Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, July 1, 2013

Сонгодог урлагийн “нялх” одод

  • Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урслаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аяллынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан.






Харин маргааш нь тэсэн ядан хүлээсэн мөч ирж, бид нэгэн ресторанд уулзсан юм. Төсөөлж байснаас ч жаахан охид инээмсгэлсээр намайг угтлаа. Таван настай Анунгоо бүсэлхийгээр татсан өндөртэй, өхөөрдөм жаахан бол эгч Анужин нь дуу цөөтэй ч цаанаа л нэг энхрий аж. Тэдний жижигхэн гарт дэлхийн сонгдог аязууд эвлэхийг хараад Монголын хөгжмийн ертөнцөд бахархах зүйл нэмэгдэж байгааг уншигч та анзаарах биз ээ. Бяцхан охидтой ярилцахаас өмнө тэдний талаар ээжээс С.Жаргалмаагаас нь сонсмоор санагдав.
Гэрэл зургийг Э.Харцага
-Хамгийн түрүүн Ану, Анунгоо хоёр хаана хөгжим заалгадаг тухай асуумаар байна.
-Манай хоёр Сингапурын “Wolfgang violin studio” сургуулийн оюутан. Сингапурын Соёлын сайдын зөвлөх, Мин Ли гэж алдартай хийлч, багш бий. Тэр багшийн ээж Энни Ли охидод маань хичээл заадаг. Харин Мин Ли багш мастерийн түвшний хичээл ордог.

-Монголдоо амьдардаг биз дээ?
-Тийм ээ. Эх орондоо амьдарч байгаа. Энд Америк сургуульд сурдаг. Анунгоо ирэх намар нэгдүгээр ангид элсэнэ.

-Тэд хэдий балчир ч гэлээ олон улсын түвшинд хүрсэн гэж хүмүүс магтаж байгаа. Ер нь олон улсад яаж зэрэглэлээ баталгаажуулдаг юм бол?
-Охид маань Английн “Trinity Guildhall”-ийн коллежид жилдээ хоёр удаа мэргэжлийн шалгалт өгдөг. Энэ бол хөгжмийн түвшин тогтоох үндсэн шалгалт. Яг л англи хэлний Тоефлийн шалтгалт шиг олон улсын зэрэг тогтоодог гэсэн үг. Нийт найман шатны шалгалт бий. Том охин маань тавдугаар шатны шалгалтадаа тэнцсэн. Бага нь дөнгөж нэгдүгээр шатанд явж байгаа.

-Таны охидыг Итали улсад болсон Олон улсын “Euterpe” наадмаас шагнал хүтсэн гэж дуулаад, үнэхээр их бахархаж байлаа.
-Сингапурт дөрвөн удаагийн тоглолтод оролцож байсан. Гэхдээ “Euterpe” наадам хоёр охины маань анхны том тайз байлаа. Тэмцээнд явахдаа Д.Галбадрах багшийн удирдлагад бэлтгэл хийсэн. Мөн Энхтуяа, Ч.Чинбат багш нар нэлээд зөвлөгөө өгсөн. Энэ тэмцээний дараа охид маань Испанид болсон “Beyong the music” хөгжмийн фестивальд оролцоод ирлээ. Энэхүү фестивалийг төгөлдөр хуурч С.Саянцэцэг нөхөр Ричардтайгаа хамт зохион байгуулдаг юм. Фестивальд Хөгжим бүжгийн коллежоос хийлийн чуулгынхан болон багш, оюутнууд нь оролцсон.

-Жаахан хүүхдүүдэд зориулсан тусгай хийл байдаг уу?
-Олон янзын хэмжээтэй хийл бий. Хамгийн жижиг нь хүүхдийн тоглоом шиг эд байгаа. Бага маань одоо гурав дахь хийлээрээ тоглож байна. Эгч нь дээрээсээ хоёрдахь хийлээр хичээллэдэг. 

-Таван настай хүүхэд олон улсын тайзан дээр ингэж мундаг хөгжимдөж байна гэхээр бахархмаар санагдаж байна шүү. Анунгоо хэдэн настайдаа хөгжим сурч эхэлсэн бэ?
-Хоёр ой хагастай байхаасаа л сурч эхэлсэн. Бид уг нь Анунгоог хөгжимчин болгох хүсэлгүй байсан л даа. Нэг охин маань л хийлч байхад болно гээд. Гэсэн ч Анунгоо эгчийгээ харсаар байгаад хийл тоглох дуртай болчихсон. Одоо гаднын багш нар бага охинд маань л илүү найдлага тавьдаг юм.

