Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, December 30, 2010

Жаргалсайхан: Цасан охид маань хөгшрөөд байна ш дээ.

“Цас орохоор л өвлийн өвөөг хүлээгээд эхэлдэг байсан” хэмээн гавъяат жүжигчин Жаргалсайхан ярьж байна. Цагаан сахал, мөсөн таягтай өвөөгийн төсөөлөл одоо Жаргалсайхан гэдэг хүний дүрээр өмнө минь сууж байна. Тэрбээр цас мөсний орноос шинэ жилийн бэлэг тараахаар ирсэн тул зав чөлөө тун багатай. Шинэ жилийн их ажлынх нь хажуугаар түүнтэй ийнхүү ярилцсан юм.


"Цас орохоор л өвлийн өвөөг хүлээгээд эхэлдэг байсан” хэмээн гавъяат жүжигчин Жаргалсайхан ярьж байна. Цагаан сахал, мөсөн таягтай өвөөгийн төсөөлөл одоо Жаргалсайхан гэдэг хүний дүрээр өмнө минь сууж байна. Тэрбээр цас мөсний орноос шинэ жилийн бэлэг тараахаар ирсэн тул зав чөлөө тун багатай. Шинэ жилийн их ажлынх нь хажуугаар түүнтэй ийнхүү ярилцсан юм.

Sunday, December 12, 2010

Жүжигчин Уранчимэг: Сэтгэлийн гоо сайхан нь л Эсмеральдаг илүү үзэсгэлэнтэй болгосон

PLAY ME сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлага. "Парисийн дарь эхийн сүм" жүжиг нээлтээ хийхээс өмнөхөн...
 
Жүжигчин Урнаа… Буржгар үс, ягаан цув. Бодлогоширонгуй хэрнээ гэнэн харц. Хэзээ ч юм төсөөлөлд минь байсан тэр л Эсмеральда. Нүдээрээ "Яагаад" гэж асуух шиг цоо ширтэнэ. Харцаараа шатаана... Биеэрээ ярих чадвар урлагийн хүнд л байдаг бололтой. Гэхдээ тэр өөр өө. Цаанаа л нэг донжтой... 

Жүжигчин Урнаатай ялилцах л гэж гурван хоног Драмын театрыг зүглэхдээ театрын цаг наргүй ажлын багахан хэсгийг биеэрээ мэдэрсэн билээ. Жүжгийн бэлтгэл, клипний зураг авалт, бүжиг дэглэлт, хувцас оюулах зэрэг ар араасаа цуварсан их ажлын дундуур бидний яриа ийнхүү өрнөсөн юм.

-Цыган эмэгтэй байх ямар санагдаж байна?
-Чинжаал, дашмаг гээд л хэрэгтэй бүх юмаа бүсэндээ зүүгээд явна даа. Тэр олон юмтай бүжиглэх их хэцүү. Хамаг биеийг минь доош татах шиг л болдог. Гэхдээ энэ бол Эсмеральдагийн амьдрал.

Tuesday, November 23, 2010

Цаг хугацаа ба "Бэнжамин Баттон"

Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болохыг та бодож байсан уу. Тэгвэл бидний дэргэд, огт өөр цаг хугацаанд амьдарч буй хүний тухай өгүүлсэн киноны талаар би энд ярих гэж байна. Энэ бол F. Scott Fitzgerald-ий зохиолоор бүтээгдсэн "Бэнжамин Баттон" нэртэй кино билээ.

Friday, July 9, 2010

Шинэ “салхит шувуу” ирлээ

Италийн алдарт “Ла Скала” театрт гоцолно гэдэг хүн бүхэнд тохиодоггүй аз” гэж балетчид ярьдаг. Тэгвэл Д.Алтанхуяг хэмээх 28 настай залуу дэлхийн шилдэг 10 балетчний тоонд орж, Ла Скала театрын тайзнаа бүжсэн нэгэн билээ. Түүнийг бид Монголын хамгийн залуу гавьяат гэдгээр нь мэдэх юм. Тэрбээр Нью-Йоркийн төв театр болох “Бостон балет”-д гэрээт бүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд хотын даргын урилгаар эх орондоо ирлээ. Даруухан, яриандаа таарамгүй дээгүүр харцтай, цэмцгэр залуугийн энгэрт “цоо шинэ” Хангарьд одон гялалзаж байлаа. 




Tuesday, June 29, 2010

Хөгжмийн утас амраадаггүй ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН

Хүн төрөлхтөн хөгжмөөр дамжуулан байгальтай холбогддог тухай домог гэмээр яриа сэтгэл эзэмдэхэд өвсний сэрчигнээ, горхины хоржигноог хөгжим шиг төсөөлдөг над шиг хүн хэчнээн олон гээч. Тиймдээ ч монголчууд бид байгаль эхтэй хүйн холбоотой хэмээн ярьдаг биз. Энэ бүхнийг гэрчлэхээр “Туурайн төвөргөөн” нэртэй олон улсын хөгжмийн наадамд нэгдсэн минь энэ... 

Monday, June 28, 2010

"Дэлхийн цээжнээ орших элгэн нутгийн гийчид"



"Туурайн төвөргөөн" олон улсын шинэ хөгжмийн наадмаар овоглосон аялагчид Хэнтий аймаг, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон рашаан гэсэн чиглэлээр явж, тав хоногийн турш хөгжимдөөд ирлээ. ХБНГУ, Бельги, Дольш, Индонез, Швейцарь орноос ирсэн хөгжимчид 39 хэмийн халуунд хөгжим тоглож, шинэ аялгуу "сэдэж" байгаа нь урлаг гэгч хаа нэгтээгээс ундардаг болохыг сануулна. Тиймдээ ч тус наадмын зохион байгуулагчид “Морин туурайгаар дэлхийн талыг бөмбөрдөж байсан монголчууд хөгжмийн эгшигээр байгаль дэлхийг бөмбөрдөх цаг болжээ” хэмээн ярих нь бий.

Tuesday, June 8, 2010

Орчин цагийн үлгэр

Эртээ урьдын цагт гэж эхэлдэг үлгэр сонсож өссөн бид шинэ үеийн үлгэрийн тухай огт сонсож байгаагүй ээ.

Tuesday, May 25, 2010

П.Одгэрэл: Энэ тэмцээнийг би уран бүтээл гэж нэрлэмээр байна


“Universe Best songs” нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэл өмнө минь сууж байна. Өнөөдөр бусдаас онцгойрч, эрч хүчтэй харагдахыг хүссэн болохоороо улаан өнгийг сонгосон гэнэ. Түүний өмссөн улаан корсет этгээд загварын гоёмсог ээмэгтэй нь хэрхэн хосолж байгааг ажиж суухдаа өчигдөр орой мэдээ уншиж байгаа  костьюмтай, албархуу төрхийг нь бодлоо. Одгэрэл “Би дүр төрхөө өөрчлөх дуртай шигээ дотоод ертөнцөө ч бас өөрчилж сурсан хүн байх аа” гэж ярьж байлаа.

