Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, October 25, 2011

Автоспортын супер од Д.Болдбаатар: Шувуу ч нисдэггүй газраар өдөр шөнөгүй давхиад л...

Дамдинхорлоогийн Болдбаатар. Энэ нэр бол монголчуудын бахархал. Тэр дундаа автоспорт сонирхдог хүмүүсийн шүтээн. Хүмүүс түүний тухай домог мэт ярьж, өрсөлдөгчгүй уралддаг гэдгээр нь онцолно. Цэл залуу энэ тамирчин их эртний тамирчин шиг сэтгэгдэл төрүүлж байгаа нь Монголд автоспорт хөгжөөд удаагүй байгаагийн илрэл билээ.

Д.Болдбаатартай ярилцахаар “болзсон” маань санаандгүй хэрэг биш ээ. Энэ хүн бол Монголын автоспортын супер од шүү дээ. Youtube сайтаас түүний уралдааны бичлэгийг нь үзэж суухдаа уралдаж буй мэдрэмжээс нь багахан боловч хуваалцсан билээ. Тэр их донсолгоо, бартааг туулахдаа амьдралд байж болох хамгийн өндөр зэрэглэлийн таашаал авдаг нь хачин санагдаж байв. Магадгүй бүсгүйчүүл бидний бүрэн ойлгохгүй бас нэгэн ертөнц Болдбаатар байж мэднэ. Ямар ч байлаа гэсэн түүний цор ганц сонирхол болсон автоспорт, мотоспортын талаар ярилцсан юм. Тэрбээр манай редакцид зочлохдоо “Алби старс”-ын шар оруулга бүхий торгон савхи өмсчээ.


-“Медалиа тоолбол ахидаггүй гэсэн” гэж хэлэхийг чинь сонсоод таныг их сүсэгтэй хүн гэж бодсон.
-Ер нь хүн сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэр ч утгаараа гандан их ордог доо. Тэмцээний өмнө бол заавал ном уншуулна. Бас энгийн үед ч гэсэн цагаан хэл амнаас хамгаалах ном уншуулж, хийморийн сан тавиулна шүү дээ.



-Таныг Монгол улсын хэмжээнд хурдны рекорд тогтоож байсан гэж ярьдаг.-.... онд “Батхүлэг” уралдааны үеэр, УАЗ 469 машинаар, кроссын уралдааны төрөлд улсын рекордыг тогтоож байлаа. Замын цагдаагийнхан хэлжилт хийгээд,  бараг 148 милл хүрсэн гэж хэлсэн юм. Энэ рекорд ороо хэр нь “эвдрээгүй”. Харин одоо илүү хурдлах зам манайд байхгүй юм шиг санагдах болсон доо.

-Ер нь хамгийн дээд тал нь хэдэн милл хүртэл хурдалж байсан бэ?
-250 хүрч байсан.

-Энэ чинь машины дээд хурд шүү дээ. Хаана тэгж хурдлаа вэ?-Германаас Австри орох замд юм байна. 2008 онд. Цоо шинэ загварын Бенз түрээсэлсэн байсан юм. Яг замд явж байтал хажуугаар хавтгай шар машин сүнгэнээд л өнгөрсөн. Ямар машин нь мэдэгдээгүй. Ямар ч лбайсан аймар муухай дуутай юм билээ. Тэр шар машиныг гүйцэх гээд араас нь давхисан чинь гуйваад л эхэлсэн. Хэтэрхий дайвалзаад байгаа юм шиг санагдаад хурдаа жаахан саасан л даа. Нөгөө шар машин ч сураггүй алга болсон. Яг тэр үед хийсэн бичлэгээ үзэхэд шар Ферари маркийн машин бидний хажуугаар зөрсөн юм билээ. Гэхдээ 240милл гэдэг маш өндөр хурд. Дэндүү аюултай.

-Та хэдэн “УАЗ 469” машинтай байсан бэ?-Одоо гурав дахь нь байгаа.

-Арваад жил уралдаж байгаа гэхэд гайхмаар цөөхөн юм аа.-Уралдааны машин хэзээ ч хуучирдаггүй. Бүх эд анги, хөдөлгүүрийг нь үргэлж шинэчилж байдаг болохоор хуучирна гэж үгүй. Онхолдож, араам төмөр нь базагдахаас нааш сольдоггүй гэсэн үг л дээ.

