Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, June 22, 2013

СӨРӨГ




 Би сөрөг. Гэрлийн нөмөр дэх сэрүүхэн хар өнгө, сүйт бүсгүйн гэвлүүрийн цаана нуугдсан анхны хайрын шарх мэт байдаг л нэгэн сөрөг үзэгдэл. Нэмэх цэнэгийг цаг ямагт татсаар байдаг хасах тэмдэг. Эерэг хандлагад тэмүүлэгч бүхний айдас мэт тийм халгам, тийм сөрөг үелзэл, би. Амьсгал минь бусдынхаас ч дулаан, амь бие минь ердийнхөөс ч халуун. Маргаашийн төлөө өнөөдрийг золиослох нүд нь улайрсан этгээд эр зориг хийгээд хувь тавиландаа эргэлзэх хөгийн айдас надад үгүй. Түрхэн зуурын ов мэхээс ч илүү түрэмгийлэл надад илүү таалагддаг. Тоос болох жам ёсыг тоолох мөнгөнөөс дээгүүрт тавьдаг, энэ цагийн тэнэг иргэн. Сүүдэр, гэрлээр сүлсэн бидний жижигхэн дэлхийд гэрлийн хурд, хэмнэлийг гаргаж томьёолсон атлаа харанхуй бүүдгэр үзэгдлийг үгүйсгэлгүй орхисон нь санаандгүй хэрэг биш гэлтэй. Учир нь хүмүүс чулууг хүртэл зэвсэг болгочихдог хар хорын сэтгэлийг дотроо тээж өсдөг юм. Гэхдээ хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Тийм гэнэн агаад хүчит эрчмийг ялгаруулахдаа тааруухан. Тиймээс л дотроос нь байн байн цухалзсаар буй сөрөг хандлагынхаа эсрэг тэмцэж, тэр тэмцлийн дундаас гэгээг нь тас зуурч үлддэг бололтой. Улс, үндэстэн даяараа сайн сайханд зорих сонгодог арга энэ юм.

Хаашаа л харна ууртай царай, урвайсан урт гудамж угтах ч биш, тосох ч биш дүнхийнэ. Тийм бохир энерги дунд нүдээ аньж, нүүрээ дараад ч сэтгэлийн уур амьсгал тань өлөн хиргүй үлдэнэ гэж үү. Бид үнэндээ, бие махбодийн 70 хувийг эзэлдэг усны мэдэрсэн хүйтэн эрчимд эрэмдэглүүлсээр, эзэмдүүлсээр яваа. Тиймээс л би сөрөг. Таны хүсээгүй тийм хүйтэн, тэс хөндлөн сөрөг үелзэл би. Биднийг бүрдүүлэгч 70 мянган триллион эс өөр өөрийн гэсэн өнгөтэй. Миний өнгө ийм л болоод таарчихлаа. Эсвэл өдийг хүртэл уншиж, судалж, шүтэж, үл тоож, үгүйсгэж, шоолж явсан бүхэн минь намайг ингээд шагначихлаа. Магад та шагначихлаа гэснийг маань шийтгэчихлээ гэдэг үгээр орлуулж бодож болох л юм. Гэхдээ би энгүүн их амьдрал дундах цор ганц эсрэг дүр байлаа ч өөрийгөө хамгийн сайхан гэдэгт итгэсээр байгаагаа шагнал гэж боддог юм. 

Төөрөгдөл бүрийг минь бэхжүүлсээр буй түмэн эргэлзээний эрчлээсэнд торж үлджээ, энэ бодол. Худал хуурмагаар нүүрээ хулдсан хүмүүс сайн сайхны төлөө тангараг өргөх шиг инээдэмт эмгэнэлийн нэгэн хэсэг байхаас татгалзаж би сөрөг байхаар шийдсэн. Урсгал сөрөх гэж ядартлаа сэлүүрдэж байгаа уйгаг үй загаснуудын дэргэдүүр үхсэн загас мэт хөвж яваа минь амьдрал хэмээх зүй тогтлын нэгээхэн хэсэг мөнөөсөө мөн. Маргах ухаантан бий гэж үү. Зуу зуун жилээр хүмүүс аж төрсөөр байсан ч, зөв амьдрах замыг хэн ч нээж олоогүй байхад хэн хэнийгээ буруутгах эрх бидэнд байхг үй. Матаас, хатгаасгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс маргаашийнхаа төлөө өнөөдрийг худалдаж байгааг хараад дасчихжээ. Тэсвэрлэшгүй гүтгэлэг, тээж дийлэмгүй чичлэлт бүхнийг тээршаахаа ч больчихож. Тэртэй тэргүй энэ амьдрал бүгдэд маань хангалттай урт, харамсмаар богино байж чадна. Тамд хүрэх шатыг сайхан сэтгэлээр бүтээсэн л гэх юм. 

Хүйтэн дайны сүүдэрт хүн чанар бэхжсэн л гэх юм. Эсрэг, тэсрэгийн ийм бат бөх тэнцэл дунд сөрөг хандлага тушаа биш ташуур болдог л гэх юм. Өөрт буй сөрөг бүхний эсрэг тэмцэж, тэр тэмцлийн дундаас гэгээлгээр өндийдөг сонгодог зарчмын дагуу л бид амьдарч явна. Тэгвэл, хажууханд амьдарч буй этгээд хүйтнээс дөлөхдөө гал мэт ноцсоор байдаг цучил биш үү бид. Зугуухан сатааралд хөтлөх түүхий махан биеийг зуухан жил эдлэх хувь тохиолоос алдарч, аль нэг нэмэх цэнэг рүү хүч алдан хийсэх хүсэл минь миний мөн чанар. Тийм ээ, би сөрөг...

1 comment: