Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, September 25, 2015

Бүжгийн багш Б.Энхзул: Хром экстракт шиг монгол балетын урсгал үүсгэхийг хүсдэг

"Pearl dance” бүжгийн сургалтын төвийн багш Б.Энхзулыг хараад түүнийг ярилцлагад урихгүй байж чадаагүй юм. Доорх ярилцлагыг уншаад та яагаад түүнийг онцолж харж, олзолж ярилцсаныг ойлгох билээ. 22 настай Энхзул багшийн хөөрхөн инээмсэглэсэн төрх, хүсэл мөрөөдлийнх нь талаар уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Тэр бол миний уулзаж байсан хамгийн залуу багш билээ. Хэдий залуу ч гэсэн түүний анхны бяцхан шавь тун удахгүй тайлан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ямартаа ч тааж хэлэхийн аргагүй тэр холын ирээдүйд Энхзул багштай бид олон удаа таарна байх аа. 



-Ийм залуухан бүжгийн багшийг анх удаа харж байна. Тэгээд шавь нь одоо тоглолтоо хийх гэж байгаа юм уу?
-Тийм ээ. Миний шавь А.Хажидцогзол ирэх арванхоёрдугаар сарын 6-нд тайлан тоглолтоо хийнэ. Тоглолт ойртож байгаа болохоор бид хоёр бэлтгэлдээ орчихсон байна. Би урьд нь хичээлийнхээ хажуугаар хүүхдүүдэд багшилдаг байсан юм. Харин сургуулиа төгсөөд багшилж эхэлснээс хойш өөрийгөө ямар багш вэ гэдгээ харуулж байгаа анхны “үзүүлэн” энэ юм даа. Тоглолтонд миний чадан ядан дэглэсэн бүжгүүд багтаж байгаа. Шавь маань балчир болохоор бид хоёр бас их догдолж, сандарч л байна. Би өөрийнхөө дэглэсэн бүжгийг хараад суухад заримдаа шавийнхаа өмнөөс нь сандраад байдаг юм.
-Багш гэдэг чинь хүндхэн хүндтэй үүрэг шүү дээ. Тэгээд албан ёсны багш байх ямар байна?
-Би өөрийгөө багш болно гэж төсөөлөө ч үгүй явлаа. Саяхан Япон орноор аялан тоглолт хийж байгаад ирсэн. Уг нь олон ажил төлөвлөж байсан ч бүтэлгүйтээд л, бүтэлгүйтээд л, ахин дахин бүтэлгүйтээд л байсан. Тэгээд Сувдмаа багштайгаа ярилцаад сууж байхдаа сургууль байгуулах шийдэлд хүрсэн. Гэнэтхэн л энд ингээд багш болчихсон доо. Болох ёстой юм их амархан бүтдэг юм билээ.
Одоо бол миний хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсэг нь энэ сургуультай салшгүй холбоотой болчихлоо. Би энд ажлаа хийнгээ дураараа бүжиглэж болно. Бас хүссэнээрээ бүжиг дэглэх боломж нээгдсэн. Тэгээд ч энэ клубийг нээсэн Сувдмаа багш бид хоёр бие биенээ сайн ойлгож чаддаг байх гэж боддог.Бидний тус тусдаа байхдаа боддог бодол, хүсэл зорилго ч адилхан санагддаг. Би бүжиглэхээрээ эрх чөлөөг мэдэрдэг.
Чиний хувьд эрх чөлөө гэж юу вэ?
-Ямар нэгэн зүйлд баригдахгүй, хүлэгдэхгүй байхыг л эрх чөлөө гэж нэрлэх байх даа. Өөрийнхөөрөө байж, өөрийгөө илэрхийлж, өөрийгөө мэдрэх.
-Чи эрх чөлөөтэй хүн мөн үү?
-Мэдээж. Би өөрийгөө эрх чөлөөтэй гэж боддог. Энэ чинь хүн төрөлхтөнд төрөлхөөс заяасан үнэт зүйл байхгүй юу.
-Ойрын зорилгынхоо талаар яриач.
-Ирээдүйд хийх зүйл маш олон байгаа. Гэхдээ одоогийн байдлаар бүжгийн сургуулиа илүү сайжруулах. Үр дүнтэй сургалтыг л хүсдэг. Залуу хүн болохоор Сувд багшаасаа суралцах зүйлс олон байгаа. Хүмүүст зааж байхдаа тэднээс суралцах тохиолдол ч гарч байгаа.
