Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, May 1, 2014

Ж.Дүүрэнтөгс: Уран бүтээлд шингэсэн эрчим хэзээ ч хувирахгүй...

 
 
Хэн нэгэнтэй ханатлаа ярилцаад буцахдаа би гариг ертөнцийн өчүүхэн нэгэн эд эс гэдгээ мэдэрдэг. Учир нь надаас тэс өөр бодолтой үй олон хүмүүс энэ ертөнцөөр дүүрэн буй. Тэдний хэдхэн хувь нь миний дэргэдүүр өнгөрч, цөөхөн хэдтэй нь л би нүүр учирч ярилцдаг. Энэ удаад би мөн л шинэхэн танилаа эрхэм уншигч танд танилцуулах гэж байна. Тэр бол манай сэтгүүлийн зочин, уран бүтээлч Ж.Дүүрэнтөгс юм. Тэрбээр бидний нүдэнд дасал болсон олон ч баримлыг бүтээсэн билээ.

-Та их гоё, ховор нэртэй юм аа.
-Миний аав жүжгийн зохиолч, найруулагч хүн байсан. Би ууган хүү нь болохоор нэрийг минь их л бодож, зөгнөж өгсөн байх. Нэр маань хувь зохиолоо дагуулж ирсэн хэмээн бэлэгшээж эзэн нь байхыг хичээдэг дээ.

-Таны зурж буй зураг их хачирхалтай санагдлаа. Чонон толгойтой, монгол дээлтэй баатар эр үү дээ. Юу өгүүлж байгаа юм бол?
-... Өрөөсөн хөлөө үхэр бууны суманд үйчихсэн, тэгсэн хир нь сүлд тугаа тулан өндийж байна. Ялагдашгүй, дийлдэшгүй, дуусашгүй гэсэн санаа. Энгэрээс нь бэлтрэг цухуйж байгаа нь чонын хийморьтой эрчүүд төрсөөр л байх болно гэдгийг илэрхийлж буй. Энэ зэргийн утгатай зүйлийг ярьж омогшиж болдог юм чинь зурж яагаад болохгүй гэж...



-Та шинэ санаагаа бүтээл болгоход хэр хугацаа зарцуулдаг вэ?
-”Монгол” гэсэн тодотголтой энэ уран зургийн төрөл манай үндэсний соёл урлагт өөрийн уламжлал, дэг жаягтай. Өвөг дээдэс маань бүх түүхийн турш өглөөнөөс үдэш хүртэл борви бохисхийлгүй амьдарч тэмцэж ирэхдээ нүүдлийн соёл гэх агуу том оюун ухааны өв санг бүтээсэнд хойч үеийн бид сөхөрч мөргөх учиртай. Европын өндөр соёлтой, харшид тухалсан хүмүүс уран бүтээлээ туурвих гэж хэдэн сар, жилээр суудаг байсан. Харин монголчууд нүүдлийн соёлтой байсан болохоор зураг зураад суух боломж байгаагүй. Гэр орны их ажил, нүүдэл суудал дунд зураг зурах завдал ч олдохгүй. Тэгэхээр маш хурдан, сайхан зураг зурах арга барилыг олж, нээсэн байгаа юм. Тэр аргаараа олон ч тоглоом наадгай зохиожээ. Харахад маш хялбархан, амархан бүтсэн зүйлс их бий. Монгол зураг бол гэрийн тооноор нар өнгийж, буцах зуурт, бүр цай буцалж, хомоол шатаж дуусах хоромд бүтээгддэгээрээ онцлогтой. Мөн морины давхил дунд монгол бичгээр тэмдэглэгээ таталбар хийж явсан ч гэх. Өвөг дээдэс маань энэ туурвил зүйн арга барил, эрдэм мэдлэгээ зааж үлдээгээгүй ч гэсэн тэдний бүтээл, туурвилыг сайтар үзэж, шинжилбэл гайхалтай зүйлс олныг нээх болно. Сэтгэлгээний болон гүйцэтгэлийн хурд бол Монголчуудын бусдаас ялгарах чадвар. Тэгэхээр би ч бас өөрийн санааг бүтээл болгохдоо хялбар хурдан байх аргыг уламжлалаас олж авч чадсан шүү.

