Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, October 25, 2011

Автоспортын супер од Д.Болдбаатар: Шувуу ч нисдэггүй газраар өдөр шөнөгүй давхиад л...

Дамдинхорлоогийн Болдбаатар. Энэ нэр бол монголчуудын бахархал. Тэр дундаа автоспорт сонирхдог хүмүүсийн шүтээн. Хүмүүс түүний тухай домог мэт ярьж, өрсөлдөгчгүй уралддаг гэдгээр нь онцолно. Цэл залуу энэ тамирчин их эртний тамирчин шиг сэтгэгдэл төрүүлж байгаа нь Монголд автоспорт хөгжөөд удаагүй байгаагийн илрэл билээ.

Д.Болдбаатартай ярилцахаар “болзсон” маань санаандгүй хэрэг биш ээ. Энэ хүн бол Монголын автоспортын супер од шүү дээ. Youtube сайтаас түүний уралдааны бичлэгийг нь үзэж суухдаа уралдаж буй мэдрэмжээс нь багахан боловч хуваалцсан билээ. Тэр их донсолгоо, бартааг туулахдаа амьдралд байж болох хамгийн өндөр зэрэглэлийн таашаал авдаг нь хачин санагдаж байв. Магадгүй бүсгүйчүүл бидний бүрэн ойлгохгүй бас нэгэн ертөнц Болдбаатар байж мэднэ. Ямар ч байлаа гэсэн түүний цор ганц сонирхол болсон автоспорт, мотоспортын талаар ярилцсан юм. Тэрбээр манай редакцид зочлохдоо “Алби старс”-ын шар оруулга бүхий торгон савхи өмсчээ.


-“Медалиа тоолбол ахидаггүй гэсэн” гэж хэлэхийг чинь сонсоод таныг их сүсэгтэй хүн гэж бодсон.
-Ер нь хүн сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр ч утгаараа гандан их ордог доо. Тэмцээний өмнө бол заавал ном уншуулна. Бас энгийн үед ч гэсэн цагаан хэл амнаас хамгаалах ном уншуулж, хийморийн сан тавиулна шүү дээ.

Tuesday, September 27, 2011

Хамгийн сүүлчийн даашинзны мэргэжилтэн


https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4xVmHVA5_xbSemBbWRdDJKkzCNm19_7ZxDJ9Bvh-2HvaYjWcvnbQmhT6FK6Et2D5es3ep8Hjla2E3ZGYNZ9kMFdKIJdu2-pTD-UX92jWDBU9IVaDnE8Bhf7aeOrSOTU1orAmLpZ59NJae/s400/anna+piaggi.jpg

Дэлхийд нэр алдраа дуурсгасан загвар зохион бүтээгч болон алдартай фирмийн нүүр царай болсон моод тодорхойлогчдийн талаар бид өдөр бүр сонсдог. Тэдний алдрын зам хаанаас хэрхэн эхэлж байснаас авхуулаад одоо хэдий хэр орлоготой байгаа нь нэгэнт нийтийн хүртээл болжээ. Тэгвэл энэ мундаг загвар зохион бүтээгчдээс гадна нэр алдар нь дэлхий дахинд түгж амжаагүй хэдэн сая загвар зохион бүтээгч бий. Тэдний нэг нь Анна Пиагги бөгөөд загварын ертөнцөд асар том хувь нэмэр оруулсан хүн юм.

Thursday, September 8, 2011

Яг одоо л

Намар шиг,
Найдвар тасалсан намар шиг
Чиний нэр...

Чихэнд минь дургүй ээмэг
Чиний нэрээр уйлдаг шиг
Чив чимээгүйн дундах
Чих сэтлэм орилоон
Чиний нэр...

Тэнгэр үзэлгүй амь тавих шувуудын
Тэсэж тэмүүлсэн жиргээ
Тэвэрт чинь эдэлсэн зовлонгийн
Тэвчээр барагдах томъёо
Чиний нэр.

Уруулын хээ хүрээгүй ганцхан хэсэг
Урьдынхаараа үлдсэн ганцхан үг
Урсах нулимсны амраг, уртаас урт зовлон минь
Чиний л нэр...

