Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, April 10, 2007

2016 студийн Бумбар, Тумбар: Бид хоёр одоо болтол нэг орон дээр унтдаг


“4 зүг”, “Флаш” хамтлагуудыг урлагын тайзнаа гарч ирэхэд нь том нөлөө үзүүлсэн 2016 студийн бүхий л ажлыг эгч дүү гурав үүрч явдаг. Тэд шинэ залуу хамтлагуудыг дэмжих зорилгоор 2016 нэртэй студи байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа. Уран бүтэлчдийг бидэнд таниулдаг гол ажлыг нугалж өгдөг хэрнээ олны хараанд тэр болгон өртөөд байдаггүй алуусаас ярилцлага авахаар очихдоо 22, 24 настай залуучууд угтана гэж бодоогүй болоод ч тэр үү, их гайхсан шүү. Энэ студийг байгуулан, өдий зэрэгт хүргэсэн ах дүү Бумбар, Тумбар хоёрын талаар илүү ихийг мэдэхийн тулд бие ибенийх нь талаар ярилцсанаа хүргэе. Хамгийн гол нь энэ хоёр бие биенээ хэр сайн мэддэг вэ гэдгийг давхар шалгаж байгаа гэдгийг анхаараарай.


Г.Бумбар
Дөлгөөхөн царай, давхараатай алаг нүд нь цаанаа л нууцлаг харцтай. Намайг таван асуулт асуухад бодож бодож нэг л үг хэлдэг, тийм л дуугай хүн. Их хүлцэнгүй хүн шиг санагдсан. Ямартаа ч Тумбарын талаар, ажлынхаа талаар ийнхүү ярилаа.
 
-Орж ирэхэд хадаг ханан дээр идээ засаад, залчихсан байсан. Шүтлэгтэй юм шиг байна. Тийм үү?
-Тийм ээ. Бид бөө удамтай. Онгод тэнгэрээ тахиж шүтдэг. Эцэг өвгөд маань дээрээс биднийгэ харж, ивээж явдаг юм.

-Та хоёр ах дүү байж царай зүсээрээ адилгүй юм аа.
-Тэс хөндлөн байгаа биз дээ. Эгч бид хоёр хоюулаа давхараатай нүдтэй. Хоорондоо их адилхан. Манай гэрийхнээс хамгийн царай муутай нь Тумбар.

-Дүүгийнхээ найз охины талаар яриач?
-Нэг найз охинтой болоод долоо хонож байгаа. Яг ямар охин гэдгийг нь мэдэхгүй байна. Тумбар иймэрхүү асуудлыг надтай огт ярьдаггүй. Гэхдээ болж бүтээд сайхан байна гэж найдаж байна.

-Та хоёрыг бүх зүйлээ ярилцдаг, их л дотно байх гэж бодож байсан юм.
-Ажлын тал дээр санаа нэгтэй, гар нийлнэ. Хувийн асуудалаа тэр болгон хуваалцаад байдаггүй. Харин эгч бид хоёр хоорондоо их юм ярьдаг шүү. Тумбар ганцаараа байхыг илүүд үздэг юм шиг байна лээ. Уурлахаараа ганцаараа баймаар байна гэдэг.

-Нэг айлын эрэгтэй хүүхдүүд хоорондоо зодоон нүдээн их хийдэг. Та хоёрын хувьд?
-Бид хоёр багадаа их зодолддог байсан. Одоо том болоод тиймэрхүү юм санаанд орохгүй байгаа ш дээ. Хэл амаараа ойлголцсон нь дээр биз дээ.

-Чи их дэггүй хүүхэд байсан юм шиг санагдаад. Даруухан харагддаг хүмүүс их сонин санагдаад байдаг юм аа. Тэгээд ч нүүрэн дээр чинь олон сорив байна.
-Энэ сорвинууд багын наран цэцэг, кор энэ тэр гээд өвчний л соривууд байх. Би ёстой томоотой хүүхэд байсан. Бид хоёр чинь их даруулгатай өссөн. Аав, ээжийн хяналтаас гараад л эгчийн хяналтруу шилжсэн юм даг. Манай эгч чинь таеквондод явдаг болохоор бид хоёрыг ёстой нэг харцаараа хөдөлгөж байгаа юм чинь. Шпагат сууж үзүүлээд л, ёстой аймар. Хэхэ.

