Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, February 13, 2012

Ц.Санчир: 365 хоногийг монголын одон орон судлалын төвд судлан тогтоосон

2012-02-13 15:23:29
  http://mongolnews.mn/i/27939



“Өнөөдөр”-ийн маань зочин тайрмал үстэй, инээмсгэлсэн эгч. Нүднийх нь галыг үзвэл, бодлыг нь унших гэсэн хүсэл төрнө. Би лав түүний харцнаас оньсыг нь тайлмаар гэрэлтсэн мөрөөдөл, урам зориг олж үзсэн билээ. Магад энэ мөрөөдөл нь элэг нэгтнээ нэгтгэх Чингис хааны маань хүслийн бас нэгэн үргэжлэл байх. Эв энгийн харагддаг энэ эгчийн 10 жилийн туршид хийсэн судалгааг би шимтэн үздэг. Түүхийн тасарсан хэлхээг сэргээх гэж яваа энэ эгч Монгол нутгийн элгэн дээр төрж өсөж, энэ их түүхийг “биднийх” гэж өмчлөх эрхээ хувь тавилан гэж ярьдаг.  Энэ бол Ц.Санчир. Нийтийн мэддэгээр  TASAM буюу “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын захирал. Бид Сансар дахь “Wendy coffee”-д уулзаж ийнхүү ярилцлаа.


Бид эчнээ танилууд байсан тул анхны уулзалт маань дотно, дулаахан болсоныг хэлэлгүй өнгөрөөж боломгүй. 2009 онд “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн болон цуврал сурвалжлага гарахад би таныг анх олж харсан юм. Тэгээд сая Ерөнхийлөгчийн монголчуудыгаа цуглуулъя гэдэг уриалгыг сонсоод хамгийн түрүүнд таныг саналаа. Та монголчуудыг цуглуулах талаар ямар бодолтой байгаа вэ? 
-Энэ талаар ярихын тулд асар их судалгаатай болж байж ярих хэрэгтэй. Монголоос гадна оршин суугаа монголчуудынхаа угсаа гарлыг тусгаар монгол улсын зүгээс эн түрүүнд судлах ёстой. Түүхийн ямар он тоололд, ямар хааны зарлигаар аль нутагт ямар угсаатан, ястан хэдүүлээ байгааг мэдэх хэрэгтэй. Тэгээд тэдний хэд нь монгол угсаатны тасархай юм, хэд нь хайлсан юм, хайлсан хүмүүсийн элэг нь зөв үү, буруу юу гээд асар их мэдээллийг цуглуулах шаардлагатай.  

-Элэг буруу, зөв байгааг яаж мэдэх юм бэ?
-Дахин хэлэхэд бид судлаачид. Бидний өгч байгаа ярилцлага баримттай байдаг. Ямар ч баримтгүй зүйлсийн цахим хуудсан дээрээ нийтэлдэггүй. Гол нь бид 10 жилийн турш тэр хүмүүстэй уулзаж, түүх болон аман яриа, домгийг нь сонсож тэмдэглэж байна. Гадны эрдэмтдийн тэмдэглэлийг ч судалж үзэж байна.  Монголын эзэнт гүрний үеэс эзлэсэн нутгаа хамгаалан үлдсэн монголчуудаас гадна хожим Цогт тайжийн тулааны үе, Торгуудийн их нүүдлээр үлдсэн монголчууд  гээд Халимаг, Буриад, Алтай, Тува,  Хошууд, Торгууд, Урианхай, Дээд монгол, Хошууд, Цагаан монгол гээд асар олон угсаатан ястан байна. Тэдний угсаатны онцлогоо болон хэл соёл зан заншлаа авч үлдсэн байдал зэргийг судалж байж монгол яс цусны угсаатан ястанууд гэдгийг ярих нь зүйтэй л дээ. Хичнээн монголоороо үлдсэн ч монголын төлөө зүрхгүй хүмүүс ирвэл бас хэцүү асуудал болох байх. 

