Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, April 18, 2009

Ц.Ганзориг: Анх би энд орж ирээд л энэ миний зурах, будах, хийх, наах, урлах газар гэдгийг мэдэрсэн

Дуурь бүжгийн эрдмийн театрт 15 жил тайзны зураач хийж байгаа Ц.Ганзориг "Далд хүмүүс" буланд маань зочиллоо. Бүдэгрүүлж харахын тулд хар нүдний шилнээсээ огт салдаггүй энэ эрхэм өнгө будгийг амьдралынхаа салшгүй хэсэг хэмээн тайлбарлаж байв. Тэрбээр бяцхан урландаа зургаа зурж суухдаа хэн бүхнээс илүү аз жаргалтай байдгийг нь би түүний ярианаас тов тодхон мэдэрсэн юм. Даруухан, дуу муутай энэ хүнийг анх харсан хүн сандаруу л гэнэ. Театрын шахуу ажил энэ хүний яаруу болгосон байх аа.




-Яг одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
-“Чио Чио Сан” дуурийн эрвээхай хатанд тоглодог Сарангийн гэрэл зургаар үзэсгэлэн байрлуулаад ирлээ. Одоо тоглох гэж байгаа юм. Бэлтгэл ажил их байна.


-Тайзны зураг, уран зураг хоёр ялгаатай юу?
-Ялгаатай байлгүй яахав. Тэнгэр газар шиг хол ялгаатай. Тайзны зургийг зурах гэж илүү их судалгаа хийдэг юм. Бүжгийн жүжиг, дуурийн тайз бол тухайн цаг үеийнхээ дүр төрхийг бүрэн харуулах ёстой байсаг. Тэгэхээр Визант, Арманы үеийн бүтэн архитектурыг судалж, донж маягийг нь тайзны хэлбэрт зориулж тохируулдаг юм.


-Та яг хичнээн жүжгийн тайз хийж байв?
-1995 оноос хойшхи бүх тайзыг зурлаа. Гэхдээ би гүйцэтгэгч болохоор миний өөрийн зурсан зураг тун цөөхөн л дөө. “Франческо Даримин”, “Сарьсан багваахай” бүжгийн жүжгийн тайзыг зурж байсан. ерээд онд “Пушикины 200” жилийн ойн концерт дээр бас ажиллаж байсан юм байна. За тэгээд жижиг сажиг юм их бий дээ. Тэр болгоныг тоочоод яах юм.


-Гүйцэтгэгч нь тайзны зургаа зохиож зурдаггүй гэсэн үг үү?
-Бараг л тийм дээ. Ерөнхий зураачийн зурж өгсөн загварыг л томруулна шүү дээ. 9х18 метр даавуун дээр гүйцэтгэл хийнэ.


-Томруулж зурахад хүндрэл гардаг уу?
-Хэмжээгээ бариад зурчихвал дажгүй ээ. Одоо бол баримжаатай болчихсон болохоор харьцангуй амар. Анх манай театрын ерөнхий зураач Гунгаасүх надад зөвөлгөө өгдөг байсан юм.


-Хэр удаан зурах вэ?
-Заримыг нь их удаан зурна аа. Хамгийн хурдандаа гэхэд л яг 24 цаг зураад дуусгачихаж байсан.
 

-Ямар будгаар зурдаг юм бэ?
-Пастил, усан будаг ашиглана даа. Ихэвчлэн 20-30 литрээр савалсан тосон будаг хэрэглэдэг юм.
 

-Тайзны арын зураг зурахад том бийр олддоггүй, заримдаа шүүрээр орлуулдаг гэж сонсож байсан юм. Бийрээ хаанаас авдаг вэ?
-Дээр үед л шүүрээр орлуулж, өөрсдөө том бийр хийдэг байсан юм. Одоо бол барилгын материалын дэлгүүрт хятадын бийрнүүд байдаг болж. Хэрэгцээтэй үедээ 100 айлаас очоод авчихдаг юм. Гол нь тайзны масштабтаа тохируулаад л хэмжээгээ сонгочихно.


 -Алдаа гаргаад даавуу, будаг үрж байсан тохиолдол байдаг уу?
-Мэдээж байлгүй яахав. Алдаагаа яаж засах вэ, гэж бодож байгаад л хэсэг хэсгээр нь өөрчилнө. Эсвэл өнгийг нь бараан болгох, сүүдэрлэх гэх мэтээр янзална шүү дээ.


-Тайз. Жүжгийн, балетийн, дуурийн тайзнаас аль нь илүү танд таалагддаг вэ?
-Бүжгийн жүжиг. Би ч балетд их дуртай. Курсийн сэдвээ хийж байсан. Тухайн үед маш сайн болсон гэж ярьж байсан юм.


