Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, August 5, 2012

Чамайгаа санаж байна, найз минь





 Тэр нэгэн хүнийг маш их санаж байна. Яагаад холдсоноо мэдэхгүй ч гэлээ хамтдаа байсан үеийг нэхэн санахад цээжинд минь хургасан хөндүүр тодорно. Ойр дотны хэн нэгний хар хөдөлмөөр ийм үгс найзыгаа санаж буй сэтгэлийн минь илэрхийлэл юм. Амьдралын нарийхан утсан дээр тэнцвэрээ олж ядан яваа бид бүхэн үнэт зүйлсээ үл тоон орхих нь бий. Би ч бас энэ л жимээр алхахдаа анд нөхдөөсөө холдож байгаагаа нэг их юманд бодож байсангүй. Найз л юм бол хүрээд ирнэ гэсэн итгэл, амьдралаа цэгцэлчихээд нэг мөсөн уучлалт гуйна гэдэг гэнэн бодол л биднийг хайртай хүмүүсээс минь хөндийрүүлсээр байдаг бололтой. Уулзаагүй удлаа гэдэг үг хэдхэн жилийн түүхтэй андын холбоог минь улам ч жижигрүүлнэ. Бусдынх шиг хар багын найз гэж гайхуулан хэлэх зүйлгүй ч гэлээ түүнийгээ би дандаа л сайн найз минь хэмээн санаж явдаг юм. Хэчнээн их үгүйлж байгаагаа өөрөөсөө нуух гээд чадаагүй үнэн минь намайг сүүлийн нэг сарын дотор л бүрэн нэгжиж дууслаа. Тийм ээ, би найзыгаа маш их санаж байна.

Саяхан Тэрэлжийн замд дэргэдүүр зөрөхөд нь шууд л таньсан. Бүр нүдний шил зүүж, маскаар нүүрээ хучсан тэр хүнийг би таньчихсан. Тэр оройжингоо хий хоосон гунигт автаж, шөнөжин зүүдэлж хоносон хэрнээ утас руу нь залгаж ч зүрхлээгүй. Үг дуугүй алга болсон найзыгаа яагаад надаас зугтсан шалтгааныг нь асуух ч зүрх хүрдэггүй юм. Зүгээр л, би л гомдоосон байх гэж бодсоор яваа. Мессенжерт саатахдаа тэр хүнийг байгаа эсэхийг байнга шалгадаг хэрнээ энэ бодлоосоо болоод нэг ч үг бичиж чаддаггүй юм. Түүнийг дэндүү их санасандаа ч юм уу, ганцаардсандаа ч юм уу сэтгэл минь нэг л хоосон. Дэргэдийн хань, цөөхөн гэгддэг нөхдүүд минь ч үүнийг анзаарсангүй. Найзын харилцаа зөвхөн өгөө аваан дээр тогтдог хэмээн хэлж байсан хүний үг ортой санагдах үе ч байлаа. Хэн хэндээ өргүй л бол уулзалдах нь багасч, юм гуйх шалтгаан байхгүй л бол хэн хэнийгээ эрж сурдаггүй нь үнэн мэт. Магад найз минь надаас авах зүйлгүйдээ холбоогоо тасалсан гэж өөрийгөө тайтгаруулна. Гүйгээд очмоор үед минь намайг аль хэдийнэ мартчихсан байгаа даа гэж бодоод гомдоно. Бас түүний дэндүү бардам хэрнээ цаанаа л эмзэг занг бодоод уучилна.
Сүүлийн үед, түүнийгээ санах бүртээ найзын тухай дуу сонсоод мэлмэрчихдэг болсон сэтгэлээсээ ичих боллоо. “Наслах тусмаа улам нялхарч бусдын гэмийг уучлах боллоо” хэмээн дуулсан Жагаа ах тэр дуугаар сэтгэлээ илчилсэн бололтой. Бид нэг их тэврэлдэж байгаагүй ч Дэлгэрмөрөнгийн дуулдаг “Одоо чи хаана яваа бол Очоод чамайгаа тэвэрье” гэдэг үгийг хоолой зангируулан байж давтана. Найзын тухай бодлыг он жил өөрчилсөөр авч түүний минь тухай бодлыг ямар ч цуурхал сэвтээсэнгүй. Улам л санаж, илүү их үгүйлээд байх юм. Нулимсыг минь арчиж суухдаа намайг ингэж уйлуулна гэдгээ мэдээ болов уу, найз минь.
Би чамайгаа маш их санаж байна. Хэзээ нэгтээ ороод ирэх болов уу хэмээн хүлээж суудаг болсоор жил тойрчээ. Яагаад холдох болсноо бодоод олохгүй байгаа намайг уучлаарай. Энэ хугацаанд би чамайгаа үгүйлсээр байгаа шүү. Найздаа илгээж зүрхлээгүй зурвасаа уншигч танд хүргэж байгааг минь уучлаарай. Хэрэв танд санаж, хүлээдэг найз бий бол та их азтай хүн юм. Бардам зан, гомдсон сэтгэл, айдас бүхнээ мартаад андынхаа хаалгыг тогшоорой. Тэр ч бас таныг үгүйлэн хүлээж суугаа...
Э-д Нип-с

1 comment:

  1. saihan bichleg bn,,,sanah toolond setgelees nulims shuurdeg tiim l negen nohorlol mine.... bichilgiig chine unshsan chine neg l saihan bolchihloo..

    ReplyDelete