинд минь цор ганцаараа ниссээр байна. Тэр эрвээхэйн харцанд тодордог тэр нэг дулаан өнгө хаа нэгтээд минь шингээд гуниг болчихдогт хачин ихээр дурладаг гэдгээ би хавсарга хайрахад л мэдсэнсэн. Хэзээ байлаа. Хавар л байл уу. Өвөл бүхэн хавраараа үлддэг тэр дулаахан харцыг халамцуу салхи зүүднээс минь хулгайлж аваад, далайд үйчихсэнийг мэдээд хачин ихээр харууссан даа. Тэрнээс хойш би хаврыг олж үзсэнгүй. Ой тойнд минь шингэн үлдсэн чийглэг тэр амьсгалыг үнэрлэсэнгүй.
Хаврыг үнэрлэсэнгүй. Тархины минь өнцөг булан бүрт аж төрөхүй түмэн бодлыг нэг нэгээр нь түгжиж хадгалдаг ч, тэр л эрвээхэйг хорьж дийлээгүй. Тэр бол хаяхаас хайран ч гэлээ хадгалах тусам тээр болж буй дурсамж юм. Бодлогшрол хүмүүсийг дуугүй болгодог бололтой. Би зүгээр л хаврыг хүлээн, чив чимээгүй дохилзон сууна. Ингэж суусаар хэр удсаныг бүү мэд. Тэсрэх хүслээ хав дараад уйлж суусан минь хэд билээ. Өвдсөндөө, эсвэл өширхсөндөө хаврыг өөрөөр харж сурахыг хүчлэвч хүссэн, хүлээсэн тэр минь үлэмж хурдаар алсарна. Хэдий их хүснэ, төдий чинээ холдно.
Дэлгээтэй цонхоор бүлээхэн салхи орж ирээд үс хийсгэхэд би сэрэх шиг болов. Урт удаан хүйтний дараа байгалийн үнэр түгэх нь хаварсан билүү. Аягатай кофегоо шуналтайгаар залгилж, цонхны цаадах хүмүүсийг таньдаг юм шиг харсаар байтал хавар ирчихжээ. “Хавар, хавар” гэж дуу алдах танхил охидын дэргэдүүр амьсгаа даран алхах хөвгүүдийн инээмсэглэл, малгайгаа тоссон жаал хүүгийн горьдсон харц, гутал тосолж суудаг ахын аялдаг дуу, автобусны буудал дээр баян хуур тоглосоор байдаг хөгжимчид нэг л дотно. Толгойд үлдчихсэн дүр төрхнүүд, дуу хоолойнууд, миний ойртох хурдаар надаас холдоод байдаг мөрөөдлүүд хаврын өөдөс. 

Нэлийсэн их цас, тэнгэр хоёрын завсарт хаврыг хүлээж хэвтэхдээ би тэр их эрх чөлөөнд дасаж чадаагүй. Өвлөөс хаврыг, хавраас түүнийг олох л гэж улирч одсон он жилүүдийг ухрааж нэгжсээр хэдэн он улирчээ. Олсонгүй. Нүдэнд нь би өөрийгөө тольдоод, “Хавар” гэж дуу алдсанаа дурсвал түүний харц биш, би л байж шүү дээ, хавар...

Thursday, February 21, 2013

СТИЛИЙН ХУВЬСАЛ: ХАРЛЕМ ШЭЙК



Харлем шэйкийн тухай та сонсов уу. Энэ сарын 2-нд Youtube хуудсанд нэгэн элэг авмаар дүрс бичлэг нийтлэгдсэн юм. Харлем шэйкийг зарлан тунхагласан уг бичлэгийг үзсэн залуус өөр өөрсдийнхөө хувилбарыг тус хуудсанд байршуулсаар байв. 15 хоногийн дотор Youtube хуудсанд Харлем шэйкийн 40.000 хувилбар нийтлэгдсэн байлаа. Эдгээрийн дунд Америкийн “TODAY show”, “The Daily Show” нэвтрүүлгийн бичлэгүүд орж байгаа бөгөөд хамгийн их шуугиан тарьсан нь Норвегийн армийн бүрэлдэхүүн байлаа. Тэдний 34 секундийн бичлэгийг 10 хоногийн дотор 18 сая 390 мянган удаа үзжээ. Энэ галзуу бичлэгүүд нийт 175 сая үзэгчийг дагуулсан байв. 

Манай залуус ч гэсэн дэлхийг инээлгэж буй шинэхэн “галзуурал”-аас хоцорсонгүй. Монгол нэрийн дор 67 Харлем шэйкийн дүрс бичлэг youtube хуудсанд бүртгэгджээ. Гангнам стайлаас хойш ийм олон үзэгчтэй бичлэг гараагүй гэдгийг энд дурдах нь илүүц биз. Ямартай ч Харлем шэйк дэлхий нийтийг “сэгсэрч” байна. 1981 онд үүссэн бүжиг, Baauer-ийн “Харлем шэйк” дуутай нийлж, 2013 оны анхны тэсрэлт болно гэж хэн саналаа. Яг одоо, таныг энэ нийтлэлийг уншиж байхад Baauer-ийн “Харлем шэйк” дуу iTunes чартыг тэргүүлж байна. 

Saturday, February 16, 2013

Зөн

 Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болох талаар та төсөөлж байв уу. Би лав “Бенжамен Баттоны итгэмээргүй түүх” киног үзэж суухдаа цаг хугацааны талаарх бүх дүгнэлтүүдэд итгэхээ больсон юм. Яг одоо төдөн цаг болж байна гэж бодох зуур л электрон цагны алдаатай хамт тоо хувирч, өөр цаг хугацааг заана. Энэ жишгээр л бидний амьдрал мөнхөд үргэлжилдэг. Гэхдээ миний амьдрал огт төсөөлж байгаагүй цаг хугацааны алдаг далд орж байсан удаатай. Өөрийн мэдэлд байсан цаг хугацаанаас баахныг үрэн таран хийснийхээ дараа би гэнэтхэн сэрлээ. Яг л зүүднээсээ салах мэт сэрэхэд би аль хэдийнэ өөр хүн болчихсон байсан. Магад зүүд шиг он жилүүдийг амьдралаасаа хасчихвал би 19 настай.
19 наснаас хойших амьдралаа эрсээр байгаа би нэг л өөр бол чихсон гэдгээ мэдэрч байсан нь цөөнг үй. Тийм тод, хурц мэдрэм жид эзэм дүүлэх сайхан байгаагүй ээ. Зү гээр л хэвэндээ орчих байх гэсэн найдвар л намайг хөдөлгөж байлаа. Хэвэндээ орохыг л хүснэ. Гэхдээ хэв гэж юу болохыг, миний хэв ямар хуу гэдгийг мэдэхгүй тул яаж ч ху вирч өөрчлөгдсөн би гэдэг хоёрхон үс гээр л өөрийгөө төсөөлөх болов. Нэ гэн өдөр, зүүдэндээ би толь руу ха раад зогсож байлаа. Толины тусгалд урт хар үстэй эмэгтэй үзэгдэж байв. Яг минийх шиг нүдтэй тэр эгч “Чамд сүнс алга” гэж хэлэхэд би цо чоод сэрчихсэн. Тэр айдсыг таягдан хаях гэж нэлээд хүчилсэн боловч хэд хоног шалтгаангүй халуурсан юмдаг. Тэгээд л ээждээ үнэнээ илч лэх гэж “Ээж ээ, надад миний нэг юм дутуу байна” гэж хэлээд загнуу лав. Мэдээж 20 жилийн туршид бүх нээ зориулж өсгөсөн охин нь хоёрхон хоногт ийм хачин зан гаргаж байгааг ямар ч ээж ойлгохгүй биз дээ. Харин долоо хоногийн дараа би харь газрын “Макдоналдс”-д шөнө жин шэйк сорж суусан юм даа. Тэр өдөр гэр тээ харих тасалбар авсан гэд гээ мэдсээр байж яагаад танихгүй хүний зан гаргаснаа одоо ч ойлгодогг үй юм. Бяцхан охиноо хүний ну тагт сураггүй болсныг мэдсэн ээж минь Багшдаа очиж, хөхөөрөө на майг далласан гэсэн. Аль хэдийнэ 20 гарчихсан хүүхнийг ингэж дал ла сан нь мухар сүсэг мэт. Гэхдээ л түү нээс 10 минутын дараа би буудал даа ирж, ээжтэйгээ холбоо барьсан юм. Хо жим нь ээжийн минь багш “Охинд чинь сүнс алга” гэж хэлснийг би мэдсэн билээ.
Магад үүнийг уншаад танд энгийн зүйлийг эмзгээр хүлээн авсан мэт санагдах байх. Гэхдээ өөрийн нүдээр үзэхээс нааш итгэмээр гүй тийм зүйлсэд би итгэхгүй байж чаддаггүй юм. Үлгэрт итгэж өссөн бага нас минь намайг бүх зүйлд ит гэхийг шаарддаг. Өвөө маань ми ний сонсож өссөн үлгэрүүдийг нү дээр үзсэн бөгөөд тэн хагасыг нь ном болгон хавтасласан нь бий. Дар хан Гэндэнгийн урласан ганц ч хадаасгүй оньсон байшин, 50 км зайд тодхон сонсогддог бүрээн дуу, өв лийн шөнөөр сагсайтлаа ургасан нүц гэн моддын тухай сонсох бүр тээ догдолдогсон. Бас аавын орчуулж өгдөг төвд судрууд, хутагт ху вилгаадын гоц амьдралын түүх. Өдий хүртэл итгэж биширч явсан бүхэн минь жинхэнэ гайхам шиг. Жин хэнэ гайхамшиг дунд би амьдарч явна. Хамгийн сүүлд Энэтхэгт сурч байгаад ирсэн дүү минь цэ рэгт явахдаа шонгийн модны дайтай ган төмрийг эсгийгээр зүлгэсээр байгаад зүү хийж байсан уйгагүй хүмүүсийн талаар ярьж билээ. Тийм ээ, жин хэнэ гайхамшгийн дунд би аж төрдөг. Энэ итгэл үнэмшил үнэндээ миний зөн юм.
Итгэмээргүй зүйлс амьдралд олон бий. Гэхдээ зөн биднийг дотоод ертөнц рүү минь залсаар байдаг билээ. Үүнийг бас төөрөгдөл болгон хүлээж авах нь ч олон. Үнэн дээ, бид ний дотор юу нуугдан байна, бид тийм зүйлсийг л зөгнөж, түүн дотроо төөрөлддөг билээ.