Надад зохьдоггүй маргад эрдэнийн бэлзэг шиг
Нойтон, хүйтэн, харц булаам чи минь
Намар шиг,
Найдвар тасалсан намар шиг
Надаас яв...

Одоо мартая,
Онцын уянгагүй нэрийг чинь,
Тэр л нэрээр гарчигласан
Нэг ч уншигчгүй романыг
Яг одоо л хаая.

Яг одоо гэдэг үг яаран одохоос өмнө
Яг одоо л...

Wednesday, March 9, 2011

Уналт


Бямбын зурвас



Хүмүүс хаа сайгүй л унаж байдаг. Гэхдээ модноос тасарсан навчис гутал мөргөн унахаас өөр л дөө. Тэд үл үзэгдэм хурдаар хаашаа ч юм “унаж”, унах зуураа амьдралаа үргэлжлүүлдэг.

С.Сүхбаатар: Гадны бүжиг манайд "нэг л биш" орж ирээд байна

Т.Нипонь

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүнийг монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. Харин би түүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн аав гэдгээр нь илүү сонирхдог юм. Үндсэрхэг үзэлтэй, шинийг санаачлагч ийм хүүгийн хүмүүжлийн гол тулгуур нь гэр бүл байх ёстой гэдэг бодол намайг Сүхбаатар гуай руу хөтөлсөн юм.  Тэрбээр бүжигчин хүн тул хөнгөн шингэн алхаатай, цовоо сэргэлэн харцтай нэгэн байв. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг Сүхбаатар гуайн толгойг цагаан үс дарсан байлаа. Гэсэн ч тэр үсээ хар өнгөөр будуулсан нь цог золбоогоо алдаагүй мэт харагдана. Тэрбээр бодлыг минь унших мэт задгай тавьсан гэзгээ илбэнгээ “Урьдынх шигээ өтгөн биш болсон” гэж хэлээд, инээж байлаа. Түүнд урт үс сайхан зохьдог бөгөөд үүнээс өөр дүр төрхөөр Сүхбаатар гуайг төсөөлөх аргагүй гэлтэй. Үнэндээ тэр наснаасаа залуу харагддаг. Энэ бол гагцхүү үрлагийн хүнд л байдаг гоц чанар билээ.

Sunday, March 6, 2011

Химийн ухааны “ЧУХАЛ ХҮН”

Т.Нипонь
Эрдэмтэдтэй уулзахаас зүрхшээх болсон шалтгаан маань тэдний хэтийдсэн мэдлэг билээ. Хэрэглээнээс хэтэрсэн нээлт гэж байдаг шиг энгийн хүний ойлгож барахааргүй зүйлсийг эрдэмтэн болгон ярьдаг. Чухам энэ ярианаас “айдаг” боловч эргэн тойронд маань шинжлэх ухаан, хими, физикгүйгээр төсөөлөх зүйл нэгээхэн ч үгүй аж. Ингээд л нэгэн чухал хүнтэй уулзахаар цаг товлосон юм. Далан найман настай “чухал хүн”-ийг хүлээх зуураа үнэрийн тухай бодож үзлээ. Үнэргүй зүйл хаа ч үгүй юм. Үгүй ядаж л хамраа чимхэж байгаад гашуун эм уувал амтыг нь мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэр гэдэг гайхамшигтай зүйл байж таарах нь.
    Ийн бодсоор химийн ухааны доктор С.Шатар гуайтай уулзлаа. Энэ бол миний хэлээд байсан “чухал хүн”. Тэрбээр “Үнэртэн ургамлын судлал буюу Терпенонд" хэмээх чиглэлийг Монголын хими, ургамлын шинжлэх ухаанд шинээр дэлгэрүүлснээрээ чухал хүнд тооцогдож байгаа юм. Шатар гуайг мэргэжил нэгт нөхөд нь Терпенонд Шатар хэмээн “хочилжээ”. Терпенонд гэдэг нь үнэртэн ургамалд тансаг үнэрт эфирийн тос буюу ургамлаас ууршиж байдаг хийн чанартай зүйлийн химийн нэр юм билээ. Тэрбээр 2002 оны шилдэг эрдэмтэн бөгөөд 1974 онд Алма-Ата хотноо химийн ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 230 гаруй ном, зохиол туурвижээ. Настайгаа харьцуулбал хөнгөн шингэн алхаатай энэ хүн кофе уунгаа, тайван ярьж эхэллээ. Тэрбээр хамгийн түрүүнд бага ангийн багш байсан тухайгаа хуучилсан юм. 18 настайдаа сумын бага сургуульд багшилж эхэлсэн бөгөөд өдий хэр нь багшийн ажлаа орхиогүй гэнэ.




