Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, July 1, 2013

Сонгодог урлагийн “нялх” одод

  • Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урслаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аяллынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан.




Saturday, June 22, 2013

СӨРӨГ




 Би сөрөг. Гэрлийн нөмөр дэх сэрүүхэн хар өнгө, сүйт бүсгүйн гэвлүүрийн цаана нуугдсан анхны хайрын шарх мэт байдаг л нэгэн сөрөг үзэгдэл. Нэмэх цэнэгийг цаг ямагт татсаар байдаг хасах тэмдэг. Эерэг хандлагад тэмүүлэгч бүхний айдас мэт тийм халгам, тийм сөрөг үелзэл, би. Амьсгал минь бусдынхаас ч дулаан, амь бие минь ердийнхөөс ч халуун. Маргаашийн төлөө өнөөдрийг золиослох нүд нь улайрсан этгээд эр зориг хийгээд хувь тавиландаа эргэлзэх хөгийн айдас надад үгүй. Түрхэн зуурын ов мэхээс ч илүү түрэмгийлэл надад илүү таалагддаг. Тоос болох жам ёсыг тоолох мөнгөнөөс дээгүүрт тавьдаг, энэ цагийн тэнэг иргэн. Сүүдэр, гэрлээр сүлсэн бидний жижигхэн дэлхийд гэрлийн хурд, хэмнэлийг гаргаж томьёолсон атлаа харанхуй бүүдгэр үзэгдлийг үгүйсгэлгүй орхисон нь санаандгүй хэрэг биш гэлтэй. Учир нь хүмүүс чулууг хүртэл зэвсэг болгочихдог хар хорын сэтгэлийг дотроо тээж өсдөг юм. Гэхдээ хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тийм гэнэн агаад хүчит эрчмийг ялгаруулахдаа тааруухан. Тиймээс л дотроос нь байн байн цухалзсаар буй сөрөг хандлагынхаа эсрэг тэмцэж, тэр тэмцлийн дундаас гэгээг нь тас зуурч үлддэг бололтой. Улс, үндэстэн даяараа сайн сайханд зорих сонгодог арга энэ юм.

Thursday, June 13, 2013

З.АЛТАНГЭРЭЛ: БОР БОРХОН МАНХАН ДЭЭР БОДОЛ МИНЬ ЭРГЭЛДЭЖ БАЙНА



  • “Сувдан сондор 8” аяллын үеэр говийн ноён хутагтын, долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл гэдэг хүнтэй нүүр учрах боломж олдсон тухай “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-дээ дурдсан билээ. Тэгвэл таны өмнө соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэлийн яриа дэлгээтэй байна. Түүнтэй ярилцах боломж нээлттэй байсан ч Алтангэрэл ахын амгалан, даруу байдлаас нь сүрдээд ч гэх үү нэг л халгаад байв. Учир нь Говийн ноён хутагтын V дүр болох Д.Данзанравжаа таалал төгссөнөөс хойш тахилчийн удам одоо хэр нь тасраагүй байгаа нь монголчуудын нэг бахархал билээ. Түүнд ойртох тусам улам л хайр төрж байснаа нуух юун. Тиймээс ярилцлага маань нэг дор суугаад ярьчихсан асуулт, хариулт бус бага багаар тэмдэглэж явсан үүх түүх болоод хууч яриа, сэтгэл хөдлөлийн цуглуулга байх нь магад.

Wednesday, June 12, 2013

Б.Цацрал: Тайзан дээр сөгдөж суугаад л, хэвтээд л гитарддаг байлаа

 “Мэднесс” хамтлагийн “Colors of us” цомогтой хамт энэ өдрийг эхлүүллээ. Өчигдөрхөн хэвлэлтээс ирсэн энэ цомогт танил юм шиг аялгуутай хэрнээ цоо шинэ бүтээлүүд бий. Яг одоо би “Цэл залуухан моддын доор дурлалт хосууд тэврэлдэн, үнсэлцэнэ. Зун цаг” гээд л дуулж байна. Энэ бол Б.Цацралын зохиосон шинэ ая.
16 жил “Нисванис”-ийн гоцлол гитарчин байсан энэ хүн “Мэднесс” хамтлагт нэгдээд бүтэн жил өнгөрчихжээ. Юу түүнийг өөр хэмнэл рүү “урвуулсныг” мэдэх гэсэн хүсэл маань намайг Б.Цацрал руу хөтлөв. Бас энэ сарын 22-нд “I loft function house”-д болох “Мэднесс” хамтлагийн тоглолтын талаар шалгаах зүйл ч байсан юм. Ярилцлагын эзэн маань тоглолтондоо бэлтгээд тун завгүй байлаа.

