Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, May 25, 2010

Э.Балжинням: Сүхбаатарын талбайд ч хөлбөмбөгийн дэлгэц байрлуулахыг үгүй гэхгүй

Бэлтгэлийн хувцас өмссөн нуруулаг хүнийг хараад шууд л хөлбөмбөг тайлбарлагч Балжинням мөн болохыг танив. ТВ9 сувгаар шөнөжин хөлбөмбөг “ярьж” суудаг энэ хүн арваадхан хоногийн дараа болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг С1 телевизээр шууд тайлбарлан, дамжуулах юм. Түүнтэй хөлбөмбөгийн талаар хөөрөлдлөө...


-Би эмэгтэй хүн болоод ч тэр үү, хөл бөмбөгт нэг их дурлаад байдаггүй. Гэхдээ та намайг дэлгэцийн урд нэлээд удаан уяж чадсан шүү.
-Охид бүсгүйчүүд хөлбөмбөг сонирхох нь ховор. Гэхдээ би манай ээж шиг байгаачээ л гэж хэлмээр байна.

-Ээж чинь хөлбөмбөгт дуртай гэж үү?
-Ээж л намайг хөлбөмбөгтэй “уулзуулсан” юм шүү дээ. Ээж маань эмч хүн. Соц нийгмийн үед албан хүчээр гадаад хэвлэл захиал гэж тулгадаг байсан үе. Тэгээд яахав, захиална. Тэгээд яах юм бэ, уншаад ойлгохгүй болохоор надад “Союузкий спорт”, “Футбол” гэдэг хоёр сонин авчирч өгдөг байсан юм. Миний хүү ядаж зургийг нь үзээд сууж бай гээд л... Эхэндээ би зургийг нь үздэг байсан бол дараа нь нэрийг нь уншиж сурсан. Ингээд тамирчдыг хараад таньдаг боллоо. Сүүлд нь орчуулж чаддаг болсон. Орос сонин захиалсны хүчинд л би Орос хэлний багш болж, энэ чиглэлээрээ ажиллаад арваад жил хоолоо олж идсэн дээ. Ээжийнхээ захиалж өгсөн сонин намайг амьдарлтай минь учруулж, хөлбөмбөгт дурлуулсан гэж хэлэх гэсэн юм.

-Тэгвэл эхнэр чинь?
-Хүссэн хүсээгүй би энд чанга яриад, тайлбарлаад байхад чихэнд нь хоногшино ш дээ. Би оройн хоолоо идэж байхда хүртэл аман дотроо “Ай, энэ Милито гэж хөлбөмбөгч агуу юм аа” гэж үглээд л суудаг. Заримлаа гэрлэн дохион дээр зогсож байхдаа гэнэт хөлбөмбөгчний нэр хэлнэ. “Кака гэж, ёстой сайхан амьтан даа” гээд л... Тэгэхээр мэдээж хоногшихоор байгаа биз дээ. Манай хоёр охин, ээж миний улаан фенүүд байна. Эд нар маань хэзээ ч хөлбөмбөг гарч байсан суваг солихгүй. Дууг нь намсага гэхгүй. Намайг хүлээн зөвшөөрсөн хүмүүс байгаа юм. Тэр бүү хэл миний хөлбөмбөгийн ном газар хэвтэж байхад дээгүүр нь алхах хүн байхгүй, хөлбөмбөг гарч байхад суваг солих зоригтой хүн байхгүй.

-Хөөх, та гэрийнхнийгээ тэгтэл нь айлгаа юу?

-Би ямар ч дүрэм зохиогоогүй. Боль гэж нэг удаа ч дуугарч яваагүй. Ердөө л намайг хүндэтгэж байгаа нь тэр юм даа.

-Эрчүүд хөлбөмбөг үзэж байхад эмэгтэй хүн нэг л удаа урдуур нь явдаг гэж сонссон. Гэхдээ нүцгэн...
-Би үүнтэй санал нийлдэг. Намайг хөлбөмбөг үзээд сууж байхад хэн ч урдуур минь явдаггүй юм. Хөлбөмбөг гэдэг чинь агуу сдорт. Тэрнээс биш хийх юмаа олж ядсан залуус бөмбөг хөөгөөд гүйгээд байдаг юм биш. Энд урлаг, бизнес, эрүүл мэнд гээд бүх салбар давхар яригдаж байдаг. Хөгжөөн дэмжигч, хэдэн саяар тоологдох фэнүүд өөрийнх нь дэмжжсэн баг хожсоны төлөө аз жаргалтайгаар ажлаа хийдэг.