-Та ер нь сургуулиа ямар дүнтэй төгсөв өө?
-Онц. Тухайн үед Энхбаяр сайд соёлын сайд байсан юм. Бидэнд ромбо диплом гардуулж байлаа.


-Танд ямар нэг шагнал байгаа юу?
-Театрын 45 жилийн ойн үеэр СТА цол авч байсан. Бас БСШУЯ-ны жуух бичиг. Өөр ч юм байхгүй дээ.


-Яагаад театрын зураач болохоор шийдсэн юм бэ?
-Анх би энд орж ирээд л энэ миний зурах, будах, хийх, наах, урлах газар гэдгийг мэдэрсэн. Маш хүчтэй мэдрэмж. Шүүрс алдахаас аргагүй сайхан сэтгэгдэлдээ хөтлөгдөөд өдий болтол эндээ ажиллаж байна даа. Яг ч зураач болно гэж бодож байгаагүй. Гэхдээ уран зураг,  гэрэл зурагт нэлээд хорхойтой байсан. Дунд сургуулиа төгсөөд 10 жил хэсүүчилж явсаны эцэст ДУДС-д сурах шийдвэр гаргаж байлаа.


-10 жил гэдэг урт хугацаа шүү. Энэ хугацаанд юу хийж байв?
-УЭ хорооны тэтгэлгээр тайгаар аялаад ирсэн. Улаантайга, Ёлын тайга. Үнэхээр үзэсгэлэнтэй.пэлниэр хийсэн. Зураачдын судалгааны аялал юм даа. Зураач Нацагдорж, Балдандорж, сийлбэрчин Гомбожав гуай нартай хмт явж байлаа. Зургаан сард, ид халуу шатаж байхад цаатангуудтай хамт амьдарч байсан. Цаа буга хамгийн хүйтэн орчинд амьдардаг амьтан болохоор хүйтэн газар хайгаад яваад байдаг юм билээ. Цаатангууд бугаа дагаж нүүдэг. Дорно дахины хүрээлэнгээс архилиогийн судалгааны ажлаар явсан юм. Соц нийгэмийн үе байсан болохоор томилолт өгөөд, хангамж өгчихдөг байсан юм. Зураг зурна. Этүд хийнэ. Тэр үед чинь бас гэрэл зураг их сонирхдог байлаа. Энэ аялалын дараа Сэр-Од “Бичигтийн хад” нэртэй ном хэвлүүлсэн байна лээ.


-Аялал ч сайхан шүү. Танд хамгийн их таалагддаг нь ямар аялал вэ?
-Загасчлах их дуртай. Театрын хэдэн найзуудтайгаа хамт үе үе загасанд явдаг. АЖ Ганбаатар, хөгжичин Мөнх-Эрдэнэ, балетчин Чинбат бид хэд. Урьд нь талийгч Баатаржав гуай хамт явдаг байсан. Бид чинь уургаа бариад, зардалаа дундаа хийж аваад л гараад явчихна шүү дээ. Удахгүй нэг загасанд явна гэж яриад л байгаа. Өвөл загасчлах жаахан ярвигтай.


-Даарна гэж үү?
-Нэг их даараад байдаггүй юм аа. Майхангаа цасаар хуччихаар жавар нэвтрэхгүй, сайхан дулаахан хононо шүү дээ. Харин загас барихад ус нь үе үе зайрмагтаад байдаг юм. Байн байн зайрмагтсан хэсгийг нь хусаж авна.


-Гэрэл зурагт хорхойтой гэж ярьж байсан. Ямар төрлийн зураг авах дуртай вэ?
-Би ч уг нь хөрөг зурагт дуртай л даа. Гэхдээ тайзны ажилтай болохоор ихэвчлэн этүд хийгээд бадйаг юм. Нэг зурагчин найзтайгаа хамт олон ч зурганд явсан даа. Батзориг гэдэг юм. Тэр найзынхаа талаар дурсвал “Алтайн гөрөөчин” гээд латинаар биччихсэн ил захидал санаанд ордог юм. 1935 оны монголын анхны ил захидал. Бүр тос нэвчээд, өнгө нь арилж байсан эд. Тэрийг би засварлаад зургийнхаа эх хальсийг Батзоригт дурсгаж байсан юм. Харин Батзориг надад Батзориг надад таж махалын зургаа өгөөд, бид хоёр гарын үсэгнүүдээ сонлилцож байлаа. Бүсээ солилцсон андууд гэдэг шиг л байхгүй юу.

No comments:

Post a Comment