Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, November 21, 2009

“Сонсохыг хүсдэг хүн биш ээ, би”


Сюрралист чиглэлээр уран бүтээл туурвидаг зураач Түвшинжаргалыг Монгол Дали гэдэг. Түүний сэтгэх чадвар нь бусад зураачийнхаас тэс өөр. Тэр яг л хэн нэгний сэтгэлийн гүнд нэвтэрч, өөрийн дотоод дуу хоолойг сонсгохыг нууцхан хүсдэгтээ зураг урлаач болсон юм шиг. Багаасаа л сонсох мэдрэмжээ, хэл яриатайгаа хамт алдсан түүний бүтээлүүдээс ямархан нэг хашхираан сонсогдох нь цөөнгүй. Магадгүй түүний хэлснээр гар, нүд хоёр нь бусад мэдэрхүйг нь орлодогтоо тэр өөрийн мэдэрхүйгээ цаасан дээр ийнхүү буулгадаг байх л даа. Түүний бүтээлээс хийсвэрлэл тэмтрэгдэж, зүүдний аль эсвэл тэр ертөнцийн өнгө амтагддаг. Сальвадор Дали, Борис Валлехо нарын бүтээлийг сонирхдог тэрээр эртний Египет, Хоросын ертөнцийг өөрийн сэтгэлийн гэгээвчээр нээн таньж, хорвоогийн чимээ шуугианаас алслагдсан аниргүй ертөнцийнхөө нарийхан мэдрэмжийг цагаан цаас, бал харандаагаар бүтээчихдэг. Тэр бүтээлийнхээ дэргэд дуугүйхээн зогсож байхдаа өөрөө зурсан биш, тэдгээр зургийнхаа нэгээхэн хэсэг мэт харагддаг гээч.


Төвшин зураач үргэлж л дэвтэр, харандаа халааслаж явдаг нь түүнтэй ярилцах нь бусад хүмүүстэй харьцдагаас илүү төвөгтэйг илтгэнэ. Хэтэрхий их зүйл боддог болоод ч тэр үү бичихээсээ залхуурдаг юм шиг санагдсан. Бичсэн зүйлийг нь ойлгохгүй байх тусам “мэдэхгүй” гэж зөрүүдэлнэ. Заримдаа асуултад хариулахгүй гэж зөрүүдлэхдээ яг л чихрээ чамласан жаахан хүүхэд шиг аашилдаг гээч. Гэхдээ түүний дуугүй байгаа нь хамгийн оновчтой хариултыг өгүүлж байх шиг. Сонсдоггүй хэрнээ сонсохыг хүсдэггүй, ярьдаггүй хэрнээ ярихыг хүсэхгүй байгаа нь л түүнтэй ярилцах сонирхол төрүүлсэн юм. Харин одоо уншигч танд М.Төвшинжаргалын урланд саатан, уран бүтээлийн талаар ярилцаж, нэгэн үдшийг өнгөрүүлсэнээ хүргэе.

-Ямар зураачийн бүтээлийг сонирхдог вэ?
-Ерөнхийдөө бол сонгодог болон орчин үеийн урлаг, түүн дотроо бодит сэтгэлгээ, гүн ухааны мэдрэмж, гаж дүрслэлийн урлагийг сонирхдог. Тэр дундаа Сальвадор Далигийн бүтээлүүд мундаг ш дээ.

-Та өөрийгөө тэдэн шиг зураач болж чадсан гэж боддог уу? Өөрийгөө анх Монгол Дали гэж танилцуулж байсан шүү дээ. Яагаад заавал Дали гэж?
-Бага байхдаа алмайран хардаг байсан тэр л зураачдынхаа цааснаа буулгасан тэр сайхан дүрслэлийг нүдэндээ, гартаа, сэтгэлдээ хайж л явна даа. Харин нэрний тухайд гэвэл С.Даштай сүнсээр уулзаж байсан. Их гоё зүүдэлсэн юм аа. Тэр хүн намайг ингэж нэрлэхэд хүргэсэн юм. Тэр зүүд миний хувьд их сайхан дурсамжуудын нэг. Би өөрийгөө их сайн зурдаг гэж боддог. Бусад зураачдын атаархалыг тод мэдэрдэг. Гэхдээ тоодоггүй.

-Та өөртөө их итгэлтэй юм аа даа?
-Тэгэлгүй яахав дээ. Хүн өөртөө итгэж байж л бусдыг өөртөө итгүүлж чаддаг юм. Өөрийнхөө итгэхгүй байгаа зүйлд бусдыг итгүүлнэ гэдэг муухай. Намайг дүлий болохоор хүмүүс их шоолдог, басамжилж, доромжилдог. Би тэр тусам нь хүчтэй байх ёстой. Би залуу хүн учраас миний өмнө гэрэлт ирээдүй байна. Хүмүүсийн ярианд автахаас илүүгээр ирээдүйрүүгээ тэмүүлэх нь дээр гэж үздэг. Үүнд өөртөө итгэх итгэл, тэвчээр асар их хэрэгтэй.

-Итгэл гэснээс үлгэр домогт итгэдэг үү?
-Яг л хужаа нар шиг ханддаг даа тэр зүйлд чинь. Бараг итгэдэггүй гэсэн үг.

-Таны бүтээл тэр чигтээ үлгэр домог шиг санагдсан. Харин та итгэдэггүй зүйлээ зурдаг гэж үү?
-Үгүй дээ. Энэ чинь огт домог биш. Египет, Хоросын сэлэм дуулга, эд өлгийн зүйлс, тэдний ертөнцийг өөрийн төсөөлөл, мэдрэмжээр зурдаг. Миний төсөөлөл амьд гэдэгт би харин итгэдэг шүү.

