Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, May 28, 2012

Төөнөгөө

Эрдэнэт хотод огт хөгширдөггүй нэгэн хүн бий. Бүрх малгай духдуулж, байдгаараа инээж суудаг тэр хүнийг Төөнөгөө гэдэг. Тэндхийн найман настай балчраас наян настай буурай хүртэл түүнийг танина. Таних танихдаа, хүндлэн дууддаг. Зарим нь түүний нэрийг өөрөөс нь өмнө байсан юм шиг танил, дотно санагддаг ч гэдэг. Харин залуучууд түүний нэрийг янз бүрийн зүйрлэлдээ ашиглана. Төөнөгөөтөх, Төөнөгөө шиг гээд л... Тэр ийм л алдартай нэгэн билээ. Эрдэнэт хотынхон өдийг хүртэл Төөнөгөөг өрөвдөн хайрлаж, өмчилсөөр байгаагийн учир юу юм бүү мэд. Зүгээр л Төөнөгөө үл мэдэх нэгэн дохиогоор энэ хотын бүх хүмүүсийн хүндлэлийг хүлээдэг юм. Хүмүүсийн яриаг сонсоход, “Төөнөгөөд мөнгө өгвөл үржинэ”, “Төөнөгөөд хоол авч өгвөл буян арвижна” гэж бэлгэшээдэг нь илт. Тэр ч бүү хэл цайны газрын ажилчид Төөнөгөөг орж ирсэн өдөр орлого их ордог хэмээн байнга л хоолныхоо дээжээс өгнө.

Thursday, May 24, 2012

Ч.АЛТАНСҮХ: ХҮҮХДИЙН ДУУ ЦАГ ҮЕЭ ДАГАН ШИНЭЧЛЭГДЭХ ЁСТОЙ

“Би хүүхдийн 200 орчим дуу зохиосноос 30 нь хит болсон” гэж ярих эрхмийг Ч.Алтансүх гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш түүнийг тус дүүргийн урлагийн үзлэгийн “бамбай” ч гэж хэлж болно. Үнэндээ манай хүүхдийн дуунуудыг бүгдийг нь нилүүлээд ч 200 хүрэхгүй гэж ярих хүн бий. Гэтэл ачир дээрээ бид хүүхдийн дуунд нэг их анхаарал хандуулдаггүй бололтой. Харин Алтансүх багшийн хэлснээр одоо болтол хүүхдэдээ “Маамуу нааш ир”, “Жижигхэн гацуурхан”, “Чигчийхэн чинээ биш ээ” дууг зааж өгч байгаа томчууд маань бяцхан үрсээ шинэ хэмнэлд татагдаж байгааг тэр бүр анзаардаггүй гэнэ. Түүний хэлсэн үгийг батлах гэсэн мэт “Рок жимс” хамтлагийн хүүхдүүд бидэнд “Гараа угаая” дууг жинхэнэ рок, попын хэмнэлээр дуулж үзүүллээ. Өхөөрдөм жаахан хүүхдүүд дуу бүхнээ хөдөлгөөнтэй нь хамт цээжилсэн нь үнэхээр сэтгэл хөдлөм байсан шүү. 


Tuesday, May 22, 2012

Н.Энхбаярын тухай энгийн нэгэн бодол

Хүн бүхэн улс төрд хутгалдаж байна гэх юм. Үнэндээ хүмүүс улстөрд хутгалдаад байгаа хэрэг биш. Одоо болж байгаа үйл явдлууд хүн бүхний сэтгэлийг зовоож байгаа том асуудал. Монгол улсынхаа төлөө санаа зовниж байгаа хүн бүрийн дотоод цэгийг хөндөж буй хэрэг юм.

Friday, May 11, 2012

РОК ПОПЫН НАМУУХАН ЭГШИГ

     
Огт өөрчлөгддөггүй хүн байх юм аа. Байдраг надад тэгж л санагддаг. Арваадхан насандаа харж байсан Байдраг ахын төрх энэ олон жилийн туршид огтхон ч хувираагүй мэт. Намирсан урт үс, хар хүрэм, бариу өмд, мөнгөн гинж нь цаанаа л нэг донжтой. Тэгсэн хэрнээ даруухан. Магадгүй хэт даруу. Гэсэн ч энэ байдал нь түүний өвөрмөц хүн болохыг нууж үл чадна. Хурц, бардам байдал “ханхалсан” энэ хүний харц гал цогоор дүүрэн байдаг. Гэхдээ хоолой нь нэг л намуухан. Яг л “Нар ойрхон жаргадаг”, “Үл таних эмэгтэй”, “Чамайг хайраар дутаалуу” дууны аялгуунд тэр өөрийгөө шингээсэн мэт. Ярилцаж байхдаа тэр нөгөө л янзаараа миний өөдөөс харан сууна. Томоотой, яриасаг энэ хүн тайван хэрнээ тод нэгэн аж. “Чингис хаан” хамтлагт 14 жил зүтгэсэн түүнтэй Эрдэнэт хотод хийж буй тоглолтынх нь үеэр уулзсан юм. 



Thursday, May 10, 2012

Н.ТУНГАЛАГ: Дэлхийн одон орон судлалын анхны төвүүдийг монгол хаад байгуулсан


Сансарт хог хаягдал олширсноор, хиймэл дагуулууд аюулд орлоо гэсэн мэдээ дэлхий дахиныг түгшээж байна. Одоогийн байдлаар дэлхий орчмын тойрог замд бүртгэлтэй 17 мянган объект яваа. Тэдгээрийн хэдхэн хувь нь л идэвхтэй ажиллаж буй аппаратууд. Харин бусад нь сансрын хог хаягдал юм. НАСАгийн тооцоогоор хамгийн жижиг 10 см хүртэлх хэмжээний хаягдлыг оролцуулбал 28 мянга орчим хог хаягдал сансарт нисэж яваа аж. Энэ сэдвийн хүрээнд ШУАийн Одон орон, геофизикийн судалгааны төв (ООГСТ)-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, байгалийн ухааны доктор Намхайн Тунгалагтай ярилцлаа.

Tuesday, May 8, 2012

ГАЗРЫН АЛБА БОГД ХААНЫ МУЗЕЙГ ДЭЭРЭМДЛЭЭ



Зуун жилийн өмнөх арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манж гүр нээс салж, тусгаар тогтносноо дэлхий дахинд зарлаж, VIII Богдыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхтэй. Монгол төр, шашныг хослон баригч наймдугаар Богд Жавзандамбын Дэнчин галбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор сүндэрлүүлсэн гэдэг. Билгийг хөгжүүлэн бадруулагч эл сүмийг 1893 оноос эхлэн 13 жил барьсан бөгөөд 1926 оноос эхлэн музей болгожээ. Гэтэл энэ түүхт газрын дэргэд авто зам тавьж, зочид буудал барихаар болоод байна.