-Багаасаа бүжиглэсэн үү?
-Багадаа цэнгээнт бүжиг бүжиглэдэг байсан. Тэгээд тогтмол бүжиглээгүй ээ. Цэнгээнт бүжгээр хоёр жил хичээллээд уйдаад ч гэх юм уу, монгол бүжиг рүү “урвасан”. Тэгээд дахиад л бүжиглэхээ болимоор санагдаад маркетингийн менежэр болох зорилго тавиад явж байлаа. Гэсэн ч нэг л юм дутагдаад байгааг мэдрээд хөгжим тоглодог болсон. Төгөлдөр хуур, альт саксафон, морин хуур, лимбэ гээд бараг ардын хөгжмийн бүх төрлийг тоглож үзлээ. Ёочин сурч, “Уяхан замбативийн наран” хамтлагийн гоцлол хөгжимчин боллоо. Гэхдээ нэг л зүйл дутагдсан хэвээрээ л байсан.
-Хүүе ээ, ямар олон хувирдаг юм бэ?
-Харин тийм ээ. Бүр зургийн дугуйланд явдаг байсан гээд л бод. Тэгээд дутагдаад байгаа зүйлээ нөхөхийн тулд ямар ч байсан урлагийн мэргэжил эзэмшихээр явахаар шийдсэн дээ. Хоёр сарын турш сургуулилт хийгээд, СУИС-ийн бүжгийн ангид тэнцсэн. Миний хувьд гэнэтийн шийдвэр байсан л даа. Гэхдээ бүр бүх насаараа урваж шарваж, ухарч няцахааргүй сонголт хийсэндээ баярладаг.
-Бүжгийн аль төрөлд илүү дуртай вэ?
-Би хэзээ ч балетчин болохгүй гэж боддог байсан юм. Хүүхдийн бодол ч юм уу, даа. Нэгнийгээ өргөж тавиад л, гүйлдээд л тэнэг санагддаг байж билээ. Гэхдээ би арай эрт бүжгийн урлагийг ойлгосон бол гарцаагүй балетчин болох байсан.
-Тэгээд одоо хамгийн дуртай бүжгийн төрөл нь балет юм уу?
-Харин тийм ээ. Хачин байгаа биз. Даанч яс бэхжсэн үед л баллетийн гоё сайхныг мэдэрсэн дээ. Би сонгодог бүжгээр хичээллэж эхэлсээсээ хойш баллетанд дурласан. Тэгээд Оросын балетчин Севетлана Сахарова гэж эмэгтэйг олж харсан. Тэр эмэгтэй бол төгс хүн. Нээрэн, эмэгтэй хүний төгс хувилбар гэвэл түүнийг л хэлэх байх. Светлана магадгүй 21 дүгээр зууны хамгийн алдартай балетчин байж мэднэ. Би түүнийг даган дууриахыг хүсдэг, шүтэн биширдэг хүмүүсийн ердөө нэг нь. Би түүнийгхарахаараа балетчин болох байсан юм даа гэж санаашран боддог юм даа.
-Одоо тэгээд ямар жанрыг сонирхож байна. Аль нь чамд боломжтой вэ?
-Би энэ салбарт туршлага судлах гэж гадны мундаг бүжигчдийн бичлэг их үздэг. Оросын балет үзээд л, Америкийн Рояал академийн бүжгүүдийг үзээд л гайхан биширдэг байлаа. Бүжгийн тавилтуудыг нь харахаар бүр нэг гайхаш тасарна. Тэгээд л ийм болох юмсан, тийм болох юмсан гээд л шунал хөдөлнө шүү дээ. Намайг хамгийн ихээр догдлуулан дурлуулдаг зүйл бол Хром экстрактын балет. Дэндүү тансаг, дэндүү шинэлэг. Би хэзээ нэгэн цагт хром эсктракт шиг монгол балетын урсгалыг үүсгэх юмсан гэж хүсдэг. Энэ бүх хүсэлдээ хөтлүүлээд хичээлийнхээ дараа үлдэж, сунгалтаа хийгээд л их хичээл зүтгэл гаргадаг байсан.
-Хүсэл мөрөөдлөө биежүүлэхийн тулд төлөвлөгөө болгодог уу?