Monday, January 28, 2013

Б.Ариунаа: Цаасан хуйлмал гадных биш ээ, манай "Хөрстийн хуймаг"


Tuesday, January 8, 2013

ПОПЫН ЦЭЛ ЗАЛУУХАН “ЭМ БАР” ЛАНА ДЕЛ РЕЙ



 Далайн түлхэлт мэт хүчирхэг хоолойтой Лана Дел Рей. Түүний дуу нууцлаг, гүн гүнзгий рүү хөтлөх ховс мэт. Зузаан уруул, хар будгаар хүрээлсэн нүд, тавиад оны гламур стилийг санагдуулам өнгө төрх түүнд ямар сайхан зохидог гээч. Бас түүний биеэ авч явах байдал нь эрх танхи хэрнээ биеэ даасан ихэмсэг шинжтэй. Ингээд ярих юм бол Ланаг бүрэн төгс илэрхийлэхийн тулд олон зүйл нурших болох нь.
Түүний “Born to die” дуу “Billboard”- ийг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж, “Vogue” сэтгүүлд түүнийг попын цэл залуухан "эм бар" хэмээн бичиж байсан нь саяхан. Түүгээр ч үл барам 2012 оны хамгийн их google-дүүлсэн эмэгтэйгээр Лана тодроход хүмүүс түүнийг өмнөхөөсөө ч илүү анзаарч эхэлсэн юм. 

Monday, January 7, 2013

АЛЕК БОЛДУИН: ЧИХЭРНЭЭС “САЛААД” ЖИЛИЙН ДОТОР 35 КГ ЖИН ХАЯСАН


                            Ярилцлагад маань тавтай морил, үзэгчид ээ. Миний өнөөдрийн зочин илэн далангүй, хөгжилтэй, либерал үзэлтэн, Бүгд найрамдах Алек Болдуин. Бид бие биенээ эртнээс мэдэх ч ярилцлагын танхимд уулзаж байсан удаагүй билээ. Түүнийг бид 2006 онд гарч байсан “30 рок” шоуны Жак Донагийн дүрээр илүү сайн мэдэх юм.















Saturday, January 5, 2013

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ


Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шимтэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, орчуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг орчуулгадаа шингээдэг гэмээр санагддаг. Цаанаа л нэг амьтай бичлэгүүдийг нь унших тоолондоо түүнийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэгтэй гэж төсөөлдөг байлаа. Харин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үлдэх л гэж нийгмийн амьдралыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өндгөндөө өтөлсөн ангаахай гэж тодорхойлсон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямартаа ч би түүнийг уншигчийн хувиар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж боломгүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.

Monday, December 24, 2012

Майк Тайсон: Манайх 100 гаруй тагтаатай

 Төмөр хочит Майк Тайсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга. Маш олон тэмцээнд агуу ялалт байгуулж байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.  

Monday, December 17, 2012

“ЦАХИЛГААН” БОЛТ: ЗАРИМДАА ДҮРЭМ ЗӨРЧМӨӨР САНАГДДАГ

Ямайкийн ойрын зайн гүйгч, олимпийн гурван алтан медальтай тамирчин Усайн Сент Лео Болт аль хэдийнэ дэлхийг алмайруулсан жинхэнэ алдартан болжээ. Тэр бол нэг олимпод дэлхийн гурван дээд амжилт тогтоосон анхны хүн. Бас 100, 200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа цор ганц тамирчин. У.Болт одоо зөвхөн өөрийнхөө амжилтыг эвдэх л гэж гүйдэг гээд хэлчихэж болно. Пирс Морганы энэ удаагийн зочин “Цахилгаан” Болт юм. 








 

Sunday, December 16, 2012

Амьдрал цэгээс хязгааргүй алсрах гурван зураас

Манай сонин “Ринг” хэмээх сонирхолтой булантай байв. Өөр өөр байр суурьтай зочид үзэл бодлоор тулалдах ярилцлагын ринг бидэнд аливаа зүйлийг эргэцүүлэхэд дөхөм болдог байв. Тиймээс одоо “Ринг” булангаа сэргээн, мэргэн уншигч танд хүргэж байна. Ярилцлагын рингэнд “супернэгдэлчин” Ч.Эрдэнэ, түүхийн ухааны профессор Н.Нагаанбуу, “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа нар хүрэлцэн ирлээ. Тэдний “тулаан” маш хүлээцтэй, тогтуун өрнөснийг дурдалгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр тэдний санаа оноо, сурсан судалсан зүйлс нь өөр өөр ч хүн төрөлхтний нийтлэг асуудал, оюун санааны тухайд нэгэн чигт хандаж байсан юм. Энэ нь хүн бүхэн дотроо сайн сайхны гэрэл цацруулдаг болохын жижигхэн баталгаа билээ. Бидний яриа олон сэдвийг хамарч байгаа тул бараг л асуултгүй хөвөрсөн юм. 


Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа
        Зүүн гар талаас Д.Ухаанзаяа, Ч.Эрдэнэ, Н.Нагаанбуу

Friday, December 14, 2012

Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна


Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна 
Тангадын Мандир гэдэг нэрийг утга зохиолынхон андахгүй. Чухамдаа түүний “Саран зэв”, “Хорин нэгэн зул” гэдэг хоёр ном л түүнийг ийн танигдахад хүргэсэн хэрэг. Тиймдээ ч “Хорин нэгэн зул” ном дахин хэвлэгдсэн баярт мэдээг дуулаад түүнтэй уулзахаар болзсон юм. 22 жилийн өмнө 20 мянган хувь хэвлэгдсэн энэ ном одоо хуучин номын худалдаанд байхгүй. Тухайн үед Монгол хаадын хөргийг цоо шинээр зурсныг нь манай түүхчид олзуурхан хүлээн авч байжээ. Дандаа л хятад, өвөрмонгол уран бүтээлчид манай хаадын хөргийг бүтээдэг байх үед хэн ч харсан Монгол гэж хэлэх домогт баатруудын дүрийг бүтээсэнд нь тэр шүү дээ.

