Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, November 26, 2015

О.Элбэгтөгс: Аливаа зүйлд хаалт хийх амархан. Нээлт л хэцүү.

Яруу найраг гэж юу вэ. Шад болгон багцалсан олон мянган үгсийн чуулган бүхий шүлгүүдийн чухам алийг нь яруу найраг гэж хүлээн зөвшөөрөх вэ. Мэдээж, энэ энгийн мөртлөө ээдрээтэй асуултад төгс хариулт гэж үгүй.

Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчихье гэхээр мэдэхээ байчихдаг” хэмээн ярьсан нь бий. Магад энэ л хамгийн оновчтой хариулт байж мэднэ. Тэгэхээр өөрийгөө яруу найрагч хэмээн зоригтойгоор тунхаглаж чадаж байгаа хүнийг бид яруу найрагч хэмээн хүлээн зөвшөөрөх нь зүйн хэрэг болов уу.
Энд, яг энд сугаад яруу найргийн тухай, найрагчийн тухай бодол хөврүүлж байгаа минь ярилцлагын зочноо таницуулах гээд хадуурч байгаа хэрэг л дээ. Шууд л, “Түүнийг О.Элбэгтөгс гэдэг” гээд эхлэх байсан юм. О.Элбэгтөгсийг “Чимээгүй хот”, “Эмгэнэлийн үр хөврөл” шүлгийн номоор нь мэдэх хүн олон. Тэгвэл залуу найрагч маань өчигдөрхөн шүлгийн “Чөлөөт шувуу”, өгүүллэгийн “Бүслэлт” номынхоо хуримыг хамтатган хийсэн юм.
О.Элбэгтөгсийн “Чөлөөт шувуу”-г нээхэд өмнөөс,
“...Цэцэрлэгийн сандал хүнгүй хоосон
Цэнхэр цас хаа сайгүй бударна
Хөшгөө татсан чэнэ амьдралын
Хүнд тээш мөрийг минь дарна...” гэсэн мөртүүд мэндчиллээ. Тэгээд надад эдгэшгүй төсөөлөл, эгнэшгүй санаашрал бүхэн үг болон эвлэхийн цагт энэ ертөнцөд яруу найраг мэндэлдэг юм шиг санагдсан билээ.


-“Чөлөөт шувуу” номынхоо шүлгүүдийг хэр удаан дарсан бэ. Яруу найрагчид бүтээлээ дарс шиг дарж, “чангаруулж” байгаад хэвлэдэг нь анзаарагддаг.
-Дарахдаа биш аливаа бүтээл нийтэд хүрэхэд цаг хугацаа гэж байдаг юм шиг байна лээ. Би уг нь хоёр жилийн өмнө энэ номоо биччихсэн байсан. Тэгээд яг хэвлүүлэх гэхээр тохироо бүрдэхгүй яваад байлаа. Тэгээд явцын дунд “Чөлөөт шувуу” шүлгээс бусад нь өөрчлөгдсөн. 99 хувийн өөрчлөлт орсон гэсэн үг л дээ.
-“Бүслэлт”-ийн тухайд. Эрс тэс хоёр өөр нэртэй санагдлаа. Үргэлжилсэн үг таны хувьд “Бүслэлт” шиг санагдсан уу?
-Нэрний тухайд бол номонд багтсан есөн өгүүллэгийн нэгээр нэрлэсэн. Хүн төрөлхтөн цаг ямагт бүслэлтэд амьдардаг гэсэн утга санаатай л даа. Хамгийн гол нь энэ миний анхны өгүүллэгийн бүтээл. Шинэ номнуудын редактороор манай “Хөх мэдрэхүй” утга зохиолын бүлгэмийн Ц.Дэлгэрмаа, Я.Баяраа нар ажилласан. Тэд уг нь үргэлжилсэн үгийн бүтээлийн тал дээр хүлээлтийг санал болгосон л доо. Гэвч, яах вэ миний зөрүүд зан дотроосоо хадгаад байсан. Тэгээд нэг хатгуулчихсан хүн чинь тэвчээр дутна биз дээ. Яарч адгаад, редакторуудаа гомдоосон тал бий. Гэхдээ энэ миний л бүтээл шүү дээ.