-Тумбарын сайн тал, дургүйг чинь хүргэдэг ааш араншин юу вэ?
- Дургүй хүргээд байх юу байхав дээ. Бие даагаад өөрөө шийдвэр гаргачихдаг, уурлахаараа ганцаараа байчихдаг болохоор зүгээр байдаг юм. Заримдаа их зөрүүдэлдэг л дээ. Гэхдээ надад нэг их төвөгтэй байдаггүй. Манай аав их мундаг хүн байсан юм. Бид хоёр зан чанарыг нь хуулаад авчихсан байх аа. Харин сайшаалтай зүйл нь их хөдөлмөрч, зорилгодоо хүрэхийн тулд их хичээж чадахаар хүн.

-2016 гэж ямар утгатай юм бэ?
-Бид хоёрын төрсөн өдөрийн тоонууд байгаа юм. Би 16-нд, Тумбар 20-нд төрсөн. Ямар ч байсан 2016 он хүртэл оршин тогтноно гэж бодож байгаа. 2016 оноос хойш энэ нэр маань байхгүй болоод Тумбар бид хоёр өөр өрсдийн чиглэлээр дагнан явах байх. Тумбар дуу бичлэг хийгээд, би клип хийгээд явах байх. Бүтэн энтэртаймент чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрнэ гэж бодож байгаа.

-Хэрэв 2016 студи гэж байхгүй байсан бол та хоёр юу хийж байх байсан бол?
-Хэрэв би энэ чиглэлээр яваагүй байсан бол өдийд нэг гарын ур шаардсан зүйл хийж байх байсан байх. Багадаа хөдөлмөрийн хичээлдээ их дуртай, жижиг сажиг юм хийчихдэг байсан л даа. Харин Тумбар өөрөө дуулж бүжиглэх дуртай болохоороо урлаг талруугаа л ямар нэг зүйл хийх байсан байх. Манай хүн чинь бас шүлэг их зохионо оо. Одоо “Synk4” хамтлагийн “санасан сэтгэл” гэд шинэ дууны үгийг зохиосон байгаа.

-Нэг хэсэг MG гээд 10 настай хип хоп жаалын дууны үгийг бичиж өгдэг гэсэн яриа байсан. Нэг ёсондоо чи хэлэх гэсэн үгээ 10 настай хүүхдээр халхавч хийж хэлж байсан юм биш үү?
-Хэхэ. MG чинь өөрөө л үгээ бичээд суудаг хүүхэд ш дээ. Манай ахын хүүхэд байгаа юм. Ах MG-г гэртээ үзээд сууж байх нэг клип хийгээд өг гэсэн юм. Дараа нь орж ирээд манай хүүхдийг од болгоно шүү гэж тоглоомоор хэлэхэд нь Тумбар бид хоёр доривтойхон юм хийхээр шийдсэн л дээ.

-10 настай хүүхдийн санаа гэхэд хэтэрхий том биш гэж үү? Чиний санаа гэвэл илүү үнэмшилтэй байх аа.
-Манай эгчийн дөрвөн настай хүүхэд л ярих ярихгүй юм ярьж байна ш дээ. Одооны хүүхдүүд яаж сэтгэдэг болсон гэж санана аа. Харин одоо MG маань нэг цомог гаргаад тэрнээс хйш уран бүтээл хийхгүй. Энэ хүүхэд 18 нас хүртэлээ хичээлээ хийгэд, аав ээжийнхээ үгээр явна. Харин насанд хүрсэн хойноо уран бүтээл хийх эсэхээ өөрөө шийднэ байх.