“Хорин нэгэн зул”-ын баатрууд бүгд л уужуухан байсныг бодохоор ингэж дүрсэлсэн Т.Мандир гуай ч гэсэн тийм байх гэж таамаглаж байв. Түүний зохиолын найруулга ямар гайхалтай болохыг мэдрэх тусам зүрхшээх сэтгэл аяндаа төрнө. Гэсэн ч тэр намайг тайвшруулах мэт аядуу зөөлөн ярьж байлаа. Бид түүний найзын эрхлэн гаргадаг “ТB долоо хоног” сэтгүүлийн байранд уулзсан юм.


Monday, December 10, 2012

Рожер Мур:Даниель Крэйг жинхэнэ алуурчин байжээ


 










 Жэймс Бонд цувралын 23 дугаар анги болох “Skyfall” үзэгчдийг шуугиулсан хэвээр байна. Уг кино анх 1962 онд дэлгэцнээ гарч байжээ. Тэгвэл Жэймс Бондын дүрийг долоон удаа бүтээсэн Рожер Мур саяхан “Пирс Морган”-ы ярилцлагын шоунд уригдсан байна.
               Үнэндээ Жэймс Бондын шүтэн бишрэгчид шинэ ангийн үйл явдлыг даган хуйларч, хуучин Бондууд энэ дүрийнхээ сүүдэр болж төгсдөг. Тухайлбал Шон Конори энэ сүүдрээс гарах гэж 10 жилийг зарцуулсан бол Тимоти Далтон, Рожер Мурын карьер кинотойгоо хамт дууссан юм. Гэсэн ч Рожер Мурыг харсан хэн боловч түүнийг Бонд л гэдэг. Тэр одоо 85 настай. 

Saturday, December 8, 2012

Хурд

Үзэсгэлэнтэйг олж үзэж баймааж 
Үргэлж залуугаараа явна. 
Франц Кафка. 

Thursday, November 22, 2012

Т.ТҮВШИНЖАРГАЛ: Тилда маягийн хүүхэлдэйг монголоор урладаг

Таны харж байгаа эдгээр хүүхэлдэйг урласан хүн бол Т.Түвшинжаргал. Яг л өөрийнхөө бүтээл шиг ган­ган, өхөөрдмөөр энэ эмэг­тэй цахим ертөнцөд “Гэгээн саран” урлантай. Эм­зүйч мэргэжилтэй тэрбээр Мэр­гэжлийн хяналтын  байгуул­лагад лабораторийн шинжээч. Хүүхэлдэйн урлалаас тэс өөр ажилтай хэдий ч ирээдүйд “Гэгээн саран” гэдэг урлантай болохыг мөрөөддөг. 

Wednesday, November 21, 2012

ФАНАТУУДЫН БАХАРХАЛ

 Хамгийн үнэнч шүтэн бишрэгчийг фанат гэдэг. Тэгвэл фанат гэдэг үг танд хэнийг санагдуулдаг вэ. Надад лав хамгийн түрүүнд Жимми Жамп, Кенан Кахил хоёр л санагдаад байна. Тэд энэ дэлхийн хамгийн алдартай шүтэн бишрэгчид. Магадгүй тэднийг дурлалдаа үнэнч хүмүүс гээд хэлчихэж болох юм. Шүүмжлэгчид энэ тухайд, “Эхлээд тэднийг хүчтэй дурлал нь галзуу зүйл хийхэд хүргэдэг. Харин дараа нь тэд нэр хүндээ батлахын тулд жинхэнэ фанат гэдгээ хадгалан үлддэг” хэмээн бичдэг юм. Энэ дүгнэлт ортой ч байж мэднэ. Уншигч танд хамгийн алдартай хоёр фанатын тухай сонирхуулья. Дэлхий даяарших тусам фанатуудын эгнээ тэлж буй. Гэхдээ одоохондоо хэн ч тэдэн шиг алдартай болж чадаагүй байна.

Saturday, November 17, 2012

Б.СУВД: БИ БҮХНИЙГ ТӨГС РҮҮ ОЙРТУУЛАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ


 
 
Бүхий л цаг үеийн янз донжийг хувцас загвар бэлхнээ илтгэнэ. Тиймдээ ч аль ч газрын соёл иргэнш лийн түүхийг бүтээж буй хамгийн “тод өнгө”-ийг хувцас загвар гээд хэлчи хэж болох байх. Тэгвэл өнөөдөр бидний хэд нь хувцас загварт гүн гүнзгий дурлаж, хэд нь өнөөгийн Монголын загва рын ертөнцийн ирээдүйг сэтгэж, даавуунд шингэн үлдэх гоц түүхийг өөрийн гараар шаглаж суугаа бол. Энгийн атлаа чухалд тооцогдох энэ л бодол маань намайг “Бямбын ярилцлага”-ын зочин руу хөтөлсөн юм. Тэрбээр “Монгол костюмс”-ын захирал, Үндэстний хувцас суд лалын академийн тэргүүн доктор, профессор, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Сувд юм. Түүнийг би энэ цаг үеийн уран үйлчдийн нэг гэдгийг бахархалтайгаар хэлж чадах байна. Номын дэлгүүрт саатахдаа мон гол, англи хэл дээрх “Mongol costumes” номыг сөхөж үзсэн хүн бүхэн надтай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Saturday, November 10, 2012

