Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, April 10, 2008

Люмино хамтлагийн ахлагч Тэмүжин: Гэр бүлийн амьдрал таалагдаж байгаа


Монголын хип хоп урлагийн анхдагч "Люмино" хамтлаг энэ жил 10 нас хүрнэ. Хамтлагийн ахлагч МС буюу Тэмүжинтэй уулзаж ярилцлаа. Саяхан л хэн нэгнийг хайрлахыг хүсч байгаа тухайгаа ярьж байсан бол тэр одоо гэр бүл зохиож, хоёр ч хүүхдийн аав болжээ. Түүний амьдралын хэв маягт асар том өөрчлөлт гарсан хэдий ч уран бүтээлээ орхихгүй гэдгээ сонсогчиддоо хэлэхийг хүссэн юм.


-Арван насныхаа төрсөн өдөрт зориулж ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна?
-Бид гурав тус тусын цомгийн ажилд орчихсон явж байна. Бажи R&B урсгалын цомог, Анхаа маань өөрийн сонирхлыг дагаж, Чил-Аут стилийн цомог гаргаж байгаа. Харин миний цомог цэвэр хип хоп дуунаас бүрдэх болно.

-10 жил... Их урт хугацаа шүү. Энэ хугацаанд уран бүтээлээс олсон ашиг байгаа юу?
-Байхгүй ээ. Бид бизнес хийж олсон орлогоо уран бүтээлдээ зарцуулдаг байсан. Цэвэр сонирхлоороо өдийг хүртэл явж байна даа. Гадаадын хип хопууд дэлхий дахинд нэр хүндтэй учраас их баян байдаг. Монголд бол тийм зүйл байхгүй ээ.

-Тэмүүжин гэдэг хүн дуулахаас гадна ямар ажил хийдэг юм бэ? Ямар мөнгөөрөө машин авч унаад байна?
-Хэ хэ. Аялал жуулчлалын чиглэлийн бизнес хийж байгаа. Угаасаа л аялалд их сонирхолтой. Загасчлах дуртайг минь мэднэ дээ. Тэрнээс биш дургүй зүйлээ хийнэ гэж байхгүй ээ. Би гэдэг хүн тооцоо бодоод нягтлан, нярав хийгээд суувал толгой тархи өвдөөд хэцүүднэ. Надад ер нь суугаа ажил тохирохгүй. Машин гэснээс би сүүлийн үед их машины хоббитой болоод байгаа.

-МС одоо ямар маркийн машин унаж байна?
-Бенз-320.

-Хип хопийг арван давхар барилгатай зүйрлэвэл Монгол хэдэн давхар байшин гэж бодож байна?
-Гурав, дөрвөн давхар байх аа. Гадаадын хип хоп урлагийн хөгжил манай зохиолын дууны хөгжилтэй адилхан шүү дээ. Тэгэхээр манай хип хопыг тэгж мундаг дэмжээд, сонсоод байдаг хүмүүс цөөхөн хувийг л эзэлнэ.

-Ахмад хип хопчны хувьд сүүлийн үед шинээр гарч ирж байгаа хамтлагуудын талаар хэлэх зүйл...?
-Зурагт их үздэг болсон. Урьд нь ямар ч зав байгаагүй шүү дээ. Энд хэлэхэд сүүлийн үед гарч ирж байгаа шинэ хамтлагууд таалагдахгүй байна аа. "Татар" гэдэг хамтлагийг дуурайсан хүүхдүүд ямар ч олон болсон юм. Авъяасгүй хүүхдүүд мөнгөөр гарч ирж байна. Энэ бүхэнд ямар нэгэн цензур байх хэрэгтэй юм болов уу. Би одоо арван жилийнхээ ойгоор өөрийнхөө чаддаг бүхнийг харуулна. Ямар ч байсан та нарын дуулаад байгаа инээдтэй зүйлсийг сөрж зогсоод, хип хоп гэпгийг үзүүлэх болно гээд хэлчихье.

