Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, November 18, 2015

Г.Гэрэлхүү: Өнгөрсөнд үлдсэн хийгээд ирээдүйд тосох цаг хугацааг би энэ цаг үед л “хорьж” чадна

Улаанбаатар хотын түгжрэлийн төв цэг болсон 100 айлын уулзварын ойролцоо уран бүтээлчдийн урлан буй. Уран бүтээлчдийн ур хийц ундарсан зургууд энд л утга санаагаа олж, урчуудын уртаас урт бодлууд энд л “биеждэг” билээ.
Улаан, шар гэрэл урдхан талд минь анивалзана. Ногоон гэрэл асахыг хүлээж зогсохдоо би уулзах гэж байгаа хүнийхээ тухай бодож байв. Дээхнэ дээ, бид МУЗ-өөс зохион явуулдаг “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байв.

Манай ангид дуугүй хэрнээ бодолд дарагдсан шинжгүй, дэргэдээс нь харахаар хөөрхөн инээмсэглэдэг, дотно яриа өрнүүлэхэд бас тийм ч дотогшоо биш нэгэн зураач залуу байж билээ. Тэр жил бие даасан үзэсгэлэнгээ гаргахад нь ийм уйгагүй зурдаг, уран бийрийг урлагтайхан татдаг түүний авьяасыг бишрэн харсан билээ. Түүний нэрийг Гэрэлхүү гэдэг.
Гэрэлхүүтэй анх гар барин танилцахад шууд л “Гэрлэх үү” гэж хэлээд намайг гайхуулж, сандруулж, бантуулж билээ. Тийм инээдтэй байдлаар танилцсан зураач маань саяхан Австралийн Күйнслэндийн орчин үеийн уран зургийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулдаг Контемпорари урлагийн Ази Номхон Далайн Триенальд  анх удаа Монгол улсаатөлөөлж оролцоод ирсэн билээ. Аргагүй сонирхолтой зургуудыг нь үзэж, амттайхан ярилцлага хийхээр би түүний тухай дурсан зогсож байна. Тэгээд ногоон гэрэл асаж, би ч зураачдын Б урлангийн зүг алхлаа.

Өвдөг, тохойдоо дулаалга зүүсэн, спортлог маягтай өндөр залуу намайг коридорт тослоо. “Ази номхон далайн бүсдээ хамгийн өндөр зэрэглэлд багтах Триенальд оролцсон гэхэд хэтэрхий энгийн хүн юм аа” гэсэн бодол толгойд харван орж ирэв. Танихгүй хүн байсан бол яг л ингэж дүгнэх билээ. Г.Гэрэлхүү өөрийнхөө уудаг чихэргүй, өтгөн хар кофегоор намайг дайлангаа өрөөндөө олбог засаж өгөв. Би ч газарт тухлангаа шалан дээр дэвссэн зургийг нь гайхан харж байлаа.
-Ойрдоо дандаа газар ажиллаж байгаа. Харж байгаа биз дээ, шалан дээр хэвтээд л зургаа зурж байна шүү дээ.
-Олон зураачтай газарт байнга хаалга үүд онголзоод, ажиллах ядаргаатай байдаг гэж дуулсан.
-Өө би ч хаалгаа түгжиж байгаад ажилладаг юм.
-Хаалгаа түгжчихээр тогшоод салахгүй биз дээ?
-Тогшино оо. Тэгээд яах вэ дээ, тогшилтын хэмнэлийг нь харж байгаад л онгойлгоно доо. Танихгүй хүн, явуулын, дайран өнгөрч байгаа хүмүүст бол онгойлгохгүй ш дээ. Бүр яг зорьж ирсэн хүн бол тэгээд тогшилт энэ тэр нь андашгүй ээ. Энэ хажуугийн хаалганд Х.Ууганбаяр зураач байдаг юм. Тэднийд хүн их ирнэ ээ. Бараг л их хөлийн газар даа. Заримдаа ч бүр гараад явчихмаар санагддаг юм.
-За ойрдоо юу хийж байна. Шинэ соргог санаа байна уу?
-Нөгөө цэргүүдээ л зураад байж байна.
-Энэ цэргүүд чинь юу илэрхийлээд байдаг юм бэ?
-Олон хүний төлөөлөл. Уг нь массыг л харуулаад байгаа юм.
-Надад бол дайны стратеги маягтай харагдаад байдаг юм. Чи ер нь видео тоглоомын баатар зурахыг хүсдэг үү?
-Тоглоомын баатар уу. Уг нь их сонирхдог байсан. Ер нь их олон юм сонирхож байлаа. Тэгээд болиод л, шинэ юм сонирхоод л. Их тогтворгүй хүн дээ. Гэхдээ миний зурдаг зүйлстэй сэдэв, агуулга нь адилхан болохоор хэзээ нэгэн цагт видео тоглоомын монгол баатар бүтээх байх аа.
-Чиний зургуудад өнгөрсөн цаг хугацааны цэрэг дайчид, ирээдүйг төлөөлдөг робот арми хамтдаа байдаг шүү дээ. Аль аль нь одоо цагт байхгүй.
-Тийм ээ, аль аль нь энэ цаг үед байхгүй. Гэхдээ бид одоо цагт амьдарч байна. Миний зураг дээр аль аль нь байгаа. Уран бүтээлийн суурь сэтгэлгээ гэдэг дээ, юуг ч юугаар ч төлөөлүүлж болно. Тухайлбал баатрууд нь түүх өгүүлж, роботууд даяаршлыг илтгэнэ ч гэх юм уу. За тэгээд өнгө, дүрслэл, тоо хэмжээнээс эхлээд уншиж болох зүйл олон.
-Нээрэн унших юм ихтэй ч юм уу. Тэгээд чиний бүтээлүүд дандаа том хэмжээтэй байдаг шүү.
-Холоос хардаг бүтээл байхад ойроос харж байж сэтгэл хөдөлгөх зураг гэж бий. Миний зургуудыг холдоод харахаар нийлээд нэг санаа өгүүлэх нь бий. Уг нь ямар ч салбарт аливаа сэдвийг жижгээр ав гэдэг юм. Жижиг юманд том зүйлийг шингээдэг зүй тогтол бий гэх үү дээ. Жишээ нь байшинг холоос харахаар зүгээр нь жижигхэн барилга. Тэгээд ойртох тусам доторх эд хогшил, хүмүүс, амьдралын хэв маяг, шийдвэр сонголтууд гээд л олон зүйл бий. Харин би эсрэгээр нь ажилладаг. Алив зүйлийг холоос, хөндлөнгөөс харахыг эрмэлздэг.
-Аль нь зөв юм бол?
-Зөв буруугийн талаар хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ урлагт зөв буруугийн дэнснээс илүү сэтгэл хөдлөл болон, бусдад өгөх өгөөж л илүү том орон зай эзэлдэг дээ.
-Хувь уран бүтээлчийн техник л гэж хэлэх байх даа. Гэснээс чиний баатар, роботууд шинэлэг дүр төрхтэй шүү. Монгол зургийн элемент орсон хэрнээ орчин үеийн шийдэлтэй ч гэх юм уу. Ямар ч байсан хармагцаа л “Өө, энэ Гэрэлхүүгийн зураг байна” гээд таачихаж болмоор санагддаг.
