Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, November 23, 2010

Цаг хугацаа ба "Бэнжамин Баттон"

Цаг хугацааны машинаар аялахаас өөрөөр цаг хугацаа хэрхэн алдагдаж болохыг та бодож байсан уу. Тэгвэл бидний дэргэд, огт өөр цаг хугацаанд амьдарч буй хүний тухай өгүүлсэн киноны талаар би энд ярих гэж байна. Энэ бол F. Scott Fitzgerald-ий зохиолоор бүтээгдсэн "Бэнжамин Баттон" нэртэй кино билээ.



Дайны дараах он жилүүдэд хүүгээ алдсан эцгийн нулимс түүний зүрхэнд үхлийн шарх авчирсан юм. Тэрээр нас барахынхаа өмнө дайнд амь үргэдсэн хүүдээ зориулж нэгэн цаг бүтээж, хөл хөдөлгөөн ихтэй хотын төвд байрлуулсан билээ. Хачирхалтай нь энэхүү асар том цагын зүү ухарч байсан юм. Арагшаа явдаг цаг ухарсаар л, харин хүмүүсийн хэрэглэдэг цаг урагшилсаар л байлаа. Энэ үед нэгэн бүсгүй амаржсан бөгөөд төсөөлөхийн аргагүй хөгшин царайтай хүүгээ хөгшчүүдийг асрах байрны гадаа үлдээж явсан билээ. Асрамжийн газрын үүдэнд хаягдан үлдсэн хүүгийн царай өөд харсан сайхан сэтгэлт хар арьст асрагч эмэгтэй хүүд хөхөө амлуулж амьдралтай золгуулсан юм. Ингэж миний ярих гэж буй гайхамшигт кино эхэлдэг.

Бэнжамин Баттон хэл яриа болоод гадаад төрхөөрөө үеийнхээ хүүхдүүдээс огт өөр байлаа. Тэр найман настай байхдаа яг л наян настай өвгөн шиг харагддаг байсан төдийгүй эгээ л хөгшин хүн шиг тэргэнцэртэй явдаг байлаа. Гагцхүү сэтгэл зүрх нь хүүхдээрээ байв.


Тэхдээ тэр нэг өдөр хүртэл шүү дээ. Тэр нэг өдөр асрагч эмэгтэйн хамаатны охин ирсэн нь Daisy Fuller байсан юм. Тэд нас чацуу учир Бэнжамэн түүнд шууд л дурлачихсан хэрэг. Эсвэл хэн ч түүн шиг Бэнжамэнтэй ойртож байгаагүй болоод ч тэр үү. Энэ тийм чухал биш л дээ, ямартаа ч Дэйзи ч бас түүнээс холдохыг хүсэхгүй байлаа. Ингэж Бэнжамин Баттон эмэгтэй хүний тухай бодож, түүнийгээ хүлээж, хамт байхдаа жаргалтай байдаг болсон юм.

Цаг хугацаа өнгөрч Бэнжамин өсөж торнисоор байлаа. Эсвэл улам залуужсаар байлаа гэх нь зөв байх. Ямартаа түүний бие хаа нь томорч өвгөн шиг биш, харин залуу хүн шиг болсон байлаа. Жил ирэх тусам залуужиж байгаа нь хүн бүрийг гайхшруулна. Тэр өөрийн амьдралын замыг хөөж явахдаа очсон газар бүрээсээ дэйзид ил захиал илгээдэг байлаа. Дэйзи Бэнжаминийг нас тогтсон эр хүн гэдэг утгаар хүндэлнэ. Гадаад байдлаас нь үзвэл тэдний насны зөрүү урьдныхаасаа ойртсон мэт харагдана.

Ингэж хэдэн жил өнгөрөв. Бэнжамин Дэйзитэй уулзах өдрийг л тэсэн ядан хүлээж байлаа. Тэр нэг өдөр Дэйзитэй уулзсан юм. Тэд энэ удаад жинхнээсээ бие биедээ дурласан байх. Бэнжамэн яг энэ мөчид урьд урьднаасаа илүү хүүхдэрхүү төрхтэй болсон байлаа. Тэдний яг ингээд хамтдаа хэвтэж байсан үе нь киноны хамгийн жаргалтай хэсэг байлаа.

Дахиад л өнөөх цаг хугацаа урсан одно. Энэ удаад Бинжамэн яг л 18 настай хүү шиг болсон байв. Тэр үед Дэйзи аль хэдийн нөхөрт гарчээ. Гэлээ ч тэдний хайр сэтгэл унтарсан нь үгүй. Тэд нэг цаг мөчид, өөр өөр цаг хугацаанд амьдарч байлаа. Бэнжамин Дэйзигээс зугтахдаа энэ бүхнийг ойлгож байсан билээ. Гэсэн ч сэтгэлийн нь хязгаарт оршин буй хайр дурлалын эзэн бүсгүйгээ санагалзахдаа энэ цаг хугацааны алдагдалийг сөрөн зогсох гэж л цор ганцаараа тэмцэнэ. Учир нь түүнээс өөр хэн ч түүний оршин буй цаг хугацаанд захирагддаггүй билээ. Өөрөөр хэлбэл ухардаг цаганд...

Бинжамин Дэйзиг мартжээ гэдэг үгээр миний ярих гэсэн кино төгсөх гэж байна. Тэмдэглэлийн дэвтэртээ зөвхөн Дэйзигийн тухай бичсэн хараа хяналтгүй бяцхан хүүг цагдаа нар Дэйзид аваачиж өгөх хүртэл шүү дээ.

Ямартаа ч Дэйзи түүнийг таньсан юм. Тэр өдрөөс хойш Бэнжамин дэйзигийн халамжинд шилжив. Бэнжамин улам л нялхарсаар байлаа. Дэйзи түүнийг дөнгөж хөлд орсон бяцхан хүү шиг болохыг үзэв. Дараа нь юм ярихаа больхийг нь үзэж, хамгийн сүүлд хөхөө хөхүүлсэн юм. Ингэж Бэнжамин гэдэг бяцхан амь Дэйзигийн гар дээр өөд болсон юм даа. Тэр л мөчид хөл үймээн ихтэй хотын гудамжнаа байрлуулсан өнөөх "ухардаг" цаг гэнэт зогссон юм.

Энэ түүхийг Бэнжаминий өдрийн тэмдэглэл дээр Дэйзи үргэлжлүүлэн бичсэн билээ. Дэйзи хөгширч, жамынхаа дагуу эмнэлгийн орон дээр амьсгал хураахдаа энэ л түүхийг сонсож дуусаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ...
Ай цаг хугацаа гэж. Одоо бидний оршин буй цаг хугацаа ямар үнэ цэнэтэйг мэдрүүлсэн киноны хамт олонд би үргэлж талархаж явах болно оо. Надтай нэгэн цаг хугацаа, нэгэн тоололд багтан, хамтдаа хөгширөх хүн бүр энэ цаг хугацаанд талархаасай гэж хүснэ.

-Чосин гэрийн даалгавараа аваарай...

1 comment: