Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, December 15, 2015

Чойжоо: Би поп хүн

Хүйтэн өвлийг дулаацуулах зүйл хөршгүй халуун сэтгэлээс өөр юу сан билээ. Хэн нэгний халуун дулаан үгсийн илчинд бид бүлээцэж, хөг эгшиг нь хөлийн алхаатай нийлэх сайхан хөгжмийн хэмнэлээс илч авч, хагацалд тэврүүлээд шатаж үлдэхдээ ч үнс нурамд хувилдаггүй халуун дотно зүрхнийхээ цохилох хэмнэлээр өдөр өдрийг шинээр харж явна. Энэ л шинэ өдрүүдэд хань болдог, магад өнөөдрийнх шиг ийм л хүйтэн өдрүүдийг давж гарах эрчим хүчийг агуулсан дуу таны плэйлистэд байна уу. Миний чихэвчээр лав “DraconianLacuna Coil” бас миний үнэлж барамгүй эрдэнэ мэт Akira Yamaoka-гийн бүтээлүүд тасралтгүй хангинаж байна. Бас Чойжоогийн нэг дуу. Хөнгөхөн гунигтай, тэгсэн хэрнээ эмх замбараагүй бодол тээж, санаашралыг минь саринуулдаг нэг дуу.




“...Энэ борооны дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байтал дахин замхран одох уу
Заавал чамайг бараан, бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү...”
Энэ дууг сонсоод хүрч чадаагүй хэн нэгнийхээ тухай бодолд автаагүй хүн хэдий олон бол. Ингэж бодохоор л Чойжоод алга ташмаар болдог юм. Гэхдээ энд алга ташилтын чимээнээс илүү түүний дотор орших уянга, хүрч боломгүй солонго татах чимээг анирдаж, хийж бүтээх оргилуун их хүслийнх нь хүчит давалгаа мэт шуугианыг чагнах нь илүү чухал билээ.
Танилц, түүнийг чөлөөт уран бүтээлч гэдэг.

Thursday, November 26, 2015

О.Элбэгтөгс: Аливаа зүйлд хаалт хийх амархан. Нээлт л хэцүү.

Яруу найраг гэж юу вэ. Шад болгон багцалсан олон мянган үгсийн чуулган бүхий шүлгүүдийн чухам алийг нь яруу найраг гэж хүлээн зөвшөөрөх вэ. Мэдээж, энэ энгийн мөртлөө ээдрээтэй асуултад төгс хариулт гэж үгүй.

Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчихье гэхээр мэдэхээ байчихдаг” хэмээн ярьсан нь бий. Магад энэ л хамгийн оновчтой хариулт байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө яруу найрагч хэмээн зоригтойгоор тунхаглаж чадаж байгаа хүнийг бид яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг болов уу.
Энд, яг энд сугаад яруу найргийн тухай, найрагчийн тухай бодол хөврүүлж байгаа минь ярилцлагын зочноо таницуулах гээд хадуурч байгаа хэрэг л дээ. Шууд л, “Түүнийг О.Элбэгтөгс гэдэг” гээд эхлэх байсан юм. О.Элбэгтөгсийг “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл” шүлгийн номоор нь мэдэх хүн олон. Тэгвэл залуу найрагч маань өчигдөрхөн шүлгийн “Чөлөөт шувуу”, өгүүллэгийн “Бүслэлт” номынхоо хуримыг хамтатган хийсэн юм.
О.Элбэгтөгсийн “Чөлөөт шувуу”-г нээхэд өмнөөс,
“...Цэцэрлэгийн сандал хүнгүй хоосон
Цэнхэр цас хаа сайгүй бударна
Хөшгөө татсан чэнэ амьдралын
Хүнд тээш мөрийг минь дарна...” гэсэн мөртүүд мэндчиллээ. Тэгээд надад эдгэшгүй төсөөлөл, эгнэшгүй санаашрал бүхэн үг болон эвлэхийн цагт энэ ертөнцөд яруу найраг мэндэлдэг юм шиг санагдсан билээ.

Wednesday, November 18, 2015

Г.Гэрэлхүү: Өнгөрсөнд үлдсэн хийгээд ирээдүйд тосох цаг хугацааг би энэ цаг үед л “хорьж” чадна

Улаанбаатар хотын түгжрэлийн төв цэг болсон 100 айлын уулзварын ойролцоо уран бүтээлчдийн урлан буй. Уран бүтээлчдийн ур хийц ундарсан зургууд энд л утга санаагаа олж, урчуудын уртаас урт бодлууд энд л “биеждэг” билээ.
Улаан, шар гэрэл урдхан талд минь анивалзана. Ногоон гэрэл асахыг хүлээж зогсохдоо би уулзах гэж байгаа хүнийхээ тухай бодож байв. Дээхнэ дээ, бид МУЗ-өөс зохион явуулдаг “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв.

Манай ангид дуугүй хэрнээ бодолд дарагдсан шинжгүй, дэргэдээс нь харахаар хөөрхөн инээмсэглэдэг, дотно яриа өрнүүлэхэд бас тийм ч дотогшоо биш нэгэн зураач залуу байж билээ. Тэр жил бие даасан үзэсгэлэнгээ гаргахад нь ийм уйгагүй зурдаг, уран бийрийг урлагтайхан татдаг түүний авьяасыг бишрэн харсан билээ. Түүний нэрийг Гэрэлхүү гэдэг.
Гэрэлхүүтэй анх гар барин танилцахад шууд л “Гэрлэх үү” гэж хэлээд намайг гайхуулж, сандруулж, бантуулж билээ. Тийм инээдтэй байдлаар танилцсан зураач маань саяхан Австралийн Күйнслэндийн орчин үеийн уран зургийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулдаг Контемпорари урлагийн Ази Номхон Далайн Триенальд  анх удаа Монгол улсаатөлөөлж оролцоод ирсэн билээ. Аргагүй сонирхолтой зургуудыг нь үзэж, амттайхан ярилцлага хийхээр би түүний тухай дурсан зогсож байна. Тэгээд ногоон гэрэл асаж, би ч зураачдын Б урлангийн зүг алхлаа.

Friday, September 25, 2015

Бүжгийн багш Б.Энхзул: Хром экстракт шиг монгол балетын урсгал үүсгэхийг хүсдэг

"Pearl dance” бүжгийн сургалтын төвийн багш Б.Энхзулыг хараад түүнийг ярилцлагад урихгүй байж чадаагүй юм. Доорх ярилцлагыг уншаад та яагаад түүнийг онцолж харж, олзолж ярилцсаныг ойлгох билээ. 22 настай Энхзул багшийн хөөрхөн инээмсэглэсэн төрх, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Тэр бол миний уулзаж байсан хамгийн залуу багш билээ. Хэдий залуу ч гэсэн түүний анхны бяцхан шавь тун удахгүй тайлан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ямартаа ч тааж хэлэхийн аргагүй тэр холын ирээдүйд Энхзул багштай бид олон удаа таарна байх аа.