Sunday, April 22, 2012

ТЭД ХАР УСАН “ТАХАЛ”-ААС ЗУГТАЖ БАЙНА

Буурай хөгжилтэй зарим орны иргэд дөрвөн үсэгтэй архи гэгч хорыг нийгмийн бухимдал, гэр бүлийн таагүй уур амьсгалын эсрэг “эм” болгон хэрэглэх нь бий. Манайхан ч гэсэн энэ хорыг хэрэглэж байгаа гэдгээрээ дэлхийд “өрсөлдөж” байна. Уг нь ДЭМБ-ын судалгаанд монголчуудын “уулт” нэлээд хойгуур жагссан. Гэвч архинд донтох үзүүлэлтээрээ нэлээд өндөрт яваа. Бас 15-аас дээш насны хүн бүрт есөн литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхийн дундаж түвшнээс гурван литрээр илүү аж. Саяхны судалгаанаас үзвэл 18 насанд хүрсэн монгол хүн бүрт жилд дунджаар 15- 28 литр согтууруулах ундаа ногдож байна.

Саяхан Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байрны дэргэдүүр өнгөрөх үедээ зогтуссан маань дандаа эмэгтэйчүүд зогсож байсантай холбоотой юм. Тэд өчигдөр шөнө нөхрөө, дүүгээ, ахыгаа “тушаачихаад”, буцааж авах гэж байгаа нь энэ. Нүдээ тэс цохиулж, хувцсаа ханз татуулсан нэг эгч үр хүүхдээ айдасгүй хонуулахын тулд хоолны мөнгөнөөсөө хороохоос өөр аргагүй болдог үе олон гэж яриад нулимс цийлэгнүүлж байлаа. Тэдний яриад байгаа эмчилгээний талаар сурвалж лахаар Баянзүрх дүүрэгт орших СЭМТ рүү зүглэлээ.

Wednesday, April 18, 2012

Гемофильтэй хүүхдүүдэд АЛБАН ТООТ БИШ ЭМ ХЭРЭГТЭЙ

Гемофиль өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиолоо. Энэ өдөр дэлхий нийтээрээ уг өвчнөөр өвчилсөн хүмүүст зориулан цусаа хандивладаг бол манайд огтхон ч сураг ажиг алга. Монголын гемофилийн холбооныхон ЭМЯ-ны сайдад тус өвчинд зориулсан “Рекомбинант фактор” нэртэй тариа оруулж ирэх хүсэлт бүхий өргөх бичиг өгөх гээд чадсангүй. Дэлхий дахинд ердөө 300 мянга орчим хүн энэ өвчинд нэрвэгдсэн хэдийнэ дэлхий нийтийн анхаарлыг татах болсон.

Цусны хүнд хэлбэрийн гемофиль өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн бие махбодид цус бүлэгнэлтийн фактор хэмээх уурагт бодис огт нийлэгждэггүй учир уурагт бодисын байнгын дутагдалд орж, улмаар дотогш гадагшаа их хэмжээний цус алддаг. Хамгийн аюултай нь эдгээр хүүхэд байнга цус харвадгаас хөл, гар болон тул гуур эрхтэнүүд нь саажиж эхэлдэг байна. Тэдний амьдрал ихэнхдээ эмгэнэлтэйгээр төгсдөг бөгөөд зөвхөн тариагаар “хооллож” амьдрах нь бий.

Tuesday, April 17, 2012

ХҮНСЭНД АГУУЛАГДДАГ НИЙТЛЭГ ХИМИЙН БОДИС

Бид өдөр тутмын аль болох эрүүл хооллохыг хичээдэг. Ингэхдээ элдэв хольцгүй, сайхан өнгө үнэртэй хүнс сонгодог билээ. Тэгвэл бидний амтархан иддэг зүйлс ахуйн хэрэглээний химийн бодис агуулдаг болох нь нэгэнт илэрхий боллоо. Тиймээс хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүнээ сонгохдоо анхааралтай байх нь чухал юм. Хүнсний бүтээгдэхүүний шошго бүхэнд тухайн бүтээгдэхүүний найр лагыг хавсаргадаг. Тод өнгө, гоёмсог сав баглаатай атлаа бусдаасаа хямд үнэтэй бү тээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө найрлагыг нь заавал унших хэрэгтэй. Таны мэдэх ёстой хэд хэдэн химийн орцыг сонирхуулъя. 

Monday, April 2, 2012

АЙДСЫН ДАРААХ ГҮН ТАЙВШРАЛ





 “Silent Hill” буюу “Чимээгүй толгод” киног мэдэхг үй хүн үгүй. Энэ киноны зохиол гайхамшигтай боловч хөгжмийн зохиол нь киног амь оруулсан. Зохиолоо гүйцэхээр кино үгүй гэлцдэг. Харин “Чимээгүй толгод” бол сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн жинхэнэ кино. Цочиж, сандрах юу ч үгүй боловч энэ киног үзсэний дараа эргэн тойрон дахь нам гүм байдал айдас төрүүлнэ. Тэр ч бүү хэл чимээ шуугианаас ч жийрхмээр болно. Тэгвэл энэ л “хүнд” мэдрэмжийг энэ киноны хөгжмөөс дангаар нь мэдэрч болж байна билээ. Чихэвчээ эцэст нь тулгаад “Silent Hill” киноны дуунуудыг цувуулан сонс. Дөчин хоёр дуутай энэ листнээс “Room of Angel” буюу “Сахиусан тэнгэрийн өрөө” дууг нь онцлох байна. Тэгээд миний юу хэлэх гээд байгааг та мэдэрнэ. Байн байн эргэж хармаар эсвэл нүдээ тас аниад юу ч бодолгүй алхаад баймаар тийм этгээд сэрэл асна. Тийм ээ, энэ бол айдас. Айдсаас таашаал авна гэж үгүй. Харин айдсын дараах тайвшрал жинхэнэ “сул” амьсгалын амтыг мэдрүүлнэ.

