Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 9, 2009

А.Миеэгомбо: Монголын кино урлагийханд нэгдсэн бодлого хэрэгтэй байна


 
6000 орчим кинонд дуу оруулсан энэ хүний хоолой цэнхэр дэлгэцэд мөнхөрсөн. Түүнийг А.Миеэгомбо гэдэг. “Ийм нэгэн дурлал”, “Миний хөрш чөтгөр” кино болон саяхан дэлгэцнээ гараад байгаа “Амьдралын амт” киноны зохиол дээр ажилласан юм. “Чи мэднэ шүү дээ” гэж яриагаа эхлүүлдэг энэ хүнтэй хэд хоног утсаар холбогдсоны эцэст гар гараа барин уулзалдлаа.
- 6000 орчим кинонд дуу оруулсан гэлээ. Энэ олон киноноос сэтгэлд хоногшиж үлдсэн кино хэд байдаг вэ?
- Ираны найруулагч Мажид-Мажидигийн бүх киног үзэхийг хичээдэг. Амьдралд байдаг, бидний анзаарч хардаггүй энгийн сэдвийг хөндөж, хүний сэтгэлд хүрсэн сайхан кино бүтээдэг юм. “Диваажингийн өнгө” нэртэй хараагүй хүүхдийн тухай киног нь онцолмоор байна. Бас “Тэнгэрийн хүүхдүүд”, “Аав” гээд сэтгэлд хоногшсон кино олон бий.

- “Амьдралын амт” киноны тухай сонирхуулаач, та зохиолыг нь бичсэн үү? 

- Зохиолын санааг Ууганбаяр бодчихсон байсан. СУИС-ийн хөгжимт драмын ангийг төгссөн оюутнууд “Хувьсал” продакшин гэдэг бүрэлдэхүүнээр ажиллаж байгаад саяхан “Найзууд театр” болсон. Өнгөрсөн зунаас бид хамтарч ажиллаж эхэлсэн.


- Юун тухай өгүүлдэг вэ? Сүүлийн үеийн киноноос ялгарах онцлог нь юу вэ? 

- Хүн болгон хотод аж төрөх хүсэлтэй болсныг харуулдаг юм. Хотод ирсэн хүмүүсийн 80 хувь нь суурьшиж үлддэг. Тэдний ихэнх нь хөдөө сайхан амьдарч болох тухай яриаг ор тас үгүйсгэдэг юм. 


- Та хөдөөний хүмүүст дургүй юм уу? 

- Үгүй ээ. Тэгж ойлгогдож байна уу? 

- Харин тийм. Та нар хотод ирээд хэрэггүй ээ, хөдөөдөө үлд гээд байгаа юм шиг санагдлаа. Та өөрөө хөдөө амьдарч үзсэн үү?

- Би Дундговийн хүн. Эмээ өвөөгийн минь нутаг. Баримтат киноны зураг авалтаар явж байгаад дан тэмээтэй айлд зочилсон. Гэрийн эзэн ярихдаа “Ямаа бэлчээр талхлаад байх юм. 20, 30 жилийн дараа бэлчээргүй болчихвол яах болж байна. Тэмээ тэжээлээ гээд би өлсөөд үхчихгүй гэж боддог” гэсэн юм. Тэр хүн алсын бодолтой хүн байсан. Өнөө маргаашийн мөнгө чухал л даа, гэхдээ малчин хүн ямааныхаа ноолуурыг тушаахгүйгээр амьдарч болдог тухай надад ойлгуулсан.

- Тэр хүнээс дүрийнхээ санааг авсан хэрэг үү?

- Магадгүй л юм. Ямартаа ч тэр хүн надад миний мэдэхгүй ертөнц байдгийг харуулсан. Бусад хүмүүс ч гэсэн харах хэрэгтэй шүү дээ. Би дүр гэдэг зүйл дээр анхаарлаа хандуулж ажилладаг. Киноноос хамгийн тод үлддэг зүйл нь дүр байдаг юм. Тиймээс зохиолоо бичиж байхдаа дүр бүрийг судалж, өөрөө дотор нь орох хэрэгтэй болдог. Кино зохиол уншихдаа аль дүр нь хэнд хандаж, юу хэлэх гэснийг өөр дээрээ тусгаж авч мэдрэхийг хичээдэг. 


- Тэгвэл таны бүтээлүүдээс хэний дүр хамгийн тод вэ?

- “Миний хөрш чөтгөр” киноны Буджав бол бодит дүр. Гурилын ченж хийдэг нэг ах байдаг юм. Түүний хэлдэг үг, хувцаслалт зэргийг нь яг байгаа чигээр нь кинондоо оруулсан. 60 үзэгдэлтэй киноны дөрөвт нь гардаг хэрнээ хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн дүр байгаа юм. Ялангуяа тэр “мөн үү” гэдэг үг нь.


- Дүрийг яаж сонгодог юм бэ? Хүн бүрээр дүр хийнэ гэвэл монголоор дүүрэн дүрүүд холхиж байна.

- Би хүмүүсийг их ажигладаг. Хүмүүс бүгд л дүр гэж боддог юм. Гэхдээ ул суурьтай хандаж байж чанартай бүтээл гарна шүү дээ. Дүрийн судалгааг маш уйгагүй хийх ёстой. Одоо гавъяат жүжигчин Гомбын Равдан гуайд зориулж дүр бичихийг хүсч байгаа. 


- Сүүлийн хэдэн жилд инээдмийн кино олширч байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

- Улаанбаатарт хүн амын тал нь амьдарч байгаа. Ихэнх нь оюутан, залуучууд. Оргилуун, дэврүүн хайр дурлалын сэдэвтэй кино үзэхийг хүсдэг. Гэхдээ ийм кино үзэх дуртай юм чинь гээд нөгөө л хошин, романтик сэдвээ янз бүрээр дүрслээд байж болохгүй ш дээ. Өөр төрлийн уран бүтээл хийх л хэрэгтэй гэж боддог.


- 1980-аад оны кинонууд дандаа сэтгэлзүйн эмгэнэлт драм юм шиг санагддаг. Одоо ч гэсэн утга санаа нь хуучраагүй байдаг шүү. 

- Манай ахмадууд ярьдаг юм. Бидний үед киног жинхэнэ бүтээл талаас нь хийдэг байсан. Харин одоо залуу үеийнхэн маань жаахан халтуурдчихдаг болсон гээд л... Аргагүй шүү дээ. Тэд чинь улсын мөнгөөр, төр засгийн хангамжаар киногоо бүтээдэг байсан. Харин шинэ үеийн залуус өөрсдөө энд тэндээс хандив тусламж гуйж байж нэг бүтээл хийж байгаа юм. Ихэнх нь мөнгөндөө хавчигдаад олигтой ч юм хийж чадахаа больсон. Хэрвээ бидэнд тоног төхөөрөмж, мөнгө төгрөгийг нь өгөөд кино хийлгэж юм бол тэнэг хүн л биш бол үнэхээр сайн кино хийнэ шүү дээ. 


- Хөрөнгө мөнгөний асуудлаас болж кино урлаг зогсчихсон гэж сонсож байсан юм байна. 

- Ивээн тэтгэгч олох л хамгийн хэцүү. Энгийн кино хийхэд 60 сая төгрөг хэрэгтэй. Харин хамгийн хямд өртгөөр хийнэ гэвэл 30 сая болно. Гэтэл ивээн тэтгэгчид дунд 50 сая төгрөгөөр туршилт хийх хүн байхгүй. Бүгд л ашиг нь хэзээ гарах вэ, сарын дараа ямар ашиг олох вэ гэж асуудаг.

  - Тэгээд ашиг нь ямар хугацааны дараа гардаг юм? 

-Кино хийхэд зураг авалт, дүрсний эвлүүлэг, дууны найруулга гээд нэлээд цаг хугацаа эд мөнгөний зардал гарна. Дараа нь реклам цацахаас эхлээд дахиад л зардал гарч ирнэ дээ. Энэ бүхний дараа киног маань хүмүүс үзэх үү байх уу гэдэг том асуудалтай тулгарна. Хүн үзэхгүй бол тэр чигтээ шатаж байгаа юм.

  - Энэ эрсдэлээс болоод хөрөнгө оруулагчид олддоггүй гэж үү? 

- Тэгэлгүй яахав. Одооны бизнес эрхлэгчид чинь ганзгын наймаанаас л гараагаа эхэлсэн байх. Тэгэхээр шууд орж ирдэг ашгийн талаар л боддог. Кино урлаг, оймсны наймаанаас шал өөр гэдгийг ч сайн мэдэхгүй байх. Тийм болохоор л одоо арилжааны кино олширч байгаа юм.