Э.Балжинням: Сүхбаатарын талбайд ч хөлбөмбөгийн дэлгэц байрлуулахыг үгүй гэхгүй

Бэлтгэлийн хувцас өмссөн нуруулаг хүнийг хараад шууд л хөлбөмбөг тайлбарлагч Балжинням мөн болохыг танив. ТВ9 сувгаар шөнөжин хөлбөмбөг “ярьж” суудаг энэ хүн арваадхан хоногийн дараа болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг С1 телевизээр шууд тайлбарлан, дамжуулах юм. Түүнтэй хөлбөмбөгийн талаар хөөрөлдлөө...

Monday, May 24, 2010

Ц.Сумъяахүү: Японы хөгжил Манга-наас хамаардаг

Японы хөгжил Манга-наас хамаардаг гэсэн яриа сонсоод Монголын манга сонирхогч охид, залуустай уулзсан юм. Тэдний ярианаас манга хүний төлөвшилд нөлөөлдөг тухай олж мэдэв. Ингээд би Монголын анхны манганы ном зурсан 21 настай Ц.Сумъяахүүтэй танилцлаа. Тэрбээр Соёл эрдэм сургуулийн япон хэлний орчуулагчийн ангийн оюутан бөгөөд 17 настайдаа “Тулгуур зүрх” номынхоо зохиолыг бодож олжээ. “Дэлхий даяар манга сонирхдог. Манга зурснаар зорилгодоо тууштай ханддаг болдог” гэж бидний яриа эхэлсэн юм.



Saturday, May 22, 2010

Амай: Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь



69 орноор аялахад дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж ярихыг хүссэнгүй. Харин, “Би бүх газрын тухай бичиж, тэмдэглэхийг хүсээгүй ээ. Миний очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэр бүхнийг өөр монгол залуу нээгээсэй гэж хүсэж байна. Би ганцаараа аялаад, бүх улс орныг дуусгачихаж болохгүй ш дээ гэж бодсон” гэж ярьж байлаа. Амай Монголд ирээд, анх удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ…
 

Wednesday, May 12, 2010

Амайгийн эх орондоо ирэх болсон зургаан шалтгаан



Дэлхийг тойрох аялалд гарсан Амай эх нутагтаа хөл тавилаа. 2005 оны арваннэгдүгээр сард хилийн дээс алхсан тэрбээр дөрвөн жил зургаан сарын турш 69 орноор аялсны эцэст өчигдөр Монголдоо ирлээ. Амай аян замын тэмдэглэл хөтөлж байсан тул түүнтэй хамт дэлхийг тойрсон уншигчид бий. Тэгвэл Амай хамгийн сүүлд блог дээрээ “Би Монгол руу гарахдаа бүх мөнгөө төгрөгөөр солиулаад, хэтэвчиндээ нэг юань үлдээсэн. Дээр нь “миний аяллын хамгийн сүүлчийн гадаад мөнгө” гэж бичээд, хадгална хэмээн бичжээ. Амайгаас ярилцлага авах гэж хамт яваа найзтай нь утсаар холбогдсон боловч утасны сүлжээ унаад байсан тул бидний яриа тасарлаа. Тэд одоо Сайншандад яваа. Амай одоо эх орныхоо өнцөг булан бүрт аяллаа үргэлжлүүлэхээр зэхээд байна.Тиймдээ л энэ бямба гаригт нийслэлийн төв талбайд айлчлах нь хойшлогдсон. Энэ талаар зохион байгуулагч Б.Тодролоос лавласан юм.

Thursday, April 22, 2010

Г.Намсрайноров: Миний зорилго дан өгсүүр замтай

“Холын шувуугаар үгээ дайлаа
Хонгор чамд минь дуулан жиргэж хүргээ юм болвуу” гэсэн танил аялгууг телевизээр олон удаа сонсоод дуучин Г.Намсрайновров бие даасан тоглолтоо хийх нь гэж таамагласан юм. Үнэхээр энэ таамаг маань оновчтой байсан бөгөөд тэрбээр энэ сарын 10-нд Бөхийн өргөөний тайзнаас үзэгчидтэй уулзах гэнэ. Тиймдээ л энэ дууг амьлуулсан уран бүтээлчтэй уулзахаар бөхийн өргөөний зүг алхлаа. Бөхийн өргөөний дэргэдэх шар өнгөтэй гэрт ороход хар парьтотой залуухан эр намайг угтсан нь дуучин Намсрайноров байсан юм. Төв аймгийн Өндөр ширээт сумын уугуул энэ хүн санасныг бодоход залуухан хүн байсан тул ярилцахад ч хялбар байв. Ингэж хэлэх учир нь Намсрайноров намайг  “автомат хариулт”-аар огтхон ч залхаагаагүй билээ. Бидний яриа түүний машинд өрнөсөн юм.


http://resource.news.mn/show/photo/2010/10/758b43447fb1464b/15ceff0fb7b01f87big.jpg

Saturday, April 17, 2010

Эмгэнэлийг эерүүлсэн Монгол заншил буюу "Учиртай гурван толгой"

 

Энд жүжигчин Л.Цогзолмаа гуай, Х.Уртнасан гуай, Д.Жаргалсайхан гуай болон хөгжмийн зохиолч Ц.Лувсаншарав гуай,  найруулагч Эхдэнэбулган ахын ярилцлагууд багтсан байгаа. "Учиртай гурван толгой"-н тухай цуврал ярилцлагууд юм.
 

Wednesday, April 14, 2010

Урьд нь хэзээ ч энд ТӨРӨӨГҮЙ, БАЙГААГҮЙ юм шиг



2010-04-14 17:14

Газар шүргэсэн урт цагаан даашинз тай охин шөнийн хотоор алхаж явааг хараад гайхаж байлаа. Нүд унахгүй байхын аргагүй сайхан д а а ш и н з т а й охи ныг би ингэж анх харсан юм. Түүнийг Мөөнөө гэдэг. “Дэлхийд алдартай Долче Габанна, Диорын загварын ордонд ажиллахаас илүү дуртай хамтлаг, д у у ч д ы н х а а хувцсыг урлах нь сайхан санагддаг” гэж ярихдаа жаахан охин шиг инээмсэглэсэн юм. Хэн ч түүнийг хараад 23 настай гэж хэлэхгүй л болов уу. Учир нь тэр инээмсэглэл шигээ жаахан охины дүртэй билээ. Мөөнөөгийн бодол санаа, уран бүтээлийнх нь хэв маяг бусад дизайнеруудаас нэг л онцгой. Зэрвэсхэн харахад ч нүдэнд өртөх цаанаа л чамин, этгээд загварууд түүнийх. “Өөрийн сонсдог хөгмөө загварууддаа шингээдэг гэхийг” нь сонссоны дараа түүний урласан хувцаснаас ямархан нэг хүчтэй хөгжим мэдрэгдэх шиг болсонсон. Тэр өөрөө ч бүтээлээсээ алгагдах зүйлгүй онцгой нэгэн гэдгийг энд онцолмоор байна. Этгээд хувцаслалт, содон дүр төрх нь түүний эрх чөлөөт амьдралыг улам л чимдэг юм. Мөөнөөг залуу уран бүтээлч гэхээсээ илүүгээр өсөх ирээдүйтэй дизайнер гэж тодорхойлбол онох болов уу…

