Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, December 12, 2010

Жүжигчин Уранчимэг: Сэтгэлийн гоо сайхан нь л Эсмеральдаг илүү үзэсгэлэнтэй болгосон

PLAY ME сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлага. "Парисийн дарь эхийн сүм" жүжиг нээлтээ хийхээс өмнөхөн...
 
Жүжигчин Урнаа… Буржгар үс, ягаан цув. Бодлогоширонгуй хэрнээ гэнэн харц. Хэзээ ч юм төсөөлөлд минь байсан тэр л Эсмеральда. Нүдээрээ "Яагаад" гэж асуух шиг цоо ширтэнэ. Харцаараа шатаана... Биеэрээ ярих чадвар урлагийн хүнд л байдаг бололтой. Гэхдээ тэр өөр өө. Цаанаа л нэг донжтой... 

Жүжигчин Урнаатай ялилцах л гэж гурван хоног Драмын театрыг зүглэхдээ театрын цаг наргүй ажлын багахан хэсгийг биеэрээ мэдэрсэн билээ. Жүжгийн бэлтгэл, клипний зураг авалт, бүжиг дэглэлт, хувцас оюулах зэрэг ар араасаа цуварсан их ажлын дундуур бидний яриа ийнхүү өрнөсөн юм.

-Цыган эмэгтэй байх ямар санагдаж байна?
-Чинжаал, дашмаг гээд л хэрэгтэй бүх юмаа бүсэндээ зүүгээд явна даа. Тэр олон юмтай бүжиглэх их хэцүү. Хамаг биеийг минь доош татах шиг л болдог. Гэхдээ энэ бол Эсмеральдагийн амьдрал.

-Та өөрийнхөө төсөөлөлд байдаг Эсмеральда байж чадах уу?
-Эсмеральдаг энэ ертөнцийн гоо сайхны бэлгэдэл гэдэг. Миний хувьд бол Эсмеральдагийн гадаад үзэмжээс илүүгээр сэтгэлийн гоо сайхан нь тэр хүнийг илүү үзэсгэлэнтэй болгосон юм шиг ээ. Би тийм л Эсмеральда байхын тулд хичээж байна.

-17 настай Эсмеральда байхын тулд сэтгэл зүйн хувьд олон насаар залуужих хэрэгтэй байх. Ингэхийн тулд яадаг вэ?
 -Дүрийн судалгаа хийнэ. Эсмеральдагийн сэтгэл зүйг өөртөө шингээх гэж оролдож байна даа. Их өрөвдмөөр. Эсмеральда зүгээр л дурласныхаа төлөө маш олон зовлон зүдгүүр, доромжлолыг амсдаг. Эцэст нь их муухай үхлээр үхдэг. Гэхдээ тэр үхэл Эсмеральдаг мөнхөлсөн. 17-хон настай цагаахан сэтгэлтэй бүсгүй тэр нийгмийн хүн биш юм шиг л… Нийгэмдээ боомилогдсон хүн ямар хэцүү байдаг юм бэ гэж боддог болсон.

-Үхэж байхдаа юу боддог вэ?
-Би олон дүрээр үхэж үзсэн. “Хайр сэтгэл, хар санаа” жүжигт хор ууж, “Шөнө дундын бүжиг” дээр өөрийгөө буудаж. Харин одоо би Эсмеральдагийн дүрээр дүүжлүүлж үхнэ. Хэрэв би ингэж үхвэл яах байсан бэ гэдэг асуултын хариуг өөрөөсөө хайдаг. Тэгээд өөрийгөө яг ингэж үхэж байгаагаар төсөөлнө. Би үхэж байна гэдгээс өөр юу ч бодогдохгүй. Тэгээд нүдээ анина…