Sunday, April 1, 2012

ҮНЭМШИЛ





Хүмүүс үзсэн, дуулснаараа амьдралыг хэмждэг. Амтыг ч мөн адил. Энэ тухай “Бидэнд тохиолдох үйл явдал, түүнд хандах хандлага бүхэн тэр чигээрээ итгэл үнэмшлээс хамаарах нь сэтгэлгээний зүй тогтол” хэмээн Күнз хэлжээ. Үүнтэй холбогдуулан итгэл үнэмшлийг чу хал хэрэгцээ, хүн бүрт байх ёстой үндсэн ухагдахуун гэж ойлгож болмоор. Тухайлбал, Европын зарим эм нэлгүүд шашин шүтдэггүй эмчийг ажилд авдаггүй. Учир нь ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ сүжиглэдэг баймааж сая хүний амийг аврахын төлөө бүхнээ зориулах зоригтой болдог санж. Хэдийгээр ялгаварлан үзэх үзэл бүхий энэ журам Үндсэн хуульд харшлах хэдий ч өвчтөнүүд шүтлэгтэй эмчийг сонгох нь элбэг.

Saturday, March 31, 2012

СЭТГЭЛГЭЭНИЙ ТЭС ӨӨР ЕРТӨНЦӨД АВААЧИХ “ХУРД”



 Анимэ. Энэ бол залуусын сэтгэлийг эзэмдэж, өөртөө дурлуулж, оюун санааг сэтгэлгээний тэс өөр ертөнцөд аваачих “хурд” юм. Залуус анимэ, мангаийн ертөнцөд зорчих л юм бол цаг хугацааны машин, робот, пуужин, “Ipad” зэрэг техник технологийн гайхамшгаас илүү сэтгэлгээний эрх чөлөө, ёс суртахуун, эв найрамдлыг үнэлэх болно. Учир нь анимэ, мангагийн ертөнц бол залуусын дотоод ертөнцийн зөрчлийг нэг тийш залуурдах хүчтэй. Тиймдээ ч япончууд үүнийг хүмүүжлийн гол тулгуур болгон тунхагласан билээ.

Friday, March 30, 2012

“ХАРАНХУЙ” ХОРООЛЛЫН “ЧИЙДЭН”



“Гэр хорооллын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй болохоор гэрээ сахиж үлддэг” гэсэн яриа сонсоод эмзэглэдэг байлаа. Харин сүүлийн үед хотын захад нэлээд хэдэн цэцэрлэг шинээр байгуулсан нь олзуурхууштай санагдсан юм. Ингээд гэр хорооллын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахаар Дамбадаржаа дахь 159 дүгээр цэцэрлэгийг зорьсон билээ. Шатнаас нь эхлээд л уран бүтээлээр чимэглэсэн энэ байшинд хүүхэд “амьдардаг” нь илэрхий. Эзэндээ таарсан жижиг сандал, жижиг ширээ, жижигхэн угаалгын өрөө хэчнээн эгдүүтэй гэж санана. Энэ ертөнцөд миний анзаараагүй зүйл хэчнээн олон болохыг тоолж барамгүй. Хоёр настай хүүхдэд хувцас тайлах, өмсөх дараалал заадаг гэхээр үнэхээр хөгжилтэй.Уйлж, урваганаж, ээждээ гомдсоор цэцэрлэгтээ үлддэг тэр жаахан амьтад багшдаа дасаж, найзуудтай болох нь өхөөрдөм. Тэдэнд таних тэмдгээ цээжилж, гар нүүрээ угаахаас эхлээд сурах зүйл олон.

Sunday, March 25, 2012

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЦЕМЕНТЭЭР БАРЬДАГ ЮМ УУ





“Цэцэрлэгт хүрээлэн бол цэвэр агаар, амьд ургамал бүхий амралтын орчин бөгөөд хуулиар хамгаалагдсан” гэж “Википедиа”-д бичжээ. Харин манай цэцэрлэгт хүрээлэнгүүд, хэн нэгний нэрэмжит талбай энд бичсэнээс буюу олон улсын ойлголтоос тэс өөр. Хамрах талбайн хэмжээнээс эхлээд чулуун шал, хөшөө, сандал, цэцгийн мандал, тэдгээрийг тойрсон багахан модыг харвал эдгээр бичил цэцэрлэгүүд Улаанбаатар хотод багадаж байгаа юм.
Манайд олон улсын жижигт нийцэх нэг ч цэцэрлэгт хүрээлэн байхгүй тул нийслэл маань ногоон байгууламж багатай. Энэ нь цэвэр агаар сэлгэх боломж хомс гэсэн үг. Уг нь гаднынхан агаарын бохирдлоос “холдох” гэж л цэцэрлэгт хүрээлэн байгуулдаг юм билээ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа ихэвчлэн ногоон бүсийг тохижуулдаг. Энэ нь зардал багатай бөгөөд хурдан ашиглалтад орох бололцоотой. Харин манайх шиг барилга байшин сүлжилдсэн газарт цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж бий болгохын тулд 20-80 жил зарцуулна. Учир нь мод тарих бус тарьсан модоо арчилж, саглайтал ургуулж, бат бөх үндэс суурьтай болгох нь цэцэрлэгжүүлэлтийн гол ажил юм.

Wednesday, March 21, 2012

ЦЭЦГИЙГ УСААР, ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МӨНГӨӨР ТЭТГЭДЭГ




“Хүүхэд бүрийн ширээн дээрх зураг бүхэн нартай байна” гэдэг дуу аялангаа хүүхдүүдийн тухай бодоорой. Алс хязгаарт орших хав халуун эрхэсийн хурц гялбааг итгэл мөрөөдлийн өнгө мэтээр төсөөлдөг хүүхэд насыг бүгд л туулан өнгөрдөг. Хүүхдүүдэд хүрч чадахгүй алс гэж үгүй. Тэд л нар ямар тод болохыг хамгийн сайн мэднэ. Мөрөөдөл хэмээх хөлгөөр хаа сайгүй зорчиж, түүндээ чин сэтгэлээсээ итгэж чадна”. Энэ бол хүүхдүүдийн тухай төсөөлөл минь юм... Гэхдээ хүүхэд бүр адилгүй. Тэдний заримынх нь амьдрал нийгмийн хүнд хэцүүтэй гүн гүнзгий холбогдсон байдаг. Аав, ээж, ойр тойрныхноороо дамжуулан нийгмийн хатууг зөөлрүүлэн таньж мэдэх хүүхдийн эрх заримд нь үгүй. Хахир хатууг, гачигдал шаналлыг гарцаагүй мэдэх ёстой цаг үеийг гэр орон, эцэг, эхгүй хүүхдүүд аль эрт мэдсэн. Тэдэнд тусламжийн гар хэрэгтэй. Тэр л гарнууд хүүхдүүдийн хувьд амьдралд хөтлөх гүүр болох учиртай.

