Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, September 5, 2007

"Булсара" азийн хамтлагуудтай өрсөлдөхөөр боллоо

Монгол шилтгээн. "Coke'n beat" амьд хөгжмийн наадам... "Би дүлий болсон ч энэ хөгжмийг мартаж чадахгүй" хэмээн ам уралдан хэлдэг хүмүүс энэ үдшийн эрхэм зочид байлаа. "Монгол шилтгээн" цогцолборт өнгөрсөн бямба гаригт болсон амьд хөгжмийн наадамд 31 хамтлаг оролцохоор бүртгүүлсэн хэдий ч эхний шалгаруулалтад 25 хамтлаг тэнцэж, Японд болох "Asian beat" Азийн рок, альтернатив хөгжмийн фестифальд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдлөв.

Эрх чөлөө анхилсан тал газрын нүргээн. Ингэж хэлэхээс ч аргагүй юм. Энд цугласан залуус бүгд л хүсэл сонирхлоороо нэгдсэн рокийн улаан фэнүүд. Рок хэмээх нүргээнт хөгжимд сэтгэл зүрх, оюун ухаан, тэр ч бүү хэл амь амьдралаа зориулсан чөлөөт үзэлтнүүд.

Драмын театрын өмнөх талбайгаас 12 цагаас эхлэн 20 минут тутамд автобус үйлчилж бид "Монгол шилтгээн" цогцолборыг зорилоо. Аль болох бүтэхгүй зүйлд нэр нь хутгалддаг рокеруудыг хутга мэс, хурц үзүүртэй зүйлүүд, төрөл бүрийн мансууруулах үйлчилгээтэй зүйлс болон архи, шар айраг, тэр ч бүү хэл хоол хүнс, ундаа авч нэвтрэхийг нь хориглосон заалт билетэн дээр бичигдсэн нь бусад тоглолтуудаас онцлог. Үүнээс өмнө тоглолтын билетэн дээрээс иймэрхүү хориг олж үзээгүй учир рокуудыг "өөр" хүмүүс гэдэгт нь итгэчих шиг болсон.

Маш олон хүн цуглажээ, тэнд. Тоглолтыг рок Мөнхсайхан хөтлөв. Задгай талбайн голоор алхаад л тайзны урд хүрчихэж болохоор сэлүүхэн. Ямар ч шахалдаангүй. Ийм олон үзэгчид тайз руу зүтгэхгүй байгаа нь хачирхалтай санагдаж байлаа. Үзэгчид өөр өөрсдийн сонирхдог хөгжмийн урсгалаараа хуваагдан бөөгнөрч, хамтлаг солигдох тоолонд тайзны урдуур зогссон үзэгчид солигдож байв.

Тоглолт дундаа орж, цаг агаар рокеруудыг ивээсээр... "Аясын салхи" хэмээх хүнд метал урсгалаар Монголдоо толгой цохидог хамтлаг нэрээ эвдэн их л ширүүнээр шуурсан нь метал хөгжмийн улаан фанатуудыг ёстой л нэг хийсгэчих шиг болсон. Энэ үдшийн сюрпризүүдийн нэг нь "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байв. Түүнийг тайзан дээр гарч ирэхэд Монголын амьд хөгжмийн түүх бэлхнээ мэдрэгдэж байв. Чадалтай хоолой, рок урлагт үнэнч гэдгийг нь илтгэх түүний хувцаслалт, үс засалт, бүх зүйл хэвээрээ.

Гоё хөгжим, гоё үдэшт сэтгэл хангалуун байсан үзэгчид болоод хамтлаг, дуучдын дунд "Чоно" хамтлагийнхнаас болоод бага зэрэг маргаан үүссэнийг эс тооцвол энэ үдэш жинхэнэ амьд хөгжмийн гайхамшигт хэмнэлийг мэдэрсэн эрч хүчтэй үдэш байлаа. Алга ташилтгүй хэрнээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн үзэгчидтэй тоглолт үргэлжилсээр. Хамгийн сэтгэл догдлуулам мөч ирж, шагнал гардуулах ёслол эхлэв. Шүүгчээр гитарчин Өөжгий, "Никитон" хамтлагийн ахлагч Батчулуун, "Total music" төвийн захирал нар ажиллажээ.

Дүн гарахад, "Pilots" хамтлагийн дуучин Билгүүн шилдэг дуучнаар шалгарав. Хамгийн сүүлчийн, хамгийн шилдэг шагнал нь мэдээж Японд болох "Asian beat" Азийн рок, альтернатив хөгжмийн фестивалд Монголын хамтлаг, дуучдыг төлөөлөн оролцох эрх бөгөөд энэ шагналыг "Ийм л байг", "Майдарын эрин" дуугаараа алдаршсан "Булсара" хамтлаг авсан юм. Хэнээс ч хамааралгүйгээр зөвхөн өөрсдийн мэдрэмжиндээ захирагдан савж байсан хар хувцастангууд ямар ч "асуудал" гаргасангүй.

Тоглолт дуусмагц л автобусандаа суугаад гэр гэрийн зүг явцгаасан. Майхандаа хоноглож үлдсэн залуусын цуваа хамгийн сүүлд есдүгээр сарын гурванд "Монгол шилтгээн"-ий үүдээр гарсан юм. Цуурай болон сонстох тэр үдшийн хөгжмийн дуугаралтууд одоо ч сэтгэлд хүнгэнэсээр. Миний Монголын рокууд маш олон болтугай.

|  Ардын Эрх 

No comments:

Post a Comment