-Уран зураг бүтээхийн чанар нь цаг хугацаанаас хамааралтай юу?
-“Хэний бүтээл вэ гэхээс хэдэн жил бүтээсэн бэ” гэдэггүй. Чухам сэтгэлийн, сэтгэхүйн, ур ухааны явдал учраас бүтээгдэх цаг хугацаа бус амьдрах цаг хугацаа л бүтээлээ тодорхойлно. Тиймээс хурдан, удаандаа биш байх нь. Ямартай ч өөрт орж ирсэн санаагаа оновчтой тогтоон барих нь чухал. Эсвээс юу хийхээ мэдэхгүй байгаа үед бүтээл туурвина гэвэл тэрэгний арал хийх гээд шүдний чигчлүүр болгосонтой дүйх юм болно. Ер нь аливаа уран бүтээлчид санаагаа олох гэж л их хүлээдэг.

-Та Монгол зургийн аргыг өөр арга барилтай хольж, шинэчлэл хийх гэж оролдож байв уу?
-Ер нь өглөө бүрийн өнгө аяс шиг амьдралыг бид бүгдээрээ шинээр мэдрэх, маргаашийг ер бусын төсөөллөөр зөгнөх дуртай. Би Монгол зурагт өөрийн төрхийг бий болгохын тулд эрэл хийж мунгинаж л байна. Ямартай ч даавууг шохой, цавуугүй, ургамлаар цардаж, зуурч нухсан будгаар биш усны тархалт гүйлтээр будалтыг хийж ардын ёгт хошин өгүүлэмжээр бүтээлээ туурвиж байна. Хоёр жил Өвөр Монголд энэ чиглэлээр үзэсгэлэнд оролцоход тэд Монгол цустай учраас маш гайхаж, талархаж хүлээн авсан.

-Уран бүтээлч гэж ямар байх ёстой юм бэ. Контемпорари урлаг манайд нэвтэрснээс хойш бараг хүн бүхэн уран бүтээлч байж болно гэх ойлголт дэлгэрсэн. Уран бүтээлч байхад ямар нэгэн цензур хэрэггүй гэж үү?
-Угтаа хорвоо өөрөө төгс төгөлдөр бүтээл. Тэр утгаараа бидний хүртдэг юмс үзэгдэл болгон урлаг, гоо сайхны дээд хэлбэр, гүн утга. Контемпорари ландарт зэрэг урлагийн төрөл бол манай ард түмний энгийн хэрэглээ, хөл доорхи урлаг шүү дээ. Жишээ нь гэрийн тооноор байгалийг шинжих, зургаан үе дамжсан эмээлийг тохоод мордох, хаш чулуун гаансаар тамхины хорыг шүүх, нэг сарынхаа хоол хүнсийг майга ширээнээ өрж найрлах, тэнгэрт дүүлэх шувууны үүр хөл доор байх... Энэ бол амьд урлаг буюу амьдрал өөрөө урлагийн сэдэл өгөгдөл болохын жишээ. Бид ч нүүдлийн өв соёлын хүрээлэн, оюун ухааны их сан дотор л сууж байна гэсэн үг дээ.





-Уран бүтээлчдийн ярианаас сонсоход захиалга гэдэг хүлээс юм шиг санагддаг.
-Тийм ээ. Захиалгын бүтээл хийхэд өөрийнхөөрөө байх боломж хязгаарлагдаад эхэлдэг. Хүний сэтгэлд нийцүүлэхийн тулд өөрийгөө хорихоос өөр аргагүй болдог шүү. Ашгүй нэг захиалга орж ирж амьдралын хүлээснээс тавигдах үе ч бас байна. Тэр урлагийн бүтээл захиалаад байгаа хүн чинь нь ч бас тухайн зүйлээ нүдэндээ харж, сэтгэлдээ багтаачихаад яг бүтээж чадахгүй болохоороо л бидэнд хандаж байгаа нь тэр.

-Танд шинэ бүтээлийн санаа хэрхэн орж ирдэг вэ?
-Бидний тархинд мэдээлэл янз бүрийн сувгаар орж ирдэг. Арьсны сүвээр ч байж магадгүй. Болзолгүй цагт, зөвшөөрөлгүй олон санаа хүч түрэн орж ирэх нь ч бий. Зарим нь тохуурхсан оньсого мэт, зарим нь бүхэл бүтэн цогц төслийн хэмжээнд байдаг ч юм уу. Энэ үед “антень” сайн, бие эрүүл, бүх зүйл бэлэн байдалд байх хэрэгтэй. Архи, тамхи, элдэв гаж явдлаас өөрийгөө чөлөөлж шинэ мэдээллийг тогтоон барьж авах нь тарвага сахиж байгаа боодгонд дуртай эр шиг л байна гэсэн үг.