-Төлөвлөгөө олон бий. Сургуулиа төгсөхдөө шилдэг оюутан болно гэж зорьж байлаа. Тэр зорилгодоо хүрчихээд олон улсын тэмцээн уралдаанд явна гээд сургуулилт хийж эхэлсэн. Тэгээд олон улсын гоцлол бүжигчдийн “The 11th Seoul international dance competition” уралдаанд оролцож, гуравдугаар байрт шалгарсан. Надад нэг л итгэмээргүй сайхан санагдаж байсан шүү. Олон орны бүжигчдээс эхний хоёр байрыг японы бүжигчид эзэлж, би Монголынхоо өмнөөс ялагчийн индэр дээр гарсан. Тэгээд л төлөвлөсөн зүйлсээ нэг нэгээр нь дараад л явж байна даа. Гэхдээ одоо дарсан төлөвлөгөөнөөс илүү дарагдаагүй нь олон юм даа.
-Бүжгийн урлаг чамд юу өгөв?
-Яг юу өгснийг хэлэхэд бэрх л дээ. Бүжигчин хүн бүхэнд энэ асуултын хариу бэлэн байж байхгүй байх аа. Би л гэхэд бүжигтээ хайртай болчихсон болохоор өөр үгээр илэрхийлж чадахгүй байна. Тайзан дээр гараад л бүжиглэхээр нэг гоё мэдрэмж олж авдаг. Саяхан Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын бүжигчидтэй хамт “Ариун хаврын тахилга” бүжгийн жүжигт оролцсон. Тэнд би бас туршлага хуримтлуулж, бүжигчдээс маш олон зүйл сурч, мэдэж авсан.
Ер нь урлаг хүнд сэтгэлийн их баяр хөөр, тайлбарлаж чадахааргүй эрч хүч өгдөг юм болов уу гэж би боддог. Бүжиг надад мөрөөдөл, зорилго, хүсэл шунал өгсөн. Жишээ нь би олон улсын хэмжээний театртай болохыг мөрөөддөг. Викториа Секретийн шоу шиг тийм гоё нүд унагам үзүүлбэрүүдтэй. Төсөөлөөд ярих юм бол их юм байна аа. Ямар ч байсан хийнэ. Хүсэл мөрөөдөл том байх тусмаа амжилтанд хүрэхэд ойрхон гэдэг шүү дээ. Надад залуу нас гэдэг том давуу тал бий. Мэдээж залуу хүн юм чинь намайг их холын сайхан ирээдүй тосож байгаа.
-Чи үнэхээр дэврүүн, олон сайхан хүсэл мөрөөдөлтэй юм аа.
-Харин тийм ээ. Би үнэхээр хүсэл тэмүүлэл ихтэй. Би гаднын том сургуулиудад, мундаг багш нараас бүжиг сурч өөрийгөө хөгжүүлнэ гэж дандаа боддог. Бас завгүй байх тусмаа олон зүйлс амжуулна гэж ярих дуртай. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд их хичээл зүтгэл гаргадаг. Хүсэл мөрөөдлөөс гадна хийж бүтээх хүсэл ч надад их бий. Мэдээж би тасралтгүй, зогсолтгүй хийж бүтээх болно. Тэгээд их том, нэг мөрөөдөл бий. Тэр нь болохоор Монголын түүхэнд нэрээ мөнхлөх. Давруу байгаа биз. Гэхдээ хүн өөрөө л хичээл зүтгэл гаргах юм бол болохгүй бүтэхгүй гэж хойш сууснаас хавьгүй дээр шүү дээ.
-Болохгүй, бүтэхгүй гэсэн бодол чамайг сатааруулдаггүй юм уу?
-Би сэтгэлээр унахыг хүсдэггүй ээ. Бүтэхгүй болохгүй, мэдэхгүй чадахгүй  гэж бодохгүйгээр хийгээд л үзэхийг хүсдэг. Ер нь сөрөг бодол дэмий ш дээ. Аль болох өөдрөг л байх хэрэгтэй. Өөдрөг байхын тулд эргэн тойрныхоо хүмүүсийг өөдрөг байлгах хэрэгтэй. Би хүмүүстэй чин сэтгэлээсээ, найрсаг сайхан харьцаж, тэдэнд аль болох сайхан хандахыг хүсдэг. Хүнтэй сайхан харьцаад байхад өөдөөс уурлаад байхгүй нь ойлгомжтой ш дээ. Тэгээд хүн бүрийг бие биенээ хүндэлж харьцдаг байгаасай гэж хүсдэг. За тэгээд бусад нь яваандаа болно доо.

No comments:

Post a Comment