-Та адгуу хүн үү эсвэл номоо хэвлүүлэхдээ адгачихав уу?
-Ер нь л яаруу, адгуу хүн дээ. Айлын бага хүүхдийн эрх, зөрүүд зан амьдралын явцад гээгдэхгүй юм аа.
-Бүлгэмтэй байна гэдэг уран бүтээлч хүнд түшиг тулгуур байх. Тийм үү?
-Тийм ээ. Манай “Хөх мэдрэхүй” бүлгэм наймуулаа боловч одоо тал талд амьдралтай, дор дороо ажилтай хүмүүс болжээ.  Уулзаж учраад уран бүтээл яриад байх боломж байхгүй ч гэлээ бие биеийнхээ уран бүтээлд нөлөөлж, тусалж дэмжиж байна. Сүүлийн жишээ дурдахад л бүлгэмийнхэн номнуудыг маань редакторлолоо шүү дээ. Бид бие биенээ шударгаар шүүмжлэх зоригтой байдагтаа эрдэх тал бий шүү. Аа, харин уран зохиолын хүрээнээс гадна гэвэл бид амьдралын сайн найзууд. Баяр хөөр, багахан гунигаа хуваалцдаг нөхөд. 20 гарч явахдаа энэ бүлгэмийг байгуулж байсан. Ингэж нэгдсэн нь зөв юм даа гэж боддог. Тодорхой хэмжээнд өсөж дэвшсэн уран бүтээлчид болж чадсан байгаа юм.
-Ер нь шүлэгч хүн цөөн үгэнд бүх санаагаа дайдаг. Харин үргэлжилсэн үг шүлэг шиг эрчим агуулахаасаа илүү эргэцүүлэл шингээдэг байх аа. Тэгээд ч шүлэг шиг шууд биччихэж болдоггүй талтай.
-Тийм ээ, мэдээж шүлэг яруу найргийн хувьд хойш тавих асуудал байдаггүй. Тухайн үеийнхээ эрчмийг агуулсан часхийсэн мөртүүд биччихэж болно. Эргэж харах ч хэрэг гарахгүй. Би яг шүлэг бичдэг зангаараа өгүүллэгээ бичиж байгаагаа анзаарсан. Төлөвлөгөөгүй бичдэг гэсэн үг л дээ. Шууд л суурин дээр нь дуусгачихаж байгаа юм. Дараа нь эргээд харахад засах зүйл олон гарч ирж байсан л даа. Өгүүллэгийг нэлээд ул суурьтай, няхуур бичих ёстой юм шиг санагдаж байна. Үргэлжилсэн үгийн салбарт “үлдэх”-ийн тулд адгуу занг хойш тавих ёстой гэдгийг ч ойлгосон. Аа, харин “Бүслэлт” өгүүллэгийг бодон бодон бичсэн дээ.
-Бичгийн өөр төрөлд хүч үзье гэж бодож байв уу?
-Жүжгийн зохиол бичихийг оролддог. Тайзанд тавиагүй ч гэсэн бичдэг юм. Гэхдээ зарим санаа маань жүжгээр илэрхийлэхээргүй болчихдог тал бий. Бас жүжгийн нэг хэсэг байхад хайран санагдах юмаа тасдаж аваад, бие даасан өгүүллэг болгохоор хадгалдаг.
-Наадах чинь муухай харамч зан ш дээ. Ер нь юм уншиж байхад яг гоё юм хэлэх гэж байснаа тойроод явчихсан нь анзаарагддаг. Яг ингээд тасдаад авчихдаг хүмүүсийг би ойлгодоггүй юм аа.
-Би үүнийг харамч зан гэж бодохгүй байна. Аливаа уран бүтээл туурвиж байгаа хүндээ үнэ цэнэтэй. Тоог нь олон болгох гээд тэгж байгаа юм биш. Миний тасдаж аваад, хадгалж байгаа санаа бичиж буй зүйлд наалдахгүй, бие даасан утга агуулгатай байж болно биз дээ. Уран бүтээлч бүрт шинэ санаа янз бүрээр орж ирдэг. Надад бол ихэвчлэн юм бичиж байх үед шинэ санаа орж ирдэг.

Тэгээд харамч зангаа хямгадаж байна гээд бүгдийг нь нэг гарчган доор чихэж болохгүй биз дээ. Тухайлбал, “Бэтмен”-ий 2012 онд гарсан анги амжилт олоогүй. Энэ бүтээл кино зохиолын драматурыг зөрчсөн. Яаж зөрчсөн бэ гэхээр маш олон санааг кинондоо чихээд, тэдгээр санаагаа зангидаж чадахгүй төгсгөсөн байгаа юм. Тэгэхээр чиний харамч гэж харж байгаа энэ үйлдэл маань гол санаанаасаа гажилгүй урагшилж, өөр өгүүлэмжинд бүдэрч, төөрөхөөс сэргийлдэг гэсэн үг л дээ.
-Гоё тайлбар байна. Та намайг харамч биш гэдэгтээ итгүүлж чадлаа. Та хэр их уншдаг вэ?
-Би уг нь багаасаа ном уншиж өссөн. Би гадаад хэлэнд сайн суралцаагүйн гайгаар уран зохиолын бүтээлүүдийг орчуулагчаар дамжуулж уншдаг. Достоевскийн зохиолыг бүр шүтэн биширч, шимтэн уншдаг. Аавын маань үлдээсэн арвин баялаг номын сан надад сайн нөхөр шиг л дотно санагддаг. Гэхдээ сүүлийн үед бусдын бүтээлийг уншихгүйгээр, өөрийнхөөрөө бичих хүсэлдээ даруулсан үе бий. Надад бас яруу найргийнхантай хөл нийлүүлэхээ болих вий,  үеийнхнээсээ хоцорчих вий, бичих авьяас минь үгүй болох вий гэсэн айдас бий. Шинэхэн энэ айдсаасаа цочирдож байгаа.
-Айдсаасаа хэрхэн ангижирдаг вэ?
-Би ер нь тэр айдсыг давахын тулд л бичдэг. Тэгээд бичсэнээ уншдаг. Өөрийнхөө сайн уншигч шүмжлэгч байхыг зорьдог.
-Бичих хүсэлгүй болох ч юм уу, яаж урагшлахаа мэдэхгүй болох үе гэж байх уу?
-Байлгүй л яах вэ. Тэгж санагддаг байсан үе бий. Анх “Чимээгүй хот”-ыг гаргаж байхад гэнэн байж дээ. Хүүхэд байсан болохоор зүгээр л шүлэг бичье гээд л хэдэн үг холбочихдог байлаа. Дараа нь “Эмгэнэлийн үр хөврөл”-д бүтээлч сэтгэлгээгээр хандахыг хичээсэн. Тэгээд номоо цаасан дээр “өлгийдөж” авсны дараа хачин их тайвширсан шүү. “Чөлөөт шувуу” ч бас надад тийм тайвшрал өгсөн. Тэгэхээр миний энэ тайван цаг хугацаанд нэг их өөрчлөлт гараагүй гэсэн үг.
-Та Дундговиор овоглодог юм билээ. Тэгээд одоо Хөвгөлд амьдарч байгаа гэж дуулсан.
-Өө би чинь олон нутагтан. Аав Архангайнх, ээж Төв аймгийнх. Төрсөн нутаг Сүхбаатар, өссөн нь Дундговь. Оюутан байхдаа Улаанбаатар хотод амьдарч байсан одоо Хөвсгөлд суурьшиж байна даа.
-Муугаар хэлбэл хэсүүлч, сайнаар хэлбэл жинхэнэ нүүдэлчин хүн юм аа.
-Уг нь ч энд тэнд шилжин, суурьших нь миний хүсдэг амьдрал л даа. Гэхдээ цаг үетэйгээ нийцэхгүй хүсэл л дээ. Өнөө цагт бол сайхан аялж, орон орноор хэсүүчилж хүслээ гүйцээж болох байх аа.
-Тэгэхээр та шүлэг шигээ тийм ганцаардсан хүн биш гэсэн үг биз дээ?