Нислэг

Цагаан, цагаан. Бас дахиад л цагаан. Нэлийсэн их гуниг. Өвөл. Цан савссан гудамжууд, цасыг ханз татан хаясан гутлын мөрүүд. Өвөл. Хамгийн гунигтай дууг өвөл дуулж, хамгийн халуун амьсгалыг өвөл л би мэдэрдэгсэн. Бодолд минь л эгшиглэх ганцхан аялгууг бодит болгож чадаагүй хүн төрөлхтөн миний тэсвэрлэдэгг үй тэсгим хүйтнээр даарахыг мэдэлг үй алхахыг өдөр бүхэн харах минь хачин аймаар мэдрэмж юм. Сүүдэр мэт гэтэн яваа энэ мэдрэмждээ дург үйлхэн гэртээ бүгэх минь олширсоор л... Бишрэн шүтэх донг минь даанч ихээр сэдрээдэг энэ улирал намайг өөр өөс минь хөндийрүүлэх хүчирхийлэгч юм. Бас бодит үнэнийг дэлгэн үзүүлэх тайз. Энэ тайзнаас би өөрийг өө үзээд, бусдыг үнэлмээр болдог.
 

Thursday, November 8, 2012

Монгол хэвлэлд ярилцлага өгнө гэж төсөөлж ч байсангүй

Канад улсад “Монгол” нэртэй хамтлаг бий. Нэрийг нь сонссон монголчууд тэднийг  сонирхохгүй өнгөрөөнө гэж үгүй. Би ч гэсэн энэ жишгээр л тэдний уран бүтээлтэй танилцсан юм. Фолк рок урсгалаар уран бүтээл туурвидаг энэ хамтлагийн дуу монголын аялгууг санагдуулахгүй. Гэхдээ цэвэр гаднын аялгуу биш. Дууг нь сонсох тусам хэчнээн хүчирхэг болохыг нь улам улмаар мэдэрнэ. Ерөөс л дууг сонсож байж л та миний хэлэх гэснийг ойлгох байх. Учир нь бидний мэдэх фолк рок хамтлаг “Алтан ураг”, “Хөсөгтөн” хамтлагийн дуунуудтай яалт ч үгүй холбоотой. Харин “Монгол” хамтлагийн зарим дуунд манай үндэсний аялгууг хэт европжуулжээ. Зарим дуу нь фолк мелодит төрлийг агуулсан байхад зарим нь тал газарт нүргэлэх хүчит хэмнэл шиг аж.





Thursday, November 1, 2012

УЛСЫН АСРАМЖИЙН ГАЗАР ДАХЬ ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТ




УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Ахмад настан хариуцсан мэргэжилтэн М.Балжмаа, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Мөнхбат нар сэтгүүлчдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газарт зочиллоо.
Уг нь хэл чимээгүй очиж, тус асрамжийн газрын бодит байдалтай танилцахаар зэхсэн юм. Гэсэн ч Асрамжийн газрын удирдлагууд аль хэдийнэ мэдээ авчихаад, бэлдэцгээж байгаа сураг дуулдсан. Тэнд очиход үнэхээр бэлтгэл сайтай байлаа. Эмч нь цоо шинэ цагаан кет өмссөнөөс эхлээд гадаах гутал арчих төмрийн будаг нь ч хатаагүй байлаа. Өнгөрсөн жил хэсэг хамтарч бүх цонхыг нь вакуум болгосон, халаалт сайтай тул маш дулаахан байсан.
Ер нь ажиглах юм бол бүгд л дэг журам, дэс дараатай. өндөр настан Өвөө, эмээ нар байдгаараа инээгээд л, явсан газар бүрт асрагчид дагаад л. Өлөн хиртэй хувцас өмссөн настан тоотой хэд байх бөгөөд эмч, нарынхаа царайг хармагцаа л байдгаараа инээгээд байх аж. Тэр олон бүгд л, “өө сайхан байна”, “даргыг маань бид нартай үлдээж өгөөч” гэсэн жижүүрийн хоёр үгтэй угтана. Удахгүй захирал Цэндсүрэн нь тэтгэвэрт гарах гэж байгаа юм билээ л дээ.

Saturday, October 27, 2012

Д.ГАН-ОЧИР: БИД ЧИНЬ МӨНХИЙН ГЭРИЙН ДААЛГАВАРТАЙ ХҮМҮҮС

Хааяа би цонх налж суугаад 
“Бүтэн сарны дор чамтайгаа 
Бүрэн сарны дор зүүдтэйгээ”... гээд л дуулдаг юм. Энэ дууных нь төлөө “Камертон” хамтлагт талархдаг хэдий ч үгийг нь бичсэн Д.ГанОчир ахыг огт дурсаж байгаагүй билээ. Харин саяхан түүний цуглуулга бүхий “Есенин Монголд” нэртэй ном хэвлэгдэхэд бид уулзсан юм. Уулзмагцаа уран бүтээлээсээ бэлэглэж, чихрээр дайлж суусан энэ ах дуу хуураар хөглөгдөж, тэр л хөгөнд жаргаж амьдардаг нэгэн аж. Түүний хөгжимд дурласан сэтгэлийг хэмжинэ гэвэл үе үеийн хит дуунуудыг нь санах хэрэгтэй байх. Бидний одоо хэр нь дуулсаар байгаа “Цамцаа тайл”, “Харууслын аяз”, “Зүүдэнд ирэх жаргал”, “Дурлалд би яараагүй”, “Би гэртээ”, “Чи надаас холдоо юу” гээд л олон сайхан дуунаас гадна “Гоо амраг”, “Манан”, “Нууц товчоо мину” зэрэг одоогийн хитүүд ч түүний сэтгэл нэвт үнэртэх бүтээл нь юм.

