Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Ганцаардлын өрөө





  Хавар шиг харцаар биеэ гоодсон залуу надад ойртлоо
Нахиалж буй цэцгийг заан санаа алдлаа
Миний хүсдэг үнэр, сэтгэл түүнд байсангүй
Ердөө л тэр хов хоосонг илтгэж байлаа.
Гараа цээж өөдөө дөхүүлж, энгэрээ тэмтчихэд нь
Цэл хүйтэн гар халуун зүрхийг минь базчих шиг болсон
Амьсгалж ядсан намайг хараад
Аньсгаа арчих шиг болоход нь
Надаас нулимс урсчихсан.

Намар шиг харцаар биеэ гоодсон залуу надад ойртоод
Нахиалж буй цэцгийг зүрхэн талд минь хатгасан.
Энгэр цээжин дээр минь
Тэр цэцэг дэлбээлэхэд би
Эдгэрсэн шарх, эдэлсэн жаргалынхаа тоог мартсан.
Ээ, тэр хов хоосон учралын дараа
Энгэрт минь түүний үнэр шингэчихжээ,
Энэ ертөнцийн гунигийн үнэр...


     *

Үл таних хүмүүсийн эрчимт алхаа
Үнэрээр  түгэх бачим амьсгааг
Үг дуугүй зүсэн явахдаа
Үй олон бодолдоо боомилулан
Үймэрч явааг минь та мэднэ
Үүдэнд минь ирээд замхран оддог
Үймээнч сүнсний алхаанд дасаж
Хар хөлс минь асгарахаа больсон ч
Харцанд минь айдас хургасныг
Хар зөнгөөрөө та мэднэ.
Үнэнээс илүү үнэн амьдарсан ч
Үнэн үгээ хэзээд
Үзэглэх зориггүйг минь та мэднэ.
Үгэнд дайгдсан үхэл үүд манахаас айхдаа
Үхжиж байгааг минь та л мэднэ.


     *

Хөхөвчинд багтан ядах зүрх
Хөлөрсөн гарын алганд зураас болон тийчлэх хувь заяа
Хөврөн хөврөх алсын тэртээх зөрөг зам
Хүсээгүй үр шиг
Хүйтэн, бүүдгэр маргаашийн маргаашд
Хөтөлсөөр намайг авч хүрнэ.

Харамлан хадгалсаар, чамд л дасчихсан сэтгэлийг минь
Халаасандаа тамхины гал шиг хадгалдаг
Хачин,
Хачирхаад ханамааргүй хайр минь
Өвдөж ханадаггүй сэтгэлийг минь
Өчнөөн үрчлээтэй зүрхийг минь
Хоосолсоор л байгаа
Ховсчин минь !!

Халих жигүүрээ дүрэлзэн асах хайранд чинь хяргуулж
Хагацлын үгнээс чинь айхдаа шөнө дундаар цочин сэрдэг
Хөөрхийлөлтэй жаргал минь
Хөлд чинь дуусахыг би мэдэрдэг.

     *

Бадаг шүлгэнд би дарс шиг шунадаг
Балга балгаар залгих шиг согтдог.
Бийрийн үзүүрээс шинэ шүлэг өндийхөд
Байшингийн дээврээс цаасан онгоц хийсгэдэг
Балчир охид хүүхэн болно.

Бийрийн үзүүрээс шинэ шүлэг өндийх гэж
Биеийн минь хаа нэгтээгээс гомдол нэгжиж дуусахад
Байшингийн дээврээс бүсгүйчүүл амиа хорлож
Бүдэгхэн дуу алдалт нь
Бөмбөрсөөр хийсэхдээ онгод болно.

Бүлээхэн улаан өнгөнд дүрсэн
Бийрийн үзүүрүхэл шиг зүхэл шиг тодрох,
Байшингийн дээвэр дурлалын тайзын орлох
Бүүдгэр тийм үдшээр
Бөөрөнд минь наалдсан өнчин гөлөг
Бүүвэйн дууг минь сонсоод, над руу
"Ээж ээ" хэмээн гаслахад
Бөөн бөөн нулимс минь
Бүдгэрсээр чамд хүрэхдээ шүлэг болно.
 
  * 

Image

Үнсэлтийн чинь ором уруулын будагнаас ч өнгөлөг
Үдэлтийн дуу чинь үхлийн хонхноос ч чанга...


*   

Яндаа нь үгүй хөөст далай шиг
Яаруу зантай хувь тавилан
Яг зүрхийг минь олж мэслэх шиг л
Янаг хайрыг сэтгэл
Яс шиг цайж, үнс шиг хийснэ, 

Image


Хөл даарч, хөх чинэрэхэд намар ирдэг
Хөмсөг атирч, хөмхийгөө зуухад намар ирдэг.
Хөөрхий навчис нэг нэгээр амиа алддаг
Хүүрийн үнэртэй тэд хөлд сөхрөн уйлалддаг.
Хөврөх гуниг, сэмрэх бодол
Хөшигтэй тайзны өмнөөс би амьсгал хураадаг
Хөгжилтэй дуу аялж яваа хүмүүсийн харцнаас
Хайр унтарахыг хардаг.
Ээ, ямар их гуниг вэ
Энд цээжний гүнд навчис ёолж байна
Энгэр дээр минь хүслээ орхиод үхэж байна.

Хөл даарч, хөх чинэрэхэд
Навчис үхдэг.
Хүслээр дүүрэн цээж
Хөврөх бодол, сэмрэх гуниг
Хөшигтэй тайзныөмнөөс би
Амьсгал хураадаг.
*         

Шүхрээ дэлгээд алсын зүг ширтэхэд
Шүүслэг зүрхэнд хаврын бороо зүсэрдэг
Шөнө дөлөөр хатсан уруулыг чинь санамагц
Шилэн хундага хөлөрч хонотол дуулдаг би.
Ширхэг навч шүүдрийн дусалтай амраглах
Шидэт мөрөөдөл цээжин дотор минь амирлах
Шинэхэн ийм гуниг ширээ түшин нойрсмогц
Шүлэг шигээ яруу байх гэж
Шаналал шигээ ариун байх гэж

Шатаж дууссан зүрхээ үнс нурам шиг боддоггүй
Шартаж манасан зүүдээ зэрэглээн чинээ санадаггүй.







5 comments:

  1. амжилт бүр газуурмаар гараа хазмаар
    амжилт хүсэе

    ReplyDelete
  2. mi nz mundag shu :*

    ReplyDelete
  3. gahaltai sjulegnuud bna nzaa urgelj ene heweerei bgaarai tanid amjilt husey

    ReplyDelete