-Би ганцаардах дургүй ээ. Магадгүй, миний хамгийн том айдас ганцаардал байж мэднэ. Би багаасаа л олуулаа байгаад дасчихсан. Найман хүүхэдтэй айлын отгон хүү шүү дээ би. Тийм болохоор бие даан хийж байсан зүйл цөөхөн дөө. Хэн нэгэн заавал намайг харгалзахаар үлддэг байсан л даа. Тэгээд  сургуулиа төгсөөд, Дундговь аймагт очиж ажилласан. Тэр үед миний аливааг харах өнцөг бусдынхаас өөр гэдгийг анзаарсан. Шүүмжлэлт сэтгэлгээ ихтэй, дүгнэлт хийхдээ сөрөг өнцөгийг илүү хардаг байлаа. Дотоод зөрчил ихтэй байсан. Тэр үед л ганцаардалд тэврүүлсэн дээ. Тэгээд л миний шүлгийн хэлбэр тэгж тогтсон байх аа.
-Яруу найраг хэлбэртэй зүйл юм уу?
-Үгүй ээ, онолын үүднээс хэлбэр агуулга гээд ярьдаг ш дээ. Тэр утгаар нь хэлж байна.
-Ганцаардлын тухай, гунигийн тухай бичдэг шүлэгчид дандаа ганц бие явдаг шиг санагддаг. Атал та гэр бүлтэй биз дээ?
-Миний шүлгийн номнууд уйтгар гуниг сэнгэнүүлсэн бүтээлүүд болсон гэдэгтэй маргахгүй ээ. Үхлийг магтан дуулахыг оролдсон оролдлогууд, үймэрч ядсан сэтгэлийн өчил гээд л. Харин “Чөлөөт шувуу”-г би эхнэртээ зориулан гаргасан юм. Би гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш эерэг зөөлөн хандлагатай болсон. Амьдралыг үзэх үзэл зөөлөрсөн гэх үү дээ. Хар өнгө бол нүдэнд харагдаж байгаа шигээ хар биш, олон олон өнгөний холилдсон дүр зураг байсныг мэдсэн ч гэх юм уу. Янз бүрийн л юм бодох юм аа. Бодол болохдоо юм бүхнийг нарийн ухаж байгаад гэрэл гэгээг нь олж үзэх гэж тэмүүлэх болсон доо.
-Гэнэт яагаад тэгтлээ өөрчлөгдөө вэ?
-Урьд нь би үг амилдаг, үгийн шид, үгээр зөгнөх, ёрлох тухай яриануудад анхаарлаа хандуулж байгаагүй л дээ. Миний энэ амьдрал хэрхэн өрнөж, хэзээ төгсөх нь нэг их чухал биш. Би чинь бусдын л нэгэн адил эрх чөлөөт энгийн нэгэн иргэн шүү дээ. Би юунаас ч хамаарахгүй, надаас юу ч хамаарахгүй тийм бие даасан үзэл байдаг даа. Би тийм л байсан. Харин одоо надад хайрлах үр, халамжлах эхнэр байна. Ийм л шалтгааны улмаас надад өөрчлөгдөхөөс өөр сонголт гарч ирээгүй.
-Совин билгийн дууч Марина Цветаева өөрийнхөө шүлгээр амрагаа алчихлаа гэж халаглан бичсэн байдаг даа. Тийм айдаст нөмрүүлээ юу?
-Яг тэр чинь. Густав Маллер “Үхсэн жаалуудын дуу” нэртэй таван цуврал ном бичсэний дараахан гурван охин нь шил дараалан нөгчсөн түүхтэй. Би хүүхэдтэй болмогцоо болгоомжилж эхэлсэн. Хүн үр хүүхэдтэй болохоороо амьдралд илүү хайртай болдог бололтой. Үр минь намайг хуучин бугшсан үзлээс минь ангижруулсан.
-Хүчилж бичдэг болсон гэсэн үг үү?
-Хүчлэх нь ч хаашаа юм. Амьдралыг, амьдрал ч гэлтгүй бүх зүйлсийг аль болох гэгээлэг талаас нь харахыг хүсэж байна. Аливаа зүйлд хаалт хийх амархан л даа. Нээлт хийх л хэцүү.
-Тэгээд бодол санаа өөрчлөгдөхөөр бичихэд хэцүү болохгүй юу?