-Өөр өөр хүний дүрээр амьдарна. Тэр олон хүнийг өөрийнхөө сэтгэлд амьдруулчихаад эцэст нь яаж Урнаа хэвээрээ үлдэж чаддаг юм бэ?
-Би тайзан дээр гарахаараа амьдралаа мартдаг. Маш их хайр хүсэл, маш их сэтгэл хөдлөлийг тэндээс мэдэрдэг. Би тайзан дээр өдөр болгон шинээр амьдардаг. Гэхдээ тайзнаас буумагцаа л өөрийнхөө амьдралд ордог. Тайз, бодит амьдрал хоёрыг ялгаж салгадаг байх нь жүжигчин хүний чадвар юм болов уу даа. Тайзны бүтээл арай илүү эрч хүч хэрэгтэй. Хамгийн арын эгнээнд суугаа үзэгчийн зүрхэнд хүрэх “тоглолт” хийхийн тулд би жинхэнэ сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хэрэгтэй болдог. Тайзан дээр хөгшин хүн залуу болж, залуу хүн хөгшин болох энүүхэнд. Дууны өнгө, хөдөлгөөнөөрөө дүрээ илэрхийлдэг хэдий ч хэл яриа хамгийн чухал.

-Бүх цаг үед амьдраад л тэгээд тухай үеийн хувцаснуудыг өмсөөд л үнэхээр гоё санагддаг?
-Өмсөхийг хүссэн бүх хувцсаа өмсөнө. Эрх чөлөөтэй. Гудамжинд өмсөөд явж болохгүй хувцаснуудыг жүжигчид бид тайзан дээр өмсөнө. Би даашинзанд дуртай. Жүжгийнхээ хувцаснуудад маш их дуртай.

-Хамгийн сүүлд ямар худалдан авалт хийсэн бэ?
-Найман сард Итали явахдаа шоппинг хийсэн. Гэр бүлээрээ явсан болохоор их үр дүнтэй гоё худалдан авалт хийж чадсан шүү. Хоёр охин дүүтэйгээ явахаар сонголт хийхэд их аятайхан байдаг юм. За тэгээд л гэртээ орж ирээд энэ нь тийм ийм, энэ нь гоё, надад өгчих гээд л хувцасны тухай яриа их хийнэ ш дээ. Манай бага дүү загварын их мэдрэмжтэй. Бараг л миний имижмэйкэр шахуу хүн ш дээ. Одоо охин маань том болоод хувцас сонголцдог болсон. 

-Худалдаж авсан хувцсаа гэртээ ирээд голох тохиолдол байдаг уу?
-Ганцаараа дэлгүүр хэсэх юм бол яг тэгдэг. Шал дэмий юм авчихсан л байдаг юм. Миний сонголт надад таалагдахаа больчихсон юм уу бүү мэд.

-Моод дагадаг уу?
-Урьд нь хар, улаан, цагаан өнгийн хувцас илүү их сонгодог байсан. Харин сүүлийн хэдэн жил эрээн мяраан хувцас моодонд ороод, миний хувцаслалт ч бас өөрчлөгдсөн. Тэгэхээр моод миний амьдралд тодорхой байр суурь эзэлдэг гэсэн үг л дээ. Гэхдээ би том ээмгэнд дургүй. Хичнээн моод болж байсан ч гэсэн зарим аксессуарууд надад огт таалагддаггүй хэвээрээ л байдаг.

-Эгч дүү гурван Урнаа. Италийн дуурийн дуучин, Хаянаагийн эхнэр, тэгээд та. Дэрсхэн өссөн охидууд их тэмцэгч байдаг юм шиг санагддаг. Та хамгийн шартай нь байх аа?
-Үгүй ш дээ, би харин хамгийн дуугүй, ноомой нь байсан. Хамгийн шартай нь Италид байдаг дүү маань. Намайг манай гэрийнхэн “дүйнгэ” байсан гэж яриад байдаг юм. Шинэ жилээр ширээн дээр чихэр жимс овоолоод тавьчихна. Олон хүүхэдтэй болохоор бүгд дайраад л, пир гээд дуусчихдаг. Харин би л гэж өөр юм оролдоод, тэрэндээ сатаарчихсан сууж байдаг байсан гэсэн. Тэгээд хүн юм өгвөл авна, өгөхгүй бол идэхгүй.