Карол Радживонович: Удахгүй эргэн ирж, Монголын сайхан ород концерт тавина

Т.Нипонь


Польшийн төгөлдөр хуурч Карол Радживонович “Ф.Шопен ба ХХI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг шүүхээр манайд айлчлаад байгаа юм. Түүнтэй уулзахаар хөгжим бүжгийн сургуулийг зүгэллээ. Тоглолтын заал руу ойртох тусам “үзэсгэлэнтэй” алгуу улам “тодорно”. Хөгжмийн аясаар алхаагаа засаж, хөнгөн гишгэж, бүр дэгдмээр болов. Харин үл таних чадварлаг хөгжимчин аязаа “таслахад” би зогтуслаа. Дахиад нэг давтагдахад би зааланд орсон юм. Тайзан дээр байх том хар төгөлдөр хуурын ард  Карол Радживонович суух бөгөөд сурагчдад хөгжмийн хичээл заах аж. Гадаа сонссон хөгжмийг энэ хүн “аялсан” бөгөөд түрүүний “зогсолт” хичээлийн нэг хэсэг байжээ. Ф.Шопены нэрэмжит Үндэсний хөгжмийн академийн төгсөгч, нэрт төгөлдөр хуурч Карол Радживоновович нь Польш, АНУ-д өндөр боловсрол эзэшмсэн, Хойд болон Өмнөд Америк, Австрали, Ази, Европын орнуудад бие даасан тоглолтуудаа хийж, ихээхэн туршлага хуримтлуулсан төгөлдөр хуурч гэсэн “өндөр” тодпотголтой энэ хүний хөгжимдөхийг харж суухдаа чимээ үл гарган, гарынх нь хөдөлгөөнийг удаан гэгч ажлаа. “Уран юм аа” гэсэн бодол сайхан хөгжимтэй зэрэгцэж байв.

Friday, March 4, 2011

Ка: Миний зэвсэг бол КА-МЕР. Би хорвоо ертөнцийг онилж байна.