Monday, October 22, 2012

МИНИЙ АЖИЛ-ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАХ“тийз”

 Солонгос гэрийн эзэгтэй нарын дунд саван, шампуниас өгсүүлээд гоо сайхны бүхий л бүтээгдэхүүнээ өөрсдөө “найруулах” моод дэлгэрч бай­гаа. Ярилцлагын маань эзэн эмэгтэй ч бас ийм хообийтой. Уг нь энэ тухай л сонсох гэж би түүнтэй уулзсан юм. Нэлээд удаан ярилцсаны дараа түүнийг хүн судлал-антрополо­гийн салбарын хүн болохыг  нь мэд­сэн юм. Тэрбээр ясны генетик суд­лалаар Монголдоо анхдагч хэмээн бичигдэх “эрх”-тэй нэгэн аж. Учир нь манай хүн судлалын салбарт “яс судлаач” нэгээхэн ч үгүй билээ. Тиймээс миний танд танил­цуу­лах гэж буй хүн “Монголын гэгээ” байх учир¬тай. Түүнийг Гаваачимэдийн Лхагвасүрэн гэдэг.
    Бидний яриа өөр хоорондоо адилгүй хоёр сэдэвт хуваагдах тул мэр­гэн уншигч Та бүү төөрөлдөөрэй.

Saturday, October 20, 2012

Б.АМАРСАЙХАН: 20 ЖИЛИЙН ӨМНӨХ МӨРӨӨДӨЛ ДОТОР МИНЬ ЧИ СУУЖ БАЙНА

 

Нүүр ам судлал, тэр дундаа шүд ний салбарт хүч сорьсон мянган хүнээс хэд нь “шүд”-ээр овоглож яваа бол. Бас манай шүдний эмч нараас хэн нь Азид таниг даж, дэлхийн дайнд мөрөөдөж байгаа вэ гэдгийг та бодож байв уу. Бямбын ярилцлагын маань эзэн намайг ийм бодолд хөтөлсөн юм. Түүнийг Б.Амарсайхан гэдэг. ЭМЯ-ны нүүр амны ерөнхий мэргэжилтэн, Нүүр ам судлалын сургуулийн захирал гэхээс илүүтэй Азийн нүүр амны урьдчилан сэргийлэх академийн ерөнхийлөгч хэмээх алба нь сонирхлыг минь эрхгүй татлаа. Тэрбээр Монголдоо хамгийн томд тооцогдох Нүүр ам судлалын эмнэлэг-сургуулийг байгуулсан юм. Энэ эмнэлгийн дөрвөн давхар улбар байшин шүдэнд зориулсан бүхий л тоног төхөөрөмжөөр өвч “хуяглажээ”. Бид түүний музей мэт өрөөнд уулзлаа. Энд тэндгүй өргөмжлөл, диплом өрсөн ажлын өрөөнд нь.

Saturday, October 13, 2012

Төсөөллөөс алсарсан ӨНГӨТ АМТ

  
Бямбын ярилцлагын маань зочин О.Мөнхбаяр хэмээх бартэндэр залуу. Түүний бэлтгэсэн коктэйлийг амталж үзээд төрсөн сэтгэгдэл маань энэхүү гарчиг юм. Гааны ногоон өнгөтэйгээ харьцуулахад дэндүү халуун, солонгон өнгөтэйгээ зүйрлэмгүй исгэлэн амт түүнийг илэрхийлж үл чадна. Уг нь түүнтэй уулзахаасаа өмнө би маш олон төрлийн коктейльний амтыг мэддэг байлаа. Өнгийг нь ч мөн адил. Харин дараа нь амт бүрийг хүн хүний гарын амтаар “хувиргаж” болохыг анзаарсан юм.
Өөрийгөө дуу цөөтэй гэж тодорхойлсон тэрбээр үнэндээ их яриа хүн байлаа. Магад тэр энэ ажлынхаа нөлөөгөөр бусадтай харилцах урлагт ийнхүү суралцсанаа өөрөө ч анзаараагүй байж мэднэ. Бидний яриа цэнгээний газрын намуухан хөгжимтэй хамт үргэлжиллээ.
 

Wednesday, October 3, 2012

Ц.Зэсэнхүү: Хүсэл, шунал, дурлал гэрлэх шалтгаан биш


Хонконгийн тэргүүн баяны нэг болох Сесиль Чао өөрийн үзэсгэлэнт охинтой гэрлэх “танихгүй” эрд 65 сая доллар өгөхөө амлажээ. Орон орны ганц бие эрчүүдийг догдлуулсан энэ этгээд зар Хонконгийг зорих эрэгтэй жуулчдын тоог гэрлийн хурдаар өсөж байгаа. 
75 настай Сесиль Чао охиноо нөхөрт гаргахыг хүсэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн ч охин нь одоогоор хэний ч гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгөөгүй байгаа гэнэ. Энэ тухай уншаад гэрлэлт болоод хосуудын харилцааны талаар сэтгэлзүйчтэй ярилцахаар боллоо.
“Хайр ба би” номоо 3000 хувь борлуулж орчуулгын бус сэтгэлзүйн бүтээлийн орон зайг бий болгосон Ц.Зэсэнхүү хэмээх энэ сэтгэлзүйч “Амьдралынхаа туршид сэтгэлзүйч болоход бэлтгэгдсэн гэдгээ сүүлд мэдсэн” гэж ярих бөгөөд сүүлийн 10 жилийг сэтгэл судлалын чиглэлээр сурахад зарцуулжээ. Бидний яриа түүний судалгаан дээр түшиглэсэн билээ.