-Та огт ноомой харагддаггүй…
-Аравдугаар ангиа төгсөөд л би огт өөр болчихсон гэсэн. Ээж л намайг өөрчлөгдсөн гээд байдаг юм. Харин надад ээжийн хэлээд байгаа шиг тийм том өөрчлөлт огт анзаарагддаггүй юм. Цагийн аясаар хувирсан юм байлгүй дээ

-Эмэгтэй хүний идеалийг та юугаар тодорхойлох вэ?
-Хөх. Биеийн хэлбэр, галбир. Эмэгтэй хүн бүр эротик шинжтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэрнээс гадна төрөлх араншингаа хадгалах нь чухал. Тарган, царай муутай ч бай цаанаа л нэг янаг хүүхнүүд байдаг даа. Хүн болгоны дуу хоолойны өнгө ч юм уу, биеийн аль нэг хэсэг. Эсвэл бүр зарим хөдөлгөөн нь эротик шинжтэй байдаг юм. Ажиглаад байхад эрчүүд тийм зөөлөн хөдөлгөөнтэй, маягтай хүүхнүүдэд илүү дуртай юм шиг ээ. Нэг тийм уян, муур шиг ч юм уу. Гэхдээ хэт удаан хөдөлгөөнтэй хүн надад их ядаргаатай харагддаг. Удаан хөдөлгөөнтэй , хөдөлж ядсан хүмүүст дургүй. Би хурдтай байх дуртай. Угаасаа насны эрхээр хөдөлгөөн удаашрах нь тодорхой юм чинь хурдан байх насан дээрээ удаан байгаад яах юм бэ.

-Тэгвэл таны идеал юу вэ…
-Өөрийгөө сайн мэдэхгүй юм аа. Ихэвчлэн бүтээсэн дүрүүдийн онцлогоор л илэрхийлэгддэг байх. Гэхдээ яг миний өөрийн ямар нэгэн юм байгаа л байх.

-Уруул юм биш үү? Та хошуугаа цорвойлгож ярьдаг ш дээ.
-Өө тийм үү. Миний уруул зүгээр л зузаан уруул ш дээ. Надад лав тэгж сүртэй эротик, мэротик харагдаад байдаггүй. Байнга хараад дасчихсан ч гэх юм уу. Ер нь өөрийгөө байнга харсаар байгаад дасчихаж дээ.

-Та заримдаа эрхлээд байх шиг санагддаг. Нөхөр чинь эрхлүүлээд сургачихсан юм уу?
-Яанаа, мэдэгдэж байна уу? Бид хоёр бие биедээ аймаар эрх ш дээ. Манай охин “та хоёр жоохон хүүхдүүд шиг” гээд л байдаг юм. Манай аав бас одоо болтол надад хошуу дэвсэж ярьдаг юм. Би аавыгаа дуурайсан юм шиг байгаа юм. Харин ээж бол нэг үнэрлээд болдог. Тийм нялуун зан байхгүй.

-Тэгвэл юу таныг ийм дайчин болгосон юм бэ?
-Би хүнд муугаа үзүүлэх дургүй. Ааваас өвлөсөн зан байх аа. Оюутан байхдаа “Бараалхал” жүжгийн ард бүжиглэдэг байсан. Тухайн үед тарган, улаан хацартай л охин байлаа. Хөдөлгөөний эвсэл ч байхгүй шүү. Тэгээд их л загнуулдаг байлаа. Хүн чадахгүйгээрээ дуудуулах, хүнд муугаа хэлүүлэх ямар л олиг байхав дээ. Тэрнээс хойш би хөдөлмөрлөж эхэлсэн. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг болсон. Харин одоо хэн ч намайг бүжиглэж чадахгүй гэж хэлэхгүй.

-Та ийм зоригтой, ийм бардам. Юунаас ч айдаггүй хүн үү?
-Өвдөхөөс айна. Өвдөхийг л хүсдэггүй. Маш их айдаг. Гэрийнхнийг минь битгий өвтгөөрэй гэж залбирдаг. Бурхандаа залбирна. Нөхөр охин хоёроо даатгана. Гэхдээ намайг битгий өвтгөөрэй гэж гуйхаа харин дандаа мартчихсан байдаг.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ яаж анхаарал хандуулдаг вэ? Ингээд л залбираад явж байдаг юм уу?
-Завтай өдрөө хоол хийнэ. Би чинь ёстой “зэрлэг” хоол хийдэг ш дээ. Тавдугаар ангиасаа эхлээд л есөн хүний хоол хийдэг байсан. Дөрвөн ахтай болохоор олон хүний цуйванг бол сайн хийнэ. Цагаан сар дөхөөд ирэхээр гарынхаа алгыг улайтал гурил эрчлээд суудаг байлаа. Аав маань Ховдын урианхай хүн болохоор ул боов биш арай өөр төрлийн боов хийдэг байсан.