Monday, June 10, 2013

Домог, хуучинд хучигдсан Мөнхийн цохио


“Судван сондор 8” аяллын тухай өгүүлэх “Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл”-ийн үргэлжлэл болгон энэхүү нийтлэлээ бичиж сууна. Аяллын тав дахь өдөр бид “Суварган цохио” хэмээх хадны энгэрт буудалласан юм. Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших энэ цохиог нутгийнхан нь Хайрхан цохио хэмээн цээрлэн дууддаг. Аяллын багт маань хөтөч болсон Хатанбулаг сум болон Сулинхээр багийн Иргэдийн хурлын төлөөлөгч Айлхүүгийн Баярсайхантай цөөн хором ярилцлаа. Тэрбээр уул уурхайн компаниудтай чадлынхаа хэрээр тэмцдэг нэгэн болохыг нутгийн иргэд ярьсан юм.

Friday, June 7, 2013

Буйлсны үнэртэй салхинаа сондор хэлхсэн тэмдэглэл



Буйлс цэцэглэх чөлөөнөөр “Сувдан сондор” аяллын баг маань Дорноговь аймагт хөл тавьсан юм. Буйлсны үнэр салхиар түгэх нь ямар гайхалтай байв аа. Байгалийн энэ үнэрийг ямар ч сүрчигтэй адилтгамаар юм бэ дээ. Дэлбээгээ нээгээд тавхан хоногийн дараа бутран хийсдэг тэр гайхам, анхил үнэрийг цээжиндээ хадгалж үлдээхийг ямар их хүссэн гээч. Үгэнд хэрэв үнэр дайж болдогсон бол уншигч таны дэлгэсэн энэ хуудас бүхэл зуны турш таныг сэрүүцүүлэх байсан нь магад. Гэхдээ тайлбарлаж чадахгүй ч гэлээ ахин дахин яриад л баймаар тэр үнэрийг би “Сувдан сондор” гэдэг үгтэй хамт ой тоондоо шингээлээ. Хэзээ нэгтээ та Дорноговьд зочлохоор болбол буйлсны үнэрт заавал саатаарай. 

Энэ зургийг Нипонь би өөрөө дарсан бөлгөө :P
 

Saturday, June 1, 2013

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст

Өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст
Талстууд ихэвчлэн маш олон өнцөгтэй байдаг тул хэдэн талтайг нь тоолж байсангүй. Ямартаа ч талст талст хэвээрээ байхдаа л үнэтэй. Тэгвэл энэ этгээд дүрстэй адилтгаж болмоор нэгэн эмэгтэйг “Дээжис” сэтгүүлийнхээ ярилцлагад урилаа. Энэ бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. “Pro sounds” студийн зөөлөн хар буйдан дээр тухлангаа дуучин бүсгүйн өмссөн гоёмсог даашинз, урт түрийтэй өндөр өсгийтөд нь нүдээ унагаж байхад минь тэр өөрийн тоглолтын талаар ярьж байв. Жимс идэж суугаа дуучин Алтаа миний мэдэхээс өөр болчихсон юм шиг санагдсан л даа. Нөгөөтэйгүүр олонд дасал болоогүй дүр төрхийг нь би харсан гэж хэлж болох л юм. Ер нь Алтаа гэдэг хүнийг яг таг тодорхойлох хэцүү л дээ. Би л гэхэд өдий хэр нь түүнийг ямар имижтэй, аль жанрт илүү дуртайг мэддэггүй юм. “Намайг эзэмдэх миний сэтгэл” зэрэг дуунуудаараа эрос нэр авч, “Эстрадын хатан хаан” уралдаанаас хоёрдугаар байр хүртээд л... Тэгснээ Өвөрмонголд очиж этник дууны тэмцээнд түрүүлсэн. Дараа нь “Мандах нар”, “Гангар шаазан” зэрэг ардын дуунуудыг энэ цаг үед авчирлаа. Монголын поп дива хэмээх эрхэм сайхан алдартай ч болов. Ерөөс л Алтаа гэдэг хүнийг урлагийн хүн гэдгээс өөрөөр, аль нэг хэлбэр дүрсэнд хувирган тайлбарлах амаргүй юм. Зүгээр л өнцөг нь үл тоологдох, өөр нэгэн талст гэж нэрлэе.

Monday, May 6, 2013

РЕКЛАМ

"Монгол контент" ХХК-иас ухаалаг төхөөрөмжинд зориулан эрхлэн гаргадаг "ДЭЭЖИС" дижитал сэтгүүлд нэгдлээ. Энэ сэтгүүлд би өөрийн блогтоо нийтлэхгүй сайхан материалуудыг нийтлэх тул блогийн эрхэм уншигчид минь Play store-оос үнэгүй татан аваарай. Интернэтгүй үед нээгээд, уншиж болдог болохоор бүүр ч гоё :)


Sunday, May 5, 2013

Миа Фарроу

Энэ нэр тийм ч танил нэр биш. Гэхдээ Миа гэдэг нэрийг сюрралист уран бүтээлч Сальвадор Далигийн цорын ганц сайн найз гэдгээр нь хүмүүс андахгүй. Эсвэл “My Way” дуугаараа алдаршсан цэнхэр нүдэн Франк Синтратай гэрлэж явсан түүх нь түүнийг улам ч алдартай болгодог. Миа энэ л хоёр гайхамшигтай эрийн нөмөрт амьдрахдаа хурц үнэртэй дуугүй цэцэг мэт аж төрж байв. Түүнийг жинхэнэ амьд домог гэдгээр өөрөөр тайлбарлавал дутуу үнэлсэн болох байх. Биднээс өмнө амьдарч байсан мэт санагддаг гайхамшигт хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах хувь түүнд тохиосон юм. Өдгөө 68 настай тэрбээр дуучин, жүжигчин мэргэжлээрээ олны танил болж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 50 гаруй шагнал авч байжээ. Харин одоо тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд л бүх цаг заваа зориулах болжээ.




Saturday, April 27, 2013

Амьдралын чөлөөнөөр

Мансуурам нил хар шөнөөр танихгүй хөлийн чимээ одод шиг л түгдэг сэн. Аль хэдийнэ танил болсон тэр чимээнд түүртээд унтаж чаддаггүй юм. Дөтөлж яваа алхаа ямар гутлынх вэ гэдгийг аньсан нүдэндээ төсөөлнө. Элэгдсэн гутлын чимээ, цоо шинэ өндөр өсгийтийн хөнгөн товшилт. Яг л юм ярьж байгаа мэт тов тодхон алхаатай хүмүүс ч бий. Тэр хүмүүс цонхны минь доор ямар мөр үлдээснийг харах юмсан гэж тэсэлгүй ихээр хүснэ. Орой бүр үүдэнд минь ирж зогсоод, орж ирдэг болох тэр нэгэн алхаа ямар байхыг дүрслэхийг хичээнэ. Унтахдаа хөг жим сонсдоггүй шалтгаан минь ердөө л энэ. Тэгээд л үл таних хүмүүсийн алхаа бодол дундуур минь туучихыг анирдсаар үүр цайлгадагсан. Өглөө эрт хөшгөө ярахад ядруухан өндийх нар шиг хув хуучин хүмүүс, яриад яриад дуусмааргүй тийм гүн харцнууд хаа нэг тийшээ яарч явна. Танихгүй хүмүүст би хамгаас дуртай.