-Нэг хэсэг Quiza-тай дуугаар маргалдаад байсан бил үү?
-Тийм ээ. Хамгийн сүүлд "Цонхтой цаг" дуугаараа "Насаараа чи намайг дуулна" гээд хэлчихсэн чинь л таг болсон ш дээ. Би чинь ялчихсан гэж бодоод санаа амар явж байгаа. 2002 оноос эхэлсэн тулаан маань дуусах шиг болсон.

-Энэ жил сонгуулийн тайзан дээр гарч дуулах уу?
-Мэдээж дуулна. Энэ жилээс сонгуулийн шоу хийхээ больж байгаа юм биш үү. Уг нь шоу энэ тэр зохион байгуулахаа больж байгаа нь онцгүй л санагдаж байна. Дөрвөн жилд нэг удаа урлагийнхандаа өгөөмөр ханддаг үе юм байгаа юм ш дээ. Бид нар чинь сонгуульд дуулахдаа овоо хэдэн төгрөг авчихдаг болохоор их баярладаг. Энэ жил баярлах нь уу, яах нь уу, мэдэхгүй байна.

-Хувийн амьдралд чинь өөрчлөлт гарав уу? Нэлээд таргалсан байх чинь...
-Би эхнэр, хүүхэдтэй болсон ш дээ. Гэр бүлийн амьдрал зохиож байна даа. Удахгүй турна аа. Хэхэ.

-Хүү юу, охин уу?
-Эхний хүүхэд маань миний хүссэнээр хүү байсан. Дараа нь эхнэр маань охинтой болохыг хүсээд саяхан нэг хөөрхөн охинтой болсон. Бид хоёр гурван хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа. Гэхдээ гурав дахь хүүхэд маань төрөх болоогүй ээ. Хэхэ.

-Дараагийн хүүхдээ эрэгтэй байгаасай гэж хүсч байна уу, эмэгтэй юу?
-Одоо дахиад нэг хүүтэй болчихвол... Гэхдээ одоо аль нь ч хамаагүй дээ.

-Саяхан л хэн нэгнийг хайрлахыг хүсч байна гэсэн сэдвээр ярилцаж байсан даа, хоёулаа.
-Хоёр жилийн өмнө ярилцаж байсан ш дээ. Тэр үед одоогийн эхнэртэйгээ үерхдэг байсан. Хүний амьдрал нэг урсчихаараа цаашаа их хурдан байдаг юм байна. Цаашаа бүр хурдтай явах ч юм бил үү.

-Ганцаараа байсан хүн гэнэт л ам бүл дөрвүүлээ болчихсон ямар байна? Надад бол их л сонирхолтой санагдаж байна.
-Гэхдээ гэр бүлийн амьдрал их таалагдаж байгаа. Найз охин биш эхнэр гэдэг нэртэй болсон. Ямар ч байсан би их аз жаргалтай байна. Хайртай хүн, бидний хүүхдүүд, манай гэр гээд л... Эхнэр маань миний заяаны хань байх гэж боддог.

-Гэр бүлтэй болчихсон амьдралын хэв маяг хэр их өөрчлөгдөж байна?
-Их юм өөрчлөгдсөн шүү. Санаа зовох зүйл ихтэй болдог юм билээ. Өнөөдөр гэрт мах байгаа бил үү, хүүхэд маань юу идэх бол, машин бензинээр явна гээд л асар их зүйл бодно. Аан, бас их эрт унтдаг болсон юм байна. Урьд нь шөнийн гурав, дөрвөн цагт орондоо ордог тогтмол нойртой хүн байсан бол одоо орой 10 цагт унтаад өглөө ес гэж сэрдэг болсон доо.

-Найзууд яаж байна? Нэгийгээ гэр бүлтэй болоод алга болчихлоо гээд гомдоллоод байдаг ш дээ.
-Эхэндээ их тунирхдаг л байсан. Сүүлдээ дөжирчихдөг юм шиг байна лээ. Гомдоллохоо ч больсон. Өдөр болгон уулздаг найзуудтайгаа одоо сард нэг удаа уулздаг болчихсон. Хүн чинь аав болчихоороо байгалиасаа л буурь суудаг юм шиг ээ.

No comments:

Post a Comment