Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, November 21, 2009

“Сонсохыг хүсдэг хүн биш ээ, би”


Сюрралист чиглэлээр уран бүтээл туурвидаг зураач Түвшинжаргалыг Монгол Дали гэдэг. Түүний сэтгэх чадвар нь бусад зураачийнхаас тэс өөр. Тэр яг л хэн нэгний сэтгэлийн гүнд нэвтэрч, өөрийн дотоод дуу хоолойг сонсгохыг нууцхан хүсдэгтээ зураг урлаач болсон юм шиг. Багаасаа л сонсох мэдрэмжээ, хэл яриатайгаа хамт алдсан түүний бүтээлүүдээс ямархан нэг хашхираан сонсогдох нь цөөнгүй. Магадгүй түүний хэлснээр гар, нүд хоёр нь бусад мэдэрхүйг нь орлодогтоо тэр өөрийн мэдэрхүйгээ цаасан дээр ийнхүү буулгадаг байх л даа. Түүний бүтээлээс хийсвэрлэл тэмтрэгдэж, зүүдний аль эсвэл тэр ертөнцийн өнгө амтагддаг. Сальвадор Дали, Борис Валлехо нарын бүтээлийг сонирхдог тэрээр эртний Египет, Хоросын ертөнцийг өөрийн сэтгэлийн гэгээвчээр нээн таньж, хорвоогийн чимээ шуугианаас алслагдсан аниргүй ертөнцийнхөө нарийхан мэдрэмжийг цагаан цаас, бал харандаагаар бүтээчихдэг. Тэр бүтээлийнхээ дэргэд дуугүйхээн зогсож байхдаа өөрөө зурсан биш, тэдгээр зургийнхаа нэгээхэн хэсэг мэт харагддаг гээч.