-Ерөнхийлөгч маань гадагшаа явсан хүмүүсээ л нутагтаа ир гэж уриалаад байгаа юм байх даа. Хэрэв монгол цусны тасархай бүрийг авчрах байсан бол танай хөтөлбөрийг дэмжээд Монгол улсын хэмжээнд судалгааны баг байгуулж, хөрөнгө мөнгөөр нь хангах байсан гэж боддог юм.
-Энэ уриалга гарсны дараа хүмүүс бидэн рүү маш их утасдаж  холбоо барьж байна. Ерөнхийлөгч та нарыг төсөлд оролцуулсан уу, одоо судалгаа хийхэд гацах зүйл үгүй боллоо гээд үзэгч, уншигчдын зүгээс их л баярлацгааж байна. Уг нь бид нэлээн эртнээс монгол судлалын төслийн санаачлага гаргаж, Ерөнхийлөгчийн албанд албан ёсоор танилцуулсан байгаа. Харин одоогоор тодорхой сураг гараагүй байна. 

-Энэ сэтгүүлдээр бичсэнэр бол “Монгол улсын Ерөнхийлөгч эх түүхээ хайрласан, хүмүүст мэдлэг мэдээлэл өгсөн нэвтрүүлгийн ач холбогдлыг өндрөөр үнэлээд цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ” гэсэн байна. За энэ ч яахав. Гадна үлдсэн залуу үе ямар бодолтой байдаг вэ. Бид бараг гурван саяуулаа гэхэд л уусаж байна гээд л шуугилдаж байна шүү дээ. 
-Өрөвдмөөр шүү дээ. Тэд эх нутгаасаа тасраад хэдэн үеийг өнгөрөөсөн. Бид нар тэдний сэтгэл зүйг мэдэхгүй байна. Ховогсайр нутаг буюу бидний мэдэхээр шинжааны монголчуудад хил хуваагдах үеэр таслагдсан монголчуудын тухай нэг ийм дуу байдаг юм: “Найралж суугаад яваад өгсөн Найзаа битгий мартаарай Насан багадаа танилцсан Намайгаа битгий мартаарай. Ах дүүсийн хэлхээ Алтнаас үнэтэй эрдэнэ юм” гээд л тодорхой үйл явдлыг илэрхийлсэн олон дуу, домог яриа байдаг юм. Ихэнхи нь хаалттай нийгэм, дотоодын мөргөлдөөнтэй улсад амьдарч байгаа болохоор чөлөөтэй ярилцах боломж хомс л доо. Энэ чинь улс төр болоод явчихна. Бид ч гэсэн хамаагүй юм ярихад хэцүү байдаг. Гэхдээ бид жинхэнэ түүхийг мэдэхийн тулд ярих л ёстой болчихоод байна. 

-Ер нь ажаад байхад үеийн үед ийм айдас байдаг юм шиг байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. 

-Бид нар яагаад удам судрынхаа талаар айж ичихгүй ярих эрхгүй байдаг юм бэ. Элэг нэгтнүүдээ олж авах гэж улс төрөөс айж эмээж байх юм. энэ айдсыг яаж байхгүй болгох вэ?
-Айхаа болихын тулд судалгаа маш чухал. Яг таг баталгаа, нотолгоо болон түүхийн хэлхээ олж авах юм бол болно. Гэхдээ бас хайлчихсан хүмүүс байна. Монгол гэдэг угсаа үндсээ мэдэхээ больчихсон гээд л. Бас мэдэж байгаа зүйлсээ ярихаас ч айдаг нь ч бий. Мэдээж тухайн газар нутагт “Мартуулах бодлого” явагдаж байгааг ч бүгд гадарладаг.