Tuesday, September 18, 2012

“Монгол хаадын мөр үлдсэн газар бүрт очно”


Хэдэн жилийн өмнө юм дээ, “Тархан суурьсшсан монголчууд”  хэмээх нэвтрүүлгийг үзээд, нэг их догдолж билээ. Тухайн үед 800 жилийн тэртээх он тоололд элэг нэгтнүүдээсээ тасарч, хилийн чинадад зутруухан аж төрж буй ядруухан монголчуудынхаа тухай телевизийн дэлгэцээр үзэж суухдаа нулимс унагасан над шиг хүн олон байх. Учир нь өвөг дээдэс маань 800 жилийн тэртээ 40 гаруй улсыг (багаар бодоход 40 сая гаруй хавтгай дөрвөлжин газарj ) захирч, нийгэм соёлын эргэлт шинэчлэлүүдийг хийж байжээ. Гэсэн ч тэднээс үлдсэн үр ач, хүүхдүүд нь өдгөө бууриа сэлгэлгүй цус нэгтнүүдээ дурссаар л суудаг аж. Тархан суурьшсан монголчууд хэмээн нэрлэгдэх эдгээр хүмүүс цагаан сараараа бидний л тухай ярьж, “Тэнгэрийн монголчууд” (тэд биднийг тэнгэрийн монголчууд гэдэг) өдий хэр нь морио унаж, байлдан дагууллаа үргэлжлүүлсээр яваа хэмээн төсөөлдөг юм билээ.

Saturday, September 1, 2012

Уучлал


Уучлал. Зөвхөн энэ үг биднийг сэтгэлд хургах үл мэдэгхэн шаналлаас аврах шидтэй. Хэн нэгнээс уучлал гуйж зүрхлээгүй бол “Thousand words” буюу “1000 үг” киног заавал үзэх ёстой киноныхоо тоонд нэмээрэй. Бидний амьд рал 1000 үгээр хэмжигдэх цагт хэн нэгнийг уучилж байгаагаа илэрхий лэх хэдхэн үг л хамгийн үнэтэй гэдгийг ойлгож байгаа залуугийн тухай энэ кинонд өгүүлнэ. Намайг өөрт минь илчилсэн гол дүрийн залуу үгээ “хэмнэж”, яриагаа цэнэхдээ уучлалын тухай санаа ч үгүй байлаа. Тэр хэн нэгнийг уучилж чадаагүй болохоороо л сэтгэлдээ бөөн уйтгар “үрслүүлчихээд”, түүнийгээ цаг ямагт “тордож” байжээ. Хэдий оройтсон ч уучлал гэдэг бүхнийг шинээр эхлүүлэх хүчтэй аж.

Sunday, August 5, 2012

Чамайгаа санаж байна, найз минь





 Тэр нэгэн хүнийг маш их санаж байна. Яагаад холдсоноо мэдэхгүй ч гэлээ хамтдаа байсан үеийг нэхэн санахад цээжинд минь хургасан хөндүүр тодорно. Ойр дотны хэн нэгний хар хөдөлмөөр ийм үгс найзыгаа санаж буй сэтгэлийн минь илэрхийлэл юм. Амьдралын нарийхан утсан дээр тэнцвэрээ олж ядан яваа бид бүхэн үнэт зүйлсээ үл тоон орхих нь бий. Би ч бас энэ л жимээр алхахдаа анд нөхдөөсөө холдож байгаагаа нэг их юманд бодож байсангүй. Найз л юм бол хүрээд ирнэ гэсэн итгэл, амьдралаа цэгцэлчихээд нэг мөсөн уучлалт гуйна гэдэг гэнэн бодол л биднийг хайртай хүмүүсээс минь хөндийрүүлсээр байдаг бололтой. Уулзаагүй удлаа гэдэг үг хэдхэн жилийн түүхтэй андын холбоог минь улам ч жижигрүүлнэ. Бусдынх шиг хар багын найз гэж гайхуулан хэлэх зүйлгүй ч гэлээ түүнийгээ би дандаа л сайн найз минь хэмээн санаж явдаг юм. Хэчнээн их үгүйлж байгаагаа өөрөөсөө нуух гээд чадаагүй үнэн минь намайг сүүлийн нэг сарын дотор л бүрэн нэгжиж дууслаа. Тийм ээ, би найзыгаа маш их санаж байна.

Х.Болорбат: Надад өдөөгч хэрэгтэй байна


Monday, July 16, 2012

ШАГНАЛ ГЭДЭГ ЧИНЬ МОЛИГО ШҮҮ ДЭЭ

 

 Өнөөдрийн зочин маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Пунцагнамжилын Балдандорж. 85 настай зураачийг Зураг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон. Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад, түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм.
Наснаасаа ч залуу харагддаг, ярьж байгаа нь эмх цэгцтэй энэ хүний бүтээлийг үзвэл урлаг яагаад нийгмийн толь байдгийг харж болно. Учир нь 1990 оны Улаанбаатар яг л тэр цаг үед амьдарч байсан хүмүүсийн сэтгэлд үлдсэн нийслэл хэвээрээ уран зурагт буусан ч шинэ үеийнхний хувьд огт танихгүй жижигхэн суурин шиг харагдана. Энэ бол уран зургаар илэрхийлсэн их түүх юм.