Т.Нипонь

Би түүнтэй дөрвөн удаа танилцсан. Нэг хүнтэй олон удаа, санамсаргүй тохиолдлоор танилцана гэдэг хачирхалтай санагдаж байна уу. Тэгвэл тэр надад ийм л хачирхалтай бодол үлдээсэн юм даа. Түүнийг Мөнхжаргал гэдэг бөгөөд найз нөхөд нь Ка хэмээн хочилно. Хоч ч гэж дээ, түүнийг Ка гэж нэрлэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Эхлээд би түүнийг энгийн нэгэн хип хоп хөгжимд шимтэгч залуу гэж боддог байлаа. Гэсэн ч тэр “Моторок” нэртэй рок хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөр ажиллах болсон юм. Амьд хөгжим сонирхогч залуусыг “Моторок”-оос өөр нэвтрүүлэг дэлгэцийн урд уяж дөнгөдөггүй байсан цаг саяхан. Харин дахин танилцахад тэрбээр регги хөгжмийг илэрхийлэхүйц хувцастай байсан бөгөөд шинэ хөгжмийн амт шимийг надад ярьж өгсөн билээ. Эцэст нь Ка монголын хип хоп сонирхогч залуусын анхаарлын төв цэгт багтсан “Click Click Boom” бүлгийн гишүүн болсон юм. Ингэж би Мөнхжаргалтай дөрвөн удаа танилцсан бөгөөд түүнийг “авьяслаг хэлбэрдэгч” гэж боддог боллоо. Учир нь түргэн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, дүр төрхөө “эдвэнэ” гэдэг тийм ч амар биш билээ. Хачирхалтай танилтайгаа уулзалгүй нэлээд удсаны дараа “Ка & Зөгий - “Арга билэг” цомог худалдаанд гарлаа” гэсэн зар хараад түүнтэй уулзахаар шийдсэн юм. Дахиад л шинэ сэтгэгдэлтэй болсон тухай нь сонсох гэж тэр. Учир нь тэрбээр сайкодэлик буюу оюун санааны урсгалаар уран бүтээл туурвиж байгаа тухайгаа ярьж байсан юм. Ка ярилцах саналд минь үргэлж л уриалгахан ханддаг нь аливаа зүйлийг бусадтай хуваалцах гэсэн эрмэлзлийнх нь илэрхийлэл билээ. Харин одоо Ка-гийн тухай нуршуу тайлбараа орхиод ярилцлагаа уншигч танд сонирхуулья. Ярилцлага маань орчин цагын залуусын үзэл бодлын нэгээхэн хэсгийг агуулсан юм шүү.

Thursday, February 24, 2011

С.Бямба: Бусдын амьдрал руу камер чиглүүлнэ гэдэг буу шагайхтай адилхан байж мэднэ

Т.Нипонь
Арваад жилийн өмнө “Нохойн орон” нэртэй кино үзэж байхдаа энэ киног бүтээсэн хүнтэй нүүр учирна хэмээн төсөөлөө ч үгүй явжээ. Баримтат киног өөр өнгөөр харахыг “заасан” зураглаач С.Бямба хэмээх энэ хүн уран бүтээлийн их аянд мордсоноос хойш хориод жил өнгөрчээ. Түүний хонин бор нүдэнд тэнгэр ямархуу байдалтай харагддагийг би “Хадаг” киноноос үзсэн. Дараа нь орон орны хүүхдүүдийн амьдралыг харуулсан “Нялхас” киноноос монгол хүүхдийн тэмцлийг тод өнгөөр харсан юм. Ямартаа ч би эх нутгийн тухай гайхалтай уран төсөөллийг зөвхөн монгол хүн л “ингэж” дүрсэлж чадна гэдгийг түүний бүтээлүүдтэй “танилцаж” суухдаа анзаарсан юм. Бид ирэх 25-нд нээлтээ хийх “Хүсэл шунал” киноны талаар ярилцах гэж уулзсан юм.
Түүнийг би анх харсан даруйдаа “хэнэггүй” гэж тодорхойлмоор байв. Гэсэн ч цамцны индүүдлэг, хумсны засалт болон ороолтоо хэрхэн ороосныг нь харвал тэр эмх цэгцтэй хүн байх аа. Ер нь зураглаач хүн хамгийн тэвчээртэй нь байх учиртай. С.Бямба ах ч гэсэн мэргэжлийнхээ дагуу зураг авалтын үеэр байхгүй мэт чимээгүй, хөдөлгөөнгүй болчихдог юм гэсэн.





Photo by Г.Эрдэнэтуяа

Ч.Эрдэнэ: АЛИВАА ЗҮЙЛД СИСТЕМ БИЙ. ХАМГИЙН ДЭЭД СИСТЕМ НЬ БАЙГАЛЬ ЭХ

2010-02-26 09:37

Манай сонины ¹ 018, ¹ 024 дугаарт Ч.Эрдэнэ гуайн ярилцлага нийтлэгдэж байсан. Уншигчдын хүсэлтээр эл ярилцлагыг бүрэн эхээр нь дахин толилуулж байна.


