Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, December 15, 2015

Чойжоо: Би поп хүн

Хүйтэн өвлийг дулаацуулах зүйл хөршгүй халуун сэтгэлээс өөр юу сан билээ. Хэн нэгний халуун дулаан үгсийн илчинд бид бүлээцэж, хөг эгшиг нь хөлийн алхаатай нийлэх сайхан хөгжмийн хэмнэлээс илч авч, хагацалд тэврүүлээд шатаж үлдэхдээ ч үнс нурамд хувилдаггүй халуун дотно зүрхнийхээ цохилох хэмнэлээр өдөр өдрийг шинээр харж явна. Энэ л шинэ өдрүүдэд хань болдог, магад өнөөдрийнх шиг ийм л хүйтэн өдрүүдийг давж гарах эрчим хүчийг агуулсан дуу таны плэйлистэд байна уу. Миний чихэвчээр лав “DraconianLacuna Coil” бас миний үнэлж барамгүй эрдэнэ мэт Akira Yamaoka-гийн бүтээлүүд тасралтгүй хангинаж байна. Бас Чойжоогийн нэг дуу. Хөнгөхөн гунигтай, тэгсэн хэрнээ эмх замбараагүй бодол тээж, санаашралыг минь саринуулдаг нэг дуу.




“...Энэ борооны дараа солонго чи гарах уу
Хүрч амжаагүй байтал дахин замхран одох уу
Заавал чамайг бараан, бараан үүлэн дундаас хайх уу
Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү...”
Энэ дууг сонсоод хүрч чадаагүй хэн нэгнийхээ тухай бодолд автаагүй хүн хэдий олон бол. Ингэж бодохоор л Чойжоод алга ташмаар болдог юм. Гэхдээ энд алга ташилтын чимээнээс илүү түүний дотор орших уянга, хүрч боломгүй солонго татах чимээг анирдаж, хийж бүтээх оргилуун их хүслийнх нь хүчит давалгаа мэт шуугианыг чагнах нь илүү чухал билээ.
Танилц, түүнийг чөлөөт уран бүтээлч гэдэг.


-Чойжоо, яагаад заавал дуу хөгжим гэж?
-Дуу хөгжим гоё ш дээ. Чи сайхан дуу, хөгжимд дургүй юм уу?
-Би дуртай л даа. Угаасаа бүгд дуртай. Гэхдээ дуртай гээд энэ салбарыг сонгосон нь цөөн ш дээ.
-Би чадах болохоороо сонгосон.
-Хэзээнээс бие дааж, уран бүтээл туурвиж эхэлсэн бэ?
-2007 онд “Pips” хамтлаг байгуулж, хөгжмийн салбар дахь уран бүтээл эхэлсэн. Тухайн үедээ бид “Hi Fi label”-тэй хамтарч, “1310” цомог гаргаж байлаа. Тэгээд манай хамтлагийнхан, надаас бусад нь хилийн чандад суралцахаар явсан даа. Тэгээд л ганцаараа ажиллаж эхэлсэн.
-Өмнө нь юу хийж байсан юм?
-Тэрнээс өмнө Хөгжим бүжгийн коллежид, Хийлийн ангид сурдаг байсан.
-Дууныхаа аяыг хийл хөгжим дээр зохиодог уу?
-Ихэвчлэн гитар дээр зохионо. Төгөлдөр хуур сайн тоглодоггүй. Тэгээд ч миний дуунуудад гитар илүү тохирдог юм. Мэдээж, хийлээр болохгүй гэх зүйлгүй л дээ. Аялгууг зохиож болох боловч яг дуу зохиоход тохиромжгүй. Хийл чинь гоцлол хөгжим учраас дууны суурь байхгүй болчихно гэсэн үг. Надад бол гитар нь хамаагүй амар байдаг.
-Одоо урын сандаа хэчнээн уран бүтээлтэй вэ?
-Нэг цомог байгаа. Цомгоос гадна одоо цацагдаж байгаа дуунууд байна. Одоо тэгээд хоёр дахь цомогтоо бэлдэж байна.
-Саяхан “Rock in UB” ковер тоглолт хийсэн. Энэ хоёр дахь нь байх аа. Яагаад ковер тоглолт хийдэг юм бэ. Өөр сонсох юмгүй гэж үү?
-Ковер тоглолт, ковер бичлэг аль ч улс оронд байдаг түгээмэл зүйл. Сонсдог  хамтлаг дуучдынхаа бүтээлийг өөрийнхөө хэв магт оруулж, шинэчлэн дуулах нь ер нь хувийн сонирхол юм даа. Монголд гадны мундаг дуучид ирэх боломж тэр бүр байхгүй. Тэгсэн ч гэсэн бид Монголдоо дуртай дуугаа амьдаар сонсмоор байгаа хүмүүс олон байна ш дээ. Тэрнээс биш сонсох юмгүй болсондоо бусдын дууг дуулж байгаа юм биш. Харин ковер концерт хийж байгаа гол зорилго нь үзэгч бүрдүүлэх л дээ. Ирэх жилээс монгол хамтлаг дуучдын ковер тоглолтууд зохион байгуулах төлөвлөгөө байна.
-Өөр төлөвлөгөө юу байна?
-2016 оны төлөвлөгөө л байна даа. Шинэ уран бүтээл хийчихсэн байгаа. Дуугаа дангаар нь цацах гэхээр үнэгүйдүүлж байгаа юм шиг хайран санагдаад байдаг. Хэсэгхэн зуурт шатаад өнгөрчихнө ч гэх юм уу. Ер нь клиптэй дуу арай урт настай ш дээ.
-Төлөвлөгөө бол он сартай зорилго гэдэг. Тэгвэл таны он сар тавиагүй, хэтийн зорилго юу вэ?
-Надад их олон зорилго бий. Бүх зорилгын маань нэгдэл нь магадгүй дэлхийн тайз. Нэг бол Монголоос дэлхийн тайзанд тэнцэх уран бүтээлч бэлтгэх. Эсвэл өөрөө дэлхийд гарах. Ер нь дэлхийн хэмжээнд үнэлэгдэх өндөрлөгт би өөрөө хүрч чадахгүй юм аа гэхэд манайхаас өөр хэн нэгэн нь дэлхийн хэмжээний уран бүтээлч болж, олон улсад эх орныхоо урлагийг таниулаасай гэж хүсдэг дээ. Энэ хүслээ би зорилго болгон өмнөө барьдаг юм.
-Танд дэлхийд гарах хүч байна уу?
-Ер нь тэгээд аягүй шогийн ш дээ. Бүх юм нь байгаад байхад мөнгөнд хүлэгдэж, тушигддаг. Хараад байхад мөнгө гэж их өөдгүй зүйл ээ. Бүгдийг, бүр давраад хүсэл мөрөөдлийг ч гэсэн боож байна. Яах вэ, өнгөцхөн яривал боож чадахгүй зүйлс байгаа л даа. Гэхдээ урлагийн бидэнд бол том хөдөлье гэхээр  яалт ч гүй мөнгө хэрэгтэй болно.
-Яаж мөнгө босгох вэ?
-Би бол хамгийн доороос нь явж байгаа. Тэгээд хийсэн алхам бүрээ шатны гишгүүр болгоод алхам алхмаар урагшилж, аажим аажмаар өгсөж байна.
-Ковер найтаас ашиг олдог уу?
-Би ковер найт гэж ярих дургүй ээ. 30 гаруй дуутай тоглолтыг концерт л гэж нэрлэх нь зүйтэй байх. Тайз, гэрэл гээд таатай байх бүх орчныг бүрдүүлж байгаа. Харин ашгийн тухайд ярих юм бол бараг зардлаа нөхөөд л таардаг гээд хэлчихэд бараг тооцоо зөрөхгүй байх. Гэхдээ ирээдүйд манайд том том ковер концерт хийгдэх эх суурь тавьж байгаа учраас ирээдүйн ашгийн төлөө л үүнийг хийдэг гэж хэлэх нь онох байх.
-Уран бүтээлийг олуулаа хамтарч хийдэг ш дээ. Дууны үгийг тэр, аяыг тэр, дуучин тэр гээд л. Харин Чойжоо ихэвчлэн ганцаараа ажиллах юм.
-Хүн хүний л сонирхол ш дээ. Бүх юмаа өөрөө хийдэг байх нь давуу тал. Гэхдээ нөгөө талаараа сул тал болдог. Ер нь ганцаараа юм хийгээд, тэрийгээ уран бүтээл гэж нэрлээд яваад байх нь учир дутагдалтай л даа. Хамгийн гол нь мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Би яах вэ, чадлынхаа хэмжээнд бүх юмаа өөрөө хийхийг хичээдэг. Эцэст нь уран бүтээлийг дүгнэж чадах шүүгч нь сонсогчид шүү дээ.
-Өөрийгөө сонсогчийн байр суурин дээр тавиад шүүх гээд оролдвол яаж байна?
-Одоогийн хувьд би өөрийгөө сайн хийж байгаа гэж бодож байна. Өөртөө таалагдсан зүйл хийж чадаж байна. Гэхдээ ирээдүйд өөрийгөө голно гэдгээ мэддэг. Өмнөх бүтээлээ голж байгаа нь өөрчлөгдсөний ч юм уу, өмнөх үед амьдарч байсан өөрийгөө голж байгаагийн шинж биш. Угаасаа шинэчлэлд тэмүүлж байж л урагшилдаг зүй тогтол байна. Би одоо залуухан байна. Олон зүйл бүтээж байж, тэндээсээ дэвших боломж гаргаж ирэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж байна. Ийм л байна даа.
-Одоо хаа нэгтээ харьяалагддаг уу?
-Үгүй.
-ЧУБ уу. Чөлөөт уран бүтээлч үү?
-Одоо угаасаа урлагт дурлагсдын ихэнх нь чөлөөт уран бүтээлч ш дээ. Бүгд л сонирхлоороо хийж байна. Би, би ч гэлтгүй чөлөөт уран бүтээлч бүхэн ямар нэг зүйлд баригдах дургүй байх аа. Гэхдээ хамгийн гол нь бидэнд цогц энтертаймэнт үгүйлэгдээд байна. Урлагийнхан урлагаа, бизнесийнхэн бизнесээ л хийж байна. Уг нь шоубизнесийг урлагтай хослуулаад аваад явчих сайн толгой дутаад байна.
-Гэсэн хэдий ч манайд чөлөөт уран бүтээлч байгаад л байна. Болгоё, бүтээе гээд дүүжигнээд л явж байна. Бүр ЧУБ гээд шинэ төрлийн хэллэг ч үүсчихлээ.
-Бид байхгүй юм бол өөр хэн байх юм бэ. Заримдаа яах вэ, уур хүрдэг л юм. Зарим дуучид фонограммаа хийлгээд л, хэн нэгнээс шүлэг аваад л, клипээ ингэс тэгсгэж хийлгээд л хэдхэн сарын дараа тоглолтоо хийнэ. Мэдээж хүч хөдөлмөр зарцуулж байгааг хэн ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэд тав хоног тоглоход, өдөр бүр пиг дүүрэн үзэгчтэй байна. Аргагүй ш дээ, Монголд поп хөгжим биш нийтийн дуу, ардын дуу үүссэн юм чинь.
 Миний үеийнхэн, эсвэл надаас ахмад хүмүүс попоор хүмүүжээгүй. Барууныхан сүмд очиход л өөдөөс нь дуу хөгжим угтдаг. Харин бид бол өөр. Бидний цусанд поп байхгүй. Би бол Камертон, Никитоныг л хамгийн шинэ гэж сонсож өссөн. Хэрэв нийтийн дуу сонсож өссөн бол өдийд тэрийгээ л сонсоод явж байх биз. Тийм учраас, тийм л шалтгааны улмаас би шинэ үеийнхэнд зориулж залуусын хөгжим тоглож, тэдэнд зориулсан бүтээл хийж байна. Атал манай залуу үеийнхэн цомог худалдаад авахын оронд хаанаас, хэнээс татаж авах вэ гэж бодно.
Тоглолт үзэх болохоороо найз нөхөд, танил талаараа хөөцөлдөнө. Юм хийж байгаа нэгэндээ хөрөнгө оруулалт хийх хүсэл байхгүй, хүсэлтэй нэгнийх нь халаас нимгэн. Тэгээд би бүр заримдаа яах гээд уран бүтээл хийгээд яваад байгаагаа гайхаж, уур хүрнэ ш дээ. Тэглээ гээд одоо яах юм. Би хийхгүй бол хэн хийх юм.  Залуучууд юу сонсох юм. Ядаж л хамтдаа хөгжиж, хамтдаа хөгшрөх сонсогчдоо бэлтгэх хэрэгтэй биз дээ. Гэхдээ бид суралцах хэрэгтэй. Поп баруунд үүссэн учраас бид баруунаас суралцах хэрэгтэй. Учир нь тэдний цусанд поп бий.
