Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, March 9, 2011

Уналт


Бямбын зурвас



Хүмүүс хаа сайгүй л унаж байдаг. Гэхдээ модноос тасарсан навчис гутал мөргөн унахаас өөр л дөө. Тэд үл үзэгдэм хурдаар хаашаа ч юм “унаж”, унах зуураа амьдралаа үргэлжлүүлдэг.

С.Сүхбаатар: Гадны бүжиг манайд "нэг л биш" орж ирээд байна

Т.Нипонь

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гэдэг хүнийг монголын ард түмэн “Жалам хар” бүжгээр нь мэднэ. Харин би түүнийг “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн аав гэдгээр нь илүү сонирхдог юм. Үндсэрхэг үзэлтэй, шинийг санаачлагч ийм хүүгийн хүмүүжлийн гол тулгуур нь гэр бүл байх ёстой гэдэг бодол намайг Сүхбаатар гуай руу хөтөлсөн юм.  Тэрбээр бүжигчин хүн тул хөнгөн шингэн алхаатай, цовоо сэргэлэн харцтай нэгэн байв. Эрийг нас, уулыг цас гэдэг шиг Сүхбаатар гуайн толгойг цагаан үс дарсан байлаа. Гэсэн ч тэр үсээ хар өнгөөр будуулсан нь цог золбоогоо алдаагүй мэт харагдана. Тэрбээр бодлыг минь унших мэт задгай тавьсан гэзгээ илбэнгээ “Урьдынх шигээ өтгөн биш болсон” гэж хэлээд, инээж байлаа. Түүнд урт үс сайхан зохьдог бөгөөд үүнээс өөр дүр төрхөөр Сүхбаатар гуайг төсөөлөх аргагүй гэлтэй. Үнэндээ тэр наснаасаа залуу харагддаг. Энэ бол гагцхүү үрлагийн хүнд л байдаг гоц чанар билээ.

Sunday, March 6, 2011

Химийн ухааны “ЧУХАЛ ХҮН”

Т.Нипонь
Эрдэмтэдтэй уулзахаас зүрхшээх болсон шалтгаан маань тэдний хэтийдсэн мэдлэг билээ. Хэрэглээнээс хэтэрсэн нээлт гэж байдаг шиг энгийн хүний ойлгож барахааргүй зүйлсийг эрдэмтэн болгон ярьдаг. Чухам энэ ярианаас “айдаг” боловч эргэн тойронд маань шинжлэх ухаан, хими, физикгүйгээр төсөөлөх зүйл нэгээхэн ч үгүй аж. Ингээд л нэгэн чухал хүнтэй уулзахаар цаг товлосон юм. Далан найман настай “чухал хүн”-ийг хүлээх зуураа үнэрийн тухай бодож үзлээ. Үнэргүй зүйл хаа ч үгүй юм. Үгүй ядаж л хамраа чимхэж байгаад гашуун эм уувал амтыг нь мэдрэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэр гэдэг гайхамшигтай зүйл байж таарах нь.
    Ийн бодсоор химийн ухааны доктор С.Шатар гуайтай уулзлаа. Энэ бол миний хэлээд байсан “чухал хүн”. Тэрбээр “Үнэртэн ургамлын судлал буюу Терпенонд" хэмээх чиглэлийг Монголын хими, ургамлын шинжлэх ухаанд шинээр дэлгэрүүлснээрээ чухал хүнд тооцогдож байгаа юм. Шатар гуайг мэргэжил нэгт нөхөд нь Терпенонд Шатар хэмээн “хочилжээ”. Терпенонд гэдэг нь үнэртэн ургамалд тансаг үнэрт эфирийн тос буюу ургамлаас ууршиж байдаг хийн чанартай зүйлийн химийн нэр юм билээ. Тэрбээр 2002 оны шилдэг эрдэмтэн бөгөөд 1974 онд Алма-Ата хотноо химийн ухааны докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний 230 гаруй ном, зохиол туурвижээ. Настайгаа харьцуулбал хөнгөн шингэн алхаатай энэ хүн кофе уунгаа, тайван ярьж эхэллээ. Тэрбээр хамгийн түрүүнд бага ангийн багш байсан тухайгаа хуучилсан юм. 18 настайдаа сумын бага сургуульд багшилж эхэлсэн бөгөөд өдий хэр нь багшийн ажлаа орхиогүй гэнэ.




Карол Радживонович: Удахгүй эргэн ирж, Монголын сайхан ород концерт тавина

Т.Нипонь


Польшийн төгөлдөр хуурч Карол Радживонович “Ф.Шопен ба ХХI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг шүүхээр манайд айлчлаад байгаа юм. Түүнтэй уулзахаар хөгжим бүжгийн сургуулийг зүгэллээ. Тоглолтын заал руу ойртох тусам “үзэсгэлэнтэй” алгуу улам “тодорно”. Хөгжмийн аясаар алхаагаа засаж, хөнгөн гишгэж, бүр дэгдмээр болов. Харин үл таних чадварлаг хөгжимчин аязаа “таслахад” би зогтуслаа. Дахиад нэг давтагдахад би зааланд орсон юм. Тайзан дээр байх том хар төгөлдөр хуурын ард  Карол Радживонович суух бөгөөд сурагчдад хөгжмийн хичээл заах аж. Гадаа сонссон хөгжмийг энэ хүн “аялсан” бөгөөд түрүүний “зогсолт” хичээлийн нэг хэсэг байжээ. Ф.Шопены нэрэмжит Үндэсний хөгжмийн академийн төгсөгч, нэрт төгөлдөр хуурч Карол Радживоновович нь Польш, АНУ-д өндөр боловсрол эзэшмсэн, Хойд болон Өмнөд Америк, Австрали, Ази, Европын орнуудад бие даасан тоглолтуудаа хийж, ихээхэн туршлага хуримтлуулсан төгөлдөр хуурч гэсэн “өндөр” тодпотголтой энэ хүний хөгжимдөхийг харж суухдаа чимээ үл гарган, гарынх нь хөдөлгөөнийг удаан гэгч ажлаа. “Уран юм аа” гэсэн бодол сайхан хөгжимтэй зэрэгцэж байв.

Friday, March 4, 2011

Ка: Миний зэвсэг бол КА-МЕР. Би хорвоо ертөнцийг онилж байна.


Т.Нипонь

Би түүнтэй дөрвөн удаа танилцсан. Нэг хүнтэй олон удаа, санамсаргүй тохиолдлоор танилцана гэдэг хачирхалтай санагдаж байна уу. Тэгвэл тэр надад ийм л хачирхалтай бодол үлдээсэн юм даа. Түүнийг Мөнхжаргал гэдэг бөгөөд найз нөхөд нь Ка хэмээн хочилно. Хоч ч гэж дээ, түүнийг Ка гэж нэрлэх болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Эхлээд би түүнийг энгийн нэгэн хип хоп хөгжимд шимтэгч залуу гэж боддог байлаа. Гэсэн ч тэр “Моторок” нэртэй рок хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөр ажиллах болсон юм. Амьд хөгжим сонирхогч залуусыг “Моторок”-оос өөр нэвтрүүлэг дэлгэцийн урд уяж дөнгөдөггүй байсан цаг саяхан. Харин дахин танилцахад тэрбээр регги хөгжмийг илэрхийлэхүйц хувцастай байсан бөгөөд шинэ хөгжмийн амт шимийг надад ярьж өгсөн билээ. Эцэст нь Ка монголын хип хоп сонирхогч залуусын анхаарлын төв цэгт багтсан “Click Click Boom” бүлгийн гишүүн болсон юм. Ингэж би Мөнхжаргалтай дөрвөн удаа танилцсан бөгөөд түүнийг “авьяслаг хэлбэрдэгч” гэж боддог боллоо. Учир нь түргэн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, дүр төрхөө “эдвэнэ” гэдэг тийм ч амар биш билээ. Хачирхалтай танилтайгаа уулзалгүй нэлээд удсаны дараа “Ка & Зөгий - “Арга билэг” цомог худалдаанд гарлаа” гэсэн зар хараад түүнтэй уулзахаар шийдсэн юм. Дахиад л шинэ сэтгэгдэлтэй болсон тухай нь сонсох гэж тэр. Учир нь тэрбээр сайкодэлик буюу оюун санааны урсгалаар уран бүтээл туурвиж байгаа тухайгаа ярьж байсан юм. Ка ярилцах саналд минь үргэлж л уриалгахан ханддаг нь аливаа зүйлийг бусадтай хуваалцах гэсэн эрмэлзлийнх нь илэрхийлэл билээ. Харин одоо Ка-гийн тухай нуршуу тайлбараа орхиод ярилцлагаа уншигч танд сонирхуулья. Ярилцлага маань орчин цагын залуусын үзэл бодлын нэгээхэн хэсгийг агуулсан юм шүү.