Мартагдсан “Мadness” Дуу шигээ гоё залуу

Учирсан хосуудын төлөө
Мөнхийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя
Дурласан хосуудын төлөө
Үүрдийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя… Ийм дахилттай дуу аманд өөрийн эрхгүй аялагдаад байх юм. Нэр нь “Шүтээн”. Хуучны мэт санагдах хэрнээ шинэхэн дуу. “Madness”-ээс төрдөг ихэнх аялгуунуудын адил мөн л яруу сайхан дуу. Тайз руу шуурцгаах өч төчнөөн жижиг хамтлаг, дуучдын дунд “Madness”-ийнх шиг тийм яруу уянгалаг дуунууд хэр олон билээ дээ. Үнэндээ бидний хайртай “Madness” мартагдах шахжээ. “Нэг өдөр”, “Хотын гудамж”, “Дурсамж бүсгүй” гэх мэт сайхан дуунуудыг нь бид мартахгүй байх л даа. Харин “Madness”-ыг мартах нь. Тэд хаана, юу хийж явна вэ? Ерөөсөө л “Madness”-ийн яруу дуучтай уулзъя гэж бодлоо. Гэхдээ тийм ч амархан уулзчихсангүй. Багагүй эрэл хайгуулын эцэст олж авсан гар утас руу нь залгах тоолонд “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэдэг үг чих ядраана. Бараг хагас сарын дараа тэр утсаа нээж, бид болзлоо. “Доргио” клубт уулзаад, түүний сонголтоор булангийн хар буйдан дээр сууцгаав. Амьд хөгжмийн тоглолттой клуб болохоор Оюунсайхан энд их ирдэг гэсэн. Тэр машин барьж яваа болохоор цэвэр ус захиалав. Уг нь би түүнийг шар айраг захиалж, “100 татах” байх гэж бодсон юм. Бага зэргийн халаалттайгаар илэн далангүй яриа өрнүүлэх төлөвлөгөө маань ингээд нурлаа. Гэхдээ зүгээр. Хамгийн чухал нь тэр одоо миний өөдөөс хараад сууж байна.

Image

Tuesday, April 13, 2010

Рагу: Монголчууд дууны эффект, цуурайнд дуртай






"Universe best songs 2010" тэмцээний шүүгч Рагутай уулзахаар "Prosound" студид зочиллоо. Ногоон модон хаалга нь их зузаан тул дуу чимээ нэвтрүүлдэггүй гэнэ. Түүнийг "Дэв" киноны дууг бичиж байхад нь очсон минь энэ. Рагу монголоор давгүй ярьчихдаг хэдий ч өөрийгөө буруу илэрхийлэхээс эмээж байгаагаа нуугаагүй юм. Бидний яриа англи, монгол болон дохио зангааны хэлээр ийнхүү үргэлжиллээ. 

Monday, April 12, 2010

“Гэгээн Муза” эзнийхээ гарт хүрмэгцээ гэгээ цацруулан гялалзана

Гэгээн Муза” наадмын ёслолын ажиллагаа эхлэнийн өмнө улаан хивсний ёслол болдог. Энэ үед  уран бүтээлчид үдшийн гоёлоо сонирхуулж, хэний ч дүрд хувиралгүйгээр өөрийгөө “үзүүлдэг” билээ. Тийм ээ, театрын уран бүтээлчид жилдээ ганцхан удаа үзэгчдийн хаалгаар орж байгаа нь энэ. "Театр бол сvм, тайз бол шvтээн” гэсэн үгийг өөрийн эрхгүй дурсаад жилдээ ганц тохиох дэлхийн театрын өдрөөр ариун сүмд зочилсондоо баярлав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө уран бүтээлчидтэй цэнхэр өнгийн коктэйл тулгаж, наадмын талаар яриа өрнүүлэхдээ “Гэгээн Муза наадмын уран бүтээлчид болороор гоёно” гэсэн уриа үгийг бодож толгой сэгсэрсэн минь санаандгүй хэрэг биш ээ. Тэнд болор гоёлоос гадна болор “ундаа” байсан юм. Тиймээс л уран бүтээчиддээ “Өнөөдөр” сониноос, ганцхан асуулт “тулгалаа”...

Friday, April 2, 2010

Б.Галаарид: Хүмүүс намайг их эртний хүн гэж боддог юм

"Гэгээн Муза 2010" - ын цуврал ярилцлагаас

2010-04-02 19:49:22



Сэтгүүлч, зохиолч Б.Галааридаар овоглосон “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг үзээд, “аав”-д нь талархаж суув. Тэгмэгцээ ирээдүйг зөгнөж туурвисан энэ бүтээлийг “бичсэн” хүн элсэн цөлд анхаарлын тэмдэг барьчихсан зогсоо дүр нь сэтгэлд буув. Олон жил нэртэй нь “танил” байсан болоод ч тэр үү, зүгээр л уулзмаар санагдав. Ингэж би хуучны танилтайгаа уулзах гэж байгаа юм шиг “Зууны Мэдээ” сонины зүг яаран алхсан юм. Тэрбээр энэ сонины ерөнхий эрхлэгчийн албыг хашдаг юм.

Wednesday, March 31, 2010

Т.Төгсөө: Монголчууд мюзикл хийсэн гэж ярих болоогүй


1980-аад онд “Хошин урлагийн театрын бүжиг дэглээч” гэж тодотгосон пропусктай нэг хүн байсан нь Т.Төгсөө. Тэрбээр “Парисын дарь эхийн сүм”, “Шар тэнгисийн тарчлаан”  жүжгийн бүжгийг дэглэсэн бөгөөд энэ жүжгээрээ “Гэгээн Муза” наадмын бүжиг дэглээчийн төрөлд нэр дэвшээд байгаа юм. 

Театр судлаач Батсайхан: Театр гэдэг чинь нийлмэл урлаг


Францын Сурбоны их сургуульд “Театр судлаач” мэргэжлээр суралцаж ирээд, эх орондоо ажиллаж байгаа энэ хүнийг Батсайхан гэдэг. Тэрбээр 2006 оноос хойш “Гэгээн Муза”наадмын шүүгчээр ажиллаж байгаа. Түүнтэй Монголын театр урлагийн талаар ярилцлаа.
 


Tuesday, March 30, 2010

Ц.Төмөрбаатар: Бид жүжгийнхээ орчинд үзэгчдийг дагуулж очдог


Хятадын зохиолч Цо Юугийн зохиолоор бүтээсэн энэ жүжгийг “Х Түц” хамтлаг тайзнаа амилуулахдаа, “Манай жүжигт туслах дүр байхгүй, бүгд гол дүр” хэмээн ярьж байсан юм. Үнэхээр л энэ жүжгийн дүр бүхэн “тод” байлаа. Эднээс Жоу Фу Яны дүрийг бүтээсэн Ц.Төмөрбаатар гуайг онцолж цөөн хором ярилцсанаа хүргэе.