-Хамгийн сүүлд хэзээ хоол хийсэн бэ?
-Уржигдар… Одоо л ажилдаа түүртээд хоол унд бэлтгэх нь багасчихаад байгаа юм. Урьд нь бууз, банш хийж хөлдөөнө, пицца хийгээд дэвхийтэл нь өрөөд тавьчихдаг байсан. Ямар сайндаа л манай нөхөр “аймаар ажилтай хүүхэнтэй суусан чинь аймаар залхуу болчихдог байна ш дээ” гэж ярьж байх вэ дээ.

-Нөхөр чинь таны төсөөлөлд байсан хүн мөн үү?
-Мөн байх л гэж боддог. Тэр үед миний үеийн охидууд бүгд л архи уудаггүй, тамхи татдаггүй хүнтэй сууна гэж ярьдаг байсан. Би бусдын л нэгэн адилаар тийм л  хүнтэй сууна гэж бодсон. Тэгээд ч суусан.

-Та өөрөө тамхи татдаггүй юу?
-“Нэргүй од” жүжиг дээр би Монагийн өмнөөс хоёр бүтэн тамхи татдаг. Өдөр болгон хоёр тамхи… Надад ямар ч онц содон юм амтлагддаггүй. Дахин татах хүсэл, татахгүй хүсэл төрдөггүй. Тэгээд тамхинаас гарч чадахгүй байна гээд байгаа хүмүүсийг ердөө ойлгодоггүй. Тансаг амьдралтай Мона хөдөө ирчихээд сандарсандаа, эсвэл сэтгэл нь өвдсөндөө тамхи татдаг. Гол нь би өөрийнхөө амьдрал дээр тийм байдалд орохоороо тамхи татдаггүй болохоор надад тэгж нөлөөлдөггүй байж болох юм.

-Та “Нэргүй од” жүжгийн Монагийн оронд байсан бол ямар сонголт хийх байсан бэ? Хөдөөний багштай үлдэх үү, эсвэл баян тансаг амьдралаа сонгох уу?
-Би өөрийнхөө амьдралыг сонгох байсан байх аа. Хөдөөний багштай өнгөрүүлсэн нэг хоног хичнээн жаргалтай, сайхан байсан ч гэсэн тухайн өдрийн сэтгэл хөдлөл гэж бодно. Хүн дассан амьдралаасаа салахад хэцүү байдаг. Гэтэл Мона сэтгэл зүрхээ дагаад хөдөө үлдчихдэг. Жүжиг л юм даа.

-Тайзан дээрх дурлалыг бодит амьдралын дурлалтай харьцуулбал… Энэ хоёр яг ямар ялгаатай байдаг вэ?
-Асар их. Сэтгэл хөдлөлийн хувьд үнэхээр тэс өөр. Амьдрал дээр хайр сэтгэлээ илэрхийлэхэд хэцүү. Харин тайзан дээр хүний сэтгэлийг, хайртай хүнд нь нээдэг болохоор арай өөр. Тэгээд ч романтикийг тайзан дээр үзүүлэхэд илүү сайхан. Учир нь гэнэтийн зүйл тайзан дээр огт байдаггүй. Миний хэлсэн үгний хариуд хэлэх үг нь хүртэл урьднаас төлөвлөгдсөн байдаг шүү дээ. Харин бодит амьдрал дээр хүн хүнээс өөр, өөр хариу үйлдэл гарна. Тухай үед нь тааруулж үгээ хэлнэ гээд л… Асар их ялгаатай.