Thursday, April 25, 2013

З.БАТБИЛЭГ:ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МААНЬ ЯС МОД САЙТАЙ, ОЛОН НУГАСТАЙ, ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ОНГОЙДОГ



Удам дамжсан уран бүтээлчидтэй ярилцахад үргэлж сонирхолтой байдаг. Учир нь тэд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай ярихдаа хэд хэдэн хүнийг төлөөлдөг билээ. Тэгвэл кино урлагийн талаар гурван хүний өмнөөс ярьж чадах хүнийг өнөөдрийнхөө зочноор урилаа. Тэр бол кино зохиолч Ч.Гомбын ач хүү З.Батбилэг. Бид түүнийг кино найруулагч, сэтгүүлч Г.Золжаргалын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Ер нь “Нэртэй хүний зүстэй хүү” байх амаргүй. Аав нь, өвөө нь хэдийчинээ мундаг байна, хүүгийнх нь шалгуур төдийчинээ өндөрсөнө. Тэр өндөр шалгуурт бүдрэхгүйн тулд, дэргэдээ байгаа тод “од”-ны гэрэлд бүдгэрэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй ч гэдэг. Энэ л жимээр манайхны олон уран бүтээлч алхаж буй. Тэдний нэг нь З.Батбилэг. Тэр ч бас өөрийнхөө дотор буй өөр нэгэн гэрлийг үзэгчдэд харуулахаар зорьж яваа залуу уран бүтээлч билээ.

Saturday, April 13, 2013

БИ Л БАЙЖ ДЭЭ, ХАВАР


 Дэлгээтэй цонхоор бүлээхэн салхи орж ирээд үс хийсгэчихэв. Урт удаан хүйтний дараа байгалийн үнэр түгэх нь хаварсан билүү. Хавар гэдэг үгийн цаана хайр гэдэг үг л дуулдаад байдагсан. Хайр бол үзэсгэлэнт эрвээхэй юм. Хөөцөлдвөл төөрчихнө. Хайр бол эрвээхэйн далавч мэт гоо үзэсгэлэн юм. Хүрвэл үхчихнэ. Эрж бэдрэх үед зугтаад байдаг хэрнээ, санаандгүй байж байтал гэдсэн дотор нисэлдээд байдаг үл үзэгдэх таталцал, түлхэлцлийн хууль юм. Тиймээс л би түүнийг өөрийн болгох гэж шунаглахгүйгээр урагшилж явна. Алхаад л, алхаад л... Заримдаа гүйж, хааяадаа үл хөдөлнө... Гэхдээ юу гээч, цаг хугацаа болоод гариг эрхэсийн уудам зайд үл үзэгдэх хийгээд, үзэсгэлэнтэйгээр харагдах эрвээхэйнүүд намайг тойрон эргэлдсээр байгааг би мэдэрсээр байдаг юм.
Харамсалтай нь нэг л эрвээхэй дурсамжинд минь цор ганцаараа ниссээр байна. Тэр эрвээхэйн харцанд тодордог тэр нэг дулаан өнгө хаа нэгтээд минь шингээд гуниг болчихдогт хачин ихээр дурладаг гэдгээ би хавсарга хайрахад л мэдсэнсэн. Хэзээ байлаа. Хавар л байл уу. Өвөл бүхэн хавраараа үлддэг тэр дулаахан харцыг халамцуу салхи зүүднээс минь хулгайлж аваад, далайд үйчихсэнийг мэдээд хачин ихээр харууссан даа. Тэрнээс хойш би хаврыг олж үзсэнгүй. Ой тойнд минь шингэн үлдсэн чийглэг тэр амьсгалыг үнэрлэсэнгүй.
Хаврыг үнэрлэсэнгүй. Тархины минь өнцөг булан бүрт аж төрөхүй түмэн бодлыг нэг нэгээр нь түгжиж хадгалдаг ч, тэр л эрвээхэйг хорьж дийлээгүй. Тэр бол хаяхаас хайран ч гэлээ хадгалах тусам тээр болж буй дурсамж юм. Бодлогшрол хүмүүсийг дуугүй болгодог бололтой. Би зүгээр л хаврыг хүлээн, чив чимээгүй дохилзон сууна. Ингэж суусаар хэр удсаныг бүү мэд. Тэсрэх хүслээ хав дараад уйлж суусан минь хэд билээ. Өвдсөндөө, эсвэл өширхсөндөө хаврыг өөрөөр харж сурахыг хүчлэвч хүссэн, хүлээсэн тэр минь үлэмж хурдаар алсарна. Хэдий их хүснэ, төдий чинээ холдно.
Дэлгээтэй цонхоор бүлээхэн салхи орж ирээд үс хийсгэхэд би сэрэх шиг болов. Урт удаан хүйтний дараа байгалийн үнэр түгэх нь хаварсан билүү. Аягатай кофегоо шуналтайгаар залгилж, цонхны цаадах хүмүүсийг таньдаг юм шиг харсаар байтал хавар ирчихжээ. “Хавар, хавар” гэж дуу алдах танхил охидын дэргэдүүр амьсгаа даран алхах хөвгүүдийн инээмсэглэл, малгайгаа тоссон жаал хүүгийн горьдсон харц, гутал тосолж суудаг ахын аялдаг дуу, автобусны буудал дээр баян хуур тоглосоор байдаг хөгжимчид нэг л дотно. Толгойд үлдчихсэн дүр төрхнүүд, дуу хоолойнууд, миний ойртох хурдаар надаас холдоод байдаг мөрөөдлүүд хаврын өөдөс. 