Monday, March 29, 2010

“Хунт нуур”-ын тусгал дахь "Хүн-Хунгууд"


Театр шинэ хунтай боллоо. Нэр нь Саруул. Театрынхан түүнийг Оюун агснаас хойших хамгийн уран гартай хун гэлцэнэ. Бас хар хун, цагаан хунд зэрэг тоглож байгаа дөрөв дэх балетчин. Энэ боломж хүссэн балетчин бүрт олддоггүй билээ. Саруулын партнер бол Од. Тэд тайзан дээр ч, амьдрал дээр ч хосууд... Бүжгийн дөртэй болсон эрэгтэй балетчидыг гадаадын театрууд “аваад явчихдаг”. Харин Од монголдоо үлдсэн цөөхөн эрэгтэй балетчидийн нэг. Тиймдээ ч дуурийн театрын сүүлийн үеийн ихэнх балетад гоцлож байгаа. Товчхондоо, Од, Саруул хоёр бол Монголын балетын урлагийн хамгийн шинэ одод. Монголын бүжгэн жүжгийн ханхүү, гүнж хоёртой ярилцлага хийхээр болзсон минь санаандгүй хэрэг биш. Тэд одоо дөнгөж 20, 21 настай хэдий ч дэлхийн бүжгэн жүжгийн гурван ноён оргилын хоёрт нь гоцлоод байна. Зураг авалтын үед бид анх уулзсан юм. Нуурын мандал дээгүүр хөвөх мэт хөнгөн алхаа нь тэднийг балетчин гэдгийг нотлоод өгнө. Саруул дөнгөж төрсөн нялх хүүхдийнхээс ч тунгалаг харцтай. Бүр гайхмаар тунгалаг. Харин Од бол супер залуу. Эр хүний төгс гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон Микеланжелогийн алдарт баримал “Давид” амилаад ирсэн мэт л сэтгэгдэл төрүүлнэ. Тэднийг хармагцаа “Энэ дэлхий дээр чинь хүн-хунгууд амьдардаг юм байна ш дээ” гэж уулга алдав. Тийм ээ, Одын цас шиг цагаан инээмсэглэл, Саруулын зөөлөн “өнгө”-тэй нүд яг л сонгодог урлагт зориулагдсан юм шиг санагдана. Магадгүй сонгодог урлаг тэднийг ийм болгож “өсгөө” биз...

Sunday, March 28, 2010

Эсмеральдагийн зүрх монголоор цохилохыг анирдлаа

“Парисын дарь эхийн сүм”
“Шилдэг тайзны зураач” номинацд нэр дэвшсэн: Т.Ганхуяг
“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацд нэр дэвшсэн: У.Уранчимэг, Г.Отгонцэцэг
“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацд нэр дэвшсэн: Г.Эрхэмбаяр, Г.Амгаланбаатар, С.Болд-Эрдэнэ
 “Парисын дарь эхийн сүм” жүжгийн уран бүтээлчидтэй ярилцах гэж олон хоног Драмын театрыг зүглэхдээ жүжгийн бэлтгэл, зураг авалт, бүжиг дэглэлт, оройн тоглолт зэрэг ар араасаа цуварсан их ажлын дундуур бидний яриа ийнхүү өрнөсөн юм.

 http://itpmmn.files.wordpress.com/2009/10/es1.jpg

Буржгар үс, ягаан цув. Бодлогошронгуй хэрнээ гэнэн харц. Хэзээ ч юм төсөөлөлд минь байсан тэр л Эсмеральдаг У.Уранцэцэг бүтээжээ. Нүдээрээ "Яагаад" гэж асуух шиг цоо ширтэнэ. Харцаараа шатаана... Харин Г.Отгонцэцэг миний огт мэдэхгүй Эсмеральда байлаа. Хүүхдэрхүү инээд,  урин дуудах шиг харц нь намайг тайзны зүг хөтөллөө. Гоо үзэсгэлэнгийн билэгдэл болсон Эсмеральда магад ийм л охин байсан болов уу гэж шүүрс алдмаар гээч... Ингэж би тэс өөр араншинтай хэдий ч Эсмеральдатай тун адилхан хоёр бүсгүйтэй танилцлаа.

Saturday, March 27, 2010

Музагийн “хүүхдүүд” шилдгээ тодрууллаа

“Гэгээн Муза” наадмын ёслолын ажиллагаа эхлэнийн өмнө улаан хивсний ёслол болдог. Энэ үед  уран бүтээлчид үдшийн гоёлоо сонирхуулж, хэний ч дүрд хувиралгүйгээр өөрийгөө “үзүүлдэг” билээ. Тийм ээ, театрын уран бүтээлчид жилдээ ганцхан удаа үзэгчдийн хаалгаар орж байгаа нь энэ. "Театр бол сvм, тайз бол шүтээн” гэсэн үгийг өөрийн эрхгүй дурсаад жилдээ ганц тохиох дэлхийн театрын өдрөөр ариун сүмд зочилсондоо баярлав. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө уран бүтээлчидтэй цэнхэр өнгийн коктэйл тулгаж, наадмын талаар яриа өрнүүлэхдээ “Гэгээн Муза наадмын уран бүтээлчид болороор гоёно” гэсэн уриа үгийг бодож толгой сэгсэрсэн минь санаандгүй хэрэг биш ээ. Тэнд болор гоёлоос гадна болор “ундаа” байсан юм. Тиймээс л уран бүтээчиддээ “Өнөөдөр” сониноос, ганцхан асуулт “тулгалаа”...

Monday, March 22, 2010

Айсуй цахилах “АЯНГЫН БОРОО”


“Х Түц” хамтлагийн бүтээсэн энэхүү эмгэнэлт уян­гын жүжгийн найруулагч Н.Найдан­дорж болон жүжигчин Одон­чимэг Пан Игийн дүрээр, Ц.Төмөрбаатар Жоу Фу Яны дүрээр, Б.Нарансолонго Си Фан Игийн дүрээр, Т.Бархүү  Жоу Пиний,  Л.Баттулга  Лу Гуйн дүрээр, С.Сарантуяа Ши Пиний дүрээр “Гэгээн Муза” наадамд нэр дэвшжээ. Нэг жүжгээс ийм олон уран бүтээлч нэр дэвшиж байгаа нь энэ уран бүтээлийн чанар чансааг илтгэх үзүүлэлт билээ. Хэрэв та энэ жүжгийг үзэж амжаагүй бол энэ сарын 2-нд драмын театрыг зориорой. “Гэгээн Муза” наадамд зориулан дахин нэг удаа тоглох гэж байгаа юм билээ.