-“Эмгэнэлийн үр хөврөл”-ийг хэвлүүлснээс хойшхи гурван жилд би шүлгээ тогтмол бичдэг байсан. Гэхдээ бас хэдэн сараар завсарлах үе бий л дээ. Бичиж байгаа хэмнэлээ ажиглахаар үг эвлэдэг  улиралтай юм шиг байгаа юм.
-Та надад намар шиг санагддаг. Эмэгтэйчүүдэд намар гэдэг үг даашинз шиг таардаг мөртлөө эрэгтэй хүн намар шиг байна гэхээр сонин байгаа юм. Гэхдээ л таны шүлгүүд надад намрыг мэдрүүлдэг.
-Би намар, хаварт шүлгээ бичдэг.
-Гэхдээ та “Чөлөөт шувуу” юу?
-Би шувуу байхыг хүсдэг. Бүргэд ч юм уу, болжмор ч юм уу.
-Эсрэг, тэсрэг шувуунууд ш дээ.
-Шувуу л бол шувуу. Нам, өндөрийн фантазиндаа гол нь биш ээ. Ер нь болжмор надад илүү ойр байх шүү.
-Ер нь хэзээнээс бичиж эхэлсэн бэ?
-Багадаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Аавыг өөд болсноос хойш тэмдэглэл хөтлөхөө больсон. Тэгээд бичгийн архиваа ухаад үзэхээр дөрөвдүгээр ангиас эхлэн шүлэг оролдож эхэлсэн байна лээ. Аав маань Оросын зохиол болон  дуу хууранд дуртай, пянзны өргөн их цуглуулгатай хүн байсан юм. Аавын пянз тоглуулагчаар сонгодог хөгжмийн бүтээлүүдтэй танилцаж, тэдгээр хөгжимд автаж гүн бодолд автаж суудаг хүүхэд байлаа. Ер нь л ихэнх цагаа аавынхаа цуглуулгыг үзэж сонирхоход зарцуулдаг байсан.
-Бага насны хөвгүүд гэртээ суухыг үзэн ядаж, гадаа гарч үеийнхэнтэйгээ тоглож байж санаа нь амардаг юм биш үү?
-Манайх Дундговьд “Харын байр”-нд байдаг байсан юм. Чулуун байлдаан, нударган зодооноор алдартай газар шүү дээ. Тэгээд гарч юугаа хийх вэ дээ, гэрээс нэг их гардаггүй байлаа.
-Найман хүүхэдтэй айлын найм дахь хүүхэд болохоор айлын бага энэ тэр гэж өргөмжилнө гэж байх уу?
-Өө би ч бараг л хамгаалалтанд өссөн. Гэрээс гадна юм болоход  эгч, ах нар бүгд арыг маань даана. Гэрт асуудал үүсэхэд аав намайг өмөөрнө. Аав минь цэргийн хүн байсан учраас эрчүүдээ эр хүн шиг, охидоо бүсгүй хүн шиг өсгөсөн. Дуу багатай, шулуун шударга хүний дэргэд хүүхэд даруулгатай л өсдөг юм шиг байна лээ.
-Чи аавыгаа их дурсдаг бололтой юм. Тэгвэл өөрөө ямар аав бэ?
-Би аав шигээл  эцэг байхыг хүсдэг. Үлгэр жишээ, тэгснээ бас тийм сайхнаар дурсагдах аав. Гэхдээ хүүхдээ хэзээ ч яруу найраг, утга зохиолын замаар замнаасаай гэж хүсэхгүй байна аа. Зүгээр л энэ нийгэмд сайн хүн өсгөж өгөхийг хичээж явна.
-Ер нь эр хүн ямар байх ёстой юм?
-Эр хүн эр хүнийхээ ажлыг л сайн хийдэг байх ёстой. Байгалийн өгөгдөл нь тэр. Сайн аав, халамжтай хань байх ёстой. Зориг зүрхтэй байх ёстой. Эрийн зориг зүрх нь уран бүтээл, ажил хөдөлмөр дээр илхэн харагддаг юм.
-Таны хийж байсан хамгийн зоригтой үйлдэл юу вэ?
