Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, July 27, 2009

Д.Ангараг: Амьдрал бол урлаг

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/xx3ki28/21001_33068.jpg 

 Орчин үеийн гэрэл зурагчид уран сайхны өгүүлэмж рүү хошуурах болжээ. Энэ утгаараа бүтээлээ засаж янзлах зэргээр өөрийн донж маягийг илэрхийлэх нь түгээмэл ажиглагдана. Монголын гэрэл зурагчид дундаас өөрийн гэсэн өнгө, өгүүлэмжийг илтгэж түүнийгээ олны хүртээл болгож чадсан Д.Ангарагтай  ярилцсанаа хүргэе. “Дэлхий нийтээрээ зураг засварлаж байна” гэж ярих энэ залуу  Хятадын “Алтанзул цэцгийн хараал” киноны зураг авалтад оролцсон юм билээ.




-Орчин үеийн гэрэл зургийг дандаа засаж, янзалдаг шинэ өнгө аяс бий болсон юм шиг ээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хуучин цагт хальсаар зураг авдаг байлаа. Тэр үед хальсан дээрээ л засвар хийдэг байсан юм. Өнгөний хослол, алслалт гээд олон зүйл байдаг л даа. Одоо техник технологи хөгжөөд дижитал систем бий болсон. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл ийм системд шилжсэн. Үүний нэг жишээ бол дижитал гэрэл зураг. Кино болон гэрэл зургийн урлаг гээд бараг бүх салбарт дижитал систем ашиглах болж. Бид ч гэсэн энэ техникээр зургаа авч байгаа болохоор компьютерийн эдит буюу засвар хийх нь ихэссэн. Бараг дэлхий нийтээрээ л зураг засварлаж байна ш дээ. Энэ бол цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаагийн нэг илрэл. Би хувьдаа зураг засварлахыг дэмждэг.

-Зассан зургийг гэрэл зурагт тооцохгүй гэж сонсож байсан.
-Засвар хийхийг эсэргүүцдэг зурагчид байгаа. Яаж дарсан яг тэр хэвээрээ байвал оригнал бүтээл гэж нэрлээд байгаа юм. Эсэргүүцэх аргагүй л дээ. Гэхдээ яг засна гэж яривал хүмүүс буруугаар ойлгох байх. Муу зураг аваад, засаж янзлаад гоё болгочихдог гэсэн буруу ойлголт төрж магадгүй. Тэгэхээр зурагчин бүр өөр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ. Зарим нэг нь дэмждэг байж болно. Эцсийн бүтээгдэхүүн ямархуу түвшинд байхаас л шалтгаална.

-Ямар ч зургийг засаад гоё болгочихож болдог юм биш үү?
-Хэзээ ч тийм зүйл байхгүй. Анх авахдаа буруу авбал хэчнээн сайн янзалсан ч аль нэг талаараа онцгүй болдог юм. Тэгэхээр зураг авахдаа л эдит хийнэ, янзална гэдгээ бодох хэрэгтэй л дээ. Бүх зургаа засварлаад байхгүй шүү дээ. Жишээ нь хар цагаан хальсаар зураг авахдаа би мэдээж засна гэж бодож авахгүй ш дээ. Байгаа зүйлийг байгаа чигээр нь авна.

-Таны зассан зургийн тэнгэрийн өнгө нэг л өөр байдаг юм аа. Ялангуяа тэр тэмээтэй зураг дээр миний харж байгаагүй тэнгэр байсан.

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/xx3ki28/21001_33069.jpg
-Тэр зургийг би янзална гэж бодож дарсан юм. Засаад янзалчихвал ямар болох бол гэж төсөөлж байгаад дарахаар тийм зураг гарч байгаа юм шүү дээ.

-Зураг засдаг хүнд уран төсөөлөл их хэрэгтэй байх нь ээ?
-Яг тийм. Хязгааргүй орон зайд сэтгэх хэрэгтэй. Баригдмал байгаад байвал хөгжихгүй гэсэн үг. Кино зураг авахдаа ч гэсэн төсөөлөн боддог. Тэгж байж сайн дүрслэл гарна шүү дээ. Хийсвэр сэтгэлгээ нэг бол галзуу эрч хүч өгдөг, эсвэл маш том уналтад ордог. Хэтрүүлсэн төсөөлөлдөө хүрэх гэж тэмцээд, яг тэрийгээ гаргаж дүрсэлж чадахгүй бол сэтгэл санаа хямарчихдаг юм.

-Таны хийсвэр сэтгэлгээг зургаас тань харж болмоор санагддаг. Үлгэрт итгэж өссөн байх аа.
-Бага байхад аав ээж хоёр маань үлгэр уншиж өгдөг л байсан юм. Би хувьдаа үлгэр хоёр янз байдаг гэж ойлгоод байгаа. Нэг нь хийсвэр зүйлийг уран сайхны хэлбэрт оруулах. Харин хоёр дахь нь бодит зүйлийг уран сайхнаар илэрхийлэх.

-Таных аль үлгэр нь бол?
-Бодит зүйлийг гоё болгож, уран сайхнаар дүрслэх. Гэхдээ удахгүй нөгөө хэлбэрийг нь гаргаж ирнэ ээ. Дүрсээр илэрхийлж чадаагүй санаа ганц хоёр байгаа. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт тэр санаагаа гаргаж ирэх л байх. Гол нь чадварлаг баг хэрэгтэй. Би тэр багаа ерөнхийдөө бүрдүүлчихсэн. Бүгд өөр өөрийн гэсэн ертөнцтэй, бусдаас ялгарах онцлогтой гэрэл зурагчид байгаа. Энэ бүгдийг нэгтгээд нэг ертөнц гаргаж ирнэ дээ. Нэг үгээр хэлбэл, хийсвэр зүйлсийг уран сайхнаар дүрсэлнэ.

-Таны авсан төвд нохойны зураг нэг л хийсвэр санагдаад байдаг.

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/xx3ki28/21001_33070.jpg
-Тэр бол яалт ч үгүй хийсвэр. Зөндөө олон зургийг хольж хутгаж байгаад гаргаж ирсэн бүтээл юм. Цэвэр эвлүүлэг. Заримыг нь 3d програмаар хийсэн.

-Өөр шинэ санаа юу байна. Ойрын төлөвлөгөө гэх юм уу?
-Он гаргаад шинэ бүтээлийнхээ зурганд гараад шидчихнэ дээ. Сэтгэхүйн аймшгийн кино хийж үзэх гэж байгаа юм.

-Урьд нь кино зураг авч байсан уу?
-Би кино зураглаач, гэрэл зурагчин гэдэг хоёр мэргэжилтэй хүн шүү дээ.

-Эрс тэс зүйл биш үү. Нэг нь бүх зүйлийг хөдөлгөөнгүй болгож харуулдаг байтал нөгөө нь дүрсийг хөдөлгөөнтэй чигээр нь харуулдаг.
-Яг ч өөр гэж хэлж болохгүй л дээ. Чиний хэлж байгаа шиг хөдөлгөөнгүй ба хөдөлгөөнтэй гэдэгт нь бий.

-Хоюулаа зураг гэсэн үг үү?
-Яг тийм. Амьдрал бол урлаг. Би зураг авахдаа энэ үгийг л боддог. Тэрнээс биш янз бүрийн гүнзгий утга агуулгатай зураг аваад байдаггүй. Магадгүй амьдралыг урлаг болгож харуулахын тулд би зурагчин болсон ч байж мэднэ.

-Тэгвэл кино зураг авалт хийж байсан уу?
-Хамгийн анхны бүтээл гэвэл 2001 оны “Сэргээш-1, 2” нэртэй хошин мюзиклд туслах зураглаачийн үүрэгийг гүйцэтгэж байсан. Дараа нь “Дурласаны маргааш”, “Надтай гэрлээч”, “Миний хөрш чөтгөр”, “Амьдралын амт” кинонд бие даан ажилласан. Монголд хийсэн ажил гэвэл иймэрхүү байна.

-Гадаадад бас хийж байсан уу?
-Хятадын “Алтанзул цэцгийн хараал” киноны зураг авалтын үеэр дөрвөн камер зэрэг ажиллаж байхад би нэгдүгээр камерын зураглаачаар ажилласан. Бас “Вanquet” киноны хоёрдугаар камер дээр ажиллаж байсан.

-“Алтан зул цэцгийн хараал” гэж Чо Юун Фатын тоглосон кино мөн үү?
-Мөн. Зан Үи Мау (Zhang Yi Mou) гэж хятадын алдартай кино найруулагч хүн байдаг юм. Манай найруулга зүйн багш байсан юм. Би Бээжингийн кино академийн кино зураглаачийн анги төгссөн юм.

-Ёстой сайхан кино. Гэхдээ та гэрэл зургаа илүү сайн авдаг юм шиг ээ.
-Яагаад, тэгж бодов. Би кино зурганд арай илүү дуртай.

-Таныг HDR-ын мастер гэж сонссон. Ер нь HDR гэж яг яадаг программ бэ?
-High Dynamic Range гэдэг үгний товчлол болохоор өндөр хүчит орон зай гэж орчуулна. Зарим хэсгүүдийг тодруулж, өнгийг илүү хүчтэй болгож харуулдаг. Ямар ч зургийн донжийг нь олоод, энэ программаар янзалж чадвал их гоё шүү дээ. Харин өнгө будгийг нь хэтрүүлчихвэл бүр эсрэгээрээ муухай болчихдог.

-Тэгвэл ямар зургийг HDR-аар засварлаж болох вэ?
-Ямар ч зураг байж болно. Гол нь зургаа маш сайн, чанартай авах ёстой. Тэгж байж засвар хийнэ. Тэрнээс биш болохгүй зураг гэж байхгүй. Хязгааргүй орон зайд сэтгэ гэж хэлээд л байгаа юм шүү дээ.

-Янзалсан зургаараа олон улсын тэмцээнд оролцож байв уу?
-Тэмцээн гэхээсээ илүү олон улсын гэрэл зурагчдын “Бүтээлч эдийн засгийг яаж гэрэл зургаар үзүүлэх вэ” сэдэвтэй форумд оролцож байлаа. Тэнд “Өвөөгийн хөрөг” зургаараа International Photographer буюу Олон улсын гэрэл зурагчин гэдэг зэрэглэл авсан.

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/xx3ki28/21001_33071.jpg

 -Харж байсан юм байна. Нэг даралтаар авсан зураг гэж байсан. Үнэн юм уу?
-Их сонин учралаар авсан зураг юм. Өнгөрсөн гуравдугаар сард Дундговь аймагт баримтат киноны зураг авалт хийсэн юм. Тэр кинонд орсон өвөө байгаа юм. Хажуугаар нь ганц, хоёр гэрэл зураг авч яваад нэг даралтаар авсан зураг. Энэ баримтат кино одоо эвлүүлгийнхээ шатанд явж байгаа.

-Байнга аялж, хөдөө гадаа ажиллах хэцүү юу?
-Зураг авалтын үеэр их ядардаг боловч хэзээ ч ажлаа тээршааж байгаагүй. Дандаа л эрч хүч, таашаал авдаг.

Ангарагтай ийн ярилцаж суухдаа би яриагаа хэрхэн дуусгахаа бодож суулаа. Хэд л бол хэдэн цаг үргэлжлээд л баймаар яриаг төгсгөх хэцүү юм. “Энэ өрөөнөөс маань уран бүтээл төрдөг юм” гэж бахархангуй ярихыг нь сонсоод би зүгээр л “Баяртай, Ангараг аа! Дахин уулзатлаа баяртай” гэж хэлсэн юм. Учир нь түүнийг уран бүтээлийн уртаас урт зам хүлээж байгаа шүү дээ.

No comments:

Post a Comment