Saturday, March 20, 2010

Гэгээн Муза 2009 наадмын зохион байгуулагчид

Д.Цэрэнсамбуу: Театрт үе үеийн төлөөлөл байх ёстой

 “Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагын хэлхээсийг “атгаж” суудаг ажилтай” гэж ярих энэ хүн бол Драмын Эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу. Түүнд маш олон түлхүүр бий. Янз бүрийн цоож онгойлгох хэрэгтэй байдаг тул сүүлдээ “түлхүүр тааруулагч”  болсон гэж ярина лээ. Драмын театрын уран бүтээлчид бүгд өөр өөрийн гэсэн цоожтой гэсэн. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа “Олон янзын араншинтай хүмүүсийг түлхүүрдэж чадвал бид бие биенээ илүү ойлгож, хэн хэндээ чин сэтгэлээсээ хандана шүү дээ” гэсэн юм. Д.Цэрэнсамбуу гуай “Гэгээн Муза” наадмыг санаачлан, зохион байгуулагчдын нэг учир тус наадмын талаар яриагаа эхлүүллээ.

Wednesday, March 17, 2010

“Алиса гайхамшгийн оронд”

“Алиса гайхамшгийн оронд” зохиолоор бүтээсэн олон кино байдаг. Хамгийн анхны кино нь 1903 онд Сесил Хэпуард, Перси Стоу нарын бүтээсэн 10 минут үргэлжилдэг богино хэмжээний дүрслэл билээ. Тэгвэл хамгийн сүүлд “Дисней” студийн найруулагч Тим Бартон шинэчлэн бүтээж, энэ сарын 7-нд үзэгчдийн хүртээл болгосон. Үзэгчдийг гурван жил хүлээлгэсэн энэ кино нээлтээ хийснээсээ хойш ашиг орлогоороо Boxoffice-ийг тэргүүлэх нь гарцаагүй байлаа. Гэхдээ араас нь “жагссан” кинонууд 50 сая доллараар бага үзүүлэлттэй байгаа нь кино ертөнцөд шуугиан дэгдээгээд байгаа юм.

“Boxoffice”-т багтсан бусад есөн киноны ашиг орлогыг нийлүүлээд ч 62 сая долларын үнэд хүрэхгүй байгааг дорх жагсаалтаас харж болно. Сонирхуулахад тус киноны хөзрийн хатны дүрийг найруулагчийн эхнэр Хелена Бонхам бүтээжээ. Харин Жони Деппийн хувьд Тим Бартонтой хамтран бүтээсэн долоо дахь кино болжээ. “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг бичсэн Льюис Керолл зөвхөн математиктай холбоотой бүтээл туурвидаг байсан гэдэг. Гэхдээ Английн хатан хаан түүнийг дуудаж, бүх бүтээлээ авчрахыг шаардах хүртэл шүү дээ. Ингэж тэр математикаас хальж, уран зохиолын ганцхан бүтээл туурвисан нь “Алиса гайхамшгийн оронд” хэмээх гайхалтай бүтээл билээ. Тэрбээр яруу найргийн олон түүвэр хэвлүүлсэн боловч хүн төрөлхтний оюун санаанд хамгийн тод үлдсэн нь Алисагийн аялал юм.

Льюис Керолл гайхамшигт зохиолынхоо санааг хүүхдүүддээ зориулан зохиодог үлгэрээсээ авсан гэдэг. Өрнийн утга зохиол судлалд 100 гаруй жилийн турш энэхүү зохиолын талаар судалж, олон төрлийн онолын санаа гарган дэвшүүлсэн бөгөөд Квантын физик онолыг судалж байгаа хүмүүсийн заавал унших номын жагсаалтад “Алиса гайхамшгийн оронд” ном байдаг юм. Уг номыг 40 жилийн өмнө Д.Алтанхуяг монгол хэлнээ хөрвүүлжээ.

Tuesday, March 16, 2010

Г.Золбоот: Эр хүнийг цаг, бөгж хоёр нь бүрэн дүүрэн харагдуулдаг

  
http://stat.gogo.mn/news/2009/7/9/zolboot-middle.jpg
-Манай “Өнгөт инээд” хамтлагийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл энэ нэр хүндтэй наадамд өрсөлдөж, би өөрөө нэр дэвшсэндээ их баяртай байна. Мөн хамтран ажилласан уран бүтээлчид болон нэр дэвшигчиддээ амжилт хүсье.



Monday, March 15, 2010

"Солиотой жүжиг"-ийн уран бүтээлчид

“Солиотой жүжиг”-ийн дөрвөн уран бүтээлч “Гэгээн Муза” наадамд нэр дэвшжээ.
Тэгвэл эдгээр уран бүтээлчдийн хоёртой ярилцсан юм.


http://www.bolod.mn/Upload/news/erkhembayar666.jpghttp://iti-mongolia.org/Images/2008/Tuvshin.JPG



Sunday, March 14, 2010

Д.Энхдаваа: Гарын үзүүрээр урлах гэж олон жил сурдаг юм


"Гэгээн Муза” наадмын цомыг долоо дахь жилдээ урлаж байгаа Д.Энхдаваатай уулзахаар Дүрслэх урлагийн их сургуулийг зорьлоо. Тэрбээр энэ сургуульд 30 орчим жил багшилж байгаа. Төрийн их тамгыг сийлж, 1500 доллараар мөнгөн аяга худалддаг ч гэсэн багшийн ажлаа орхиж байсан удаагүй. Дарханы урлан ямар үнэртэй байдаг талаарх төсөөлөл маань алх дөшний чимээнд дарагдан замхарлаа. Энхдаваа гуай томоо төмөр сейфнээсээ олон зүйлсийн цуглуулгаа бүхий хайрцаг гарган үзүүлж суух зуур бид ярилцсан юм.

Friday, March 12, 2010

“Гэгээн Муза” наадмын жил жилийн өнгө

“Гэгээн Муза” наадам энэ жил найм дахь удаагаа зохиогдож байгаа. Жил бүр театрын урлагийн “баатрууд”-ыг тодруулдаг энэ наадмын шилдгийн шилдэг уран бүтээлд Гранпри цом олгодог уламжлалтай. Тэгвэл 2003 оноос эхтэй уг наадмын гранпри шагналыг ямар бүтээлүүд хүртэж байсныг сонирхуулья.

Thursday, March 11, 2010

Найруулагч Б.Баатар: Мөнгө олохын тулд үзэгчдийг татах хэрэгтэй ш дээ

 “Эхнэрээ зээлээч” жүжгээрээ “Гэгээн Муза” наадамд нэр дэвшиж байгаа найруулагч Баатартай уулзлаа. Түүний бие тааруу байсан тул гэрт нь очиж ярилцахаар болов. Халуурч байсан хэдий ч орноосоо өндийгөөд нарийхан урт тамхи гарган, асаалаа. Эхнэрийнх нь хийж өгсөн хар кофег оочингоо бид ийнхүү ярилцав.
 
http://farm3.static.flickr.com/2439/3637731916_436d1b2446.jpghttp://stat.gogo.mn/news/2009/6/16/baatar120070527-middle.jpg

Wednesday, March 10, 2010

Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс - “Шар тэнгисийн тарчлаан”


Найруулагч Б.Мөнхдоржийг би “Үлэмжинй чанар”, “Харц хатан” жүжгээр нь эчнээ таних юм. Тэрбээр хамгийн сүүлд хүн төрөлхтөнд “заналхийлж” буй цөлжилтийн тухай өгүүлэх “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжгийг найруулсан билээ. Энэ бүтээл түүнийг “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлсэн. Энэ жүжигт элсийг шар тэнгис гэж нэрлээд, хэрхэн тарчилж байгаа тухай өгүүлдэг. Дэндүү хийсвэр санагдаж байгаа биз. Гэхдээ л  энэ хийсвэр бодлыг найруулагч Б.Мөнхдорж тайзнаа амилуулсан юм даа.