-Яагаад тэр вэ?
-Яах вэ, эгчийнхээ тоглож байгаа хөгжмийг сонсоод сурчихдаг юм. Болж өгвөл зэрэгцээд байх санаатай. Өөрийнхөө түвшнээс илүү гарсан сургуулилалт хийж байна. Анунгоо маань жаахан болохоор хийлэндээ тоглоом шиг л хандаад байдаг юм. Хөгжимд өж байгаад шидчихээд л яваад өгнө. Дараа нь буцаад л барьж аваад тоглоно. Бидэн шиг үнэтэй цайтай хөгжмийн зэмсэг гэж хандахгүй шүү дээ.

М.АНУНГОО: ЗУРААЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ
Гэрэл зургийг Э.Харцага
Бидний уулзсан газраас Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн тодхон харагддаг тул Анунгоо “парк явж тоглоё” гэж ээжийгээ шалсаар л байлаа. Харин ээж нь “Манай бага фестивальд оролцож байхдаа байнга л ингээд тоглоом наадамд уриалж явлаа шүү дээ” гэж хэлж байсан юм. Нээрэн л таван настай бяцхан охин байгалийн орги мэдрэмжээрээ хөгжимддөг нь эндээс л илхэн байв. Түүнээс цөөхөн зүйл асуулаа.

-Анунгоо хийл тоглох дуртай юу?
-Дуртай. Маш их дуртай. 

-Өөр хөгжим тоглож чадах уу?
-Чадна. Төгөлдөр хуур дардаг.

-Алинд нь илүү дуртай вэ?
-Төгөлдөр хуур илүү гоё. Гоё дуугардаг.

-Тоглох дуртай ая чинь юу вэ, хамгийн дуртайгаа л нэрлээрэй.
-О.Редингийн концертийн Б минор. Бас Ж.Пачелбел Канонийн Д минор. 

-Том болоод ямар хүн болмоор байна?
-Би зураач болохыг хүсдэг.
Хөгжмийн талаарх асуулт болгонд маань “гоё” гэж хариулсаар байгаа бяцхан охинд “Хэдэн ая тоглож чадах вэ” гэдэг асуулт маань жулдах шиг санагдав. Учир нь Анунгоо Италийн “Enterpe” хөгжмийн наадмаас мөнгөн медальтай ирсэн шүү дээ. Тэр бол Монголын сонгодог урлагийн хамгийн балчир “од”. Харин эгч нь түүнээс огт өөр. Хүлээцтэй, тэвчээртэй нэгэн гэдэг нь ярианых нь өнгө, цэгцтэй үгсээс нь тодхон байв. Түүнтэй ч бас хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
Гэрэл зургийг Э.Харцага
М.АНУЖИН: БИ БҮХНИЙ ХУУЛБАР ЮМ
 
-Хийл хөгжим тоглож байхыг чинь харсан. Үнэхээр догь байна лээ. Ер нь энэ хөгжмийг тоглоход хамгийн сайхан нь юу байдаг вэ?
-Нотнуудаа бүгдийг нь цээжилчихээд, тоглож байгаа аяа дотроо бодоод нүдээ анихад нэг л сайхан. Маш тайван, жаргалтай зүйлийг мэдэрдэг.

-Чиний ойрын зорилго юу вэ. Одоо юунд зорьж, тэмүүлж байна вэ?
-Лондонгийн “Trinity Guildhall”- ийн коллежийнхоо үлдсэн гурван шалгалтыг амжилттай өгч дуусгана. Сая оролцсон “Euterpe” наадам миний хувьд хамгийн анхны, олон улсын том тэмцээн байлаа. Дахиад олон уралдаан, тэмцээнд орж, олон удаа тэргүүн байрын шагнал авахыг хүсэж байна.

-Хүчээ сорьж үзэхийг хүсдэг тэмцээн бий юү?
-Одоохондоо тийм зүйл байхгүй ээ.

-Ирээдүйнхээ тухай ярьж өгөөч.
-Дэлхийд алдартай хийлч болохыг хүсдэг. Тийм болохын тулд зогсолтгүй хичээллэж, олон сайн багшаас суралцах хэрэгтэй байна. Оросын хийлч Закар Брон гэдэг хүнээр хичээл заалгахыг маш их хүсэж явдаг. Тэр хүн дүү бид хоёрт хичээл заахыг зөвшөөрвөл бид түүнтэй удахгүй уулзах байх аа. Ямар ч байсан ирээдүйдээ өдөр өдрөөр ойртож байгаа гэдгээ сайн мэднэ. 