-Тайзан дээр бодитоор дурлаж байсан уу?
-Үгүй. Би өөрийгөө их удаан дурладаг гэж боддог. Анхны харцаар дурлах энэ тэр гэж миний хувьд бол байхгүй. Их нухацтай хүн юм шиг байгаа юм. Эсвэл өөнтөгч ч юм уу. Таалагддаг хүнд маань жаахан өө харагдах юм бол тэгээд л сонирхол буурчихдаг. Харин тайзан дээр дурлана гэдэг ч дээ. Жинхэнэ амьдрал дээрээ дургүй хүндээ тайзан дээр дурлаж жүжиглэхэд лав хэцүү. Тэгэхээр хайр сэтгэлийн холбоотой дүр бүтээхдээ хамтрагчтайгаа сэтгэл зүйн хувьд “хуйвалдаан үүсгэх” хэрэгтэй болдог. Бусад дүрүүдтэйгээ ажилладгаас илүү их давтах хэрэгтэй болно гэсэн үг л дээ.

-Тэгвэл эр хүн ямар байхдаа таны хайрыг татдаг вэ?
-Царайлаг эрчүүд огт таалагддаггүй. Японууд шиг өмд нь шувтарсан, ясан биетэй бол за тэгээд бүр ярилтгүй. Эрэгтэй хүний тухай ярихаар хуучинсаг юм л ярьчих гээд байдаг. Гэхдээ хуучны үг, сургаалиудыг зөв гэж боддог шүү. Эр хүнд ноён нуруу гэдэг юм заавал байх ёстой. Ямар нэг зүйлд ул суурьтай ханддаг, гэр бүлээ ганхуулахгүй байх ч юм уу. Жинхэнэ эр хүн гэдэг чинь түшиг тулгууртай, цаанаа л нэг эрэгтэйлэг шинжтэй байдаг юм аа.

-Хайртай хүн дэргэд байвал ямар ч зовлон шаналалгүйгээр, ертөнц цав цагаан болдог гэдэг. Та энэ тухай юу боддог вэ?
-Үнэн байх аа. Бид хоёр чинь жоохон байхдаа нэг гэрт орсон. Нэг нэгэндээ уусаад, харцыг нь хүртэл мэддэг болчихдог гэдэг яг үнэн. Тэр тусам л илүү их хайр гарч ирээд л… Ээж аавыгаа үргэлж хайрладаг шиг, гэхдээ арай өөр хайр үүсдэг юм болов уу гэж боддог. Эхнэр нөхөр хоёрын дунд байдаг бүх сайхан харилцаа яг энэ нүдэнд харагдахгүй таталцал, дасалцал дээр оршдог байх.

-Тэр хайрыг тогтоон барихын тулд юу хэрэгтэй байдаг вэ? Хүмүүс олон жил хамт амьдрахаараа уйддаг гэлцдэг.
-Бие биедээ итгэж чадахгүйгээс болж тийм бодол үүсдэг байх аа. Итгэхгүй байх бодлын үндсийг тавьж байна гэдэг чинь сэтгэлд сэвтэй. Сэтгэл сэвтчихвэл цаашдаа олон зүйлд эргэлздэг болно. Тэр эргэлзээнээсээ болоод бие биенийгээ хайрлахаа больдог байх аа.

-Нөхөр чинь таны итгэлийг алдаж байсан уу?
-Азаар тийм тохиолдол байхгүй шүү. Муудалцах үе байлгүй л яахав. Тэр бүхнийг хүндээр тусгаж аваад байвал гэр бүл маань яаж дулаан уур амьсгалтай байх билээ дээ. Харин одоо бол бие биенээ илүү сайн мэддэг, мэдэрдэг болсон болохоор гомдох, тунирхах явдал цөөрсөн. Би ч нөхрөө хаана байна гэж байнга залгаад байдаггүй, утсыг нь шалгадаггүй. Зүгээр л итгэдэг.

-Таныг өөртөө хайргүй болохоор хайхардаггүй гэж боддог болов уу?
-За ёстой мэдэхгүй юм аа. Уг нь би их өмчирхүү хүн ш дээ. Гэхдээ яагаад ч юм нэг их хардаад байх утгагүй санагддаг юм. Цогоогийн амьдралын утга учир нь би гэдгээ мэддэг. Бид хоёр бие биедээ итгэх хэрэгтэйг мэддэг. Өөр юу хэрэгтэй юм бэ?