Н.Наранбаатар: Одоо надад дэлхийн сонгодог руу “дайрах” л үлдсэн

Залуу найруулагч Н.Наранбаатартай ярилцах цаг болзоод, хүлээх зуураа, “Парисын дарь эхийн сүм” жүжгийг хэрхэн найруулсан талаар нь театрын жүжигчдээс асууж суулаа.  Түүнийг жүжгийн сургуулилтын үеэр ааш муутай байхыг нь хэд хэд харсан болохоор эмээх сэтгэл төрсөн юм. Түүнтэй “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн бүтээлийнх нь талаар ярилцлаа.




Амгаланбаатар: Хоёр өөр цаг үеийн холбоос нь тайз юм уу даа


Бүсгүйчүүдийн хайр сэтгэлээр зугаа хийж, торгон алчуур бэлэглэдэг цэргийн жанжинг Феб гэдэг. Ёсорхуу, эрхэмсэг төрх нь хэний ч зүрхийг догдлуулах авч үнэндээ хэдхэн зоосны үнэтэйг мэдэх хүн үзэгчдээс өөр үгүй билээ. Түүний дүрийг бүтээсэн цагаан фрактай залуу “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн нь Г.Амгаланбаатар байлаа.

Thursday, March 4, 2010

ям: Урьд зохиосон хөгжмийг энэ цагт тохируулан найруулсан хүнийг л хөгжмийн зохиолч гэдэг


Цал буурал үстэй хэдий ч нүдэндээ галтай энэ хүн 10 орчим дуулалт жүжгийн хөгжмийн зохиол бичжээ. Ярианых нь хэмнэл огцом өндөрсөж, заримдаа сонсогдохооргүй аяархан болно. Түүний сэтгэл хэмээх хөгжмийн өнгө данга гэмээр энэ ярианд би дасаж эхэллээ. Царайных нь хувирлыг ажвал ямархан нэг чимээ хайгаад байх шиг ээ. Нүдээ аньж, нам гүмийг үүсгэнэ. Тэгснээ яг л мөрөөдлөө ярьж буй жаал шиг гараараа агаарт дүрсэлж эхэлнэ. Тэр дүрслэл нотноос огт өөр байсан тул би төсөөлөл нь зөвхөн өөрт нь сонсогддог гэж бодсон юм. Тэрбээр энэ жилийн “Гэгээн Муза” наадамд “Бодончир Сэцэн” жүжгээрээ нэр дэвшиж байгаа юм. “Юм яриад эхлэхээрээ дуусдаггүй” гэж эхлэсэн ярилцлагаасаа “Сонсогчид мэдлэг хэрэгтэй” гэсэн үгийг онцолмоор байна.

Thursday, February 18, 2010

Намсрайн Сувд: Жүжигчин гэдэг зааж болдоггүй ч сурч болдог мэргэжил

Мандухай хатны төрхийг Ардын жүжигчин Сувд гуайн дүрээр төсөөлдөг олон хүний нэг нь би. Тиймдээ ч Сувд гуайд тайзнаас илүү дэлгэц “зохидог” юм шиг санагддаг юм. Тэрбээр театр урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн Муза” наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд багтаж байгаа бөгөөд өөрөө хоёр ч “Муза”-гийн эзэн. Түүнтэй энэ жилийн “Гэгээн Муза” наадмын тухай ярилцахаар гэрт нь очсон юм. Энэ тухай уншигчиддаа хүргэхээр угаалгын машины хангинах дуутай "булаацалдан" Сувд гуайн яриаг цааснаа буулгаж сууна.

Д. Цоодол: Сэтгэл зүрхийг орчуулж болдоггүй


Цаг хугацааны бороонд норсон нүдэндээ томоо нүдний шил зүүсэн Дөнгөтийн Цоодол гуай Оросын их зохиолч Расул Гамзатовын тухай ярихдаа үл ялиг онийж, үгсийн ундаргаасаа магтаалыг үг шүүрдэн хэлж сууна. Тэрбээр Оросын хоёр ч зохиолчын номыг орчуулан, хэвлүүлсэн тухайгаа дуулгахаар ирсэн нь энэ. Саяхан “амаржсан” найрагчтай шинэхэн бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Wednesday, February 17, 2010

С.Сарантуяа: Урлагийн охин тэнгэрийг залах мөч айсуй

Олон Улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 28-нд театрын шилдэг жүжигчдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадам долоо дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ наадмын сурвалжлага, мэдээллийг“Өнөөдөр” сонин цаг тухайд нь уншигчдадаа хүргэж, уран бүтээлчидтэй нь “уулзуулах” үүргийг авсан билээ. “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулах ажилд оролцож байгаа Драмын мэргэжлийн төвийн тэргүүн, жүжигчин С.Сарантуяатай уулзлаа.

Tuesday, February 16, 2010

Театр урлагийн хөгжил дэвшилрүү ямар замаар, ямар хурдтай явж байгаагаа театрын дарга нар ярилаа

Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд хөдөө орон нутгийн театрын уран бүтээлчид нэр дэвшжээ. Тэгвэл эдгээр театрын дарга нартай уулзаж, театрын тухай яриа өрнүүллээ. Театр урлагийн хөгжил дэвшилрүү ямар замаар, ямар хурдтай явж байгаа талаараа тэд өөрсдөө өгүүлэх болно.

Thursday, February 11, 2010

"Парисын дарь эхийн сүм"-ийн бөгтөр

Виктор Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” зохиолыг монголын тайзнаа анх удаа сонгодог жүжиг болгон амилуулсан уран бүтээлчдээс 9 хүн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшсэн. Тэдэнтэй уулзаж, дэлхийд алдартай дүрийг хэрхэн бүтээсэн талаар нь ярилцлаа. Хамгийн түрүүнд Квазимодогийн дүрээр нэр дэвшиж байгаа Г.Эрхэмбаяр, С.Болд-Эрдэнэ нарын яриаг сонирхоно уу.

Monday, February 1, 2010

Үлгэрийн мэт өнгөлөг ертөнцийн эзэн Үл үзэгдэгч “ноён Даярга”

Өнгөлөг зураг харахаар амсаж үзмээр санагддаг тухай ярьж байсан Ч........-ыг ноён Даярга гэдэг нэрээр нь мэдэх хүн олон. Учир нь түүнтэй хамтран ажилладаг хүмүүсийн 80 орчим хувь нь биечлэн уулзаж байгаагүй болохоороо түүнийг илтгэх цэнхэр хүүгийн зургаар төсөөлдөг. Ямар ч дипломгүй “Цэнхэр хүү”-гийн талаар ярихдаа монголын график дизайныг түүнгүйгээр төсөөлөхөд бэрх гэдгийг онцолмоор санагдлаа.
 