-Би өөрийн гэсэн хэв маягийг гаргаж ирэх гэж хэлээд ажилласан л даа. Анх бол зүгээр л дэвтэр дээрээ робот зураад л сууж байдаг хүүхэд байлаа. Тэгээд робот сонирхон зурж байх үед “Трансформэрс” кино гарч байсан. За тэгээд зураад л байлаа, зураад л байлаа. Нэг л биш шүү. Урьд нь үздэг байсан хүүхэлдэйн кино, трансформерсийн роботуудыг л хуулаад байна шүү. Тэгээд монгол робот хийх гээд л өөрийгөө хүчлээд эхэлсэн. Бурхан зургийн догшин бурхадууд, Азийн нүүдэлчид, чөтгөрүүдийн техникийг ажигласан. Эцэст нь  марзан Шаравын “Богдын ордон” танка зургийн ордон зурсан хэсгүүдийг харж байгаад шинэ санаа “ургуулсан” даа. За ер нь тэгээд зурагаа тайлбарлаж ярьж байна гээд бүр төөрөлдүүлээд хаячихлаа даа.
-Тааруухан ярианаасаа болоод таашаал хүртээх ёстой зургаа болгочих вий гэж айж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь ярьдаг хүн биш зурдаг хүн. Хэрэв зургийг ярианаас ойлгочихдог байсан бол би нүдэнд харагдах бүтээл туурвиад суухын хэрэг байхгүй ш дээ. Тэгэхээр зургийнхаа талаар ярих дургүй ээ.
-Яагаад ярьдаг хүн биш, зурдаг хүн болсон юм?
-Өөр чадах юм байхгүй юм чинь.
-Тэгвэл яагаад монгол зургийн ангийг сонгосон юм бэ?
-Хувь хүний тембр л байсан байх. Би чинь Эрдэнэтийнх ш дээ. Тэнд мэдээлэл энэ тэр нэг их байсангүй ээ. Би ч бусад эрэгтэй хүүхдүүдийн адилаар баатар, робот зураад л сууж байна. Дугуйлангийн багш миний зургуудыг үзээд, монгол зургийн хүн байна гэж хэлсэн. Тэгээд л монгол зураг гэж юу байдаг юм бол гээд судлаад үзтэл арга барил нь таалагдаад энэ ангийг сонгосон доо. Би ч ер нь их олон багштай хүн шүү дээ.
-Чиний төгссөн  ДУДС-ийн багш нар хичээлээ хаанахын школоор, яаж заадаг вэ?
-Би ч олон багштай хүн дээ. Гэхдээ ДУДС-д монгол зургийн Нараа багшийн ангийг төгссөн. Нараа багш өөрөө Германд төгссөн юм билээ. Монгол зураг чинь ярихад төвөгтэй асуудал байдаг юм аа. Үндэсний язгуур сэтгэлгээтэй шууд холбоотой. Манай багш нар болохоор туурвих арга зүй, техникийг нь зааж өгөөд бүтээлч сэтгэлгээ суулгах ажлууд л их хийдэг дээ.
Заана гэхээсээ илүү толгойг нь сэргээж, цэнэглэх талаасаа гэх юм уу даа. Энэ барууны школ байхаа.  Ер нь барууны орнуудад хувь хүний сэтгэлгээнд халддаггүй, дуртай юмаа хий гээд л орхичихдог тийм энгийн сургалтууд зонхилдог юм билээ. За тэгээд заавал сургууль гэлтгүй амьдрал өдөр тутамд, алхам бүгт биднийг сурахыг шаардаж байна шүү дээ.
-Энд “Зэн”, “Суут 60 сэтгэгч” гэсэн ном байна. Философдоод байгаа юм уу даа?
-Эдгээрийг уншихад давхар давхар шалтгаан байгаа. Одоо уран бүтээл туурвиж байгаа мундаг уран бүтээлчид сэдвээ яаж сонгодог юм, тэдний гайхамшгийг бүтээж байгаа арга зүй нь аль нь юм, яг адилхан оюун ухаантай хүн байтлаа яаж илүү мундаг байгаад байна гэдгийг тандаж байгаа ухаантай. Иймэрхүү бодолд хөтлөгдөөд эхлэхээр яалт ч гүй философи сонирхох л болно. Тэгээд урлагийн салбар чинь хязгааргүй бүхнийг шаарддаг ш дээ. Ном уншина гэдэг чинь байхгүй юмнаас барьц хайдаг, сониуч хүмүүсийн л хийдэг зүйл л дээ. Харин “Зэн”-г болохоор азийн сэтгэлгээний онцлогийг үг, гүнзгий утгаар нь харахыг хүссэндээ барьж авсан юм.