Супер нэгдлийн онолыг нээсэн Ч.Эрдэнэ гуайтай уулзахаар очихдоо цал буурал, таяг - тай хүний тухай төсөөлж байлаа. Гэтэл саравчтай малгай духдуулсан хөнгөн алхаатай хүн намайг тоссон юм. Ч.Эрдэнэ гуай цэргийн зориулалттай “газар уснаа явагч” жийж, сав хин өмд, олон халаастай хантааз өмсчээ. Тэрбээр Япон, Хятад, Ташкент, өөр хаана ч юм амьдарч бай сан гэдэг. Гэхдээ цор ганцаараа шүү. Түүний ориг наль чанар нь ганцаардмал зан гэж хуучны та нил нь хэлж байсныг бодоод Та зожиг хүн үү? гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэв...
-Зожиг. Ганцаараа байхад надад амар байдаг юм. Орчлон ертөнц тэр аяараа амьдралд санаа зовж байгаа нь хангалттай. Бүх зүйл жамаараа болж өнгөрнө.
-Физикчид ихэвчлэн шашингүй үзэлтэй байдаг. Харин та шүтлэгтэй хүн шиг ярьж байна шүү.
-Нэг их айхтар шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ шинжлэх ухааны хөгжил буддын шашны номлол руу чиглэж байгаа нь ажиглагддаг.

Tuesday, February 22, 2011

Ф.Шопений “аялсан” цэл залуу аялгуу

Т.Нипонь
Дуурийн театрт нам гүм. Танхим дүүрэн үзэгчид чимээ үл гарган, Ф.Шопеэий зургийг залсан тайзны зүг ширтэнэ. “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан нээлтээ хийж буй нь энэ. Тайзны тэг дунд байх томоо хар төгөлдөр хуурын ард СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн сонгодог хөгжмийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтөр суух бөгөөд Ф.Шопений вальсуудыг тоглохдоо төгөлдөр хуурын даралтуудыг илэх мэт харагдана.

Wednesday, February 16, 2011

Хүсэл, шуналын талаар С.Бямбын бүтээлээс тольдлоо


 Найруулагч, зураглаач С.Бямбын “Хүсэл, шунал” кино өнгөрсөн жил Солонгосын Пусан хотноо болсон олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн билээ. Дэлгэцнээ гарсан даруйдаа Тайванийн Олон улсын кино наадмаас “Азийн хараа” гран при шагнал хүртсэн энэхүү бүтээл ирэх долоо хоногт “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. С.Бямба 1999 онд “Гоо марал” кино наадмын тайзнаас анхны шагналаа авч байлаа. Энэ бол С.Бямба, Питер Бросенс нарын хамтран бүтээсэн “Монголын яруу найраг” кинонд өгсөн монголчуудын үнэлгээ юм.

Tuesday, February 15, 2011

Б.МӨНГӨНТУУЛ: Надад хожих 100 хувийн боломж байдаг

Москва хотноо болж өндөрлөсөн Олон улсын шатрын VII наадам болох “Moscow Open” тэмцээнээс манай тамирчин Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн. 15 настайдаа шатрын их мастер цол хүртэж байсан Б.Мөнгөнтуул маань өчигдөр эх орондоо ирлээ. Аян замын алжаалаа тайлахаар гэртээ амарч байхад нь түүнд баярын мэндчилгээ хүргэхээр утас цохисон юм.

Sunday, January 23, 2011

Чингис хаан – Кино од

“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг монгол кино бий. Тэгвэл 1950 онд бүтээсэн “Genghis Khan” киног хамгийн анхных гэж үздэг юм байна. Үүний дараа буюу 1951 онд “Чингис хааны алтан орд” кино гарч, 1952 онд Туркийн "The Red Plume" буюу “Улаан өд” нэртэй Чингис хааны тхай өгүүлсэн хар цагаан кино дэлгэцнээ амилжээ. Харин 1959 онд “ King of the Mongols” буюу “Монголын хаан”, “Чингис хаан болон түүний эзэнт гүрэн” зэрэг кино мэндэлсэн бол 1962 онд Спаничуудын бүтээсэн “Чингис хаан” кино мэндэлсэн байна. Чингис хааны тухай бүтээсэн олон арван кино байдгаас хамгийн сүүлчийнх нв д гарах 2013 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.