-Бизнесийн хувьд ярьвал хөлбөмбөгийн талбайд хэдий хэмжээний мөнгө эргэлддэг бол...
-Уржигдар оройны тоглолтын тухай ярихад л Италийн Интер баг өрсөлдөгчөө хожход багийн эзэн нь тоглогч бүрт 600.000 еврог өгсөн байгаа юм. Гэхдээ ивээн тэтгэгч, тоглолтын ашиг энэ тэрээс гадна, хувийнхаа зүгээс өгч байгаа гэсэн. Энэ мөнгөөр монголд нэг айл хэчнээн жил амар тайван амьрах вэ, бод доо. Аймар их мөнгө байгаа биз дээ. Ганцхан тоглолтоор л энэ их мөнгө тэднийх болно. Үүнээс гадна дэлхийн хэмжээнд хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө эргэлдэж байгаа. Сонирхуулахад Интер багийн эзэн нь Италийн невтийн магнат байгаа юм. Манайхаар бол толгой баян, олигарх гэж хэлж болно. Түүний аав 1965 онд энэ багийг ивээн тэтгэж, тэмцээнд хожил байгуулж байсан гэдэг.

Тайлбарлагч Балжинням эртний түүх ярьдаг учраас л намайг дэлгэцийн урд уячихдаг гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Хөлбөмбөг  сонирхдоггүй надад спортын түүх сонин байдаг бол бизнесийн салбарынхан хөлбөмбөгийн талбайд эргэлдэж байдаг мөнгөний хэмжээ сонирхолтой санагддаг аж. Үнэхээр л Балжинням ахын хэлснээр бөлбөмбөг олон зүйлийг “өгүүлдэг” ажээ. Сонирхуулахад дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн С1 телевизийн дэлгэцээр 19.30, 22.00, 02.30 цагуудад гарах гэнэ.

-Та дандаа өөрийнхөө дэмждэг багийг яриад байдаг. Үүнд дургүйцэх хүмүүс байгаа шүү дээ.
-Тийм ээ, үнэн. Би хүнд илт мэдэгдэхээр магтаж тайлбарладаг. Үндэсний бөхийн тайлбарлагч цолоо яаж дууддаг билээ, яг түүн шиг омогшоод байдаг юм. Үүнээсээ өөрөө ч таашаал авна.

-Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барихыг хориглодог биз дээ. Тайлбарлагчид ч гэсэн тиймэрхүү заалт байдаг юм биш үү?
-Хориглоно ш дээ. Тэгээд загнаж л байдаг юм. Тэгээд яах юм. Намайг халчихаад, хэнийг суулгах гээд байгаа юм. Одоо байгаа нь л Балжинням юм чинь яах юм бэ. Сүүлийн үеийн залуус их аятайхан тайлбарладаг болоод байгаа. Жаахан бодолтой байх хэрэгтэй гэж бодох боллоо. Тэр яахав болно. Болгоно. Гэхдээ Оросууд тоглож байвал би шууд л оросуудынхаа талд орно. Тэрийгээ би нуухгүй. Оросын хүчинд би өдий зэрэгтэй яваа хүн. Гэлээ гээд би эсрэг талын багийг муулахгүй. Тайлбарлагч нэг талыг барьж тайлбарлаж болохгүй гэдгийг сайн мэдээд байгаа юм.

-Та ямар онгироо юм бэ...-Ах нь өнөөдөр онгирмооргүй байна. Дэлхийн аварга эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Гэтэл Орос ороогүй байна. Ямар азтай улсуудын баг нь дандаа ялж байдаг юм бэ, би атаархаад байна. Гэтэл яахаараа манай оросууд дандаа хожигдож, би сэтгэл санаагаар унаж, гундуу явах ёстой юм бэ. Нодлин намар орсууд Славян ялсад хожигдоход, машин мөргөсөн ш дээ. Орой нь нэвтрүүгээ тайлбарлаж зүв зүгээр харьчихаад, маргааш өглөө нь машин мөргөчихсөн. Гэгээн цагаан өдөр, хэний ч мэдрэлгүй, хагас ухаантай явж байгаа юм. Гэдээ гээд намайг хэн ч ойлгохгүй. Хөлбөмбөгөөс болоод машин мөргөжээ, гэвэл хүн үнэмшихгүй. 