-Монголоос гадна байхаар л хайлчихдаг гэсэн бодол байдаг. Энэ нь бид өөрсдөө уусаж байгаагаа харж гаргасан дүгнэлт байх л даа.
-Бид монголоос гадна байгаа элэг нэгтнүүдээ хайлж байна гээд л байдаг. Үнэндээ нутагтаа байгаа бид ч гэсэн асар их хайлж байна шүү дээ. Бид нутагтаа ирэх болгондоо гадаад эртэй хэлхэлдчихсэн явж байгаа эмэгтэйчүүдтэй онгоцонд тааралддаг. Энэ чинь хайлж байгаагийн шинж. Уламжлалт бичиг маань байна уу. Үндэсний хувцас маань яг хуучин хэлбэрээ хадгалж үлдсэн үү. Эсвэл тэдгээрийн монгол гэдгийг илэрхийдэг өвөрмөц онцлогуудыг уусгаж хайлуулалгүйгээр орчин үетэй хослуулж чадаж байна уу.Тэрнээс биш монголоос гадна үлдсэн хүмүүс л хайлж, устсан, элэг нь буруу гэж бодох нь өрөөсгөл байгаа юм. Гадна байгаа монголчууд Монголоороо үлдэхийн тулд асар их золиос, төлөөс гаргаж байгаа. Дарамт их шүү дээ. Ялангуяа Исламын шүтлэгтэй, дайнтай газруудад бүр ч хэцүү. Тэд үндэс угсаа өв соёлынхоо төлөө хэрэндээ л тэмцэж байгааг бид мэдэх хэрэгтэй.

-Бид олуулаа үлдсэн хэрнээ л уусчих гээд байна. Гэтэл бүслэлтэнд үлдсэн хүмүүс хайлалгүй үлдэж чадна гэж үү. Тэд цусаа хамгаалахын төлөө тэмцдэг юм уу, ер нь?
-Үүний төлөө тэд маш их тэмцэж байгаа. Тухайлбал 4000 цастын монголчууд байдаг юм. Хятадын Гансу мужид. Эх монголоосоо тасраад 400 жилийг өнгөрөөсөн. Хүмүүс мэдээж дөрөвхөн мянган монгол хайлаад дуусалгүй яахав дээ гэж боддог. Очоод үзэхээр үнэхээр өрөвдмөөр. 4000 мянгуулаа хэл соёлоо авч үлдэх гэж монгол хэл дээрх сонин, радио, хэвлэлийн газар, сургууль цэцэрлэг, үндэсний хувцасны урлан хүртэл ажиллуулж байна.
 
-Цөөхүүлээ байгаад байвал цус ойртох гэж нэг аюул байна.
-Гэрлэлтийн тухайд асар өндөр соёлтой. Шинжааны монгол, Дагуур монгол, Барга, Дээд монголоос бэр гуйдаг. Хүргэн очдог. Тэдний монголоороо үлдэх гэсэн золиос, төлөөс дотор Монголоороо үлдэх гэсэн чин хүсэл байгаа юм. Уг нь Хятадууд тэр цөөхөн хүнийг хайлуулна гэвэл амархан байх аа. Харин тэд үе үеэрээ үүнийг ухамсарласаар байгааг бид анзаардаггүй. Харин манайд тэмцэх зүйл алга байна ш дээ. Айдас алга. Тэр ч бүү хэл  өндөр их түүхтэй өвөг дээдсийнхээ боол байсан солонгосчуудтай дэр нэгтгээд л явж байна. Энэ бидний алдаа. 

-Бүх монголчуудыгаа авчирлаа гэхэд хоёр талаас ямар асуудал үүсэх вэ?
-Асар их.  Тусгай судалгааны алба байгуулж, иргэншил олгох гэж байгаа байгууллагын мэргэжилтэнүүдийг өндөр төвшинд сургаж бэлтгэх хэрэгтэй. Энэ чинь үндэсний аюулгүй байдалтай бүх талаараа холбоотой сэдэв. Тэрнээс биш 1227 онд тасарсан  Цагаан монголчууд монголд ирэхийг хүсч байна гээд шууд ороод ирж бас болохгүй л дээ. Уг нь бүгд л монголд ирэхийг хүсэх боловч тэр хэрээрээ айна. Гэхдээ бас энд ирж иргэншил аваад, Америк явах хүсэлтэй хүмүүс ч бий. Тийм хүмүүсээс илүү боловчролтой, энд суурьшиж амьдрах хүсэлтэй, хайлаагүй хүмүүсийг гэр бүлээр нь нүүлгэж авчрах тухай бодлогоо илүү чиглүүлбэл үр дүн өндөр байна л даа. Ингэхдээ мэдээж ажлын байр болон ирэх хэдэн жилийн амьдралын баталгаагаар хангаад, энд ирэх бүх зардлыг нь төрөөс хариуцдаг гээд бусад орны хэрэгжүүлж байгаа туршлагыг ч мөн судлах хэрэгтэй. Мэдээж ингэхийн тулд тусгай хууль батлаад, хуулийнхаа хүрээнд ажиллах нь зүйн хэрэг. 