-Та тэгэхээр онхолдож байсан байх нь ээ?-80км цагийн хурдаар осолдож байсан.

-Осолд орчихоод уралдаанаас айдаг болоогүй гэж үү?-Үгүй ээ. Эргэдэг сандалт дээр сууж байгаа юм шиг л байдаг юм. Машин чинь төмөр хамгаалалттай, тав зургаан талаас бэхэлчихдэг болохоор ерөнхийдөө гайгүй.

-Галзуу хулгана санаанд орчихлоо...-Би галзуу хулганад дуртай шүү. Японы галзуу хулганад сууж байсан. Гиннесийн номонд бичигдсэн хоёр янзын галзуу хулганаар давхиад амжсан. 80 метрийн өндрөөс доошоо давхина гээд бод л доо. Экстрэм тоглоом болохоор нэлээд хурдтай доошоо бууж байгаа юм. Үнэхээр кайфтай.

-Аймаар юм. Монголын паркт тоглож үзэв үү?-Үзсээн. Ер нь тоглох тоглоом байхгүй ш дээ. Сансарын хөлөг билүү, тэр нь яахав боломжийн юм билээ.

-Таныг 18нас хүрээд, жолооны үнэмлэхээ авсныхаа маргааш уралдаанд оролцож түрүүлсэн гэдэг. Тэрнээс өмнө машин барьдаг байв уу?-Анх уралдаж эхлэх үедээ машин унахын түүс л байлаа шүү дээ. Хөдөө гадаа аавтай хамь явж байхдаа барьдаг байсан. Хотын хөдөлгөөнд хулгайгаар оролцдог байсан ч, удалгүй 18 нас хүрсэн дээ.

-Цагдаа нартай хөөцөлдөж байв уу?-Нэг удаа цагдаад дохиулаад, шууд зугтаасан. Би тэр үед Мицибуши мираж турбо унадаг байсан юм. Цагдаа нар механик кроптой, 1600 мотортой, дөрвөлжин Пажеро машинаар араас хөөгөөд л... Нэлээн хөөцөлдсөн. Ямар ч байсан баригдаагүй л юм даа. /инээв/

-Шинэжолоочболонгуутуралдажэхэлнэгэдэгэрсдэлихтэй, азсорьсонзүйлбишгэж үү?-Нэг их олон түрүүлж байгаагүй ч гэлээ ид бадарч явсан нас болохоор машин унах гээд л байж ядна. Урдуур дайрсан микронуудтай их үзэлцэнэ шүү дээ. Бараг л замын голд зодолдох нь холгүй... Харин одоо бол замын хөдөлгөөнд соёлтой оролцдог болсон. Энэ их түгжрэл дунд ч гэсэн дүрмээ л дагана. Аливаа зүйлд тайван, хүлээцтэй ханддаг болсны илрэл байх.

-Дамдинхорлоо гуай мотоциклоор уралддаг байсан. Таны сонголтонд “нэвт” нөлөөлсөн юм шиг санагддаг.-Тийм ээ, аав маань мотоцикл унадаг байсан. Монголд байдаг хамгийн гоё мотоциклийг унадаг байсан. Энэ нь манай гэрийнхэнд бүгдэд нь онцгой нөлөөлсөн. Хамгийн том ах маань уралдаанд ордог байсан юм. Анх аав “24” маркийн машин унадаг байхад би “мянгын дугуй”-гаар дагадаг байлаа. Дараа нь “Ямаха-175”гэж ганган мотоцикл Монголд хоёр ширхэг орж ирж байсны нэгийг нь өөрийн унаа болгосон доо.

-Анх гээд ярьсан чинь сонирхолтой санагдчихлаа. Та цэл залуу хэрнээ их эртний тамирчин юм шиг санагддаг шүү. Яг хэдэн оноос уралдаж эхэлсэн юм бэ?-Би анх 1995 онд Автоспортод хөл тавьсан юм. Мотоциклоор уралдаж гараагаа эхэлсэн түүхтэй. Анхны тэмцээнд “Алтанбулаг” хивсээр шагнуулж байлаа шүү дээ. Хивс моодонд орж байсан үе. Харин 1996 онд анх Монгол раллид мотоциклийн төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан. Тухайн үед боломж л гарвал мотоциклийн олон улсын тэмцээнд хүчээ үзэж явлаа. Ангилалдаа байнга түрүүлдэг байсан.1999 онд машинаар уралдах санал авахад аав маань цоо шинэ “УАЗ-469” авч өгч байлаа шүү дээ. Тухайн үед чиньв зоондоо тэргүүн эгнээнд л явдаг байсан даа.