-Өөрт чинь төрөлх монгол зөн байгаа болохоор л чиний уран бүтээл цэвэр ази сэтгэлгээн дээр тулгуурладаг биз дээ. Ер нь зөндөө хөтлөгддөг үү?
-Би зөнд хөтлөгдөх дургүй ээ. Зөн чинь хэтэрхий барьцгүй зүйл. Сэдэв, агуулгын хувьд хий хоосон гэх үү дээ. Би ер нь их реалистик хүн. Эрүүл сэтгэлгээндээ тулгуурлан урлан бүтээх дуртай.
-Дүрслэх урлаг чинь хэдий барьцгүй ч гэсэн цаасан дээр бариад, тогтоогоод байж болоод байгаа юм биш үү. Урлагийн, тэр дундаа дүрслэх урлагийн мэргэжил сонгосон хүмүүсийг реалист гэдэгт би лав эргэлздэг.
-Уг нь уран зураг барьцгүй л дээ. Д.Батбаярын “Бүтээхүйн зүй тогтол”, “Урлагийн тухай лавхан ярилцъя” номуудыг уншаад би урлагийг барьцгүй гэдэгт эргэлзэхээ больсон. Тэгээд би ийм реалист хүн байж яагаад ийм хийсвэр зүйлд татагдаад байдгаа ойлгодоггүй юм.
-Хоёр өөр хүн шиг яриад эхэллээ.
-Харин яг ингээд өөртэйгээ зөрчилддөг байхгүй юу. Урлагийн салбарынхан ер нь бүгдээрээ тэнэг хүмүүс ш дээ. Бүжиг, жүжиг, кино, зураг, урлал, дуу хөгжимд дурласан, тэр дурлалдаа амьдралаа зориулсан л бол бүгд ялгаагүй адилхан зүйлсийг мэдэрч байгаа. Бид бүгдээрээ тэнэг хүмүүс.
-Яагаад вэ. Яаж байгаа юм?
-Хар л даа. Ямар ч барьцгүй гэдгийг нь мэдсээр байж, бүр харсаар байж яваад орчихдог байхгүй юу. Тийм гэнэн. Зүгээр хаяад өөр юм хийгээд явж болно ш дээ. Атал, бүгд л хүсэл мөрөөдлөө дагаад хөлс хүчээ шавхан байж урлагт хүчин зүтгэнэ.
-Гэхдээ жаргалтай л байдаг биз дээ?
-Гоё ш д. Сэтгэл санаа тэнүүн, өдөр бүр өрнүүн, өөдрөг байх чинь жаргалтай зүйл шүү дээ. Гэхдээ, бас зовлонтой ш дээ. Их зовлонтой. Хэрэгтэй юм хийж байгаа эсэх нь тодорхойгүй.
-Ингээд... Мухардалд хүрсэн үедээ яадаг вэ?
-Зурж байгаад мухардвал зургандаа хүрэхгүйгээр ажиглалт хийнэ. Харин амьдрал дээрээ бол хамгийн түрүүнд тайвшрал хайна. Тайван байхад асуудлыг дэврээж, хурцдуулах “танихгүй” сэтгэл хөдлөл гардаггүй юм.
-Мөрөөдлөөсөө хуваалцаач.
-Зургаа зурна. Янз бүрийн өөр юм бодохгүй тайван суумаар байна.
-Амьдрал чамайг тайван суулгаж байна уу?