-Гэхдээ одоо шинэ үеийнхэн үзэж, сонсох юмаар дутаагүй шүү дээ. Бидэнд интернэт байна. Facebook, Youtube, SoundCloud байна.
-Хоёр талтай л даа. Дэлхий даяараа шуугиулж байгаа уран бүтээлчдийн дуу хөгжмийг шууд үздэг болсон. Хамгийн шилдэг гэснийг нь үзэж, сонсох боломж нээлттэй байна. Энэ бол давуу тал. Бүх юм нээлттэй учраас сонсогчид биднийг шууд л дэлхийн одуудтай харьцуулчихаж байгаа юм. Тэгээд л цөөхөн хэдэн ран бүтээлчдээ “дорд үзээд” эхэлдэг. Зөвхөн Орт1 гардаг байх үед монголчууд Моноглдоо од байсан байхгүй юу. Одоо харин од гэдэг ойлголт ч үгүй болж байна. Шүтэн бишрэх хандлага нь ч хов живээр тушигдаж байна.
-Тэгэхээр монголчуудад дэлхийд өрсөлдөх чадвар байхгүй гэсэн үг үү. Дэлхийтэй нүүр тулах харьцааг хааж байж л монгол уран бүтээлчид Монголдоо од болох гээд байгаа юм уу?
-Өрсөлдөх чадварын тухайд ингэж хамаагүй ярьж болохгүй л дээ. Тийм бодолд даруулах уран бүтээлч байхгүй шүү. Зөвхөн дэлхийд хит болдог дууг л нийтээрээ сонсоно гэвэл дэлхийн өнцөг булан бүрт уран бүтээл туурвиж байгаа хүмүүс тэр хитийг сонсоод, тэгээд хөгжмийн ертөнц тэр чигтээ сүйрнэ гэж бодогдохгүй байна уу. Дэлхийн од байна уу, Монголын нэг дуучин байна уу, бид нар адилхан л хүмүүс ш дээ. Гол нь манайд шоу бизнес хөгжөөгүй байна. Авьяасыг тордож тодруулах менежмент дутагдаж байгаа ийм цагт өчнөөн сая хүн амтай, хөгжмийн том зах зээлтэй орны дуучдыг л дуучин гэдэгт итгэх нь өрөөсгөл. Тэдний ард хэдэн зуун хүн ажиллаж байгаа. Хамтдаа дуугаар мөнгө олж байгаа. Шоу бизнес бол маш сайн бэлтгэсэн жүжиг юм аа. Гол дүрд тоглож байгаа, нүүр царай болсон хүнийх нь үг, үйлдэл бүр нь тавилттай. Гэтэл шууд л бүгдийг нь тэдэнтэй харьцуулаад, зэрэгцүүлээд жиших юм бол одоо юу ярих вэ дээ.
-Од гэдэг тод байх ёстой биш үү. Атал манай залуу уран бүтээлчид төдийлөн тод биш, бас үлгэр жишээ байж чадахгүй байгаа нь анзаарагддаг.
-Тэр ч үнэн л дээ. Нэг залуу дуу дуулдаг байлаа гэж бодоход, “Өө энэ чинь явж л байдаг ш дээ”, “Энэ нэг тийм л юм байсан ш дээ. Энэний дуулна гэж юу байдаг юм” энэ тэр гээд л хов жив болгоод явчихна. Залуус маань дотоодын хамтлаг дуучдаа сонсохоо больчихсон юм шиг санагддаг. Уг нь үеийнхнийгээ дэмжих ёстой байтал үл тоомсорлох гээд байдаг хандлага мэр сэр ажиглагддаг. Тэгэхээр чинь хүмүүст яаж ч үлгэрлэж, яаж ч од шиг байх ёстой юм, хэн мэдэх вэ. Миний эргэн тойронд байдаг уран бүтээлчид лав илүү зан, элдэв маяггүй санагддаг юм. Мэдээж, бүгдэд таалагдах гэж олон янзаар хувирч байхын оронд өөртөө таалагдаад явж байх нь амар л даа. Тэрийг нь эерэгээр хүлээж авч, од гэж хардаг хүмүүс бий. Харин тод биш байгаа нь тодруулж хардаггүй хүмүүсийн нүд, эсвэл харах өнцөгтэй л холбоотой байлгүй. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийг уран бүтээлчид бид хүсэж байна. Гэхдээ ганц хүн, ганц нэгээрээ хөдөлж байгаа тохиолдолд яагаад ч барахгүй. Бүгдээрээ хамт боловсорч байж хамтдаа сайхан зүйлийг бүтээнэ гэдэгт итгэж, найддаг.
