Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, October 4, 2009

"Гуталчин эгч"-ийн яриа


 
Тасралтгүй 17 жил гутал зассан эмэгтэйг Сонгоомаа гэх. Өрх толгойлсон энэ эмэгтэй ажилдаа дуртай. 1992 оноос эхлээд өдийг хүртэл энэ “түц”-ндээ ээлж халаагүй “алба хашсан” тэрбээр олон ч хүнийг “гурвын ард гишгүүлэлгүй буцаасан” буянтай ажил хийдэг хүн юм.
-Та яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? -
-Уг нь би Дарханы БТК-ийн Усны гидро техникийн ангийг дүүргэсэн. Гуталчин гэдэг миний “олдмол” мэргэжил.

- Одоо цагт хэрэгтэй мэргэжил байна даа. Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм? 
- Тухайн үед зах зээл эхлээд улсад биднийг хүлээн авах ажлын байр байгаагүй. Хүн бүхэн өөр өөрийн чаддаг зүйлээ хийх хэрэгтэй болсон. Ихэнх нь наймаа хийж урагшаа хойшоо явж байсан үе. Би тэр үед нялх хүүхэдтэй байсан болохоор наймаа ч хийж чадсангүй. Тэгээд гуталчин болсон доо.

  - Эмэгтэй хүнд хатуудах ажил биш гэж үү?   - Хүнд хэцүү байлаа гээд яахав дээ. Амьдрахын тулд гараа хөдөлгөх хэрэгтэй биз дээ. Би ажлаа хийхээ больчихвол гэртээ хүлээж байгаа хоёр хүүхэд минь юугаа идэж уух болж байна.

  - Та өдөрт хичнээн гутал засдаг вэ?   - Янз бүр дээ. Заримдаа долоо, найм. Заримдаа арав гаруй.

  - 17 жил ажиллахдаа нийт хэдэн гутал зассан бол? Тоолж байв уу?   - За, ёстой тоолж байгаагүй юм байна. Тоймоо алдсан байх аа. Өдөрт гурван гутал гээд тоолоход л хорин мянга хол давж байгаа биз дээ. Хэхэ.

  - Оюутны байрны ойролцоо болохоор оюутнууд их ирдэг байх даа?   - Ирнэ, ирнэ. Хөөрхий муу оюутнууд чинь хэцүү. Унах шахсан гутал бариад ороод ирнэ. Энийг л нэг хөдөө гэр хүртэл аргалаад өг, мөнгө хүрдэггүй гээд л... Өрөвдмөөр гэж яана. Хааяа сэтгэл өвдөнө. Хямдхан засна гэхээр бас болохгүй. Тэгээд яахав дээ, дүлэгнэж байгаад л байгаад нь тааруулаад засаад өгдөг юм. Бага ч болтугай буян үйлдэж явъя.

 - Юмны үнэ нэмэгдээд байхад гутал засварын үнэ нэмэгдээгүй хэрэг үү?   - Гутлын материал үнэд ороод л байгаа. Үнээ нэмчихье гэхээр хүн ирэх нь багасчих байх гэж бодоод байх юм. Эргэн тойронд дандаа л оюутнууд байгаа юм чинь.

 - Хүмүүс ихэвчлэн ямар үйлчилгээ хийлгэдэг вэ?   - Охид ихэнхдээ гутлынхаа өсгийгөө л янзлуулдаг юм даа. Тав арван мянган төгрөгийн үнэтэй гутал авч өмсөөд өсгий нь дорхноо элэгдчихдэг.

  - Гутал засах танд таалагддаг уу?   - Хийж байгаа ажилдаа гаршаад эхлэхээр дуртай болдог юм байлгүй. Өөр юм хийе гэхээр нэг л болж өгөхгүй юм.

 - Ажлын байр чинь агаар муутай, жижигхэн. Нэг л тухгүй юм.   - Аргагүй, аргагүй. Хүмүүс орж ирээд хурдан гардаг тулдаа л тэсч байгаа байх. Энэ умгар газарт чинь газрын түрээс, хогны мөнгөнөөс өгсүүлээд олон татвар бий. Хорооны даргын зөвшөөрөл, дүүргийн зөвшөөрөл, газрын албаны зөвшөөрөл гээд зөндөө юм шаарддаг.

  - Жижигхэн гутал засварын газраас уу?   - Гутал засвар байтугай тамхи, чихэр зардаг хөгшчүүлээс татвар аваад байна цаана чинь. Манай хууль тогтоомжууд том пүүс, компаниудад үйлчилнэ үү гэхээс бид мэтийн амьдрах гэж ядаж байгаа хүмүүст огт харагдахгүй юм. Жижиг бизнест зориулсан хууль тогтоомж бараг байхгүйтэй л адил. Уг нь над мэтийн хүмүүс амьдрах аргаа олох гээд “ТҮЦ” ч болов ажиллуулж байгаа юм. Төрөөс юу ч нэхээгүй. Тэр ч бүү хэл өг гэсэн болгоныг нь өгөөд явж байхад хотын өнгө үзэмжинд нөлөөлж байна, удахгүй нураана гээд л дайраад байх юм.

  - Хэрвээ энэ гутал засварын “ТҮЦ”-үүдийг хаачихвал та хаачих вэ?   - Амь зуулга тасарчих вий гэхээс эмээх юм.

  - Хэрэв та эрх мэдэлтэй байсан бол энэ бүхнийг хэрхэн шийдэх байсан бэ?   - Нэг их сайхан гутал засварын том төв нээгээд, тэндээ гуталчдыг оруулмаар л байна. Тийм газар нээж өгөөд, талбайн хөлсөө төлөөд ажилла гэх юм бол би лав зөвшөөрөх л байсан.

  - Төрийн ямар бодлого хэрэгжвэл таны амьдралд тустай байх бол?   - Төр бүхнийг шийддэг юм биш шүү дээ. Тэгээд ч хүн бүхэн төрийн царайг хараад суувал ихэнх нь өлсөж үхэх байх даа. Би одоохондоо төрөөс юу ч аваагүй, нэхээгүй болоод л байна. Харин өөрийнхөө хүчээр босгосон энэ “ТҮЦ”-ийг маань хураана, нураана гээд байхаар жаахан эвгүйцэх л юм. Ер нь энэ тогтолцоог төр засаг биш “хурган” дарга нар л бий болгосон гэж боддог юм. Тиймээс энэ “хурган” дарга нарыг сольдоггүй юмаа гэхэд хяналт тавих хэрэгтэй юм болов уу.

No comments:

Post a Comment