Нэлийсэн их цас, тэнгэр хоёрын завсарт хаврыг хүлээж хэвтэхдээ би тэр их эрх чөлөөнд дасаж чадаагүй. Өвлөөс хаврыг, хавраас түүнийг олох л гэж улирч одсон он жилүүдийг ухрааж нэгжсээр хэдэн он улирчээ. Олсонгүй. Нүдэнд нь би өөрийгөө тольдоод, “Хавар” гэж дуу алдсанаа дурсвал түүний харц биш, би л байж шүү дээ, хавар...

Thursday, February 21, 2013

СТИЛИЙН ХУВЬСАЛ: ХАРЛЕМ ШЭЙК



Харлем шэйкийн тухай та сонсов уу. Энэ сарын 2-нд Youtube хуудсанд нэгэн элэг авмаар дүрс бичлэг нийтлэгдсэн юм. Харлем шэйкийг зарлан тунхагласан уг бичлэгийг үзсэн залуус өөр өөрсдийнхөө хувилбарыг тус хуудсанд байршуулсаар байв. 15 хоногийн дотор Youtube хуудсанд Харлем шэйкийн 40.000 хувилбар нийтлэгдсэн байлаа. Эдгээрийн дунд Америкийн “TODAY show”, “The Daily Show” нэвтрүүлгийн бичлэгүүд орж байгаа бөгөөд хамгийн их шуугиан тарьсан нь Норвегийн армийн бүрэлдэхүүн байлаа. Тэдний 34 секундийн бичлэгийг 10 хоногийн дотор 18 сая 390 мянган удаа үзжээ. Энэ галзуу бичлэгүүд нийт 175 сая үзэгчийг дагуулсан байв. 

Манай залуус ч гэсэн дэлхийг инээлгэж буй шинэхэн “галзуурал”-аас хоцорсонгүй. Монгол нэрийн дор 67 Харлем шэйкийн дүрс бичлэг youtube хуудсанд бүртгэгджээ. Гангнам стайлаас хойш ийм олон үзэгчтэй бичлэг гараагүй гэдгийг энд дурдах нь илүүц биз. Ямартай ч Харлем шэйк дэлхий нийтийг “сэгсэрч” байна. 1981 онд үүссэн бүжиг, Baauer-ийн “Харлем шэйк” дуутай нийлж, 2013 оны анхны тэсрэлт болно гэж хэн саналаа. Яг одоо, таныг энэ нийтлэлийг уншиж байхад Baauer-ийн “Харлем шэйк” дуу iTunes чартыг тэргүүлж байна. 