-Монголчууд гадаадад тав арван жил амьдраад, тэндэхийн иргэн болж л байдаг. Гадна байгаа монголчууд ч гэсэн монгол хүнтэй гэр бүл болоод иргэншил авч болдоггүй юм уу?
-Манайхан жил тутамд хэдэн мянгараа гадаадын иргэн болж байгаа. Казакстанд их олон монгол байдаг юм. 3000 долларын дэмжлэг авах гэж Казакстаны иргэн болдог. Бид Казакийг үсрэнгүй хөгжиж байгаа, сайхан газар гэж ярьдаг боловч бодит байдал дээр их л өөр юм билээ. Үнэндээ тэнд Алматы, Астана гэдэг хоёр хот л бий. Бусад нь хэцүү л дээ.
 

-Монголчууд иргэншлээ сольж байна гэж үү?
- Гурван мянган долларын төлөө хэдэн мянган жилийн түүхтэй Монгол улсынхаа иргэншлээсээ гараад, 20 жилийн түүхтэй Казакстаны иргэн болоод, хуучин Сталины цөллөгийн газарт суурьшиж, гудамжинд гөөхий идэж, 90-ээс оны чанамал жинс өмсөөд явж байна шүү дээ. Гэтэл Түвдийн 5000 метр уулын өндөрлөгт Монголоо бахдам сайханаар авч яваа угсаатан ястан байдаг. Монголчууд үнэхээр агуу үндэстэн болохоор өв соёлоо авч үлдэнэ гэдэг бахархал л юм даа. -Монголчууд бид агуу гэсээр байгаад агуу гэдэг үгийн үнэ цэнэ үгүй болсон шиг санагдах болсон шүү. -Агуу гэдэг үг ямар утга учиртай юм. Бидний өвөг дээдэс дэлхийг эзэлснээс гадна дэлхий дээр судалж болох бүх зүйлсийг судалж дуусаад, хамгийн сүүлд од гаригийг судлахын тулд Одон орны төв байгуулж байсан түүхтэй. Энэ чинь дэлхийн хамгийн анхны Одон орны төв Ираны Маруго хотод байдаг юм. Тэнд дэлхий нэг жилтэй, жилд 365 хоног байдаг гэдгийг тооцоолон буулгаж байсан. Их хаан Мөнхийн санаачлагаар Ил хаан Хүлэгийн зарилгаар персийн эрдэмтэд байгуулсан. Би үүнийг харах тоолондоо уйлмаар болдог юм. Энэ бүхнийг мэдэхгүй хэрнээ харанхуй ярьдаг маань “монголын түүх агуу “гэдэг утгыг бууруулдаг байх.

- Үнэхээр сонсож байгаагүй зүйлс байна. Бид одон орон судлалд анхдагч гэсэн үг үү?
-Дахиад хоёр том одон орны хүрээлэн бий. Хоёрдахь Одон орны төвийг Их хаан Хубилайн зарлиагаар Монголын эзэнт гүрний Юань улсын нийслэл Дайду хотод буюу өнөөгийн Бээжин хотод байгуулсан. Дэлхийн гуравдахь одон орны төвийг Монголын Барлус овгоос угсаа гарал нь нэрлэгддэг Төмөр хааны ач хүү Үлэгбэх Монголын эзэнт гүрний Цагаадайн хант улсын нийслэл байсан өнөөгийн Узбекистаны Самарканд хотод байгуулж, өөрийн амьд сэрүүндээ тус одон орны төвд 1018 одыг судлан шинжилж, тодорхойлон нэрлэсэн байдаг. Эдгээр одон орны хүрээлэнгүүд бүгд дор бүрнээ одон орон судалдаг багаж хийдэг тусгай урлантай, дэлхийн сор болсон эрдэмтнийг хөлсөөр ажлуулдаг байсан бөгөөд бүтээлүүдийг нь тухайн цаг үеийн хаанчлал болох Эзэнт гүрэн, Их Юань, Ил хаант улсын нэрэн дор гаргаж байсан байгаа юм. Энэ бидний бахархал.