-Эхнэр нөхрийн хооронд нууц байх хэрэгтэй юу? Юу гэж бодож байна?
-Нууц байх ёстой гэдэгтэй санал нийлдэг. Бүх зүйл ил байх албагүй. Энэ чинь бодит амьдрал. Тайзан дээрх жүжиг шиг л ил тод амьдарвал надад лав таалагдахгүй байсан байх. Гэхдээ бие биенийхээ сэтгэлийг сэвтээх тийм нууц лав байхгүй. Тэрнээс гадна Цогоо бид хоёр бие биедээ хэрхэн хайраа илчилдэг тухай хэн ч мэдэхгүй. Энэ бол зөвхөн бидний л мэдэх нууц. Энийг өөр хүмүүс мэдэх шаардлагагүй шиг миний мэдэх шаардлагагүй зүйлс олон байгаа. Тиймээс ч зарим юман дээр нууц байх ёстой.

-Та ч их л ганган харагддаг ш дээ.
- Эмэгтэй хүн чадах чинээгээрээ “гоё” харагдах хэрэгтэй. Нөхрөөсөө өөр хэнд харагдах юм гээд гангалахгүй байж болохгүй. Бүх сайхныг өөртөө зориулах хэрэгтэй гэж боддог.

-Гоё гэдэг ойлголт таны хувьд яаж хэлбэрждэг юм?
-Сэтгэлийн гоо сайхан. Хүн өөрийнхөөрөө байхдаа л гоё. Үнэн бүгд хүнийг чимдэг юм шиг ээ. Таалагдсан хувцсаа өмсөж, өөрийнхөө сонголтоор гадаад үзэмжээ бүрдүүлэх нь бас нэг төрлийн “гоё” юм даа.

-Үнэнд дуртай хүн юм биз дээ. Үнэн үг сэтгэлд нийцэхгүй тохиолдол байдаг уу?
-Мэдээж байлгүй яахав. Янз бүрийн тохиолдол зөндөө л гарна. Амьдралыг тааж хэлэхийн аргагүй.

-Тийм үед ганцаарддаг уу?
-Сүүлийн нэг жил маш их ганцаардсан. Бүтэн жил ажлаа хийгээгүйг ч хэлэх үү. Дээр нь Японд зургаан сар ганцаараа байсан. Тэр хугацаанд өөрийгөө илүү ихээр мэдэрсэн. Ер нь ганцаараа байх үедээ олон зүйлийн тухай бодох цаг гардаг юм шиг ээ. Хүмүүс ганцаардал муухай л гээд байдаг. Гэхдээ заримдаа өөртөө ганцаараа байх боломж өгч байвал зүгээр юм шиг санагдсан. Муухай зүйлээс сайхан зүйл гарах тохиолдол байдаг ш дээ. Миний мэдэхгүй аялгуу миний дотроос эгшиглэнэ. Энэ аялгууг сонсохын тулд ганцаараа байсан үе л хамгийн чухал үүрэгтэй байсан болов уу. Би их эмзэг гэдгээ мэдэрсэн. Дуу сонсож уйлаад л, дахин дахин сонсож, дахин дахин уйлаад л… Уйтгартай байна уу?

-Үгүй ээ, харин тэр уйтгар хаанаас ирдэг юм бол?
-Хаа нэгтээгээс. Гэхдээ хаанаас гэдгийг мэдэхгүй. Бидний санаа зоволт байдаг газраас байх аа. Эсвэл зүгээр л яг сэтгэлийн эмзэг газрыг хөндсөн аялгуу ч юм уу. Яг таг хэлж мэдэхгүй юм.

-Та сэтгэл санаагаар унасан үедээ юу хийдэг вэ?
-Тухайн байдлаасаа л шалтгаална даа. Би ер нь их зожиг хүн шиг байгаа юм. Сэтгэл санаа хямарчихвал ганцаараа байхыг илүүд үзнэ. Ном уншна. Детектив зохиолд их дуртай. Тэр дундаа Шелдоны зохиолууд аятайхан. Нүдэндээ харж уншихад амар байдаг. Яг кино шиг. Кино шиг ч гэж дээ, яг кино л юм байна лээ ш дээ.