-Уран бүтээлийн асуудлаас хамааралгүйгээр багынхаа хөгжилтэй дурсамжуудаас хуваалцаач?
-Би аавын хүүхэд. Харин Тумбар эмээгийн хүүхэд. Орой аавыг ажлаасаа тараад ирэх хүртэл би их томоотой байдаг байсан даа. Тумбарыг зодчихоор эмээ намайг эргүүлээд зоддог. Хэхэ.
-Шинэ жил болох дөхөөд цонхны завсараар хөвөн хийдэг байсан үе. Цаас шатааж цонхоор шидэх дуртай ч байсан. Нэг удаа цонхоор шидэж байсан чинь цонхны завсараар уначихаад бөөн утаа, хиншүү. Би наана нь сэвээд л, ядаж байхад утаа нь гарч өгөхгүй ямар удсан гээч. Гэрийхэн ирээд хэн ингэсэн гэж асуухад нь унтаж байсан Тумбар луу зааж байсан юм. Одоо бодохоор инээдтэй.

-Тумбар багадаа цонхоор толгойгоо гаргаад орчин тойрныг ажиглах дуртай байсан байхгүй юу. Нэг удаа би цочоох гэж хоёр хөлнөөс нь түлхээд унагаачихаж байсан юм. Гадаа хэдэн ах нар байж таараад оруулж өгсөн.

Г.Тумбар
Илэн далангүй, ярих гэсэн зүйлээ нэг амьсгаагаар нээчихдэг, гэнэн гэмээр зантай боловч их хэрсүү. Тэгсэн хэрнээ их томоогүй, өөрийнхөө үгээр зөрүүдэлдэг гэмтэй. Энэ студийг толгойлж явдаг хэмээн ярьж байсан юм. Ямар ч байсан ахынхаа талаар ярихдаа их л хөгжилтэй байсан шүү.Магадгүй их шогч хүн байх.

-Бумбарын сайн талыг нь дурдвал?
-Их цэвэрч, арчаатай. Ажлаа сайн хийнэ. Харин таслаад явахаараа нэг хэсэгтээ л залхуурна. Хийнэ гэж бодсон зүйлээ дуустал нь залхууралгүй хийдэг. Гадаа хүйтэн байхад клипний бичлэг хийх үед хүртэл би машинд ороод л дулаацаад л сууж байхад, Бумбар камераа бариад ажлаа хийж л байдаг. Бусдыг бодвол их хатуужилтай, тэвчээртэй. Архи тамхи хэрэглэдэггүй. Мид хоёрын аав их мундаг хүн байсан юм. Бумбар бид хоёр аавын сайн талуудыг өвлөж аваад төрчихсөн. Бумбар сэтгэн бодох чадварыг нь. Харин би хөдөлмөрч занг нь дуурайсан юм шиг байгаа юм.

-Тэгвэл сул тал нь?
-Бумбар дуулах дуртай мөртлөө солгойроод явчихдаг юм. Заримдаа студид орж ирээд зогсчихно. Ганц дуу бичүүлчихье гээд л...

-Ах чинь их томоотой юм шиг санагдсан шүү.
-Бумбар ер нь шалигтаж, араар тавина энэ тэр гэдэг юм мэдэхгүй. Насаараа л нэг хүнийг дагаад явах хүн байгаа юм. Нэг хүндээ хайртай, тэрэнтэйгэ хамт байгаад л. Харин хайртай эмэгтэй нь гомдоовол дараагийнхаа эмэгтэйг хүлээгээд зүгээр л сууж байх хүн.

-Ахынхаа найз охины талаар яриач?
-Бумбарын найз охин их сайн эмэгтэй байгаа. Удган.

-Та хоёрын зан араншин гадаад төрх шигээ өөр юм аа.
-Эгч Бумбар хоёр намайг солонгос кинон дээр гардаг шиг төрөх эмнэлэгт солигдчихсон гэж дандаа шоолдог юм. Харин зан араншингийн хувьд Бумбараас нэлээн өөр шүү. Би чинь цэцрлэгт хүмүүжээгүй, гэртээ л байж байдаг эмээгийн хүүхэд. Эмээ Бумбарыг ёстой үзэхгүй ш дээ. Хэхэ.