Saturday, February 16, 2013

Зөн

 Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болох талаар та төсөөлж байв уу. Би лав “Бенжамен Баттоны итгэмээргүй түүх” киног үзэж суухдаа цаг хугацааны талаарх бүх дүгнэлтүүдэд итгэхээ больсон юм. Яг одоо төдөн цаг болж байна гэж бодох зуур л электрон цагны алдаатай хамт тоо хувирч, өөр цаг хугацааг заана. Энэ жишгээр л бидний амьдрал мөнхөд үргэлжилдэг. Гэхдээ миний амьдрал огт төсөөлж байгаагүй цаг хугацааны алдаг далд орж байсан удаатай. Өөрийн мэдэлд байсан цаг хугацаанаас баахныг үрэн таран хийснийхээ дараа би гэнэтхэн сэрлээ. Яг л зүүднээсээ салах мэт сэрэхэд би аль хэдийнэ өөр хүн болчихсон байсан. Магад зүүд шиг он жилүүдийг амьдралаасаа хасчихвал би 19 настай.
19 наснаас хойших амьдралаа эрсээр байгаа би нэг л өөр бол чихсон гэдгээ мэдэрч байсан нь цөөнг үй. Тийм тод, хурц мэдрэм жид эзэм дүүлэх сайхан байгаагүй ээ. Зү гээр л хэвэндээ орчих байх гэсэн найдвар л намайг хөдөлгөж байлаа. Хэвэндээ орохыг л хүснэ. Гэхдээ хэв гэж юу болохыг, миний хэв ямар хуу гэдгийг мэдэхгүй тул яаж ч ху вирч өөрчлөгдсөн би гэдэг хоёрхон үс гээр л өөрийгөө төсөөлөх болов. Нэ гэн өдөр, зүүдэндээ би толь руу ха раад зогсож байлаа. Толины тусгалд урт хар үстэй эмэгтэй үзэгдэж байв. Яг минийх шиг нүдтэй тэр эгч “Чамд сүнс алга” гэж хэлэхэд би цо чоод сэрчихсэн. Тэр айдсыг таягдан хаях гэж нэлээд хүчилсэн боловч хэд хоног шалтгаангүй халуурсан юмдаг. Тэгээд л ээждээ үнэнээ илч лэх гэж “Ээж ээ, надад миний нэг юм дутуу байна” гэж хэлээд загнуу лав. Мэдээж 20 жилийн туршид бүх нээ зориулж өсгөсөн охин нь хоёрхон хоногт ийм хачин зан гаргаж байгааг ямар ч ээж ойлгохгүй биз дээ. Харин долоо хоногийн дараа би харь газрын “Макдоналдс”-д шөнө жин шэйк сорж суусан юм даа. Тэр өдөр гэр тээ харих тасалбар авсан гэд гээ мэдсээр байж яагаад танихгүй хүний зан гаргаснаа одоо ч ойлгодогг үй юм. Бяцхан охиноо хүний ну тагт сураггүй болсныг мэдсэн ээж минь Багшдаа очиж, хөхөөрөө на майг далласан гэсэн. Аль хэдийнэ 20 гарчихсан хүүхнийг ингэж дал ла сан нь мухар сүсэг мэт. Гэхдээ л түү нээс 10 минутын дараа би буудал даа ирж, ээжтэйгээ холбоо барьсан юм. Хо жим нь ээжийн минь багш “Охинд чинь сүнс алга” гэж хэлснийг би мэдсэн билээ.
Магад үүнийг уншаад танд энгийн зүйлийг эмзгээр хүлээн авсан мэт санагдах байх. Гэхдээ өөрийн нүдээр үзэхээс нааш итгэмээр гүй тийм зүйлсэд би итгэхгүй байж чаддаггүй юм. Үлгэрт итгэж өссөн бага нас минь намайг бүх зүйлд ит гэхийг шаарддаг. Өвөө маань ми ний сонсож өссөн үлгэрүүдийг нү дээр үзсэн бөгөөд тэн хагасыг нь ном болгон хавтасласан нь бий. Дар хан Гэндэнгийн урласан ганц ч хадаасгүй оньсон байшин, 50 км зайд тодхон сонсогддог бүрээн дуу, өв лийн шөнөөр сагсайтлаа ургасан нүц гэн моддын тухай сонсох бүр тээ догдолдогсон. Бас аавын орчуулж өгдөг төвд судрууд, хутагт ху вилгаадын гоц амьдралын түүх. Өдий хүртэл итгэж биширч явсан бүхэн минь жинхэнэ гайхам шиг. Жин хэнэ гайхамшиг дунд би амьдарч явна. Хамгийн сүүлд Энэтхэгт сурч байгаад ирсэн дүү минь цэ рэгт явахдаа шонгийн модны дайтай ган төмрийг эсгийгээр зүлгэсээр байгаад зүү хийж байсан уйгагүй хүмүүсийн талаар ярьж билээ. Тийм ээ, жин хэнэ гайхамшгийн дунд би аж төрдөг. Энэ итгэл үнэмшил үнэндээ миний зөн юм.
Итгэмээргүй зүйлс амьдралд олон бий. Гэхдээ зөн биднийг дотоод ертөнц рүү минь залсаар байдаг билээ. Үүнийг бас төөрөгдөл болгон хүлээж авах нь ч олон. Үнэн дээ, бид ний дотор юу нуугдан байна, бид тийм зүйлсийг л зөгнөж, түүн дотроо төөрөлддөг билээ.