-Амь дүйсэн уралдаанд 16 настай жаахан хүүгээ уралдахыг зөвшөөрсөн гээд эцэг, эхийг тань буруутгах хүмүүс олон байсан гэдэг. Энэ талаар одоо дурсвал...-Авто уралдаан үнэхээр амь дүйсэн, эрсдэл ихтэй спорт. Гэхдээ тамирчин хүн хэзээ ч эрсдлээс айдаггүй юм. Машин техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалт, хувийн бэлтгэл, ур чадвар авто уралдаанд хамгийн чухал.Эрсдэлээс айх айдсаа таягдан хаяж чададхгүй бо заавал уралдах хэрэггүй гэж боддог юм. Жоохон байхдаа олон хоног хөдөө мотоциклоор уралдана гээд явчихаар хүмүүс гайхдаг байсан гэсэн. Дөрөв таван мянган км уралдаад явчихна шүү дээ. Олон хоног уралдахад анхны жил гэрээ санаад хэцүү байсан л даа. Өдөрт тав зургаан зуун км явна. Бүр говийн халуун наранд ямар ч айл амьтангүй газраар өдөржин л давхина шүү дээ. Бүр шувуу ч нисдэггүй газраар ядаан яах их хэцүү. Нэг шөнө эзгүй талд саатаж үзсэн. Хүүхэд байсныг ч хэлэх үү, үнэхээр эвгүйцмээр байсан шүү.

-Мэргэжил нэгтэйн хувьд аавтайгаа хамт уралдаж байв уу?-Манай аав уралдаан, тэмцээн болон раллид “УАЗ-469” машинтай оролцож байсан. Нэг удаагийн тэмцээнд аавтай хамт явж байсан. Аав маань газрын зураг уншаад, би жолоогоо бариад л... Тэр тэмцээний үеэр бид хоёрын унаа усанд суучихсан юм. Түүнээс болж замаасаа гарсан даа.

-Тэгвэл хоорондоо уралдаж үзсэн үү?-Үгүй дээ. Аав маань 70 нас хүрч байгаа хүн. Аавтай уралдаж үзэх тухай огт боддоггүй. Харин одоо бол гүйцэх болов уу, яах бол гэсэн бодол л орж ирж байна даа.

-Уралдааны үеэр машин эвдрэх тохиолдол их гардаг. Та тийм үед хамгийн түрүүнд юу боддог вэ?-Эвдрэл бага гардаг. Эвдрэл гарах юм бол өөрийнхөө алдаанаас болж эвдэнэ.Мэдээж эд материал юм чинь хяналт тавьж болно. Ямар машин өвчин тусна гэж байх биш. Ямар ч байсан аав, ах хоёр маань миний машинд үнэхээр сайн анхаарал тавьдаг шүү.

-Нээрэн, ахынхаа тухай жаахан сонирхуулаач. Аавынхаа шийрийг хатаах мандаг засварчин гэж ярьдаг юм билээ.-Ах маань одоо зөвхөн төмөр засч байгаа. Машины төмөр тоноглол гэх юм уу даа. Ямар ч байсан ахын техник сэтгэхүй үнэхээр мундаг. Бас тэр техник сэтгэлгээ нь хэр баргийн хүнд байхааргүй уран. Энд тэнд эвдэрсэн, засвар авахгүй байгаа машиныг янзалчихдаг л юм. Монголын анхны "Баагий" машиныг аавтай хамтарч хийж байсан юм.

-Хэдэн онд Улсын аваргын анхны цомоо авсан юм бэ?-2000 онд Улсын аварга болсон. Одоо хүртэл уралдахдаа долоон удаа улсын аварга боллоо шүү дээ. Хүмүүс долоогийн тоог янз бүрээр л ярьдаг юм. Дордохын долоо гэж хэлэх хүн байхад долоон бурхан од зэргээс авхуулаад сайнаар бодох хүн ч бий. Мэдээж би монгол хүний амны билгээрээ энэ тоог хүндэтгэсээр л байгаа.