-Юу таныг уналтанд хүргэдэг вэ?
-Хамгийн дуртай ажлаа хийж байгаа маань надад сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Няцах үе гарна. Сэтгэл хөдлөлөө янз бүр болгох гэж өчнөөн уйлж дуулна. Хүмүүсийн харилцааны асуудлууд бас сэтгэл зовооно. Цаг зуурын сэтгэлийн хямралаас болж их гутарна.

-Та дуулах тийм их дуртай юм уу? Хүмүүс нэг их дуртай хүлээж авдаггүй санагддаг?
-Дуртай. Багадаа гитар бариад л дуулаад суучихдаг байсан. Дуулаад, дуулаад л, өөртөө бас их дурална аа… Харин хүний хийсэн юмыг үгүйсгэдэг хүнд би дургүй. Таалагдахгүй байж болно, гэхдээ үгүйсгэж огт болохгүй.

-Гавъяат авсанд чинь дургүйцэх хүмүүс байгаа. Зарим нь арын хаалга гэж ярьдаг. Та өөрийгөө энэ шагналыг авах ёстой байсан гэж бодож байгаа юу?
- Би эрч хүчтэй, ид ажиллаж байгаа насан дээрээ шагнал авсан. Илүү их хүчтэй болоход минь нөлөөлсөн. Зарим хүмүүсийн санаагаар бол би гавъяат авахын тулд цаг нөгцөөх маягаар гуч дөчин жил хүлээх ёстой юм байна л даа. Манай театрын ахмад жүжигчдийг тайзнаас буусных нь дараа, эсвэл бараг мартагдсаных нь дараа одон медаль өгдөг. Намайг тийм ирээдүй хүлээж байгаасай гэж би хүсэхгүй байна. Дургүйцээд байгаа хүмүүс сүүлийн арван жил Драмын театрын тайзан дээр ямар бүтээлүүд тавигдсаныг бүгдийг нь мэднэ гэдэгт би лав эргэлзэж байна. Тайзны урлаг гэдэг дэлгэцийн бүтээл шиг үлдээд байдаггүй.

-Анхны сэтгэгдэл танд ямар байдлаар нөлөөлдөг вэ?
-Маш хүчтэй нөлөөлдөг. Нэг сайн хүндээ тэр чигтээ сайн. Дүр эсгэдэг хүмүүст жаахан дургүй. Жүжигчин хүний өмнө жүжиглэнэ гэдэг утгагүй асуудал ш дээ. Худлаа ярьж байлаа гэхэд гурав дөрвөн өгүүлбэрээс цааш явдаггүй.

-Таныг анх өлгүүрчин байсан гэж дуулсан юм байна?
-Би СУИС-д шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгээд Драмын театрын “Театр студи”-д сонсогч авна гэхээр нь энд ирээд хоёр жил бэлтгэгдсэн юм. Долоон эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Сурч байхдаа бид хэд ээлжээр өлгүүрт ажиллаж, тасалбар түгээж байсан. Тайзны хүн болохын тулд босгоноос нь эхлэх хэрэгтэй гэдгийг бидэнд ойлгуулах гэж тэгдэг байсан гэж боддог юм.

-Та СУИС төгссөн биз дээ?
-Драмын театрт хоёр жил сурсныхаа дараа, дахиад хоёр жил туслах жүжигчнээр бэлтгэл хийсэн. Тэгж байж СУИС-д орсон. Үеийнхнээсээ хэдэн жилээр хоцорч байсан л даа. Яг жүжигчний карьер эхлэх насан дээрээ их сургуульд орсон. Нийтдээ найман жил энэ мэргэжлээрээ сурсан гэсэн үг л дээ. 

Драмын театрын тайзнаа дурлаж, хайрлаж, уйлж, уярч байдаг жүжигчин эмэгтэй миний төсөөлсөнөөс огт өөр хүн байсан юм. Буржгар үс нь хиймэл, ягаан цув нь өөрийнх нь биш Эсмеральдагийнх, бас тэр аль хэдийн 17 настай байхаа больчихсон… Гэхдээ л түүнтэй ярилцахдаа Эсмеральдагийн зүрх монголоор цохилохыг тодоос тод мэдэрсэн юм шүү. Түүнийг бодит амьдралтай холбохын тулд бусад дүрүүдийг ор тас мартах хэрэгтэй юм болов уу…

No comments:

Post a Comment