-Хөлбөмбөг эхлэх үеэр шар айрагны асарт орж бөөнөөрөө хөлбөмбөг үздэг болж. Монголчууд үнэхээр л хөлбөмбөгт ийм айхтар дуртай болчихов уу, эсвэл шар айраг уух шалтаг нэмэгдсэнд баярлаад тэр үү, бүү мэд.-Манай залуус доргиж үзэх шатандаа байна л даа. Найз нөхөдтэйгөө цэнгэн хөгжилдөх гэж байгаа хүмүүс бөөнөөрөө цугларч, ууж иднэ. Харин эс рэгээрээ хожигдчихоод хүнд амаа асуулгаж суухын оронд гэртээ үзээд, дотроо баярлаад байж байх нь илүү гэж бодох ч хүн бий. Тэгэхээр монголчууд хөлбөмбөгт дурласан гэж хэлэх хэрэгтэй байх. Дөрвөн жилийн өмнө би дэлхийн аваргын тэмцээнийг бүтэн сар тайлбарлачихаад, “хүн үзсэн болов уу даа” гэж бодож явсан. Одоогийн дэлхийн аваргыг айл болгон үзнэ. Хүн бүр үзнэ. Тан шиг дургүйцэх эмэгтэй цөөрсөн. Учир нь тэд энэ гайхамшигтай спортыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

-Монголд хөлбөмбөгийн фэнүүд хурдацтай нэмэгдэж байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Найман жилийн дараа бүр айхтар болно. Кино театруудад хөлбөмбөг үзүүлж, асар бүр дэлгэцээр хөлбөмбөг үзүүлнэ. Тэр ч бүү хэл Сүхбаатарын талбайд ч гэсэн хөлбөмбөгийн дэлгэц байрлуулахыг үгүй гэхгүй. 1992 онд сонгууль ямар байлаа. Одоо ямар байна. Хөлбөмбөг үүнээс ч хурдацтай хөгжинө. Иргэд нам, нэр дэвшигчийг мэдэж байдаг биз дээ. Яг түүн шиг хөлбөмбөгчдийг мэддэг болно. Аягүй бол чи хүртэл бүгдийг нь мэддэг болчихсон явна даа.

-Та чинь арай үзэж хардаг юм биш биз дээ?

-Үзэж, харах үе бий ш дээ. Заримдаа совин татаад хэлмээр санагддаг шүү. Уржнангийн аваргуудын лиг дээр яг үнэн хэлсэн. Тухайн үеийн дүрс бичлэг манай гэрт түүх болон үлдсэн байгаа. Лам хуврагыг шүтдэгүй, Лимбэрт, Кристиан Роналдог шүтдэг. Гэсэн хэдий ч үе үе совин татаад, зөгнөх тохиолдол бий шүү.

-Дэлхийн аваргын тэмцээн дөхөөд ирлээ. Янз бүрийн совин татаж байна уу?

-С1 телевизээр гарах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тайлбарлах гэж байна. С1 телевиз дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах хэмцээнийг шууд дамжуулах албан ёсны эрхийг хоёрдахь удаагаа авч байна. Би дөрвөн жилийн турш аврагуудын лиг тайлбарлалаа. Хөбөмбөгийг дэмждэг энэ телевизэд би талархалтай ханддаг. Одоо хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.

-Таны тухай хошин яриа их сонсогдох юм. “За, Кристиан Роналдо гүйж байна. Энэ хооронд утас дуугарлаа. Эхнэр залгаж байна. Яах гэсэн юм бол доо. Би ярьчихаад ирье” гээд л нэг өнгөөр ярьж байна лээ гээд л...

- Нэг нэвтрүүлэгт орох гэж байхад утас дуугарсан юм. Хэн юм гээд асуухаар нь “авгай, авгай” гэж хариулсан. Тэр нь телевизээр гарсан юм шиг багйаа юм. Тэрнээс биш тайлбарлах зуураа ярина гэж юу байхав. (инээв)

-Надад их үнэмшилтэй л санагдаад байдаг юм. Та ер нь нэг тиймэрхүү хүн ш дээ.

-Хошин шогийхон намайг шоглоод байдаг юм уу, эсвэл би үнэхээр тэгж ярьдлаг юм уу би сайн мэддэггүй юм.

-Тэгвэл та өөхийнхөө тухай онигоо сонсож байв уу?
-Зөндөө л сонсогддог юм.

-Ганц хоёрыг сонирхуулах уу?
-2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Франц Солонгос хоёр тоглосон юм. Гэтэл Францийн Малуда гэдэг хөлбөмбөгчинийг би дэмжээд, уухай хашхирч суулаа. “Сонлонгосчууд бөмбөгөө алдлаа, өө Малуда” гээд л тайлбарлаж байсан юм. Маргааш нь Хөбөмбөг сонирхдоггүй гурван найз намайг шүүмжилж байна. “Чи өчигдөржингөө солонгосчуудыг малуудаа, малуудаа гэлээ. Хүн амьтныг малнуудаа гээд загнаад байх юм. Арай бүдүүлэг байна” гэж байгаа юм. Энэ мэтээр онигоо төрдөг байх аа. Малуда гэдэг тамирчин одоо Челсид тоглодог юм шүү.

-Би нэг онигоо сонсож байсан л даа. Нэгэн хөлбөмбөгийн шүтэн жишрэгч бурхантай тааралджээ. Тэгээд бурханаас асууж гэнэ. Орос хэзээ хөлбөмбөгөөрөө дэлхийн аварга болох вэ гээд. Гэтэл бурхан чиний нас бүрэхгүй ээ гэж. Өнөө хүн тэгвэл Монгол хэзээ дэлхийн аварга болох вэ гэсэн байна. Бурхан хуриад нь миний нас хүрэгүй ээ, гэсэн гэдэг...
-Манай Орос бол удахгүй үзэж тарна. Хүн хэзээ ч төрсөн хүүхдээ “Энэ удахгүй нүд анина, энэ бүтэхгүй” гэж хэлдэггүй биз дээ. Би ч гэсэн Оросыгоо удахгүй амжилт гаргана гэж боддог. Би үргэлж хожгиддог багийн фен болж явахгүй. Нэг л өдөр оросууд маань мандана.

-Тэгвэл монгол яах бол?

-Ёстой миний нас хүрэхгүй байх аа. Хөл бөмбөг гэдэг чинь 100 жил хөгждөг байхгүй юу. Монголын хөлбөмбөгийн оныг нь бодоод үзсэн ч гэсэн яагаа ч үгүй байгаа юм. Нялхаараа байна. Дөнгөж цэнгэлдэх хүрээлэн хагас дутуу баригдаж байна. Улаанбаатар хотод хоёр, Эрдэнэтэд нэг хөлбөмбөгийн талбай байгаа. Гэтэл барууны байшин болгоны хажууд ногоон талбай бий. Танайд хөлбөмбөгийн бөмбөг бий юу?

-Байхгүй ээ. Яасан?
- Тээр. Бодит байдал ийм л байна. Айл болгонд хөлбөмбөгийн бөмбөг байж байж л хүн бүр хичээллэнэ. Тэгэхгүй бол хөгжих ч үгүй.

-Та хөлбөмбөгийн нэвтэрхий толь мөн үү?
-Биш ээ. Дэлхийн аваргад 700 гаруй тамирчин орно. Би бүгдийг нь танихгүй. Соц нийгмийн үзэл сурталтай ардчилсан Сонлонгосын, гэрээсээ гардаггүй 23 тамирчнийг би яаж таних юм бэ.

-Тэгвэл, таньдаггүй хөлбөмбөгчний тоглолтыг яаж тайлбарладаг юм бэ?
-Энэ бол миний заль. Танихгүй хөлбөмбөгчид бөмбөг очлоо, би өөр зүйл ярьдаг. Танихгүй юм чинь яах юм бэ. Тэрийг мэдэхгүй гэж хэлэлтэй биш дээ. Нэг тоглолтод 20 танихгүй хөлбөмбөгч гарлаа. Маргааш нь 10-ыг нь таньдаг болчихсон байдаг. Тэгэхгүй бол юуных нь хөлбөмбөгийн тайлбарлагч болох вэ...

Ингээд бидний ярилцлага өндөрлөлөө. Дэлхийн хөлбөмбөгийн тухай баримт цуглуулж, “Үүнийг л гайхамшиггэнэ дээ” ном хэвлүүлсэн тэрбээр ийн ярьж байлаа.

No comments:

Post a Comment