Friday, July 13, 2012

Эмэгтэйчүүд халуун гартай учраас сүши хийдэггүй



 
 Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн үзэмжтэй, амттай нь сүши гэлцдэг. Түүхий загасыг манайхан нэг их ойшоодоггүй боловч нэг л удаа амсаад үзчихвэл дахин идэхийг хүсдэг тийм этгээд, дулаан амт түүнд бий. Тэгвэл энэ амтыг монголчуудад мэдрүүлдэг нэгэн тогоочтой уулзлаа.Энэ бол хэд хэдэн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн зочин Ц.Мэнджаргал. “Цуяа” рестораны тогооч тэрбээр япон үндэсний хоолыг Америкт хийж сурсан гэдэг. Ингэхдээ арваад жилийг зарцуулжээ. Бидний ярилцлага хөгжилтэй эхэллээ.

Saturday, June 30, 2012

Б.Мөнгөн-Өлзий: Урлагийнхан тэтгэвэрт гараад өвөрмонголд багшилдаг болж

Хээ угалз бүхий цагаан торгон дээлэн дээрээ урт хар үсээ задгайлсан энэ хүн өнөөдрийн маань зочин. Нүднээ үл үзэгдэх хөгжим хэмээх гайхамшгийг өөрийн үзэмжээр бүтээдэг энэ хүний гарт байгаа нарийхан саваа шидэт дохиур мэт санагдах үе олон. Ийм л торгон мэдрэмжийг хүмүүст өгч чаддаг энэ хүн бол Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын удирдаач, хөгжмийн зохиолч Б.Мөнгөн-Өлзий. 
 

Saturday, June 16, 2012

хог биш, бидний сэтгэлгээ бохир



Хог хаясан хүнийг “Та юмаа унагаачихлаа” гэдэг үгээр ичээж байя гэж цахим ертөнцийнхөн “тохиролцсон” билээ. Энэ сайхан уриалгыг дэмжиж, хог хаяж буй хүмүүст дамжуулахад муухай харах хүн олон байлаа. Бас “Уучлаарай” гэж хэлээд хогоо авч явах хүн ч олон таарсан шүү. Харин нэг удаа халааснаасаа цаас цувуулан хаяж байгаа хүнд энэ үгээ хэлээд, төсөөлмөөргүй хариу сонсдог юм байна. “Чамд хэрэгтэй бол түүгээд ав л даа” гэж хэлсэн тэр хүнийг хараад үнэхээр цочирдох шиг боллоо.
Тэгээд л хог хаягдал ил задгай бөөгнөрч байгаа нь хогийн сав байхгүйгийнх биш, сэтгэлгээний дутагдал болохыг бага зэрэг гадарласан юм. Манай нийслэлд хогийн сав нэг их байдаггүй нь үнэн. Энэ үнэнийг батлахын тулд зургаадугаар сарын нэгнийг онцолж болно. Өмнөх жилүүдийн энэ өдөр Сүхбаатарын талбай хогондоо дарагдан өнжиж байгааг бүгд л харсан. Гэсэн ч энэ жил ахиухан хогийн сав байрлуулчихаагүй нь яах аргагүй Нийслэлийн хот тохижуулах газрын буруу. Иймэрхүү алдааг манайхан өлгөж авахдаа гаргууд тул өөрсдийн хаясан хогийг хүнийх юм шиг л ярьдаг билээ. Тэгэхээр байнга л хогийн савгүйгээр шалтаглан гудамжинд хог тарьж байгаа иргэд бид хогоо “халааслахад” суралцах хэрэгтэй юм шиг ээ.
Хотын соёлт иргэн гэж боддог, ярьдаг хэрнээ самрын ясыг нирхийтэл асгаж, машиныхаа цонхоор цаас чулуудсан хэвээр байвал юу ч өөрчлөгдөхгүй. Адаглаад л орон нутгаас шилжин ирж буй оюутнуудад энэ зан халдах байлгүй. Гаднын зарим оронд аялж явахад уугаад дууссан ундааны лааз, бананы хальсаа ч хаяж зүрхлэлгүй бариад алхах үе бидэнд бий. Газарт нэг ч цаасны тасархай үзэгдэхгүй болоод л тэр. Харин манайд бол гаднынхан байнга л хог хаяж харагдах нь тоогүй. Гэсэн ч энэ бүхэн бидний л тэдэнд үзүүлсэн үлгэр дуурайл юм хойно, хэлээ хазаад л өнгөрөхөөс яалтай. 
Нийслэлийн иргэд бид л хотдоо өөриймсөг хандах нь чухал. Ийм хандлага л биднийг хоггүй гудамжинд хүргэнэ.

Friday, June 15, 2012

Нулимсны давсыг хүнсэнд хэрэглэдэг болжээ


Лондоны нэгэн дэлгүүр хүний нулимснаас давс гарган авч, худалдах болжээ. Лавандагийн зөөлөн үнэртэй энэхүү этгээд бүтээгдэхүүн таван төрлийн найрлагатай. Эдгээр нь баяр хөөр, уур хилэн, гомдол харуусал, найтаалгах болон сонгины үйрмэгийн нөлөөгөөр унагасан нулимс гэдгээрээ ялгаатай.