[jinhene+zambraagui.jpg]
  
Сурталчилгааны хуудас, үзвэрийн тасалбар, номын хавтасны зургийг зурж суудаг залуугийн талаар ярихдаа сайн аав гэдгийг нь дурдах хэрэгтэй. Тэр өөрийгөө гэртээ ажилладаг гэж ярих  боловч үнэндээ гэрээ урлан болгочихсон гэмээр санагдсан шүү. Цаас харандаа, зурагт хуудас “овоорсон” ширээнээс нь л түүний уран бүтээл төрдөг. Тэрбээр хүүхдүүдэд зориулсан зурагт хуудас, зөвлөгөө, заавар зэргийг  чадварлаг зурдаг хэдий ч сурах бичгийн  зураг зурах хамгийн хэцүү гэж ярьдаг боловч 26 сурах бичгийн зураач дизайнераар ажилсан юм шүү. Үүнээс гадна 260 орчим номын хавтас урласан ...... тэдгээр номноосоо нэгийг нь ч уншаагүй тухайгаа ярьж байлаа. Гэхдээ үүнийгээ зөвтгөхдөө, “Ер нь комик чинь хүнийг залхаадаггүй, уншиж ойлгоход хялбар эд шүү дээ. Хэрэв би ном уншаад байвал комиксоо нуршуу хийх байх гэж боддог юм” гэж байсан шүү. Тэрбээр Монголын дизайн урлаг болон график зургийн хөгжилд даацтай хувь нэмэр оруулж байгаа залуу уран бүтээлч билээ. ......ын ярианаас залуу хүн амжилтад ойрхон байдаг тухай сонсоод, түүнийг хэрхэн график дизайны ажилтай холбогдсон талаар сонирхлоо.

Tuesday, January 26, 2010

Б.Баярсайхан: Морин хуурчид хөгжим урлаачийн бүтээлийг төвөггүйхэн танинаitle

“Морин хуур урлаач ах дүү гурав хувийн студитэй болжээ” гэсэн мэдээ сонсоод 100 айл орчмын замаар хурдлан алхав. Хайж байсан газар маань үйлдвэрлэл урлалын сургуулийн зүүн талд байрлах бөгөөд“Пегасус” гэсэн хаягтай байв. Үлгэрт гардаг далавчтай морины тухай бодмогцоо морин хуурын аялгууг домогтой холбож бодохыг хичээлээ. Хаалгаар ормогц Б.Баярсайхан хэмээх залуу танилцсан юм. Тэрбээр морин хуурч Бат-Эрдэнийн санаачлан байгууулсан “Дэлхийн морин хуурын холбоо”-нд хөгжмийн зэмсэг урлаачдыг төлөөлөн ажилладаг юм билээ. Харин одоо  ах  Б.Шинэбаяр, дүү  Б.Баярсүрэн нартайгаа хамтран “Пегасус”  студийг байгуулсан гэж байлаа. Ах дүү гурвыг бүтээлүүд Америкт байдаг “Дэлхийн хөгжмийн зэмсгийн музей” буюу “MIM” музейд хадгалагддаг гэсэн шүү.

Friday, January 22, 2010

Б.Номинсувд: Харилцааны соёл бол инээмсэглэх, тал засах, мэхийх, бөхийх аль нь ч биш


Өнгөрсөн оны сүүлчээр Малайзын Куала лампур хотод зохиогдсон “Miss Tourism International тэмцээнээс “Авъяас мисс” шагнал хүрсэн Б.Номинсувдтай уулзаж ярилцлаа. Тэрбээр тун удахгүй олон улсын миссүүд, өөрийн орноо сурталчлах долоо хоногийн өдөрлөгт орлцохоор Хятад улсыг зорих юм.

 


  

ЭМШУИС-ын гуравдугаар курсийн оюутан. Анагаахын сургууль хүний амь нас хариуцдаг мэргэжил болохоор би аль болох сайн суралцахыг хичээдэг. Бүтэн сарын хичээлээс завсардчихвал дараа нь нөхөж авахад хүнд. Би багаасаа л эмч болно гэж боддог байсан учраас энэ миний мөрөөдлийн мэргэжил юм даа.

-Тэмцээнд оролцсон сэтгэгдлээ хуваалцаач?
-Энд цас орж байхад онгоцонд суусан мөртлөө ногоон тивд газардсан болохоор сэтгэл хөдөлсөн. Өндөржүүлсэн хамгаалалттай хүлээж авдаг юм билээ. Бид өглөө 07.00  цагт босож бэлтгэлээ хангаад, 09.00 цагт тухайн өдрийн төлөвлөгөөний дагуу ажлаа эхэлнэ дээ. Өдөр бүр өөр өөр хөтөлбөртэй. Уулзалт, бүжгийн сургуулилт, үндэсний хувцасны шоу, авьяасын өдөрлөг, олон улсын соёлын ёслол, өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт зочлох зэргээс гадна Малайзын хотуудаар аялж, буяны үйл ажиллагаа их болдог юм билээ. Ихэвчлэн 00.00 цагт цагийн хуваарьт багтсан хөтөлбөр өндөрлөдөг байсан болохоор ядрах үе олон байсан. Гэхдээ эх орныхоо нэрийн өмнөөс титэм зүүсэн маань миний хувьд маш том бахархал. 

-Хэдэн титэмтэй наадам бэ, өрөлдөөн ихтэй байв уу?
-46 орны миссүүд зургаан титэмний төлөө өрсөлдсөн. Өрсөлдөнө гэхээсээ илүү өөрийн улс орныг сурталчилах зорилготой байсан. Гэхдээ хугацаа богинохон байсан болохоор олон зүйл цуглуулж чадаагүй. Өөрийнхөө боломжоор оньсон тоглоом болон үндэсний хэв маягийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс авч явсан. Гэхдээ би энэ тэмцээнээс маш их юм сурсан. Олон орны ёс заншил, соёлын тухай ойлголтоо гүнзгийрүүлсэн. Өөрийнхөө нэгээхэн хэсгийг нээж чадсан ч гэж хэлж болох юм. 

-Ямар авъяасаар шалгарчихав?
-Авьяас мисс шагнал авахад мэдээж манай улсын соёл, урлаг нөлөөлсөн. Хэрэв монгол бүжиг байгаагүй байсан бол би энэ шагналыг хүртэх эрхгүй байлаа. Би дөрвөн жилийн өмнө үндэсний бүжгээр хичээллэдэг байсан юм. Тэмцээнд явахаасаа өмнө Соёлын дээд сургуулийн н.Алтантуяа багшийн удирдлагад хоёр хоног бэлтгэл хийсэн. Гэхдээ яг тайзан дээр гарах гэж байтал дээлний мань бүс алга болчихсон. Сандарсандаа латин бүжгийн хувцасныхаа бүсээр бүсэлсэн шүү. Шүүгч нар нэг их анзаараагүй юм шиг байна лээ. Гэхдээ би мундаг бүжигчид намайг харвал гомдоно байх даа гэж бодож байсан.