-Таны зургуудаас чимээгүй байдал их ажиглагдлаа. Яг л сонсохыг хүсдэггүй хүн шиг аашлах юм.
-Сонсохыг тэгтлээ их хүсдэг хүн би лав биш ээ. Чих маань яг л чулуу шиг. Харин энэ орчлонгийн чимээ шуугиан хэтэрхий чанга санагддаг. Байх ёстойгоосоо ч илүү чанга юм шиг. Гэхдээ би өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож чаддаг. Энэ л надад хангалттай.

-Урланд байгаа бүтээлүүдээс чинь маш олон дун, мөөг олж харлаа. Энэ хоёр таны хувьд юуг илтгэдэг вэ?
-Дун. Энэ бол чимээгүй байдал. Чив чимээгүй. Бас их тайван, хөдөлгөөнгүй. Харин мөөг нь амьдрал.

-Тэгвэл мөөг нь яг л эрэгтэй хүний нууц эрхтэн шиг харагдаж байна.
-Тийм. Гэхдээ хэн ч, яаж ч харж болно. Миний хувьд зургаар амилсан амьдрал үүгээр илэрхийлэгддэг.

-Тэгвэл таны хувьд секс их чухал байдаг байх даа.
-Гоё. Тэр бол их сайхан зүйл. Гэхдээ одоо хийхээ больсон. Сексээс холдоод удаж байна.

-Яагаад гоё гэдэг зүйлээсээ татгалздаг юм?
-Хэлэхгүй.

-Хүмүүс таныг их хүүхэмсэг гэдэг юм билээ.
-Тийм. Эмэгтэй хүн бол урлаг. Тэдний бие галбир хийгээд царай зүс нь бурханы бүтээл учир би арга буюу шүтэн биширдэг. Тэгээд ч олон эмэгтэй миний сонирхолыг татдаг болохоор хүүхэмсэг гэдэг юм билээ.

-Хүүхэмсэг эрийн хувьд бүсгүй хүний төсөөлөл ямар хэлбэртэй байдаг бол?
-Бүсгүй хүний мэдрэмж болоод сэтгэл хөдлөл их нарийн байдаг. Тэд хүлээлтийг зовлон, бодлыг гуниг, зүүдийг илбэ, харцыг илд болгож чаддагийн дээр хайранд боолчлогдож, цаг хугацаанд хүлэгдэж, амьтай бүхэнд алдарч урсаж чаддаг шидтэй.
 
-Та бүсгүй хүнийг их уран зурах юм.
-Надад тэдний уран байх нь таалагддаг. Надад байхгүй бэлхүүс, уян гар нь сэтгэл их татдаг даа. Тэрнээс гадна эмэгтэй хүн бардам байхдаа гоё. Яг зөв зүйл дээр, голыг нь олоод бардамнах бүүр гоё. Тэр ихэмсэг байдлыг зурганд буулгахад уран бие болчихдог юм байлгүй дээ.

-Энэ чинь хэн бэ? (Цэнхэр харандаагаар зурсан эмэгтэйн хөрөг) Их л танил царай байна хэнийг ингэтлээ шимтэн зураа вэ?
 -Надад маш их таалагддаг эмэгтэй байгаа юм аа. Миний харцыг татах увдистай сайхан бүсгүй. Би дандаа зүүдэлдэг, зүүдээ зурдаг.   (Олны танил хүн байсан тул нэрийг нь нууцлахаар тохиролцов...)

-Тэгвэл эхнэр чинь энийг уншаад яах бол? Айж байна уу?
-Үгүй ээ. Энэ бол ердөө л уран бүтээлч хүний харц. Надад мэдээж эмэгтэй хүнийг харах нүд, өөрийн гэсэн мэдрэмж байж таарна. Эхнэр гэдэг бол миний хань. Харин Мишээл надад таалагддаг. Тэглээ гээд эхнэрээсээ салахгүй. Хэн нэг эмэгтэй миний сэтгэлийг булаах нь гэр бүл салах шалтгаан биш. Тэглээ ч Мишээл намайг эхнэрээс минь салгахаар хүн биш.

-Тэр тухай асуудлыг түр орхиод яриандаа ороё. Багадаа сонсдог байсан ямар нэг чимээ одоо санагддаг уу?
-Ozzy Ozborn-ий дуунуудад дуртай. Заримдаа миний дотор эгшиглэдэг.

-Сонсож үзсэн юм уу. Яаж тэр вэ?
-Маш чанга чимээг хааяа сонсдог. Эсвэл миний төсөөлөл сонсогддог байх аа.

-Чимээг төсөөлдөг гэж үү?
-Миний хувьд л… Би тайлбарлаж мэдэхгүй байна. Ямар ч байсан их чанга зүйл байгаа байх.

-Та үргэлж чимээ, аниргүйн дунд байдаг. Уйтгарладаг уу?
-Бусад хүмүүсийн хувьд уйтгар чимээгүй байдлаар илэрдэг гэж үү? Тэгвэл эсрэгээрээ надад чимээ шуугиан уйтгар авчрах байх аа.

-Хэрэв өдөр арай урт байсан бол тантай маш олон зүйлсийн талаар ярилцах байлаа. Хүсвэл чинь 96 хуудастай шинэ дэвтэр барьж ирээд тухтайхан шиг ярилцана аа. Дургүйцэхгүй биз дээ.
-Яалаа гэж дээ.

Залуу уран бүтээлч таны билгийн мэлмий хурц байж, цаасан дээр амилсан сэтгэгдэл тод тэмтрэгдэж, бийрийн ширвэлт тань улам танхай байх болтугай.


Ярилцсан Т.Нипонь

No comments:

Post a Comment