Monday, March 12, 2012

ХЯТАДАД ТЭТГЭЛГЭЭР, ЯПОНД ХУВИАРАА СУРДАГ ОЮУТАН ОЛОН





Дэлхий дахинд хүлээн зөвш өөрөгдөх боловсрол эзэмшихээр эх нутгаасаа гарсан залуус олон. Тэд эзэмших гэж буй мэргэжлээсээ хамаарч гадаадад 3-6 жилийн хугацаатай суралцдаг. Янз бүрийн тэтгэлэгт хамрагддаг нь цөөнгүй ч хувийн зардлаараа сурч буй нь тэднээс олон. Хилийн чанадад суралцаж буй залуус хүний нутагт хэрхэн амьдарч байгаа тухай танд сонирхуулъя. Монгол залуус маань юунд зорьж, юу хүсэж мөрөөддөг болохыг эдгээр оюутны яриа бага ч болтугай илэрхийлэх биз ээ. БНХАУын Засгийн газрын тэтгэлгээр манай улсаас суралцах оюутны тоог энэ жил 120-оор нэмсэн. Тэтгэлгээр суралцах оюутны тоог жил бүр нэмж буйтай холбогдуулан манай улсаас өмнөд хөршийг зорих залуусын тоо өсөж байгаа. Боломжийн тэтгэлэг өгдөг, амьдрах боломж нөхцөл сайн гэдгийг оюутнууд хэлдэг. Харин арлын Японд сургалтын төлбөр өндөр, Монголоос маш цөөн оюутан тэтгэлгээр суралцуулахаар сонгодог. Тиймээс боломжийн гэгддэг айлын хүүхдүүд Японд хувиараа суралцдаг байна.

Tuesday, March 6, 2012

“Ховч” КАМЕР





Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулах ажлыг Засгийн газраас зохион байгуулж эхэлсэн. Энэ ажлыг Солонгосын “Скай Си Энд Си” компани хэрэгжүүлж байгаа бөгөөд 12.8 сая ам.долларыг эргэн төлөх нөхцөлтэй гэрээ хийсэн аж. Одоо Улаанбаатар хотын замуудад замын хөдөлгөөнийг долоо хоногийн турш тасралтгүй бичих хүчин чадалтай CCTV буюу хөдөлгөөнт камерийг 26 цэгт байрлуулжээ. Энэ нь 260 мянга гаруй автомашинтай манай улсын хувьд зайлшгүй хэрэгтэй хяналт байсан юм. Жолооч нар камерийн сургаар замын хөдөлгөөнд соёлтой оролцож эхэлсэн нь илт ажиглагдаж байв. Гэсэн ч энэ бүхэн нэг их удаан хугацаанд үргэлжилсэнгүй. Учир нь өнөөх камерийг бүрэн хянадаг, эсэх нь эргэлзээтэй болсон юм.

Monday, March 5, 2012

Шүлхийгүй бүс нутгаар зарлуулахаар хүсэлтээ илгээжээ


Манай улс баруун бүсийн долоон аймгаа малын гоц халдварт шүлхий өвчингүй болгохоор гурван жил гаруй ажиллаж байна. Шүлхийн халдваргүй баруун бүс нутгийг Тайван бүс нутаг хэмээн зарласан тохиолдолд малын гаралтай бүтээг дэхүүн, түүхий эдээ экспортлох боломжтой болно. Ингэснээр мал аж ахуй болон үндэсний үйлдвэрлэлд том гарц нээгдэх юм. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) руу тус бүс нутгийг Тайван бус бүсээр бүртгүүлэх хүсэлтээ саяхан явуулжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Н.Цолмонгоос тодруулав.

Saturday, March 3, 2012

ХҮЛЭЭЛТ


Бямбын зурвас

Маргаашийн нар мандахыг, өнөө шөнийн зүүдэнд эмээ минь ирж уулзахыг, өчигдрийн алдаа минь хүмүүсийн бодлоос арчигдахыг, сэтгэлийн минь хөндүүр арилж дуусахыг... Бас аль ч юм улиралд, нэ гэн шинэ сэрэл цээжин дотор асахыг би хүлээдэг. Магад би юм бүх нийг хүлээдэг. Хэзээ ч бүтэхгүйг нь мэддэг зүйлсээ ч гэсэн амьсгал даран хүлээсээр байгаа. Тэр л хүлээлт бүх нийг үл тоон урагшилсаар байх эр зориг минь юм. Магад алдаа минь юм.

“БУРХАН ӨРШӨӨГ” КИНО ИНЭЭЛГЭЭГҮЙ Ч, ЭМГЭНЭЛ ТӨРҮҮЛЛЭЭ



Гэхдээ энэ эмгэнэл бол уран бүтээлчдийн бидэнд хүргэхийг зорьсон тэр эмгэнэл биш. Монголын кино урлагийг үнэгүйдүүлж буй шинэ үеийн уран бүтээлчдээс эмээх эмзэглэл бүхий эмгэнэл.

Friday, February 17, 2012

ЭЛФ үлгэрээс төрөөгүй







 Гоёмсог далавч, гурвалжин өнцөг бүхий чихтэй нисдэг шидтэнгүүдийг элф гэдэг. Домогт өгүүлснээр бол элф нь хар дарсан зүүдийг анагаадаг бөгөөд хүүхэд зогсих үед гарч ирдэг билээ. Үлгэрт л гардаг ид шидийн эзэд бидэнтэй зэргэлдээ амьдардаг гэдэгт та итгэх үү. Итгэхгүй ч байж болох юм. Гэхдээ элф байсан гэдгийг нь нотлох баримт бий. Энэ бол 2008 онд хээр талаас олдсон элфийн үхэжсэн араг яс юм. Энэхүү араг ясыг шинжлэх ухааны эрдэмтэн докторуудын судалгаанд үндэслэн элфийнх мөн болохыг тодорхойлсон байна.

Monday, February 13, 2012

Ц.Санчир: 365 хоногийг монголын одон орон судлалын төвд судлан тогтоосон

2012-02-13 15:23:29
  http://mongolnews.mn/i/27939


“Өнөөдөр”-ийн маань зочин тайрмал үстэй, инээмсгэлсэн эгч. Нүднийх нь галыг үзвэл, бодлыг нь унших гэсэн хүсэл төрнө. Би лав түүний харцнаас оньсыг нь тайлмаар гэрэлтсэн мөрөөдөл, урам зориг олж үзсэн билээ. Магад энэ мөрөөдөл нь элэг нэгтнээ нэгтгэх Чингис хааны маань хүслийн бас нэгэн үргэжлэл байх. Эв энгийн харагддаг энэ эгчийн 10 жилийн туршид хийсэн судалгааг би шимтэн үздэг. Түүхийн тасарсан хэлхээг сэргээх гэж яваа энэ эгч Монгол нутгийн элгэн дээр төрж өсөж, энэ их түүхийг “биднийх” гэж өмчлөх эрхээ хувь тавилан гэж ярьдаг.  Энэ бол Ц.Санчир. Нийтийн мэддэгээр  TASAM буюу “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын захирал. Бид Сансар дахь “Wendy coffee”-д уулзаж ийнхүү ярилцлаа.