-“Байгаагаараа байгаа маань энэ. Хэнд ч таалагдах албагүй, энэ бол би” гэж тунхаглаад байдаг ш дээ. Надад лав иймэрхүү хандлага нь уран бүтээлч хүний амиа бодсон өөдгүй араншин юм шиг санагддаг.
-Ямар ч хүн энгийн байж болно. Гэхдээ тэр хүний гаднах байдал надад лав хамаагүй. Толгойд нь юу байгаа нь, бас юу хийж бүтээж байгаа нь л чухал. Жишээ нь, энд реппэр Номин сууж байна. Эв энгийн охин байгаа биз дээ. Гэтэл өчнөөн олон залуус авьяасыг нь мэднэ. Сонсогчид нь хэзээ нь түүнийг энгийн байна, өөрийнхөөрөө байгаа чинь амиа бодсон санагдаж байна гэдэггүй ш дээ.
-Дэлхийд Монголыг төлөөлөх, Idol болж чадах уран бүтээлчийг нэрлэж чадах уу?
-Idol гэхээсээ илүү монголчууд зөндөө гоё дуутай ш дээ. Чартад жагсаавал дэлхийд хэдэн сая сонсогчтой дууг ч ардаа хаях дуу олон. Өргөн утгыг агуулсан, мундаг философитой бүтээлүүд хэд билээ дээ. Бүр дуу хуурын орон энэ тэр гэдэг биз дээ. Саяхан гэхэд л “Улаанбаатарын үдэш” дууг хятадууд шинэчилж дуулаад, дэлхий нийтээрээ нулимс дуслуулаа биз дээ. Тэгэхээр манайд авьяасын нөөц, эх ундарга нь бий. Гол нь менежмент алга. Монгол философиор, монгол сэтгэлгээгээр англи хэл дээр дуу хийнэ гэхээр яаж хийхээ сайн мэдэхгүй байна. Бид нарт тийм туршлага бага болохоор одоо зүгээр туршаад л явж байна. Тэгэхээр суралцах хэрэгтэй. Хамгийн гол нь яаж түгээж, яаж борлуулах вэ гэдэг нь асуудал болоод байна. Дэлхий даяар хит болж байгаа бүтээлүүд түгээлтийг маш сайн хийж байна. Тэд өөрсдийгөө сайн зарж, борлуулж байна. Өчүүхэн жижигхэн санааг ч өрнүүн сайхан дуу болгоод, цөм цөм баяжиж байна.
-Тэгэхээр, манайд шоу бизнес бүрэн утгаар нь хийж чаддаг хүн гарч иртэл уран бүтээлчид маань урсгалаасаа ингээд байгаад л байна гэсэн үг үү?
-Эсвэл өөрсдөө тийм хүн болох хэрэгтэй. Өөрсдөө тийм хүн болохын тулд суралцах хэрэгтэй. Туршлага хуримтлуулахын тулд өчнөөн туршилт, аз сорилт хийх болно. Тэгээд ер нь хөлөө олоход манай жижиг зах зээл маш томоор нөлөөлж байна. Бүгд гар утас, IPod-оороо дуу сонсдог болчихоод цомог зарагдахаа больчихлоо. Интернэт худалдаа хийж сураагүй байна. Монголд амьдардаг хүмүүсийн дунд ITunes ороод дуу сонсдог монгол хүн тун ховор. За ингээд болж бүтэхгүйн шалтаг тоочих юм бол барагдахгүй. Харин болгох, бүтээхийн тухайд яривал бидэнд тэр чинээгээр шинэ гарц харагдана.
-Бүхий л салбар хоорондоо уялдаа холбоотой байдаг болохоор тэр байх л даа. Хөгжлийн тухай ярихаар ингээд мухардчих юм тэ.
-Мухардлыг хаалга байна гээд л харчихъя. Тэгээд л болоо. Гол нь яаж онгойлгохыг нь л бодож олъё.
-Таны дуунууд цаанаа л нэг өөр уянгатай байдаг. Тэр чухам юунаас гардаг хөг юм?
-Миний дотроос л гарч байгаа. Өөр хаанаас гарах вэ дээ.
-Тэгвэл таны хөглөгдөх хөг юу вэ?
-Уран бүтээл янз бүрээр л гарна л даа. Хоёр хоногийн дотор бүтсэн дуу байхад хоёр жил нухуулаад гараас гарахгүй бүтээл байна. Гэхдээ би хүмүүсийг дутагдаж байгаа хөгжмөөр нь хангах гэж биш хэрэгтэй хөгжмийг нь өгөх гэж ажилладаг.
-Юу гэсэн үг юм?
-Жишээ нь чи гял цал зүйлээр дутагдаж байж болно. Гэхдээ түүнээс илүү хэрэгтэй байгаа зүйлийг чи анзаарахгүй явж байж болно. Гэхдээ сонсоод, хэрэгтэй байсныг ойлгоно.
-Хэрэгтэй гэдгийг нь яаж мэдэж байгаа юм?
-Би өөрөө хөгжим хийдэг хүн болохоор мэдэж байгаа. Монголчуудын хөгжмийн боловсролын тухай дэлгэрүүлж ярих юм бол юу хэрэгтэй нь ойлгомжтой болно. Одоо ингээд харахад 2000 оны хөгжмөөр амьсгалж байгаа хүн олон. Гэхдээ бид урагшлах ёстой. Бүр заавал. Урлаг нь хөгжиж байж улс нь хөгжинө гэдэг ш дээ. Бид хөгжих хэрэгтэй. Хөгжихийн тулд сонсогчдоо боловсруулах хэрэгтэй. Боловсруулахын тулд хэрэгтэй хөгжим бэлтгэж өгөх ёстой. Би чадах юмаа л чадна. Хийх юмаа л хийнэ. Харин хэрхэн хүлээж авах, хэрхэн хэрэглэхийг хүмүүс өөрсдөө мэдэг. Би бусад уран бүтээлчдийн л нэгэн адилаар чанартай уран бүтээл туурвихыг хүсдэг. Зорьдог.
-Чанартай бүтээл гэж ямар байх ёстой вэ?
-Даацтай. Өөрийн гэсэн утга санааг агуулсан. Тэр дууг хэзээ нэгэн цагт хаа нэгтээ сонсохоороо дурсамж нь сэдэрдэг. Сэтгэлд хоногшсон. Бас урт удаан настай байх хэрэгтэй болов уу.
-Урт удаан настай байх эсэхийг нь яаж мэдэх вэ?
-Ирээдүйг би мэдэхгүй болохоор яаж хэлэх вэ дээ.
-Тэгэхээр сайн, чанартай уран бүтээл мөн эсэхийг нь одоо хэлэх боломжгүй, олон жилийн дараа л дүгнэж болно гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болохгүй л дээ. Чиний дотор ямар нэгэн мартагдашгүй мэдрэмж үлдээж байвал, чиний аль нэгэн дурсамжийг сэдрээж зүрхийг чинь догдлуулж байвал тэр сайн уран бүтээл мөн. Яагаад гэвэл чиний мэдрэмж, сэтгэл хөдлөл, тэр дурсамж чинь хэзээ ч арчигдахгүй ш дээ. Хаана ч хэзээ ч сонссон адилхан л мэдрэгдэх болно.
-Таныг шинэ үеийн амьд хөгжмийн төлөөлөл болж чадах хүн гэж боддог л доо.
-Би өөрийгөө поп дуулдаг гэж боддог. Ер нь би хувьдаа поп хүн. Бүхий л төрлийн хөгжмийн урсгалыг амьдаар тоглодог. Поп гэхээрээ электронжсон хөгжим гэдэг ойлголт одоо байхгүй болсон. Бүгд л амьд. Би амьд хөгжим сонсож, амьд хөгжмөөр хүмүүжиж өссөн л дөө. Бритиш поп, инди, гранж рок ч юм уу. Тэгээд миний хүсэл сонирхол, хүмүүжил холилдоод ч тэр үү, миний бүтээлүүд поп байдаг юм.
-Попын тухай би өөртэй чинь ярихгүй ээ. Зүгээр л манайд амьд хөгжим урагшлах биш ухраад байх шиг санагддаг болохоор яагаад гэдгийг асуумаар байсан юм.
-Амьд хөгжим үү. Чи яагаад тэгж бодов?
-Нэг л их хуучны хитүүдэд дурласан хүмүүс байх юм байна ш дээ.
-Бүх салбарын хөгжлийг харахаар янз бүрийн изм-үүд солигдож байдаг. Хаа сайгүй шинэчлэл хийгдэж байгаа. Манайх ухрах биш урагшилж л яваа. Урагшлахын тулд түүх хэрэгтэй. Хөгжмийн ертөнцөд ч гэсэн одоо моод эргэж байна. Дэлхий даяараа 70, 80-аад он руу харж байна. Одоо залуусын сэтгэлгээ ч гэсэн тэрийг дагаж байна ш дээ. Ухралт хийгдэж байгаагийн хувьд шинэ залуу хамтлагууд сонсогчдод хүрч чадахгүй байгаатай холбоотой байх. Шинэлэг байж чадахгүй байгаа. Анх “Лемонс” гарч ирж байсан үеийг сана л даа. Тэр үедээ маш өвөрмөц өнгө төрхтэй байсан. Ботинк биш кеттэй, эрэгтэй байж урт үстэй. Тэгснээ англи хөгжим тоглоод л...
-Одоо ч дасчихаж дээ. Мэдээж бидэнд шинэ зүйлийг дасал болгоход нөлөөлсөн байна гэдэг мундаг шүү.
-Тэр үед нээрэн тэсрэлт хийсэн байхгүй юу. Залуучууд хип хоп сонсож, өргөн өмд өмсдөг, дуучин Болд шиг үсээ засуулдаг байсан үе шүү дээ. “Лемонс” жинхэнэ сонин зүйл байсан. Тэгээд л converse, Vans-ийн кет, нарийн өмд өмсөж, үсээ ургуулаад, гитар үүрээд явах залуус олширсон. Яг тэрэн шиг л шинэ өнгө төрх амьд хөгжмийн ертөнцөд хэрэгтэй байгаа. Одоо аль урсгалын хөгжим дийлэх вэ, залуусын чигийг тодорхойлох вэ гэдэг нь хэн юу хийхээс л хамаарна.
-Энх тайван “дайн” юм биз дээ. Тэгвэл Чойжоо энэ “дайн”-д юу хийх вэ?
-Тэрийг ингээд хэлчихэж болохгүй ш дээ. Ямар ч байсан төлөвлөсөн зүйл олон бий. 2016 онд л бүх зүйл хөдөлгөөнд орох байх.
-Яаж мэдэж байгаа юм. Зөнтэй юм уу?
-Би зөгнөдөггүй ээ. Ажаад байхад тэгж санагдсан. Би ер нь реалист хүн ш дээ.
-Танд урлагаас урвах хүсэл төрж байсан уу?
-Яагаад, яагаад урвана гэж?
-Хүн чинь уйдамхай ш дээ. Урлаг ч байсан юу ч байсан ялгаагүй.
-Би бол урвахгүй ээ. Хэзээ ч энэ замаасаа хазайхгүй. Угаасаа миний хий чадах ганцхан зүйл л энэ. Би урлагийг хүсдэг. Би урлагт хайртай. Би тэгээд хийж чаддаг. Бас үүнээсээ эрч хүч таашаал бүх юмыг авдаг. Урлаг намайг аз жаргалтай болгодог байхад би яагаад аз жаргалаасаа урвана гэж. Тийм биз дээ. Хүн бүхнийг би өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж, урваж буцахгүй, үргэлж аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.
-Аз жаргал гэж таныхаар юу вэ?
-Яаж харахаас л хамаарна ш дээ. Аз жаргалыг мэдэрч болно. Харж болно, хүрч болно. Бүх зүйлээс л аз жаргалыг олж хүртэж болно.
-Та одоо аз жаргалтай байна уу?
-Аз жаргалтай байна.
Энэхүү ярилцлагыг танд хүргэх гээд харж суухдаа үг дуу цөөтэй, аядуу зөөлөн хоолойтой Чойжоотой хэзээдээ ийм их юм ярьж амжсанаа өөрөө ч гайхаж сууна. Энд тэнд тааралдахдаа мэндийн үггүйгээр толгой дохин зөрж өнгөрдөг, ганц нэг юм ярихдаа тулахаар ингэж тэгс гээд л орхичихдог хүн байтлаа алдаа оноогоор дүүрэн, янз үзсэн асуултуудад маань эвтэйхэн бөгөөд хөнгөхөн хариулчихсан байдаг шүү. Эндээс та Чойжоогийн тууштай занг тодхон харсан биз ээ. Хамгийн гол нь тэр үнэхээр аз жаргалтай харагдаж байсан гэдгийг батлан хэлье.

No comments:

Post a Comment