-Олон улсын тэмцээнд оролцож байх үед чиний давуу тал юу байсан бэ?
-Жижигхэн зорилго минь давуу тал байсан юм болов уу. Үнэнийг хэлэхэд би том шагнал, титэм авна гэсэн зорилготой байгаагүй ээ. Ердөө л эх орныхоо нэрийг сурталчилж, олон улсын “үзүүлэн” болгоно гэж бодож байсан. Тэгэхээр надад ямар ч айдас байгаагүй гэсэн үг шүү дээ. Би ялах болов уу, ялж чадахгүй бол яана гээд бодоод явж байсан бол биеэ барьж, сандрах байсан гэж бодоод байгаа юм. Ер нь Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж их бодож байлаа. Тиймдээ ч эрдэнэт хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах эмчийн мэргэжил сонгосон. Хэдийгээр миний хийж байгаа зүйлс өчүүхэн жижиг боловч хүн бүр амжилт гаргаж чадах юм бол том хөрөгө болно гэж найддаг юм.

-Тэмцээний үеэр таагүй зүйл тулгарсан уу?
-Монгол бүжгийн бүс алга болсон гэж хэлсэн ш дээ. Харин дараа нь яг финалын шалгаруулалтын үеэр туфльний маань өсгий хугарчихсан. Арга буюу бэлтгэлийн үеэр өмөж байсан гутлаа углаад тайзан дээр гарсан даа. Яг тэр туфльний өсгийнд тааруулж даашинзаа сонгосон болохоор хормой нь чирэгдээд, жаахан харамсалтай л байсан.

-Ер нь мисс хүн ямар зан чанар эзэмших ёстой вэ?
-Мисс бол бүх талаараа өв тэгш байх ёстой гэдэг. Би үүнийг маш сайн ойлгодог учраас өөрийгөө бүх талаар нь хөгжүүлэхийг гол зорилгоо болгодог. Тиймээс удахгүй илүү олон давуу талыг бүрдүүлнэ гэж боддог шүү. Гэхдээ хүн л бол хүн шүү дээ. Зөв хүмүүжилтэй, найрсаг харьцаагаараа адгуусаас ялгардаг гэж боддог. Манай гэрийхэн ихэвчлэн, багш сурган хүмүүжүүлэх талын хүмүүс. Тиймдээ ч намайг өгөөмөр сэтгэл, найрсаг харьцаанд сайн сургасан байх. Ээж, эмээ хоёр маань намайг хүмүүстэй ялгаваргүй харьцахад сургасан. Харилцааны соёл бол инээмсэглэл биш, тал засах, мэхийх, бөхийх аль нь ч биш.

-Тэмцээнд оролцох эрхийг яаж авсан бэ?
-Орост амарч ирээд “Мисс Монголиа” холбоо, “Шилмэл загвар” компантай хамтран зохион багуулдаг “Мисс Монголиа-2009” тэмцээнд оролцоод дэд байрт шалгарсан. Эхний таван байрт орсон бсгүйчүүдэд олон улсын тэмцээний эрх өгдөг юм билээ. Гэхдээ тэмцээнд явахад надад урам зориг хайрлаж, ивээн тэтгэсэн гэр бүлийхэн болон Мөнхбат, Бүрнээ ах хоёртоо баярласан гэдгээ хэлмээр байна.

-Мисс гэдэг гоо сайхны илэрхийлэл гэж боддог. Та өөрийгөө тэр тодорхойлолтод хүрч чадна гэж боддог уу?
-Мэдээж гоо сайхан байх нь чухал. Гэхдээ гоо сайхны илэрхийлэл гэдэг утгаараа дотоод чанараа ч гэсэн өв тэгш байлгах хэрэгтэй. Мисс болгон ухаантай байх албагүй л дээ. Гэхдээ оюун ухаанаа хөгжүүлэхийн төлөө зүтгэж, мэдэхгүй зүйлээ мэдэхийн тулд чармайлт гаргах хэрэгтэй гэж боддог. Би ч хараахан өв тэгш болчихоогүй л байна. Гэхдээ сурч байна, бэлтгэгдэж байна гэсэн тодорхойлолтодп хүрнэ гэж бодож байгаа.

-Суралцаж айгаа мэргэжилдээ сонирхолтой хэрнээ яагаад давхар загвар өмсөх шийдвэр гаргасан бэ?
-Загвар өмсөгч Э.Сэлэнгэ бид хоёр найзууд. Намайг Оросоос ирэхэд л ийм тэмцээн болох гэж байна, оролцоод үз гэж зөвлөж байсан юм. Эхлээд ээждээ хэлтэл жаахан дурамжхан байсан л даа. Намайг сургуулиа хаяад, загвар өмсөгч болчихно гэж бодсон юм байлгүй. Сүүлдээ энэ зүгээр л сонирхол гэдгийг ойлгоод, намайг дэмжиж эхэлсэн.



Monday, January 18, 2010

Эрчүүдийн хайртай хүүхэлдэйн киноны супер бүсгүйчүүд


 “Glamour” сэтгүүл яагаад эрчүүдэд хүүхэлдэйн киноны эмэгтэй баатрууд таалагддаг талаар талаар өгүүлэхээр бэлтгэлээ. Энэ талаарх судалгаанд хамрагдсан эрчүүдийн сэтгэгдлээс харахад тэд Sharon Stone, Charlize Theron зэрэг Холливуудын халуухан бүсгүйчүүдээс илүүтэй хүүхэлдэйн киноны баатруудад сэтгэл татагддаг гэжээ. Тус сэтгүүлийнхэн судалгааны үр дүн дээр тулгуурлан сэтгэл судлаачийг урьж авчран дүгнэлт хийлгэсэн байна.

Fiona /Shrek/ 

Sunday, January 3, 2010

Ц.Ганзориг: Театрат орж ирээд л энэ миний урлан гэдгийг мэдэрсэн

Дуурь бүжгийн эрдмийн театрт 15 жил тайзны зураач хийж байгаа Ц.Ганзоригийг “Далд хүмүүн” буландаа зочноор урилаа. Хар нүдний шилнээс огт салдаггүй энэ эрхэм өнгө будгийг амьдралынхаа салшгүй хэсэг хэмээн тайлбарласан. Тэрбээр урландаа зурж суухдаа хэн бүхнээс илүү аз жаргалтай байдгийг нь тодхон мэдэрсэн юм. Даруухан, дуу муутай энэ хүнийг анх харсан хүн сандруу л гэнэ. Магадгүй театрын ажил л түүнийг яаруу болгосон байх аа.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
-“Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатны дүрд тоглох Сарангийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаад ирлээ. Бэлтгэл ажил их байна.