-Автоспортод биеийн хүчний бэлтгэл хэр шаарддаг вэ?-Энэ спорт бусад спортын адил биеийн хүчний бэлтгэл их шаарддаг. Ялангуяа УАЗ-аар уралдахад шаргуу бэлгэл сургуулилт хийх хэрэгтэй. Би одоо “Flexgym” төвд байнга бэлтгэл хийдэг.

-Таныг гар барилдаанд сайн гэж сонссон юм байна.-Гарын шууны хөгжил мотоциклтой холбоотой. Аварга хүн аварга шиг л явах ёстой биз дээ. Тэгэхээр аль хэрэгтэй гэсэн зүйлээ зогсолтгүй хөгжүүлэх шаардлага гарна.

-Мотоциклийн уралдааны үеэр тамирчид “нисдэг” юм билээ. Та хэр өндөрт гарч байсан бэ?-Мотоциклоор хоёр давхар байшинтай тэнцэх өндөрт харайж байсан. Заавал мотоцикл ч гэлтгүй машинаар ч гэсэн харайдаг ш дээ. Хамгийн дээд тал нь 40 метр урттайгаар харайж байсан. Харайлтын өндөр нь трамплинаас хамаарна л даа. 40 мерт бол хоёр, гурван машины өндөртэй гэсэн үг. Харин “УАЗ-469” машинаар бол 20-30 метрийн урттайгаар харайж байлаа.

-Яг харайж байх үед ямар мэдрэмж төрдөг бол. Тэр чинь нэг ёсондоо дэлхийн татах хүчнээс хөндийрч байна гэсэн үг ш дээ.-Тийм өндөрт харайхгүй шүү дээ. Эээ бол онгоцоор нисдэгээс тэс өөр мэдрэмж. Жинхэнэ кайф. Ямар ч тогтмол шинжгүй таашаал юм уу даа. Яагаад гэвэл нисэлт болгон өөр байдаг.
-Одоо ямар машин хөлөглөж байна?-Яг одоохондоо машингүй. Японд явж байхдаа “Foranar”маркийн машин харсан. Түүнийгээ захьчихсан, хүлээгээд байж байна. Энэ машиныг уралдааных болгон янзалж болдог юм. Тусгай тоноглолтой болохоор хувиргах зориулалттай гэсэн үг л дээ.

-Ер нь таны машины сонголт ямар вэ?-Мэдээж хүмүүс машины эдэлгээ, чанарыг харж аль сайныг нь сонгодог. Сайн машин зөндөө л байна. Бенз, Ланд гээд л... Би өрөөө эвтэйхэн машин сонгохыг боддог. Эвтэйхэн гэдэг нь эвдрэл багатай л гэсэн үг (инээв). Манай зам дээр хэрэглэхэд Бенз, Ланд, Марк, Чейзер энэ тэр зүгээр. Сэлбэг нь олдоц сайтай, боломжийн. Ер нь хамгийн сайн гэвэл уралдааны машиныг л хэлнэ шүү дээ. Тэгээд ч одоо машины хөгжлийг гүйцэхэд хэцүү болж. Байнга л шинэ загвар гарч ирээд. Тэр болгоныг авна гэвэл хэцүү ш дээ.

-Тамирчин болгонд гарахыг хүсдэг дэвжээ байдаг гэдэг. Тэгвэл таны мөрөөдлийн уралдаан аль вэ?- Дэлхийн хэмжээний Парис Дакар ралли. Дакар бол үнэхээр гоё тэмцээн. Мотоспортын хамгийн дээд тэмцээн гэж хэлж болно. Дакарт бүх төрлөөр оролцож болно. Гэхдээ зардал нь их өндөр. Би Дакарт орно гэж бодоод л байгаа юм. Хүсэл мөрөөдөл маш их байгаа боловч санхүүгийн тал дээр болохгүй байна. Яг үнэнийг хэлэхэд мотоциклийн төрөлд оролцоход амжилт үзүүлэх боломж бий. Зардал нь ч гэсэн болох байх. Харин машинаар оролцвол зардлыг нь  дийлэхгүй. Ойрын хоёр гурван жилийн дотор оролцохыг л зорьж байна. Тэгэхгүй бол мотоциклийнх нь уралдаанд 30 наснаас хойш оролцоход хэцүү.