- Хувь хүн өөрөө тайван байхыг хүсээд, алив зүйлд асаж ноцохгүй байвал тайван байж чаддаг. Хүмүүс надаас их олон юм асууна аа. Заримдаа би мэдэхгүй гэчихдэг юм. Гэхдээ 1000 үгийн таглаа гэдэг утгаараа биш л дээ. Асуултад тэр дор нь хариу өгөх нь чухал биш. Тэр асуултын хариуг өөрөөсөө эрж олох нь чухал байдаг юм. Гэхдээ янз янзын тохиолдол, янз янзын цаг хугацаанд янз янзын л үйлдэл гаргачихдаг юм дөө.
-Чи янз янзын хүн юм уу?
-Ер нь тогтворгүй ш д. Хувь хүн нь ууртай цөстэй хүн. Тэрийгээ барьдаг. Тэсрэх хүслээ дарж, цаасан дээрээ тэсрэхийг илүүд үздэг. Ер нь миний амьдрал цаасан дээр л илүү үр дүнтэй буудаг даа.
-Үр дүнтэй амьдралд чинь хүмүүс алга ташдаг шүү. Эндээсээ сэтгэл ханамж авдаг уу?
-Үзэсгэлэнгийн үеэр ч юм уу, бүтээлийг минь сонирхсоныхоо дараа хүмүүс баяр хүргэж, олон янзын үг хэлдэг л дээ. Тиймэрхүү зүйлс сонсоод, цааш явах замаа л төлөвлөж эхэлдэг дээ. Гэхдээ хэтэрхий их асуулт, шалгаалтан дунд орчихоороо би ер нь харуулах гэж хийгээд байна уу, хариулах гэж зураад байна уу гэдэгтээ эргэлздэг. Эсвэл өөрийнхөө зорилгын араас яваад байна уу гээд л бөөн бодолд автдаг.
-Тэр бодолдоо хариулт олсон уу?
-Хариулт уу. Хариулт. Яг олсон гэж хэлэхэд хэцүү. Хариулт байгаа. Гэхдээ гүйцэт хариу биш ээ.
-Чи тэгээд энийгээ зураад л байх уу?
-Өөрчлөгдөнө ш дээ.
-Хамгийн сүүлд хэзээ өөрчлөгдсөн бэ?
-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрчлөгдсөн. Өөрт минь мэдэгдэж байгаа юм чинь.
-Мөрөөдлөөсөө ярь л даа?
-Цэлийсэн том урландаа зургаа зураад сууж байвал болно.
-Тэгээд л ханачихаж байгаа юм уу?
-За тэгээд бусад нь хэрэгцээ юм чинь урсгалаараа болно биз. Үр дүнгүй бодол их дэмий байдаг юм. Зарим хүмүүс хөдөлмөрлөөд л байдаг. Үр дүнгүй. Шаардлагагүй, хэрэгцээгүй байдаг.
-Дэлхийд гарах энэ тэр гээд гоё юм боддоггүй юм уу?
-Хэцүү ш дээ. Японы үндэсний зургаар дэлхийд гарчихсан нэг хүн байгаа. Тэр хүн мэдээж анхандаа над шиг л ганцаараа зурдаг байсан. Одоо бол ард нь бүхэл бүтэн байгууллага ажиллаж байна ш дээ. Өөрөө зургаа зурдаг, эскизээ гаргадаг. Гүйцэтгэлийг нь туслахууд нь хийгээд явж байдаг. Дээр нь маркетинг, эдийн засаг хариуцдаг тусдаа хүмүүстэй. Бас Кэмин Херстийн эрвээхийнүүд гэж алдартай юм байна. Зөвхөн тэр эрвээхийг зурдаг хүмүүс байна. Дэлхийн хэмжээнд яригддаг уран бүтээлчид дандаа өөрийн гэсэн “хар ажил”-ын багтай.
-Үйлдвэрлэл болчихож байгаа юм уу?