Monday, January 28, 2013

Б.Ариунаа: Цаасан хуйлмал гадных биш ээ, манай "Хөрстийн хуймаг"


Tuesday, January 8, 2013

ПОПЫН ЦЭЛ ЗАЛУУХАН “ЭМ БАР” ЛАНА ДЕЛ РЕЙ



 Далайн түлхэлт мэт хүчирхэг хоолойтой Лана Дел Рей. Түүний дуу нууцлаг, гүн гүнзгий рүү хөтлөх ховс мэт. Зузаан уруул, хар будгаар хүрээлсэн нүд, тавиад оны гламур стилийг санагдуулам өнгө төрх түүнд ямар сайхан зохидог гээч. Бас түүний биеэ авч явах байдал нь эрх танхи хэрнээ биеэ даасан ихэмсэг шинжтэй. Ингээд ярих юм бол Ланаг бүрэн төгс илэрхийлэхийн тулд олон зүйл нурших болох нь.
Түүний “Born to die” дуу “Billboard”- ийг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж, “Vogue” сэтгүүлд түүнийг попын цэл залуухан "эм бар" хэмээн бичиж байсан нь саяхан. Түүгээр ч үл барам 2012 оны хамгийн их google-дүүлсэн эмэгтэйгээр Лана тодроход хүмүүс түүнийг өмнөхөөсөө ч илүү анзаарч эхэлсэн юм. 

Monday, January 7, 2013

АЛЕК БОЛДУИН: ЧИХЭРНЭЭС “САЛААД” ЖИЛИЙН ДОТОР 35 КГ ЖИН ХАЯСАН


                            Ярилцлагад маань тавтай морил, үзэгчид ээ. Миний өнөөдрийн зочин илэн далангүй, хөгжилтэй, либерал үзэлтэн, Бүгд найрамдах Алек Болдуин. Бид бие биенээ эртнээс мэдэх ч ярилцлагын танхимд уулзаж байсан удаагүй билээ. Түүнийг бид 2006 онд гарч байсан “30 рок” шоуны Жак Донагийн дүрээр илүү сайн мэдэх юм.















Saturday, January 5, 2013

Б.БАЯСГАЛАН: ҮРГЭЛЖИД УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ


Бямбын ярилцлагын маань зочин Батсуурийн Баясгалан. Надад хачин дотно санагддаг энэ нэрийг зарим нь дуулаагүй яваа. Гэхдээ орчуулгын номонд дурлагсад, утга зохиолд шимтэгчид түүнийг андахгүй. Би түүний олон сайхан орчуулгад уусаж “Дараа өдрийн тэмдэглэл” блогт нь шөнөжин өнждөг хүмүүсийн нэг. Б.Баясгалан гэртээ бүгж, орчуулга хийдэг бүрэг нэгэн, өөрийнхөө бүхий л хашгирааныг орчуулгадаа шингээдэг гэмээр санагддаг. Цаанаа л нэг амьтай бичлэгүүдийг нь унших тоолондоо түүнийг нэг ч сул үг унагадагүй чанга эмэгтэй гэж төсөөлдөг байлаа. Харин уулзмагцаа түүнийг өөрийгөө авч үлдэх л гэж нийгмийн амьдралыг сөрж зогсоо энгийн нэгэн гэдгийг нь олж мэдэв. Өөрийгөө өндгөндөө өтөлсөн ангаахай гэж тодорхойлсон тэрбээр гадаад ертөнцөд өөрийг нь юу хүлээж байгаа бол гэхээс үнэн голоосоо эмээдэг байж ч мэднэ. Ямартаа ч би түүнийг уншигчийн хувиар хүндэтгэдэг. Хамгийн гол нь түүний орчуулгын өнгө. Хэдхэн үгэнд багтаагаад дүрсэлчихэж боломгүй тийм л гүн өнгөтэй орчуулга нь намайг хөглөдөг.