Monday, February 6, 2012

УЛАМЖЛАЛ БУЮУ ӨНӨӨ ЦАГИЙН “НОГООН” ЭМЧИЛГЭЭ





 Эрүүл мэндийн тухай зөвлөмжийн дийлэнх нь эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, ингэж болно, тэгж болохгүй гэсэн заавар санамж байх аж. “Ногоон дэлхий” гэдэг уриа одоо эрүүл мэндийн цогц шийдэл болжээ гэж хэлэхэд хилсдэхгүй. Харин дэндүү олон мэдлэгтэнтэй болсон өнөө үед эрүүл мэндийн тухай ойлголт өвчнөөр “сүрдүүлсэн” хорио мэт санагдах боллоо. Мэдээж энэ хорио хүмүүсийн сонголт тул бид хорыг өөрийн хүслээр хэрэглэж дадсан байна. Тухайлбал, “кока кола” яс сийрэгжүүлдэг хэдий ч эл өвчний тухай айдас саятан болох хүслийг давж чадаагүй жишээг бид “Эм Си Эс”-ийн сугалаанаас үзсэн.

Tuesday, October 25, 2011

Автоспортын супер од Д.Болдбаатар: Шувуу ч нисдэггүй газраар өдөр шөнөгүй давхиад л...

Дамдинхорлоогийн Болдбаатар. Энэ нэр бол монголчуудын бахархал. Тэр дундаа автоспорт сонирхдог хүмүүсийн шүтээн. Хүмүүс түүний тухай домог мэт ярьж, өрсөлдөгчгүй уралддаг гэдгээр нь онцолно. Цэл залуу энэ тамирчин их эртний тамирчин шиг сэтгэгдэл төрүүлж байгаа нь Монголд автоспорт хөгжөөд удаагүй байгаагийн илрэл билээ.

Д.Болдбаатартай ярилцахаар “болзсон” маань санаандгүй хэрэг биш ээ. Энэ хүн бол Монголын автоспортын супер од шүү дээ. Youtube сайтаас түүний уралдааны бичлэгийг нь үзэж суухдаа уралдаж буй мэдрэмжээс нь багахан боловч хуваалцсан билээ. Тэр их донсолгоо, бартааг туулахдаа амьдралд байж болох хамгийн өндөр зэрэглэлийн таашаал авдаг нь хачин санагдаж байв. Магадгүй бүсгүйчүүл бидний бүрэн ойлгохгүй бас нэгэн ертөнц Болдбаатар байж мэднэ. Ямар ч байлаа гэсэн түүний цор ганц сонирхол болсон автоспорт, мотоспортын талаар ярилцсан юм. Тэрбээр манай редакцид зочлохдоо “Алби старс”-ын шар оруулга бүхий торгон савхи өмсчээ.


-“Медалиа тоолбол ахидаггүй гэсэн” гэж хэлэхийг чинь сонсоод таныг их сүсэгтэй хүн гэж бодсон.
-Ер нь хүн сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр ч утгаараа гандан их ордог доо. Тэмцээний өмнө бол заавал ном уншуулна. Бас энгийн үед ч гэсэн цагаан хэл амнаас хамгаалах ном уншуулж, хийморийн сан тавиулна шүү дээ.

Tuesday, September 27, 2011

Хамгийн сүүлчийн даашинзны мэргэжилтэн


http://2.bp.blogspot.com/-wpRAy_HcdG4/TcaLyrE3p9I/AAAAAAAACxM/fWYhCxektb0/s400/anna+piaggi.jpg

Дэлхийд нэр алдраа дуурсгасан загвар зохион бүтээгч болон алдартай фирмийн нүүр царай болсон моод тодорхойлогчдийн талаар бид өдөр бүр сонсдог. Тэдний алдрын зам хаанаас хэрхэн эхэлж байснаас авхуулаад одоо хэдий хэр орлоготой байгаа нь нэгэнт нийтийн хүртээл болжээ. Тэгвэл энэ мундаг загвар зохион бүтээгчдээс гадна нэр алдар нь дэлхий дахинд түгж амжаагүй хэдэн сая загвар зохион бүтээгч бий. Тэдний нэг нь Анна Пиагги бөгөөд загварын ертөнцөд асар том хувь нэмэр оруулсан хүн юм.

Thursday, September 8, 2011

Яг одоо л

Намар шиг,
Найдвар тасалсан намар шиг
Чиний нэр...

Чихэнд минь дургүй ээмэг
Чиний нэрээр уйлдаг шиг
Чив чимээгүйн дундах
Чих сэтлэм орилоон
Чиний нэр...

Тэнгэр үзэлгүй амь тавих шувуудын
Тэсэж тэмүүлсэн жиргээ
Тэвэрт чинь эдэлсэн зовлонгийн
Тэвчээр барагдах томъёо
Чиний нэр.

Уруулын хээ хүрээгүй ганцхан хэсэг
Урьдынхаараа үлдсэн ганцхан үг
Урсах нулимсны амраг, уртаас урт зовлон минь
Чиний л нэр...

Надад зохьдоггүй маргад эрдэнийн бэлзэг шиг
Нойтон, хүйтэн, харц булаам чи минь
Намар шиг,
Найдвар тасалсан намар шиг
Надаас яв...

Одоо мартая,
Онцын уянгагүй нэрийг чинь,
Тэр л нэрээр гарчигласан
Нэг ч уншигчгүй романыг
Яг одоо л хаая.

Яг одоо гэдэг үг яаран одохоос өмнө
Яг одоо л...

Monday, March 14, 2011

Wednesday, March 9, 2011

Уналт


Бямбын зурвас



Хүмүүс хаа сайгүй л унаж байдаг. Гэхдээ модноос тасарсан навчис гутал мөргөн унахаас өөр л дөө. Тэд үл үзэгдэм хурдаар хаашаа ч юм “унаж”, унах зуураа амьдралаа үргэлжлүүлдэг.