-Энэ бүхэн одоо хэний өмч вэ?
- Ираны Маруго хотод байдаг Расад хан буюу “одон орны оргил төв”-ийн тайлбар нь: “Монгол хаан Мөнхийн зарилгаар персийн  одон оронч Насир ад дин ат гүүш байгууллаа. Дэлхийн хамгийн анхны одон орны оргил төв Расад хан” гэсэн Перс хэл дээр тайлбар байдаг. Бид үүний дараа Ираны Султан хотод очсон. Өлзийт султаны ордон байдаг гэсэн мэдээллийн дагуу очсон л доо. Мөнөөх ордны гадаа нь Англи, Перс хэл дээр “Иран дахь “монголын үе”-ийн дурсгал. Дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж. Монгол хаан Өлзийтийн ордон”. Гэсэн бичиг байдаг. Энэ нэрээр 2005 онд “хүн төрөлхтний соёлын өв”-д бүртгэгдсэн.

-Бөмбөгөр оройтой барилгуудыг Исламын сүм гэдэг утгаар л бид боддог ш дээ.
-Иранд “Монголы үе”-ээс өмнө буюу 1256 оноос өмнөх уран барилгын дурсгалууд нь хавтгай оройтой дүнзэн барилгууд байдаг. Монголчууд суурьшихаар очоод, уламжлалт сууц болох гэрээ бэлгэдэж монгол гэрийг санагдуулам бөмбөгөр байгууламжийг барилгууд дээр барих болсноор Ираны уран барилгын түүхэнд томоохон шинэчлэл хийгдсэн гэдэг. 

-Жилд 365 хоног байдгийг монголчууд нээсэн гэсэн. Харин 2012 он чинь христийн тоолол гэдэг. Эн тооллын тухай маргаан гардаг уу?
- Дэлхий 365 хоногтой нэг жилтэй гэдгийг одон орны шинжлэх ухааны аргаар тогтоосон нь тэр юм. Тэр ч бүү хэл нар сарны хөдөлгөөнөөр ган зуд, цаг улиралын шинж тэмдэгийг одон орон судлалын аргаар анхлан шинэжилж тайлбарласан байдаг. Чингис хааны нэгтгэсэн төр чинь зөвхөн дайн тулаанаар дэлхийг эзэлсэн юм биш шүү дээ. Тухай үедээ байж болох бүх л нээлтийг хийсэн нь Мянганы суут гэсэн алдарын эзэн болгосон байх. 

Ингээд бидний ярилцлага завсарлаж байна. Удахгүй танд “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ынханы Монголын эзэнт гүрний үеийн Ил хаадын хязгаар, Цагаадайн хант улс, Алтан орд, Юань улс буюу өнөөгийн Узбекистан, Казакстан, Кыргызстан, Суматрагаар  аяласан тухай ярилцлага маань үргэлжлэх болно. Зүчи хааны булш хаана, ямархуу байдалтай байгаа тухай, бидний мэдэж амжаагүй монгол нээлтүүдийн талаар, мөн угсаа гарлын тухай өөрийн байр суурьийг Ц.Санчир эгч ярьсан билээ.


3 comments:

  1. Unshlaa sonirholtoi blaa. Iluu ihiig medmeer l bna. Amjilt husie naizaa.Azaa bid 2 ogloohon chamaig mundag shuu egj yariltsaj blaa sh dee.

    ReplyDelete
  2. Үнэхээр сайхан ярилцлага байна. Илүү их мэдээлэл авахыг хүсэж байна. Олон нийтэд хүрэх blog.с гадна хэрэгсэлд нийтэлбэл илүү хүмүүст хүрэх байх гэж бодлоо. Учир Монгол хүн бүр унших хэрэгтэй!!!

    ReplyDelete