-Уран бүтээлчид яагаад урлантай байдаг юм бэ?
-Миний урланд хүн маш болгоомжтой, хүндлэлтэй орж ирэхийг би мэдэрдэг. Тэр хүн миний энергийн орон зайд нэвтэрч байгаа учраас тэр. Хэн нэгний урланд тухайн уран бүтээлчийн энерги, мэдээлэл дүүрэн бий. Харин миний урланд зөвхөн миний энерги л тархсан байгаа. Тэгэхээр өөрийн энерги, бодол санаа түгсэн орчиндоо тав тухтай, сайхан байна шүү дээ.

-Энерги гэснээс дорно дахины урлагт уран бүтээлчийн сэтгэл, энергийн тухай их хөндөгддөг. Уран бүтээлд энерги шингэдэг үү?
-Би нэг зураг зурлаа гэж бодоход, тухайн зургаа жаазлаад, “Ямар нэг зүйл дутуу үлдээчихээгүй байгаа даа” гэж бодох хүртэл зураг бид хоёрын хооронд энергийн үйлчлэл явагдана. Хүний бодол энергээс бүтдэг. Тэгэхээр бодол, сэтгэл бүхэн маань энерги болж зурагт шингэнэ. Одоо энерги гэж ярьдаг болж. Бодол, сэтгэл, үйл хөдлөлийн эрчим юм уу даа. Энэ эрчим хэзээ ч хувирахгүй, өөр нэгний эрчимтэй холилдож, сүлэлдэхгүй. Тиймээс л уран бүтээл гэдэг үнэ цэнэтэй байдаг юм. Яруу найрагчийн шүлэгт арваад жилийн дараа нийтээрээ алга ташиж, нэр нь үл мэдэгдэх зохиолчийн бүтээл олон жилийн хойно хүмүүсийн сэтгэлийг эзэмдсэн гээд л олон ч жишээ дурдаж болно. Балхжав хэлсэн дээ, “Миний уран бүтээл хэчнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч баясал, гуниг, ухаарлын алиныг авчирахыг би таашгүй ээ” гээд...

-Уран бүтээл гэж юу болохыг бүрэн тодорхойлох хэцүү л дээ. Таны ярианаас үнэлж, дүгнэх бүр хэцүү гэдгийг нь мэдэрч байна.
-Тийм ээ, хэн нэгний уран бүтээлийг үнэлж, дүгнэх шаардлага байхгүй ээ. Хэн ч дүн тавих юм. Нэг хүнд таалагдлаа гэхэд нөгөөд нь таалагдахгүй байж болно. Гол нь уран бүтээл гэдэг хэн нэгэнд ухаарал, баяр баясал, бодролын аль нэгнийг өгөхдөө л өгнө. Миний зөнгөөс төрсөн, бодолд харван орж ирсэн санаа ямар нэгэн учиртай л байж таарна. Тэр агшныг зүүд манах шиг бариад авбал л боллоо.



-Тэгээд яаж цаасан дээр буулгах вэ. Мартчихгүй юү?
-Мартахгүйн тулд тархиндаа хоногшуулна. Эсвэл дүрсээр, үгээр тэмдэглээд авчихна. Түүнийгээ тархиндаа нухаж, боловсруулна. Юу ч бодолгүй буулгана гэж байхгүй ээ. Б.Лхагвасүрэн гуай, “Үгийг зажилж гаргадаг” гэж хэлсэн шүү дээ. Бид ч бас өөрт байгаа санаагаа удаан бодож, дэвэргэж, хөөргөж, баяжуулж байж туурвина. Тэр тусмаа л бодол үржинэ, урлан, бүтээж байхдаа жаргалтай болно. Гэхдээ дотор байгаа юмаа удаан хадгална гэдэг их хэцүү. Дотроо бодоод л гаргаж, буулгаж чадахгүй яваад байвал бугшаад, өөр олон санаатай холилдоод хэцүүднэ.

-Сая таны яриаг сонсоод аливаа санааг нухаад байвал сайн уран бүтээл төрдөг гэж ойлголоо. Тэгээд захиалгын бүтээл, бас муухайгаар хэлбэл гуйлгын уран бүтээлийн талаар дахиад асуумаар санагдлаа. Хүний санааг нухаад байвал сайн уран бүтээл болж чадна биз дээ?
-Хэцүү. “Чи барималч юм чинь ийм баримал бариад өг. Зураач юм чинь, зурчих” гэдэг л дээ. Тэд миний бодоогүй, санаанд орж ирээгүй, зөнд минь төрөөгүй зүйлийг хийлгэх гэдэг болохоор хэцүү гэж хэлж байгаа минь тэр. Хүний санаанд багтаж байгаа зүйлийг би хийнэ гэхээр мэдээж тааламжгүй л байна. Маш их бодож байж л туурвина. Сэдэв бол өөр хэрэг. Харин яг иймэрхүү гээд тулгахад ярих шиг амархан биш ээ. Гэхдээ манай уран бүтээлчид чинь амьдрахын тулд “хүний юм-хүсээгүй юм” их хийж байгаа. Өөрт нь дарамттай, тээртэй санагдсан ч гэсэн хийж л байдаг.

-Амьдрал хэцүү байгаагүйсэн бол уран бүтээлчид зөвхөн өөрийнхөө дураар л туурвих байсан уу?
-Нийгэм, үзэл бодол гээд олон ч шалтгаан байгаа байх. Ямар ч байсан, хүмүүс ядарчихсан байгаа. Амьдрахын тулд захиалгуудыг хийдэг. Би хийхгүй бол өөр хэн нэгэн хийнэ. Хэн нэгэн хийхгүй бол өөр хэн нэгэн хийнэ гээд л. Хэний ч хийчихэж болох зүйлийг л хийж байгаа хэрэг. Арван зураач байлаа гэхэд арвуулаа л дуурайгаад хийчихэж чадах зүйл байгаа юм. Харин зүгээр сэдэв өгөхөд бүгд өөр өөрийн гэсэн давтагдашгүй бүтээл туурвиж чадна. Тэгэхээр уран бүтээлч хүн өөрийн зөндөө хөтлөгдөх нь жаргалтай зүйл юм.

-Та яасан амар хүн бэ. Өөрийнхөө дураар урлан бүтээхдээ жаргалтай, хүний санаанд байгаа юмыг буулгахад хэцүү гээд л... Хүмүүс өөрт тааламжтай зүйлийг хийхээсээ илүү “энэ ч ашигтай, тэр тийм өгөөжтэй” гэх юм. Тэгээд бүр өөрийгөө юу хийхийг хүсэж байгааг мэдэхээ больтлоо төөрөлдөж, хэрэгтэй, ашигтай гэдэг ойлголтод дасчихсан. Та харин яаж жаргалтай гэдэг үгэнд тэгтлээ их ач холбогдол өгөөд байна вэ?
-Миний дуртай зүйл маань ажил мэргэжил, авьяас, эсвэл бурхны заяасан хишиг буян ч юм уу. Аль эсвэл заяа төөрөг маань энэ байсан. Хар багаас минь л хүмүүс зурсан зургийг минь хараад, урмаар тэтгэж байлаа. Би өөрийн хүсэл, сонирхол, сэтгэл зүрхээ дагаж явсаар энд ирсэн. Зураачийн мэргэжил бол миний өөрийгөө нээх түлхүүр байсан. Нэгэнт л түлхүүрээ олчихсон болохоор юм бүхнийг онгойлгож үзэхийг хүснэ. Буян нүглийн тухай, хүндлэл дээдлэлийн тухай, бузар булайгийн тухай гээд л... Уран бүтээлчдийн сэтгэл адилхан. Зохиолчид гэхэд л оргилсон их хайр, хүсэл, бужигнасан их үймээн, хядлагын тухай бичсэнийхээ дараа сэтгэлээ суллаад л, дотор нь онгойгоод ирдэг гэсэн. Зураач бид ч гэсэн дотор буй бүхнээ зотон даавуун дээр үлдээчихээд нэг их жаргалтай болчихдог юм.

-Та хэчнээн хөшөө, дурсгал босгож байв. Ер нь том том баримлыг захиалгагүйгээр бүтээнэ гэвэл хүнд биз дээ?
-Зургийг бол өөрийн дураар хийж болно. Хөшөө дурсгалыг сум орон нутаг, улсын төсвөөр л босгоно уу гэхээс хувь уран бүтээлч босгоно гэвэл хөрөнгө мөнгийг нь дийлэхгүй ээ. Тэгэхээр хөшөө, барималуудыг дандаа захиалгаар барьдаг гэсэн үг. Энэ тал дээр бол хэчнээн захиалга байсан ч өөрийн санааг оруулж, утга агуулга төгөлдөр болгох талаар ярилцах хэрэгтэй. Мэддэг нэгэнтэй нь ярилцана, мэдэхгүй нэгэнд нь мэдүүлж өгч байж загвар, хийц зэргийг тогтоно. Тэгэхгүй бол захиалга, дургүй юм гэж хандвал хөшөө ч үрэн таран, хөрөнгө мөнгө ч үрэн таран болно шүү дээ.

-Яг өөрийнхөө дураар бүтээсэн хөшөө бий юү?
-Яруу найрагч Эрээнцавын Нямсүрэн гуайн хөшөөг бүтээхэд надад өөрийнхөөрөө бодож зохиох эрх олгосон. Мөн Тоорой Бандийн хөрөг бас тэгж бүтсэн дээ.

-Та бас их мэрийлттэй хүн юм аа. Урлагийн өөр төрлөөр оролдож байв уу?
-Шүлэг бичих гэж оролддог. Юм бүхнийг урлаг болгох гээд байж болохгүй. Одоо уран бүтээлчдийн ертөнцөд, урлаггүй юм байхгүй гэдгийг баталчихлаа. Зүгээр эвгүй хазгай тавьсан аяга, тайлаад шидсэн гутал хүртэл урлаг болсон цаг.
 
-Тэрийг л би нэг сайн ойлгож өгөхгүй байгаа юм. Бүх зүйл урлаг болчихоор алийг нь бид хойчдоо өвлүүлэх юм бэ?
-Юм бүхнийг хар даа. Дүлий, хөлдүү, харцаар харвал амьдрал утгагүй мэт. Өөдрөг бүтээлч сэтгэлээр мэдрэе гэвэл малаа хараад сууж буй өтөл буурлыг хөөрхий муу өвөө минь гэж хүндэлвэл түүний нүүрэнд атиралдсан гүн үрчлээс бүхний цаана түмэн зүйлийн ялалт, ялагдлын түүх байгаа шүү дээ. Өвгөний гандмал дээлийн сэмэрсэн ханцуй, халцарсан ширэн гутал, бөгтөр нуруу гээд юу эсийг олж уншиж болохов. Нэг зуны настай цэцгэн дээр нэг өдрийн настай амьдралтай эрвээхий бүжин цэнгэхийг үзвээс та бидэнд юу бодогдох вэ. Энэ мөнхийн гоо сайхан өөрөө өвлөгдөж байдаг. Өгөгдөл мэдээллээ үргэлж түгээсээр л. Харин хэн хэрхэн тусгаж аваад ургуулж бодохоос л үнэ цэнэ ургах юм шиг... Юм бүхний цаана түүх, хөвөрсөн их бодол байж болно. Бид аль нэг зүйлд анхаарлаа хандуулаад, бодолд автах нь бүх зүйлийг урлаг хэмээн тунхаглаж байгаагийн гол шалтгаан юм даа. Бүхнийг бодитоор, бэлнээр хараад, урлагийг олж үзэхээ боливол аль нэг механизмийн эд анги, байшингийн эрээлжилсэн олон тоосгоны нэг болж амьдарна гэсэн үг биш үү. Гэрэл, дулаан, хайр энэрэлийг мэдэхгүй, өөрт ирсэн зөнг ойлгож танихгүй бол эмгэнэлтэй биз дээ.

Бүх зүйл урлаг, бүх зүйл урлаг. Бүхнийг урлагийн нүдээр харах хэрэгтэй, урлаг бидний дотор үргэлжилдэг болсон... Заримдаа бид үл таних хүний ярианд автаж, заримдаа бид дөнгөж танилцсан хүмүүсийнхээ тухай бодоод л байдаг. Энэ бол яахын аргагүй хүчит эрчим. Тэгвэл таны өмнө яг тийм хүчит эрчимтэй нэгний яриа байна. Энэ хүчит эрчим бол бидний сайн сайханд тэмүүлэх хүслиийн нэгээхэн илэрхийлэл билээ. Эрхэм уншигч та Ж.Дүүрэнтөгсийн даруухан бөгөөд энгийн ярианаас сайн сайханд тэмүүлэх хүсэл хийгээд, уран бүтээлч хүний уужуухан бодлыг олж үзэв үү...

Ярилцсан Т.НИПОНЬ


Та бүхэн энэ мэт сонирхолтой мэдээллийг “Дээжис” дижитал сэтгүүлийн зургаадугаар сарын дугаараас уншина уу.
Хэрэв та анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM

No comments:

Post a Comment