  - Энэ олон адилхан сэдэвтэй кинонуудаас онцолмоор бүтээл бий юу? 

- “Амьдрах тасалбар” кино их таалагдсан. Хүмүүст хүргэх гэсэн санаагаа маш сайн илэрхийлж чадсан гэж боддог. Харин “Би чамд хайртай-2” киноны бэлэн зах дээр гарч ирсэн бүтээл хэрнээ жаахан арилжааны бүтээл шиг болсон. Уг нь мелодрам хэвээр нь үргэлжлүүлсэн бол илүү сайн болох байсан байх аа.


- Бэлэн зах зээл гэдэг нь юу гэсэн үг вэ? 

- Оросын “Хувь заяаны эргүүлэг” гээд кино байдаг юм. Яг манай “Би чамд хайртай” кино шиг. Гэхдээ үргэлжлэл нь 31 жилийн дараа дэлгэцнээ гарсан. Продюсер Есөнмөнх Орост явж байгаад, энэ санааг олж харсан байх. Хүмүүсийн сэтгэлд хоногшсон киног үргэлжлүүлэх юм бол мэдээж маш олон хүн үзнэ гэдэг нь ойлгомжтой байсан. Их сайн менежменттэй ажилласан. Гэхдээ би шүүмжилж чадахгүй л дээ. Өөрөө кино хийж байгаа бол бусдын уран бүтээлийг бүү шүүмжил гэдэг хатуу дүрэм байдаг юм.


- Та өөрөө шүүмжлэлд өртөхөөс айгаад байгаа юм уу?

- Урьд нь шүүмжлэлээс болоод зөндөө асуудалтай тулгарч байсан. Одоо иймэрхүү асуудлаас жаахан зайлсхийж байгаа. 


  - Харин манай кино урлагт шүүмжлэл дутагдаад байх шиг санагддаг юм. Холливуудын киног хүн бүр үзэж, хүн бүр л шүүмжилж байна. Тийм болохоороо улам сайжраад байгаа юм биш үү?
 
- Америкийн кино академи маш сайн ажилладаг учраас л кино ертөнцийнх нь хөгжил өндөрт байгаа юм. Тэр хэмжээгээрээ зах зээл сайтай. Гэхдээ кино хийнэ гэдэг рок поп урлагаас илүү эрсдэлтэй. Америкийн кино урлагийн зах зээлийг 10 гаруй хүн атгаж байдаг гэсэн яриа ч байдаг.


- Шагнал гардуулахад тэр хүмүүсийн оролцоо илүү нөлөөлдөг байх даа? 

- Оскарын шагнал гардуулах багт 4000 хүн ажилладаг гэж байгаа юм. Энэ олон хүний шүүлтээр оны шилдэг кино шалгардаг учраас ямар ч маргаан, будлиан гардаггүй. Харин манай уран бүтээлчид тархай бутархай ажиллаж байгаа учраас өрсөлдөөн багатай. Шилдэг кино шалгаруулахаар болвол тав хүрэхгүй шүүгчийн гарт бүх эрх мэдэл оччихно. Нөгөө хэдэн шүүгчид рүү нь найзууд нь ээлжилж утасдаад л сууж байна ш дээ.

- Монголд кино академи байгуулая гэж бодож байсан уу?

- Байдаг ш дээ. Дээхнэ үед УИХ-ын гишүүн Т.Гандигийн мэдэлд байдаг гэж сонсож байсан. Гэхдээ юу хийдгийг нь мэдэхгүй, одоо ажилладаг эсэхийг нь ч мэдэхгүй. Ер нь кино урлагийнхан тархай бутархай, тус тусдаа уран бүтээл хийгээд явцгааж байна. Уг нь нэгдсэн байр суурьнаас хандвал хөгжихөд илүү дөхөм байгаа юм. Би кино үйлдвэрийн дарга Солонго гэдэг хүнийг монголын кино урлагт хэрэгтэй зүйл хийх болов уу гэж их удаан горьдлоо. Харамсалтай нь таг чиг л байна. 


- Дэлхийд ашиг орлогоороо тэргүүлж буй бүтээлүүдийн талаар жаахан ярилцах уу? “2012” кино ч юм уу?

-“2012” киноны сурталчилгаанд зориулж баримтат кино хийсэн. Энэ бол энгийн л нэг сурталчилгаа. 200 сая доллар зарж хийсэн киногоо хүмүүст хүргэхийн тулд хүлээлт үүсгэх зорилгоор дэлхий даяар цацаж буй маш сонирхолтой сурталчилгаа. 


  - Сайн сурталчилгаа болж чаддаг гэж үү?

 - Титаник хөлгийн тухай баримтат кино гарч эхлэхэд хүмүүс маш их сонирхож байсан. Ийм хөлөг байсан юм уу, ямар том сүйрэл вэ гээд л... Төд удалгүй Жэймс Камероны найруулсан “Титаник” кино нээлтээ хийсэн юм. Хүмүүс Титаник хөлгийн талаар мэддэг болчихсон байсан цаг шүү дээ. Энэ бол маш том сурталчилгаа байсныг уран бүтээлчид дараа нь олж харсан юм. 


- Монголчууд хэзээ оскарын шагнал авах бол?

- Бямбасүрэнгийн найруулсан “Ингэн нулимс” кино Герман улсын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвшсэн. Монголчууд нэг их тоогоогүй болохоор л тэр шүү дээ. Хэдийгээр шагнал авч чадаагүй ч гэсэн Бямбасүрэнд маш том амжилт, нэр хүнд авчирсан. Америкийн арваад кино компаниудаас хамтран ажиллах урилга ирсэн гэж ярьдаг юм.


- Бямбасүрэн одоо кино найруулж байгаа юу? 


- Монголчууд кино хийж чадна гэдгийг манай найруулагч Бямбасүрэн баталлаа. “Чингисийн хоёр загал” нэртэй кино тун удахгүй нээлтээ хийнэ. Кинонд Өвөрмонгол бүсгүй “Чингисийн хоёр загал” нэртэй дууны тухай домог сонсоод, түүнийхээ мөрөөр Монголд ирж байгаа тухай гардаг юм. Эрлийнхээ эцэст өнөөх дуу нь “Зээргэнтийн шил” гэдэг нэртэй болсон байдаг. Норовбанзад гуай дуулдаг байсан гэдгээр нь хүмүүс мэдэх байх аа. Үнэн түүхээс сэдэвлэсэн иймэрхүү кино их ховор байдаг ш дээ.


  - “Хадаг” кино монголын ахуй амьдралаар дэлхийг шуугиулж байх үед харамсах сэтгэл төрсөн үү? Бидний хараагүй сэдвийг гадныхан харсан байна шүү дээ.

- Бид эргэн тойронд байгаа зүйлсээ анзааралгүй өнгөрөөдөг юм шиг ээ. Харин гадны хүмүүст их сонин содон байдаг.


- Та одоо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна? 

- Гурван студи хамтарч нэг баг бүрдүүлсэн байгаа. Бид цаашдаа энэ бүрэлдэхүүнээрээ маш олон дэлгэцийн бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Яг одоо бол сэтгэл зүйд хандсан аймшгийн кино хийх гэж байна. 2000 онд “Хана” гэж аймшгийн кино гарч байсан ч гадаад киноноос хуулсан юм шиг л санагдаад байдаг юм. Тодорхой өгүүлэмж байхгүй. Зүгээр л үйл явдлаараа сонирхол татдаг, үе үе цочоодог. Харин бидний хийх гэж буй кино бол зөвхөн сэтгэл зүйд хандах бүтээл байгаа юм. 


Ингэж бидний яриа өндөрлөсөн юм. Түүнтэй кино ертөнцийн тухай ярилцахад үнэхээр урамтай. Шинэ уран бүтээлийг чинь хүлээж байгаа шүү, Миеэ!

1 comment:

  1. САЙН ӨДРӨӨ
    Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


    ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
    Нэр......
    Дунд нэр .....
    2) Хүйс: .........
    3) Зээлийн хэмжээ: .........
    4) Зээлийн хугацаа: .........
    5) Улс: .........
    6) Гэрийн хаяг: .........
    7) Гар утасны дугаар: .........
    8) Имэйл хаяг ..........
    9) Сарын орлого: .....................
    10) Мэргэжил: ...........................
    11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
    Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
    Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com

    ReplyDelete