С.Сүхбаатар: Гадны бүжиг манайд "нэг л биш" орж ирээд байна

Т.Нипонь

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүнийг монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. Харин би түүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн аав гэдгээр нь илүү сонирхдог юм. Үндсэрхэг үзэлтэй, шинийг санаачлагч ийм хүүгийн хүмүүжлийн гол тулгуур нь гэр бүл байх ёстой гэдэг бодол намайг Сүхбаатар гуай руу хөтөлсөн юм.  Тэрбээр бүжигчин хүн тул хөнгөн шингэн алхаатай, цовоо сэргэлэн харцтай нэгэн байв. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг Сүхбаатар гуайн толгойг цагаан үс дарсан байлаа. Гэсэн ч тэр үсээ хар өнгөөр будуулсан нь цог золбоогоо алдаагүй мэт харагдана. Тэрбээр бодлыг минь унших мэт задгай тавьсан гэзгээ илбэнгээ “Урьдынх шигээ өтгөн биш болсон” гэж хэлээд, инээж байлаа. Түүнд урт үс сайхан зохьдог бөгөөд үүнээс өөр дүр төрхөөр Сүхбаатар гуайг төсөөлөх аргагүй гэлтэй. Үнэндээ тэр наснаасаа залуу харагддаг. Энэ бол гагцхүү үрлагийн хүнд л байдаг гоц чанар билээ.

Sunday, March 6, 2011

Химийн ухааны “ЧУХАЛ ХҮН”

Т.Нипонь
Эрдэмтэдтэй уулзахаас зүрхшээх болсон шалтгаан маань тэдний хэтийдсэн мэдлэг билээ. Хэрэглээнээс хэтэрсэн нээлт гэж байдаг шиг энгийн хүний ойлгож барахааргүй зүйлсийг эрдэмтэн болгон ярьдаг. Чухам энэ ярианаас “айдаг” боловч эргэн тойронд маань шинжлэх ухаан, хими, физикгүйгээр төсөөлөх зүйл нэгээхэн ч үгүй аж. Ингээд л нэгэн чухал хүнтэй уулзахаар цаг товлосон юм. Далан найман настай “чухал хүн”-ийг хүлээх зуураа үнэрийн тухай бодож үзлээ. Үнэргүй зүйл хаа ч үгүй юм. Үгүй ядаж л хамраа чимхэж байгаад гашуун эм уувал амтыг нь мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэр гэдэг гайхамшигтай зүйл байж таарах нь.
    Ийн бодсоор химийн ухааны доктор С.Шатар гуайтай уулзлаа. Энэ бол миний хэлээд байсан “чухал хүн”. Тэрбээр “Үнэртэн ургамлын судлал буюу Терпенонд" хэмээх чиглэлийг Монголын хими, ургамлын шинжлэх ухаанд шинээр дэлгэрүүлснээрээ чухал хүнд тооцогдож байгаа юм. Шатар гуайг мэргэжил нэгт нөхөд нь Терпенонд Шатар хэмээн “хочилжээ”. Терпенонд гэдэг нь үнэртэн ургамалд тансаг үнэрт эфирийн тос буюу ургамлаас ууршиж байдаг хийн чанартай зүйлийн химийн нэр юм билээ. Тэрбээр 2002 оны шилдэг эрдэмтэн бөгөөд 1974 онд Алма-Ата хотноо химийн ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 230 гаруй ном, зохиол туурвижээ. Настайгаа харьцуулбал хөнгөн шингэн алхаатай энэ хүн кофе уунгаа, тайван ярьж эхэллээ. Тэрбээр хамгийн түрүүнд бага ангийн багш байсан тухайгаа хуучилсан юм. 18 настайдаа сумын бага сургуульд багшилж эхэлсэн бөгөөд өдий хэр нь багшийн ажлаа орхиогүй гэнэ.




Карол Радживонович: Удахгүй эргэн ирж, Монголын сайхан ород концерт тавина

Т.Нипонь


Польшийн төгөлдөр хуурч Карол Радживонович “Ф.Шопен ба ХХI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг шүүхээр манайд айлчлаад байгаа юм. Түүнтэй уулзахаар хөгжим бүжгийн сургуулийг зүгэллээ. Тоглолтын заал руу ойртох тусам “үзэсгэлэнтэй” алгуу улам “тодорно”. Хөгжмийн аясаар алхаагаа засаж, хөнгөн гишгэж, бүр дэгдмээр болов. Харин үл таних чадварлаг хөгжимчин аязаа “таслахад” би зогтуслаа. Дахиад нэг давтагдахад би зааланд орсон юм. Тайзан дээр байх том хар төгөлдөр хуурын ард  Карол Радживонович суух бөгөөд сурагчдад хөгжмийн хичээл заах аж. Гадаа сонссон хөгжмийг энэ хүн “аялсан” бөгөөд түрүүний “зогсолт” хичээлийн нэг хэсэг байжээ. Ф.Шопены нэрэмжит Үндэсний хөгжмийн академийн төгсөгч, нэрт төгөлдөр хуурч Карол Радживоновович нь Польш, АНУ-д өндөр боловсрол эзэшмсэн, Хойд болон Өмнөд Америк, Австрали, Ази, Европын орнуудад бие даасан тоглолтуудаа хийж, ихээхэн туршлага хуримтлуулсан төгөлдөр хуурч гэсэн “өндөр” тодпотголтой энэ хүний хөгжимдөхийг харж суухдаа чимээ үл гарган, гарынх нь хөдөлгөөнийг удаан гэгч ажлаа. “Уран юм аа” гэсэн бодол сайхан хөгжимтэй зэрэгцэж байв.

Friday, March 4, 2011

Ка: Миний зэвсэг бол КА-МЕР. Би хорвоо ертөнцийг онилж байна.


Т.Нипонь

Би түүнтэй дөрвөн удаа танилцсан. Нэг хүнтэй олон удаа, санамсаргүй тохиолдлоор танилцана гэдэг хачирхалтай санагдаж байна уу. Тэгвэл тэр надад ийм л хачирхалтай бодол үлдээсэн юм даа. Түүнийг Мөнхжаргал гэдэг бөгөөд найз нөхөд нь Ка хэмээн хочилно. Хоч ч гэж дээ, түүнийг Ка гэж нэрлэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Эхлээд би түүнийг энгийн нэгэн хип хоп хөгжимд шимтэгч залуу гэж боддог байлаа. Гэсэн ч тэр “Моторок” нэртэй рок хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөр ажиллах болсон юм. Амьд хөгжим сонирхогч залуусыг “Моторок”-оос өөр нэвтрүүлэг дэлгэцийн урд уяж дөнгөдөггүй байсан цаг саяхан. Харин дахин танилцахад тэрбээр регги хөгжмийг илэрхийлэхүйц хувцастай байсан бөгөөд шинэ хөгжмийн амт шимийг надад ярьж өгсөн билээ. Эцэст нь Ка монголын хип хоп сонирхогч залуусын анхаарлын төв цэгт багтсан “Click Click Boom” бүлгийн гишүүн болсон юм. Ингэж би Мөнхжаргалтай дөрвөн удаа танилцсан бөгөөд түүнийг “авьяслаг хэлбэрдэгч” гэж боддог боллоо. Учир нь түргэн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, дүр төрхөө “эдвэнэ” гэдэг тийм ч амар биш билээ. Хачирхалтай танилтайгаа уулзалгүй нэлээд удсаны дараа “Ка & Зөгий - “Арга билэг” цомог худалдаанд гарлаа” гэсэн зар хараад түүнтэй уулзахаар шийдсэн юм. Дахиад л шинэ сэтгэгдэлтэй болсон тухай нь сонсох гэж тэр. Учир нь тэрбээр сайкодэлик буюу оюун санааны урсгалаар уран бүтээл туурвиж байгаа тухайгаа ярьж байсан юм. Ка ярилцах саналд минь үргэлж л уриалгахан ханддаг нь аливаа зүйлийг бусадтай хуваалцах гэсэн эрмэлзлийнх нь илэрхийлэл билээ. Харин одоо Ка-гийн тухай нуршуу тайлбараа орхиод ярилцлагаа уншигч танд сонирхуулья. Ярилцлага маань орчин цагын залуусын үзэл бодлын нэгээхэн хэсгийг агуулсан юм шүү.

Thursday, February 24, 2011

С.Бямба: Бусдын амьдрал руу камер чиглүүлнэ гэдэг буу шагайхтай адилхан байж мэднэ

Т.Нипонь
Арваад жилийн өмнө “Нохойн орон” нэртэй кино үзэж байхдаа энэ киног бүтээсэн хүнтэй нүүр учирна хэмээн төсөөлөө ч үгүй явжээ. Баримтат киног өөр өнгөөр харахыг “заасан” зураглаач С.Бямба хэмээх энэ хүн уран бүтээлийн их аянд мордсоноос хойш хориод жил өнгөрчээ. Түүний хонин бор нүдэнд тэнгэр ямархуу байдалтай харагддагийг би “Хадаг” киноноос үзсэн. Дараа нь орон орны хүүхдүүдийн амьдралыг харуулсан “Нялхас” киноноос монгол хүүхдийн тэмцлийг тод өнгөөр харсан юм. Ямартаа ч би эх нутгийн тухай гайхалтай уран төсөөллийг зөвхөн монгол хүн л “ингэж” дүрсэлж чадна гэдгийг түүний бүтээлүүдтэй “танилцаж” суухдаа анзаарсан юм. Бид ирэх 25-нд нээлтээ хийх “Хүсэл шунал” киноны талаар ярилцах гэж уулзсан юм.
Түүнийг би анх харсан даруйдаа “хэнэггүй” гэж тодорхойлмоор байв. Гэсэн ч цамцны индүүдлэг, хумсны засалт болон ороолтоо хэрхэн ороосныг нь харвал тэр эмх цэгцтэй хүн байх аа. Ер нь зураглаач хүн хамгийн тэвчээртэй нь байх учиртай. С.Бямба ах ч гэсэн мэргэжлийнхээ дагуу зураг авалтын үеэр байхгүй мэт чимээгүй, хөдөлгөөнгүй болчихдог юм гэсэн.





Photo by Г.Эрдэнэтуяа

Ч.Эрдэнэ: АЛИВАА ЗҮЙЛД СИСТЕМ БИЙ. ХАМГИЙН ДЭЭД СИСТЕМ НЬ БАЙГАЛЬ ЭХ

2010-02-26 09:37

Манай сонины ¹ 018, ¹ 024 дугаарт Ч.Эрдэнэ гуайн ярилцлага нийтлэгдэж байсан. Уншигчдын хүсэлтээр эл ярилцлагыг бүрэн эхээр нь дахин толилуулж байна.


Супер нэгдлийн онолыг нээсэн Ч.Эрдэнэ гуайтай уулзахаар очихдоо цал буурал, таяг - тай хүний тухай төсөөлж байлаа. Гэтэл саравчтай малгай духдуулсан хөнгөн алхаатай хүн намайг тоссон юм. Ч.Эрдэнэ гуай цэргийн зориулалттай “газар уснаа явагч” жийж, сав хин өмд, олон халаастай хантааз өмсчээ. Тэрбээр Япон, Хятад, Ташкент, өөр хаана ч юм амьдарч бай сан гэдэг. Гэхдээ цор ганцаараа шүү. Түүний ориг наль чанар нь ганцаардмал зан гэж хуучны та нил нь хэлж байсныг бодоод Та зожиг хүн үү? гэсэн асуултаар ярилцлагаа эхлүүлэв...
-Зожиг. Ганцаараа байхад надад амар байдаг юм. Орчлон ертөнц тэр аяараа амьдралд санаа зовж байгаа нь хангалттай. Бүх зүйл жамаараа болж өнгөрнө.
-Физикчид ихэвчлэн шашингүй үзэлтэй байдаг. Харин та шүтлэгтэй хүн шиг ярьж байна шүү.
-Нэг их айхтар шүтлэгтэй хүн биш л дээ. Гэхдээ шинжлэх ухааны хөгжил буддын шашны номлол руу чиглэж байгаа нь ажиглагддаг.

Tuesday, February 22, 2011

Ф.Шопений “аялсан” цэл залуу аялгуу

Т.Нипонь
Дуурийн театрт нам гүм. Танхим дүүрэн үзэгчид чимээ үл гарган, Ф.Шопеэий зургийг залсан тайзны зүг ширтэнэ. “Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар уралдаан нээлтээ хийж буй нь энэ. Тайзны тэг дунд байх томоо хар төгөлдөр хуурын ард СУИС-ын Хөгжмийн урлагийн сургуулийн сонгодог хөгжмийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор, соёлын тэргүүний ажилтан Ц.Энхтөр суух бөгөөд Ф.Шопений вальсуудыг тоглохдоо төгөлдөр хуурын даралтуудыг илэх мэт харагдана.