-Хөгжмөөс өөр зүйл сонирхож байсан үе бий юу?
-Бүжиглэх дуртай. Би балетийн дугуйланд дөрөв дэх жилдээ явж байна. Монголдоо жил хагас, Сунгапурт хоёр жил бүжгийн хичээл заалгасан. Бас зураг зурах дуртай. Сайхан зураг үзэх ч дуртай. 

-Чинийхээр хөгжимчин хүнд байх ёстой чухал чанар юу вэ?
-Миний баримталдаг зарчим бол сайхан сэтгэлтэй байх. Харин хөгжимчид заавал хөдөлмөрч, тэвчээртэй байх ёстой.

-Тэгвэл үлгэр дуурайл авдаг, шүтдэг хөгжимчнөө нэрлэхгүй юү?
-Одоогоор надад шүтдэг хийлч байхгүй ээ. Би хүүхэд учраас надад зааж, зөвлөдөг бүх багшаасаа үлгэр дуурайл авдаг. Би Анунгоо шиг байхдаа, яг таван настайдаа хийл тоглож эхэлсэн. Тэр үед “Боловсрол” телевизийн хүүхдийн хөтөлбөрт Дорноговь аймгийн хүүхдүүдийг төлөөлж оролцоод, хийл тоглож байлаа. Яг тэр үед надад хөгжим зааж өгсөн Номин-Эрдэнэ эгчдээ их баярласан. Тэр эгч маань их гоё зурдаг. Надад хөгжимдөхийг зааж өгч, хажуугаар нь надтай хамт барбигаар тоглодог байсан юм. НоминЭрдэнэ эгчийн бүх зүйлийг дуурайхыг хүсдэг байсан шүү. Бас Сингапурт байдаг миний хийлийн багш хатагтай Энни Лигийн охин, алдарт хийлч Мин Лигийн тоглолтын арга барилыг эзэмшихийг дэндүү их хүсдэг. Түүний бэлтгэл хийж байгааг нь дуурайх дуртай.
Сая Испанийн фестивалийн үеэр уулзсан Чехийн хийлч Маркета Яноускова гэдэг хүний тайзны соёл надад маш их таалагдсан. Манай хөгжим бүжгийн коллежийн тэнхмийн хамт олон ч бас надад их зүйл сургалаа. Би Ч.Чинбат багшийн тоглож байгааг нь харах дуртай. Бас Жаргал, Түмээ, Баярсайхан багш нартаа талархаж явдаг. Дээр нь тэмцээнд бэлтгэж оруулсан Д.Галбадрах багшийнхаа олон чанарыг хуулж, дуурайж байгаа. Энхтуяа багшийнхаа хурц дайчин, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байгааг ч өөрийн эрхгүй хуулсан. Тийм болохоор би үнэндээ бүгдийг дуурайсан хуулбар юм. Би бусдаас суралцах дуртай. Би таныг уйдаачихав уу даа?

-Яалаа гэж дээ. Сонирхолтой санагдлаа. Чи дандаа сайхан зүйлсийг хуулж явдаг юм байна.
-Миний бас нэг дуурайх ёстой хүн бол Сангидоржийн Саянцэцэг багш маань. Тэр хүнээс хөгжимчин хүнд байх ёстой тэсвэр хатуужил, уян налархай ааш гээд бүгдийг нь сураад авмаар санагддаг. Дүү бид хоёрт төгөлдөр хуур заадаг Саяа багш, ноён Ричард хоёрт баярлаж явдаг гэдгээ хэлмээр байна.

-Өөр хэлэхийг хүссэн зүйл бий юу?
-Манай гэрийнхэн зуны амралтаараа Дорноговь аймагт амьдардаг өвөө, эмээ хоёр дээрээ зочилдог. Би тэдэндээ маш их хайртай. Бас Сайншандад манай нэг гэр бий. Хурдхан шиг Сайншандадаа очихыг хүсэж байна. Би аавдаа маш их хайртай. Аав маань дүү бид хоёрын энэ бүх хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг. Дэлхийд алдартай хийлч болохоороо аав, ээжийнхээ ачийг хариулна аа гэж хэлье.

Анх уулзаад би тэдэнтэй ярилцахаас жаахан эмээж байв. Нялх гэж “голоод” ч юм уу ярилцахаас дөлж байсан охид маань харин ч бүр эсрэгээрээ эмх цэгцтэй, хэвлүүхэн ярьж байв. Ямартай ч урлагийн бяцхан “оддын” замыг зассаар буй Мэндсайхангийн гэр бүлд сайн сайхныг хүсье.

No comments:

Post a Comment