-Хэрэв 2016 студи гэж байхгүй байсан бол та хоёр юу хийж байх байсан бол?
-Бумбар их гарын ур дүй сайтай ш дээ. Бага байхад баян айлын хүүхдүүд гоё гоё машинаа гайхуулдаг байсан юм. Ах нэг өдөр модоор 69 хийчихсэн байсан. Яг жижигрүүлчихсэн 69 машин. Хадаасаар дугуй энэ тэр ийг нь хийгээд л... Их шартай юм шиг байгаа юм. Харин би нэг хамтлаг энэ тэр хөөцөлдөөд явах байсан даа.

-Студи нээхэд хүндрэл их л тулгарч байсан байх даа. Тэр үеийнхээ талаар хуваалцвал?
-Анх сарын 100,000 төгрөгөөр хүний техник, тоног төхөрөмж түрээсэлж ажлаа хийдэг байлаа. “4 зүг” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байхдаа UB Palace ийн түрээс төлөх гэж байраа барьцаалж байсан юм. Хэрэв тоглолт амжилтгүй болсон бол байр ч үгүй болох байсан байх. Их аюултай зүйлийг зоригтойгоор хийж байж өөрсдийн гэсэн студитэй болчихоод байна. Бидэнд тусалж байдаг Даашка ах, Болороо эгч хоёртоо Бумбар Тумбар хоёр нь их талархаж явдаг. Бас дуучин С.Жавхлан бид хоёр бараг хуурай ах дүү болчихсон. Жавхлан ахын нэлээд олон цомог дээр хамтларч ажилласан.

-Машины түлхүүр бариад л сууж байх юм. Их л хоббитой хүн шиг санагдлаа.
-Машинд ёстой сонирхолтой ш дээ. Ганцаардсан үедээ, уурласан үедээ ганцаарханаа машинаар давхидаг. Ахын үгнээс зөрүүдлээд гарах л юм бол ихэвчлэн бүтэлгүйтчихдэг. Машинаа сэвтэнэ, жижиг осол их гаргадаг даа.

-Нууцаар зохиогддог машины уралдаанд оролцож байв уу?
-Үгүй ээ. Харин манай найз л их оролцдог юм. Бичлэгийг нь л үзээд сууж байдаг ш дээ. Бас токио дрифтийн бичлэгүүдийг үзэх дуртай. Хааяа уралдчихмаар л байдаг юм. Даанч машинд их гамгүй болохоор айгаад байдаг юм. Осолдвол яана гээд...

-Шүтлэгийнхээ талаар яриач?
-Бид хоёр бөө удамтай. Намайг гурван онгод тэнгэр харж явдаг байхад ахыг арван онгод тэнгэр харж явдаг. Бумбар өглөө босч сахиус шүтээнүүддээ өргөлөө өргөж, залбирахдаа огт залхуурахгүй. Харин би миний өмнөөс залбираарай гээд унтаад үлднэ.

-Багынхаа хөгжилтэй дурсамжуудаас хуваалцаач. Ахаар чинь яриулж зөндөө инээлээ.
-Бид хоёрыг жаахан байхад нинжатай кино их гардаг байсан болохоор нинжа болж их тоголно. Цонхны тавцан дээрээс нинжа болж үсэрч буугаад л... Нэг удаа би өрөөсөн хөл дээрээ амжилттай буучихсан чинь Бумбар намайг дуурайж байгаад хөлөө хугалж билээ.
-Бас нэг хөгжилтэй зүйл нь бид хоёр одоо болтол нэг орон дээр унтаж байгаа.

-Чамайг цонхоор шидэж байсан тухайгаа ярьж байна лээ. Чи тэр үед унаж байсанаа санадаг уу?
-Тэрийгээ цочоох гэж байсан гэж тайлбарлаад байдаг ш дээ. Ямар ч байсан цементэн дээр унасан. Гадаа байсан ах нар гэрт оруулж өгсөнийг л санадаг юм. Хэхэ.
 

No comments:

Post a Comment