Миний тухай

Би өөрийнхөө танилцуулгыг олон ч удаа бичиж байсан. Гэхдээ яг одоогийнх шиг өөртөө зориулж бичиж байгаа минь анхных билээ. Ерөнхийдөө миний амьдрал 13 наснаас эхэлсэн. Учир нь би тэр жилийн төрсөн өдрөөс хойшхийг л гайгүй сайн санадаг юм. Ихэвчлэн бүдэг бадаг дурсамжиндаа амьдарч ирсэн болохоор өөрийгөө ой тогтоолт муутай гэж боддог. Харин эсрэгээрээ мэдрэмж маань илүү хөгжсөн ч байж мэднэ.

Wednesday, February 16, 2011

Хүсэл, шуналын талаар С.Бямбын бүтээлээс тольдлоо


 Найруулагч, зураглаач С.Бямбын “Хүсэл, шунал” кино өнгөрсөн жил Солонгосын Пусан хотноо болсон олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн билээ. Дэлгэцнээ гарсан даруйдаа Тайванийн Олон улсын кино наадмаас “Азийн хараа” гран при шагнал хүртсэн энэхүү бүтээл ирэх долоо хоногт “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарах гэнэ. С.Бямба 1999 онд “Гоо марал” кино наадмын тайзнаас анхны шагналаа авч байлаа. Энэ бол С.Бямба, Питер Бросенс нарын хамтран бүтээсэн “Монголын яруу найраг” кинонд өгсөн монголчуудын үнэлгээ юм.

Tuesday, February 15, 2011

Б.МӨНГӨНТУУЛ: Надад хожих 100 хувийн боломж байдаг

Москва хотноо болж өндөрлөсөн Олон улсын шатрын VII наадам болох “Moscow Open” тэмцээнээс манай тамирчин Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртсэн. 15 настайдаа шатрын их мастер цол хүртэж байсан Б.Мөнгөнтуул маань өчигдөр эх орондоо ирлээ. Аян замын алжаалаа тайлахаар гэртээ амарч байхад нь түүнд баярын мэндчилгээ хүргэхээр утас цохисон юм.

Sunday, January 23, 2011

Чингис хаан – Кино од

“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг монгол кино бий. Тэгвэл 1950 онд бүтээсэн “Genghis Khan” киног хамгийн анхных гэж үздэг юм байна. Үүний дараа буюу 1951 онд “Чингис хааны алтан орд” кино гарч, 1952 онд Туркийн "The Red Plume" буюу “Улаан өд” нэртэй Чингис хааны тхай өгүүлсэн хар цагаан кино дэлгэцнээ амилжээ. Харин 1959 онд “ King of the Mongols” буюу “Монголын хаан”, “Чингис хаан болон түүний эзэнт гүрэн” зэрэг кино мэндэлсэн бол 1962 онд Спаничуудын бүтээсэн “Чингис хаан” кино мэндэлсэн байна. Чингис хааны тухай бүтээсэн олон арван кино байдгаас хамгийн сүүлчийнх нв д гарах 2013 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Tuesday, November 23, 2010

Цаг хугацаа ба "Бэнжамин Баттон"

Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болохыг та бодож байсан уу. Тэгвэл бидний дэргэд, огт өөр цаг хугацаанд амьдарч буй хүний тухай өгүүлсэн киноны талаар би энд ярих гэж байна. Энэ бол F. Scott Fitzgerald-ий зохиолоор бүтээгдсэн "Бэнжамин Баттон" нэртэй кино билээ.

Friday, July 9, 2010

Шинэ “салхит шувуу” ирлээ

Италийн алдарт “Ла Скала” театрт гоцолно гэдэг хүн бүхэнд тохиодоггүй аз” гэж балетчид ярьдаг. Тэгвэл Д.Алтанхуяг хэмээх 28 настай залуу дэлхийн шилдэг 10 балетчний тоонд орж, Ла Скала театрын тайзнаа бүжсэн нэгэн билээ. Түүнийг бид Монголын хамгийн залуу гавьяат гэдгээр нь мэдэх юм. Тэрбээр Нью-Йоркийн төв театр болох “Бостон балет”-д гэрээт бүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд хотын даргын урилгаар эх орондоо ирлээ. Даруухан, яриандаа таарамгүй дээгүүр харцтай, цэмцгэр залуугийн энгэрт “цоо шинэ” Хангарьд одон гялалзаж байлаа. 




Tuesday, June 29, 2010

Хөгжмийн утас амраадаггүй ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН

Хүн төрөлхтөн хөгжмөөр дамжуулан байгальтай холбогддог тухай домог гэмээр яриа сэтгэл эзэмдэхэд өвсний сэрчигнээ, горхины хоржигноог хөгжим шиг төсөөлдөг над шиг хүн хэчнээн олон гээч. Тиймдээ ч монголчууд бид байгаль эхтэй хүйн холбоотой хэмээн ярьдаг биз. Энэ бүхнийг гэрчлэхээр “Туурайн төвөргөөн” нэртэй олон улсын хөгжмийн наадамд нэгдсэн минь энэ... 

Tuesday, June 8, 2010

Орчин цагийн үлгэр

Эртээ урьдын цагт гэж эхэлдэг үлгэр сонсож өссөн бид шинэ үеийн үлгэрийн тухай огт сонсож байгаагүй ээ.

Monday, May 24, 2010

Ц.Сумъяахүү: Японы хөгжил Манга-наас хамаардаг

Японы хөгжил Манга-наас хамаардаг гэсэн яриа сонсоод Монголын манга сонирхогч охид, залуустай уулзсан юм. Тэдний ярианаас манга хүний төлөвшилд нөлөөлдөг тухай олж мэдэв. Ингээд би Монголын анхны манганы ном зурсан 21 настай Ц.Сумъяахүүтэй танилцлаа. Тэрбээр Соёл эрдэм сургуулийн япон хэлний орчуулагчийн ангийн оюутан бөгөөд 17 настайдаа “Тулгуур зүрх” номынхоо зохиолыг бодож олжээ. “Дэлхий даяар манга сонирхдог. Манга зурснаар зорилгодоо тууштай ханддаг болдог” гэж бидний яриа эхэлсэн юм.



Saturday, May 22, 2010

Амай: Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь



69 орноор аялахад дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж ярихыг хүссэнгүй. Харин, “Би бүх газрын тухай бичиж, тэмдэглэхийг хүсээгүй ээ. Миний очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэр бүхнийг өөр монгол залуу нээгээсэй гэж хүсэж байна. Би ганцаараа аялаад, бүх улс орныг дуусгачихаж болохгүй ш дээ гэж бодсон” гэж ярьж байлаа. Амай Монголд ирээд, анх удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ…