Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, December 21, 2007

Н.Гаравсүрэн: Би өөрөөрөө бахархдаг

Энэ жилийн “Гоёл” наадмаас шилдэг загвар өмсөгчийн шагнал хүртсэн загвар өмсөгч Н.Гаравсүрэнтэй ярилцлаа. Тэрээр өнгөрсөн хавар их сургуулиа төгссөн бөгөөд нэгэн банкинд хуулийн хэлтсийн бичиг хэрэг эрхэлсэн ажилтнаар ажилладаг юм байна. 



-Юуны өмнө баяр хүргэе?
-Баярлалаа.

-“Гоёл” наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?-“Гоёл” наадмын 20 жилийн ойн босгон дээр нэр хүндтэй, том шагнал авсандаа баяртай байгаа.

-Та олны нүдэнд өртөлгүй байж байгаад гэнэт энэ том шагналын эзэн боллоо. Арай Ц.Мянганбаяртай холбоотой юм биш байгаа гээд л гадуур баахан шуугиж байна?
-Манай дизайнеруудын холбооны ТУЗ-ийн захирал Ц.Мянганбаяр ахтай холбоотой загвар өмсөгчид бүгд л шагнал авч байсан болохоор ийм бодол төрсөн байх л даа. Манайхан чинь гайгүйхэн яваа нэгнийгээ худалдаж мөнгө олчих гээд байдаг болчихож. Энэ удаа би ч бас өртөж байх шиг байна. Гэхдээ би түүнтэй ямар ч холбоогүй гэдгээ хэлмээр байна.

-Та хэдэн жил загвар өмсч байгаа вэ?
-Би дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгчийн нэг нь. Найман жил загвар өмсч байгаа.

-Энэ шагналыг Г.Оюунгэрэлийг эсвэл Д.Батцэцэгийг авна гэж бодож байсан хүн цөөнгүй байх шиг байна.
-Би өөрийгөө загвар өмсөгчийнхөө хувьд шагнал хүртсэн гэж бодож байна. Гэхдээ хүмүүс загвар өмсөгч, мисс гэдэг хоёр зүйлийг ялгаж салгахгүй байх шиг байна. Загвар өмсөгч дизайнерийн бүтээлийг, үзэгчдэд харуулдаг байхад мисс гэдэг хүн чинь хувь хүн талаасаа өрсөлддөг. Шүүгчид ийм шийдвэр гаргасан шүү дээ. Би өөрөө болох гэж зүтгээд, гуйгаад энэ шагналыг авсан гэж бодохгүй байна. Энэ бол шүүгчдийн л шалгаруулалт. Тийм болохоор өөр асууж лавлах зүйл байвал Монголын дизайнеруудын холбоонд хандсан нь дээр байх.

-Мисс биш болохоор бусдын нүдэнд өртдөггүй байх гэж үү?
-Би дуудсан газар болгонд очиж зураг авхуулаад байдаггүй. Угаасаа дизайнеруудын холбоотой гэрээтэй ажилладаг учраас дур мэдэн өөр зүйл хийдэггүй. Харин тайзан дээр загвар өмсөх үүргээ бол сайн мэднэ. Би энэ наадамд оролцохын тулд маш их хөдөлмөрлөсөн.

-Загвар өмсөгч хүний хөдөлмөр гэдгийг хүмүүс ойлгодоггүй байж болох юм. Таны бодлоор тэр хөдөлмөр юунаас эхэлдэг вэ?
-Биеийн хөдөлмөр, оюуны хөдөлмөр гээд олон зүйл орно л доо. Наад зах нь тайзны алхааг гудамжинд явж байгаагаасаа ялгаж харуулах хэрэгтэй. Дээр нь галбираа хадгалахын тулд хоолоо сайн тохируулах гээд ер нь ямар ч ажил, мэргэжлийн хувьд өөр өөрийн онцлогтой хөдөлмөр, сэтгэл, зүтгэл шаардагддаг шүү дээ.

-Оюуны хөдөлмөр гэдэгт нь юу багтах вэ?
-Мэдээж мэдлэг боловсролоо дээшлүүлэхээс эхлээд нийгэмтэйгээ харьцаж чаддаг байх гээд л олон зүйл байна.

-Одоо чинь аятайхан биетэй болгон нь л загвар өмсөгч болдог болчихсон юм биш үү? Топ модел Э.Одгэрэлийг нийгэмтэй харьцдагийг нь сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ л их мундаг загвар өмсөгч шүү дээ?
-Загвар өмсөгчдийг янз бүрээр л хэлдэг. Гэхдээ харж байхад загвар өмсөгчид маань мэдлэг боловсролоо дээшлүүлэх гэж хангалттай мэрийдэг юм шиг санагддаг. Хүмүүсийн боддог шиг толгой хоосон хүмүүс гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

-Өөрийнхөө тухай жаахан дэлгэрэнгүй тодорхойлолт хэлж болох уу?
-Хүнийг танихын тулд хамт олон, найз нөхдөөс нь асуу гэдэг шүү дээ. Өөрийгөө тийм, ийм гэх жаахан эвгүй юм /инээв/.

-Тэгвэл таны өөрийгөө үнэлэх үнэлэмж?
-Би өөрөөрөө бахархдаг. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Энэ мэдээж миний гэр бүл болон, ээжийн маань надад олгосон хүмүүжлээс эхэлнэ гэж хэлмээр байна.

-Одоо таныг олон хүн мэддэг боллоо. Миний бодлоор тэдний ихэнх нь эрчүүд байх. Тэдний өмнөөс асуухад найз залуу бий юу?
-Байгаа. Гэхдээ тэр хүнийг жаахан нууцалчихъя.

No comments:

Post a Comment