-Зардал нь тийм өндөр хэрэг үү?-Тийм ээ. Мөнгөтэй хүмүүсийн хувьд уг нь гайгүй л дээ. Нэг замд л гэхэд 1500 ногоон хэрэгтэй. Тэгээд ганцхан замд уралдахгүй ш дээ. 14 хоног үргэлжилдэг тэмцээн болохоор зардал нь талийж өгнө.

-Танд ивээн тэтгэгч байдаг биз дээ?-Байгаа л даа. Би “Зиг заг” компанийн “Доктор” авто сүлжээний тамирчин. Энэ компани маань одоо аавын нэртэй хамт миний овог болж байна даа.

-Замыг мэдэрч уралдах нь чухал гэдэг. Тэгэхээр тооцоолох тухайд?-Нарийвчлалтай явах хэрэгтэй. Яг энийг энгийнээр ярина гэвэл их инээдтэй юм болно. Зүгээр л би замаа мэдэрч явахыг хичээдэг. Хүсэл эрмэлзэл гэдэг зүйл хүмүүсийг байнга хөтөлж байдаг шүү дээ. Миний мэдрэмж бол дуртай зүйлээ хийж буй хүний хичээл зүтгэл юм уу даа.

-Мэдрэмж буруудах тохиолдол байх уу?-Цөөн тохиолдолд байна. Удаан уралдаагүй тохиолдолд мэдээж мэдрэмж өөрчлөгдөнө. Байнга бэлтгэл, сургуулилт хйиж байсны үндсэн дээр мэдрэмж сайжирна. Нэг ёсондоо дадал юм даа. Автосдортын тамирчны мэдрэмж дадалтай л илүү ойр юм байна. Магадгүй бокс, гүйлт зэрэг биеийн хүчний спортын тамирчид биеэ чагнахаас эхлээд л өөр мэдрэмжтэй байх л даа. Харин би машин дээр суугаад, жолоогоо мушгина. Доор маань миний биетэй холбоогүй дөрвөн дугуй эргэж байгаа болохоор надаас өөр төрлийн мэдрэмж шаардана шүү дээ.

-Монголчууд бартаат замын тэмцээнд авьяастай юм шиг санагддаг. Наад зах нь хотын зам ч дэндүү их бартаатай ш дээ.-Тийм шүү. Манайхан донсолгоо гаргахдаа сайн. Дандаа бартаатай зам дээр явдаг болохоор тэр тал дээр үнэхээр илүү гарна.

-Автоспортын тамирчид тайван хүмүүс юм шиг санагддаг. -Би уг нь их онгироо хүн дээ.

-Тэгвэл нэг онгирч үзүүлээч...Мэдээж ингэж хэлээд хүний онгирохыг харчихдаг юм биш. Ердөө л Болдбаатарын үл ялиг инээмсэглэлийг дахин харах гэсэн оролдлого байсан юм. Магадгүй энэ инээмсэглэл түүнийг үнэхээр тайван араншинтай болохыг энэ удаад баталсан юм.

-Спортын сэтгүүлчид таныг шартай тамирчин гэж дүгнэдэг юм билээ.-Шартай байсан шүү. Одоо харин намба суугаад байна. Үнэндээ шартай байхаа больж байгаа маань амжилтанд нөлөөлдөөд байх шиг санагдсан. Урьд нь нэг машин урд ороход л хурдаа нэмээд, заавал түрүүлэх гээд дайрдаг байсан. Одоо бүр тоохоо больчихсон. Нас яваад гэх үү, эсвэл олон удаа уралдсан болохоор тэр үү бүү мэд.

-Ер нь автосдортын тамирчдын оргил үе гэж байдаг уу. Та бол дандаа л мандаж яваа харагдах юм.-25 насанд ид гялалзсан, оргил үе маань байлаа. Одоо ч эрч хүчээ алдаагүй байгаа. Ер нь автоспортын тамирчидын амжилт үзүүлэх нь бусад төрлийн тамирчдыг бодвол урт удаан настай шүү. Гэхдээ би яг 20 хүрээд л, 28 нас хүртэл үнэхээр ёндоо, хйиморьтой байдаг санагдаад байдаг юм. Хэдийгээр 18 настайдаа уралдаад байнга л тэргүүн байр авдаг байсан юм. Тэр үед машин ч хэмхэрдэггүй байлаа. Машины ус нь халж, 120 градус дээр оччихоод байхад л гүрийж давхисаар байгаад Улсын аварга болж байсан тохиолдол ч байгаа. Яг тэр үеийг анхлан тоглогчийн аз гэж боддог байсан боловч дараа дараагийн тэмцээний ялалтууд миний чадварыг бататгаж өгсөн.

-Автоспортын тамирчид жингээ хасдаггүй юм уу. Таныг мариалаг хэрнээ байнга амжилт гаргадаг болохоор чинь сонирхож байна.-Тамирчин хүн өөрийнхөө жинг заавал барих хэрэгтэй. Жаахан таргалаад эхэлбэл ядардаг болно, амьсгааддаг болно. Би одоо 83 кг-тай л байгаа. 87 кг хүрсэн үе байгаа. Яг тэр үед үнэхээр ядарч байсан. Хэдхэн кг нэмхэд л хэцүү болдог л юм билээ.

-Та чинь уг нь өрсөлдөгчгүй тамирчин биз дээ?-Сүүлийн үед өрсөлдөгч гарч ирээд байгаа. Ер нь автоспортын талбарт байгаа бүх тамирчид л миний өрсөлдөгч. Тэгэхээр өөрийгөө өрсөлдөгчгүй энэ тэр гэж хэлж болохгүй. Дээхнэ нэг сонинд ярилцлага өгч байхдаа “Хоёрдугаар байр гэж байдаг юм уу” гэж хэлснээс хойш мэр сэр хоёр, гуравдугаар байр эзлээд байгаа шүү. Тэр үгээ одоо залруулмаар байна (инээв).

-Залуучууд маань авто уралдаан маш их сонирхох болсон. Тэр чинээгээрээ хоорондоо уралдах нь ихсээд байгаа.-Уралдах сонирхолтой хэдий ч мэргэжлийн бус хүмүүс байна. Мэр сэр уралддаг л юм гэсэн.

-Та хот доторх “нууц” уралдаанд оролцож байв уу?-Хот дотор уралддаггүй. Замын хөдөлгөөний дүрэм журам гэж байгаа болохоор зөвхөн уралдааны зам дээр л уралдана шүү дээ. Нэг удаа хотын замд машин шалгаж байсан. Тэрнээс биш энгийн үед бол хүмүүстэй л адилхан түгжрээд явна шүү дээ. Угаасаа тамирчид уралдааны үеэр бүх кайфаа авчихдаг болохоор дахиад нэмэлт уралдаанд оролцох ч сонирхол байхүй ээ.

-Автомастеруудын холбооныхоо тухай жаахан сонирхуулаач. Автоспорт сонирхдог залуусын нэгдэл биз дээ?-“Батхүлэг” тэмцээнд байнга оролцдог байсан тамирчид, сонирхогчид хоорондоо зөвлөлдөөд “Автомастеруудын холбоо”-г байгуулсан. Одоо хэр нь үйл ажиллагаа нь тогтмол байгаа болохоор мэргэжил нэгт нөхдүүдээ нэгтгээд, сонирхогчдыг эгнээндээ аваад болоод сайхан л байдаг юм.

Монголд автоспортыг 35.000 хүн үзэж байна гэсэн судалгаа бий. Анх долоон тамирчинтай байсан манай автомастеруудын холбоо одоо ? гаруй тамирчинтай болчихсон байна шүү дээ.
Олон цаг хүлээлгэсэн хүндэт зочинтойгоо ийнхүү ярилцаж суухдаа түүний гал цогтой нүд рүү ширтээд л байв. Яг л анх удаа машин харсан жаал хүүгийн тэр их хүсэл тэмүүлэл, сонирхол нь өдий хэр нүднээс нь арилаагүй мэт. Болдбаатарыг хүүхдэрхүү гэж хэлсэн маань ч оргүй зүйл байсангүй. Тэр хэдийгээр эр зоригийн спортыг сонгосон хэдий ч яриа, үйл хөдлөл нь гэнэн томоогүй хүүхэд шиг халдашгүй омголон, бас хүндэтгэмээр шулуун байсныг хэлэлгүй өнгөрөөж боломгүй.

Болдбаатар аа, алтан шар зам тань өлзийтэй байх болтугай. Парис Дакараас тэргүүн байрын шагнал авах үед чинь дахин уулзах болзоо тогтоое :D

1 comment: