Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, October 1, 2009

Мөрөөдлийнхөө "онгоц"-ыг газраар жолоодсон 30 жил

  30 жил автобусны жолоо мушгиж буй энэ эрхмийг С.Мөнхбат гэдэг. Ойр дотныхон нь Мөөгий ахаа л гэнэ. Тавь гарч яваа түүнийг анх харсан хүн дөчтэй л гэж хэлэх байх. Онгоцны жолооч болох эрх нь хорхой идсэн ганц шүднээс болж “хасагдсан” ч гэлээ түүний хүсэл мөрөөдөл унтарсан нь үгүй. Салхи сөрөн “давхихдаа” нисэж байгаа юм шиг жаргалтай санагддаг гэж ярих нь үүнийг гэрчилнэ. Сүүлийн дөрвөн жил хөлөглөж яваа 98 дугаартай автобусных нь хоёр талд томоо гэгч төмөр далавч ургаад замаас хальж, тэнгэрт дүүлмээр тийм сайхан мэдрэмж гэнэ гэнэхэн сэтгэлийг нь эзэмдэхэд түүний зүрх минутад хэд цохилдог бол...
  Тэнгэрийн уудамд орших хүсэл мөрөөдлийн хязгаараас амьдрал яасан ч хол юм дээ, гэсэн санаашрал түүний хувьд цор ганц зовлон болдог байх. Бусдаар бол нүдэндээ галтай энэ хүний сэтгэлийн тэнхээ цуцашгүй мэт.

Мөөгий ах хүүхэд насны итгэл үнэмшил болоод зөгнөлт сэтгэхүйгээрээ одоогийн мөрөөдөлтэйгээ учирсан байж болох. Учир нь түүний хамгийн дуртай номын жагсаалтыг “Усан доогуур 20,000 бээр аялсан нь” нэртэй гайхамшигт зохиол тэргүүлэх билээ. Энэхүү номонд техникийг биширсэн 60, 70-аад оныхны сэтгэл зүрхийг “соронздох” увидас байсан. Шумбагч онгоцны ур хийц болоод асар том, ус нэвтрүүлдэггүй техник. Энэ бүхэн түүний гүн гүнзгий төсөөлөлд тодхон нөлөөлсөн байж болохыг тэрээр өөрөө ч үгүйсгээгүй юм.

“Автобус 1” компанид анх ажилчин болсон тэрээр энэ мэргэжилдээ нэгэнт “эзэн” болжээ. Өглөө ажилдаа яарах, оройд гэр рүүгээ тэмүүлэх хүмүүсийг харах тоолондоо хийж байгаа ажилдаа хичнээн дуртайгаа мэдэрнэ. Тэдгээр хүмүүсийн хэн хэн нь Мөөгий ахыг танихгүй боловч битүүхэн талархаж явдаг биз ээ. Үүний нэгэн адилаар Мөнхбат гуай ч тэднээс урам зориг, өдөр өдрийн шинэ “амтыг” мэдэрдэг юм. Иймдээ ч бусдад буян болж чаддаг ажил хийдэгтээ баярлана. Нэг их шүтэж тахьдаггүй ч гэлээ автобусныхаа урд “наасан”Далай ламдаа залбирна.

Гартаа дээхнэ үеийн орос бугуйн цаг зүүсэн тэрээр арваад жил үснийхээ засалтыг өөрчлөөгүй гэх. Ер нь өнгөрсөн амьдралынхаа туршид шинэ содон зүйлийг эрэлхийлж яваагүй нь наранд гандсан хилэн өмднөөс нь илт. Тэр хуучинсаг гэхээсээ илүү, юунаас ч уйддаггүй хүн байх аа. Зургаан ч автобусны норм дуусгасан тэрээр нэг автобусаа сая километр хүргэх гэж их л хичээсэн гэдэг. Харамсалтай нь Монголд орж ирээд арваад жил “ниссэн” Шар хад-хорооллын чиглэлийн 13 дугаартай автобус 980,000 км хүрээд ашиглах хугацаа нь дууссан гэнэ лээ.

Автобусныхаа урд учир нь ойлгогдохгүй жижигхэн хүснэгттэй цагийн хуваарь наасан энэ эрхэм цаг нартай уралдан, олон ч удаа “мах” тээвэрлэгч болж давхиснаа инээвхийлэн ярьдаг. Гэсэн ч түүний амнаас “Ажлын шаардлагаар” гэсэн үг огт гараагүй юмдаг. Тиймдээ ч, яагаад “аятайхан” явж болдоггүй талаар асуух гэж жолоочийн кабинд хүн сууж болохгүй гэсэн хориог зөрчсөн юм. Мөнхбат гуайн хажууд цаг хорин минут зогсохдоо өөрөө жолооч юм шиг л “уцаар” төрж, үргэлж жолооны ард сууна гэдэг хүсэх зүйл бишийг мэдэрсэн юм. Ухсан нүх, “хэвтээ цагдаа”, гэрлэн дохио, зорчигч, явган хүний гарц зэргийг бүгдийг нь анхааралдаа авч заасан хугацаанд багтан замын түгжрэлийг “гатлах” нь амаргүй ажээ.

С.Мөнхбат гуай цайны цагтаа 20 минут зарцуулдаг. “Ажлынхаа онцлогоос болоод хам хум хооллоод сурчихсан юм. Гэртээ байхдаа ч гэсэн ялгаагүй ээ. Хүүхдүүд хоолоо авчирч амжаагүй байхад би аль хэдийнэ дуусчихсан байдаг юм” хэмээн инээд алдан ярих нь хачирхалтай санагдана. 52 настай хүн хурдан хооллож, автобусаа жолоодоод явахдаа нисэж байгаа тухайгаа мөрөөддөг зэрэг нь яг л ном уншиж буй мэт. Бодит амьдралтай холбогдох ганц шалтгаан түүнд дутаад байх шиг. Миний ажигласнаар түүнд “өвөөгийн” төрх алга. Олон хүүхэдтэй, саяхан ачаа угтан авсан хэдий ч нэг л “хөнгөн” санагдана. Гэр бүлийнхээ тухай ярихдаа ч тэр “өвөө” шиг байсангүй. Жинхэнэ эр хүн шиг байлаа. Эрт хариад хоолоо жийж, зав л гарвал хувцасаа угаадаг, тийм л эр хүн.

Мөнхбат гуай “ажлынхаа” унаагаар гэртээ хүргүүлдэг. Харин эрт тарсан үедээ автобусаар харьчихна. Түүний амьдралын эгэл жирийн өдрүүд ийнхүү өнгөрнө. Эгэл жирийн хүний, эгэл жирийн өдөр ийм. Харин эгэл бус зүйл гэвэл хийж сурсан, хийх дуртай зүйлээсээ холдох...

Энгийн ажилчид 60 настайдаа тэтгэвэрт гардаг байхад автобусны жолооч 55 нас хүрмэгцээ тэтгэвэр тогтоолгоно. Тэгэхээр энэ ямар хүнд ажил болохыг хэлж байгаа биз ээ. С.Мөнхбат гуай тэтгэвэртээ гарах цаг нь ойртоод ч тэр үү, жолооныхоо араас холдохыг хүсэхгүй байгаа нь илт. Тэтгэвэртээ гарсан ч гэлээ зүгээр суухгүй, автобус биш юм аа гэхэд машин барих л болно гэдгээ байн байн ярина. Олон жил хийсэн ажлаасаа насны эрхээр хөндийрнө гэдэг харамсалтай хэрэг. Яахав, түүний нас яваа л биз. Гэхдээ сэтгэл нь залуугаараа, өөдрөг сэргэлэн байгааг хамт ажилладаг нөхөд нь мэдэж байгаа. Ийн бодох зуур хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй, тэр дундаа насаар “богтлогдох” хязгаар үгүйг санаж явлаа.

Гэнэт Мөөгий ах гүнзгий санаа алдаж “Заримдаа би их ядардаг юм. Сэтгэл минь хичнээн хүсэж тэмүүлэвч яагаад ч юм ядардаг болж. Байгалийн жам юм даа. Гэхдээ би уйгагүй байсан, тэр хэвээрээ байх л болно.”гэв. Үнэхээр ч түүний хэлсэнээр цаг хугацаа хүн бүрийн биед өөрийн гэсэн ул мөрөө үлдээдэг нь жам билээ. Гэсэн ч хүсэл тэмүүлэлд хязгаар үгүйг тэр өөрийн амьдралаар батлана. Учир нь Мөөгий ах хүүхэд насны гэнэн мөрөөдлөөрөө жигүүрлэн “нисэж”, хэдэн сая бээрийн тухай үлгэрийг сэтгэлдээ “бичиж” явдаг юм.

Мөнхбат гуай, сэтгэлийн тань аль нэг хязгаарт хүлээж буй “далавчит” хүлгээрээ тэнгэр зүсэн 20,000 бээр аялаарай.

No comments:

Post a Comment