-Би наймдугаар анги төгсөх жилдээ ангиараа зугаалганд явсан юм. Тэр үед би саваагүйтэж байгаад хаднаас унаж, үхлүүт байдалд орсон. Хамгийн сүүлчийн зугаалгыг нурааж байгаа гэмтэн юм шиг санагдаад, буцая гэж хэлж чадаагүй. Тэгээд гурав  хоногийн турш өвдөлтийг тэвчиж, ангийнхнийхаа дэргэд худлаа инээж өвдөөгүй юм шиг хэвтсэн дээ.
-Хүүе ээ, тэр чинь ямар зоригтой үйлдэл юм уу. Тэвчинэ гэдэг чинь юу гэж зориг байдаг юм.
-Зориг тэвчээр хоёрыг хамаатуулж ойлгож болно ш дээ. Хүн аливаа шийдвэр гаргахад зориг энэ тэр гээд ярина. Тэвчээрийг зөвхөн хүлээлттэй холбож ойлгох нь харин өрөөсгөл байхгүй юу. Тэгвэл Хөвсгөл рүү шилжсэн маань, тэнд суурьших шийдвэр гаргасан маань зоригтой үйлдэл ш дээ. Дорноговьд би сайхан л байсан. Эхнэр декретээ авсан өдөр би бүх насаараа Хөвсгөлд амьдрах шийдвэр гаргасан.
-Ингэхэд яруу найраг танд чухам юу өгөв?
-Сайн сайхан зүйлс олныг авсан. Олон сайхан ах эгч дүү нартай болсон. Олон ч юм сурсан. Аливаа зүйлд өөрийн гэсэн харах өнцөг, үзэл баримтлалтай байхыг сурсан. Нийгэмдээ өөрийн гэсэн оролцоотой байхыг сурсан. Эргээд олон хүний амьдралд сайнаар нөөлөөлж болох ч байж мэднэ. Алдсан юм бас бий. Уран зохиолын хүрээнээс хол хөндий хүмүүстэй харилцах харилцаан дээрээ би алдаа хийсэн. Би өөр салбарын хүмүүстэй ойлголцохоо больсон. Өөрийн эрхгүй л. Харьцаж болохгүй, уулзмааргүй хүн байна шүү гээд бодоод байдаггүй л байхгүй юу.
-Та гадуурхагч юм уу?
-Үгүй. Надад мэдээж өөр салбарт ажилладаг найз нөхөд байгаа. Зүгээр л багадаа өөртөө бүрдүүлсэн хиймэл шаардлага байх шиг байгаа юм. Тэрэндээ өдий болтол хүлэгдээд, цаанаасаа тэгж бодоод байдаг юм. Энэ магадгүй нэг төрлийн сэтгэцийн өвчин ч байж мэднэ. Би өөрийгөө бусдаас онцгой, өөр гэж бодож өссөн. Тэгж бодогдуулах зүйлсийн дунд байсан ч гэх юм уу. Тэр маань надад хүчтэй илэрдэг байсан. Гэхдээ саяханыг болтол л доо.
-Одоо устсан гэж үү?
-Устах нь ч хаашаа юм. Өөртөө дүгнэлт хийсэн. Тэр байр суурьнаасаа алгуурханаар ухарч байна. Би бусдын л нэгэн адил гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би зүгээр л нэг юм бичдэг залуу, намайг юу өөрчилж чадах вэ, би яавал онцгойрч чадах вэ гэсэн бодол эзэмдээд байна. Урьд нь би  авьяастай гэдэгтээ итгэдэг, тэрийгээ мэддэг байсан. Нэг ёсондоо хийрхлийн түвшинд байсан. Одоо авьяасаа зөвөөр ашиглахын тулд илүү цэгцтэй сэтгэх шаардлага гарч байна даа.
-Дараагийн ном хэзээ гарах вэ?
-Миний хувьд бол яруу найраг төлөвлөдөг зүйл биш. Ялангуяа энэ номноос хойш яруу найргийн ном гаргахгүй гэж бодож байгаа. Олон жилийн хойно л гаргах байх. Би тоонуудын дундах тоо, үсэгнүүдийн дундах үсэг юм аа гэдгээ ойлгосон. Надад төвөөс зугтах хүч дутагдаад байгааг мэдэрч байгаа.
Уг нь хамгийн сүүлчийн асуултыг асуух хэрэггүй байсан юм. Энэ асуулт л ярилцлагад маань илүүдчихлээ. Гэхдээ та анзаарсан уу. Элбэгтөгсийн яриа эрч хүчээр дүүрэн эхэлсэн хэрнээ, “дахиад ном гаргахгүй” гэдэг үгээр төгсөж байгааг. Үнэндээ, аливаа зүйлийг ухах тусам утгагүй болдог зүй тогтол бий. Яг тэр зарчмаар Элбэгтөгс  ярилцлагын явцад өөрийгөө нэгжсээр байсан юм. Тэгээд “Хаалт хийх амархан” гэж хэлсэн шигээ миний асуулт, шалгаалтад хаалт хийчихлээ. Харин надад энэ ярилцлагадаа хаалт хийх тун ярвигтай байгаа тул урт удаан ярилцлагынхаа араас О.Элбэгтөгсийн “Чөлөөт шувуу” номын хэдэн хуудсыг танд дэлгэе.
Хууз сахалтай буу наймаалагч хуучны хүдэр эрчүүдээс
Үлдэж хоцорсон цор ганц үрлэн сумтай буу наймаалагч
Хуучин мухлагийнхаа үүдэнд нуруугаа үүрэн холхих
Хол тэртээ намрын хоосон өдрүүд үргэлжилсээр
Зэвхий саарал гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүс
Зэв идсэн царайндаа зэвүүцлээс өөр инээмсэглэлгүй
Зэвсэг хийн гартаа атгасан хүүхэд насны дурсгал
Үрлэн сумтай буугаа үнсэхээс наагуур энхрийлнэ
Хөлжиж таргалсан тоглоомон буу наймаалагч
Харанхуй гудамжаар алхахдаа нэг л зүйл бодно
“Хүн хөнөөж чадах галт зэвсгийн наймаа”
Хөнжил дотроо ороод үргэлжлүүлэн зүүдэлнэ
Эх.....................................Эх орон
Эрвээхийн даль өрөөгөөр нэг хөглөрнө
Ээжийгээ сэрээхгүй гэж өлмий дээрээ алхана
Нээлттэй цонхоор минь шагайх цэцгэнд
нэр өгч мэдэлгүй, зүгээр л…
Аз жаргал гэчихлээ..............................................
..............................................................................
..............................................................................
.............................................................................
...............................................................................
..............................................................................
..............................................................................
..............................................................................
..............................................................................
...............................................................................
.............................................................................
.............................................................................
...............................................................................
...............................................................................
..............................................................................
.........................................................эх орон минь
Зүггүй алсын цэнхэр мандалд хөвж явахад
зүүгдэж сансарт ниссэн алтан гургалдайн дуу юм
Зүүн мөрөн дээр минь нарны гэрлийг тусгах гэж
Зовлон бүхнийг үүрсэн миний ээжийн хайр юм                            
Үдшийн хөг аялгуу                                           
                                               (Ээждээ зориулав)
Төгөлдөр хуур, Клод Дебюсси дахиад төгөлдөр хуур
Төрсөн цагаасаа эхлээд сонссон аялгуу, төгөлдөр хуур
Энгийн ядуухан оромжноос минь эгшиглэх
Энгийн болоод сайхан аялгуу
Төгөлдөр хуур Клод Дебюсси дахиад төгөлдөр хуур
Төгс бүхнийг эрэлхийлэх болсны минь сургааль
Тарчиг бор гудамжинд минь гэрэл түгээх
Танил бөгөөд зөөлөн аялгуу
Төгөлдөр хуур, Клод Дебюсси дахиад төгөлдөр хуур
Тэнгисийн мандлыг чихээрээ тэмтрэх, төгөлдөр хуур
Ертөнцийн гоо сайханд намайг хөтөлсөн
Ердийн бус гайхамшигт аялгуу    
Төгөлдөр хуур, Клод Дебюсси дахиад төгөлдөр хуур                    
Төгөлдөр хуур, Клод Дебюсси дахин төрсөн төгөлдөр хуур.

No comments:

Post a Comment