-Үйлдвэрлэл гэж хэлж болно. Гэхдээ бас эсрэгээрээ. Би хост хийх гэж цаг алдаж байснаас туслахуудаараа хийлгэчихэж болно. Уран бүтээлчийн толгой нь л ажиллаад л, шинэ санаа боловсруулаад л, тэр нь үнэлэгдээд яваад байгаа. Одоо угаасаа гарын хүч гэхээсээ илүү сэтгэлгээ чухал байгаад байна. Манай зураачид бол гарын ур, авьяасаараа амьдраад явж байгаа. Уг нь бол Ван Гог, Пикассо нарын бүтээлийг механик ажиллагаа болгоно гэвэл хэцүү. Цаг үедээ таарсан урлан бүтээх ажиллагаа л гэх байх даа.
-Чи л гэхэд, зөвхөн уран бүтээлээрээ амьдарч чадаж байна уу?
-Юу гэж дээ. Угаасаа тэгж амьдрахгүй шд. Миний зургууд ч арилжааны түүхэнд амжилт олоогүй байгаа. Жилдээ нэг л зураг зарагддаг. Зав чөлөөгөөрөө захиалгын зураг зурна. Ер нь дуртай зүйлээрээ мөнгө олж, түүгээрээ амьдарна гэдэг хүн бүхний л хүсэл. Гэхдээ яг одоогийн байдлаар эхнэрээрээ тэжээлгэж байна даа. Манай эхнэр тогтмол орлоготой. Би гэнэтийн орлоготой гэх юм уу даа. Эхнэр маань буцаад зураг руугаа орно. Ер нь тэгээд гэр бүлийн эхнэр нөхөр хоёр уран бүтээлч байна гэдэг нэг бодлын гоё, нэг бодлын төвөгтэй.
-Яг сайхан бүтээлээ туурвиад, сэтгэл зүй бүрэлдчихсэн сууж байх үед мөнгөний ч юм уу, зургийн өөр ажил ороод ирвэл яах вэ. Сэтгэл зүйн үелзэл энэ тэрээ яаж тохируулах вэ?
-За би ч тэгээд мөнгөтэй болчихоороо захиалгын ажил энэ тэр хийхгүй байхыг хичээдэг юм аа. Нэг бүтээл 30-90 хоногт гараас гарна. Тэр хугацаанд сэтгэл хөдлөлөө барьж, хянаж явахад бас л төвөгтэй шүү. Жүжигчид бол дүрдээ орох л гэж ярих байх. За тэгээд сайхан дүрдээ ороод байж байхдаа өөр бүтээлд гар хүрчихвэл хайран л сэтгэл хөдлөл болно шүү дээ.
-Хэр удаан сууж байж чанартай бүтээл бий болдог юм бэ?
-Уран бүтээлийг урт хийснээрээ чанартай болдоггүй. Хэдэн жил нухсан бүтээл хэний ч сэтгэлд хүрэхгүй хэрнээ зүгээр эрээчиж сараачсан юмыг хүмүүс нухацтай ярилцдаг тохиолдол бий шүү дээ.
-Дайн байлдаан чинь уг нь цус хөлс, нулимс асгаруулсан, шороо бужигнасан хар бараан юм байдаг биз дээ. Чиний зургууд дандаа цагаан суурьтай юм.
-Уг нь бол физикийн онолоор бүх өнгөнөөс цагаан өнгө гардаг юм. Харин яг бодит байдал дээр будагнуудыг холиход цагаан өнгө гарахгүй. Тэгэхээр шууд цагаан зотон даавуун дээр зурж байгаа юм. Тэгээд ч цагаан суурьтай байвал хүмүүс өөр өнгөнд эзэмдүүлэхгүйгээр  “бай”-гаа онож харна.
Г.Гэрэлхүүгийн зурсан зургаас “бай”-гаа онож харахын тулд энэхүү яриаг төгсгөж байна. Нэг зураг мянган үг өгүүлж, зураг дуу чимээг эгшиглүүлдэг гэвэл Г.Гэрэлхүүгийн зураг танд нүргээнийг сонсгох билээ.

1 comment:

  1. please keep sharing its an amazing post which spread positivity and mortivation. hp printer support

    ReplyDelete