Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, August 21, 2006

Н.Энхтайван: Тав тухыг заавал "олох" хэрэгтэй

Өнөөдөр би “Урлаг ба хэрэглээ” интерьер, экстерьер ХХК-ын захирал Н.Энхтайван гэж хүнтэй танилцлаа. Тэрээр Лондон-д таван жил амьдарсан хүн. Энэ хугацаандаа зураг зурж зардаг байсан гэнэ. Харин өнөөдөр эх орондоо ирээд өөрийн хүссэн интерьерийн компанийг байгуулчихаад байгаа нь энэ. Тэр эх орон нэгтнүүдийнхээ амьдрах орчинд анхаарлаа хандуулахыг хүссэнээ нуусангүй. Учир нь Лондон дахь найзууд нь өнөө л адуу мал, дугуй цагаан гэрээс өөр зүйлгүй Монголын нийслэлийн талаарх бодлоо ярьдагт их л сэтгэл нь гонсойдог юм гэнэ лээ. “Маш гоё тансаг ... байгуулчихаад Лондон дахь найзуудаа дуудаж, Монгол гэдэг чинь та нарын төсөөллөөс ийм өөр гэж хэлнэ дээ” гэж ярих нь их л дориун. Харин одоо та бүхний өрөөний уур амьсгалд нөлөөлөхүйц зүйлсийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.


- Тав тух яаж бүрдүүлэх вэ?
- Гэртээ харих гэж яардаг байхын тулд тав тух бүрдүүлсэн орчин хэрэгтэй. Барууныхан амьдралын хэв маягтаа тохируулан гэр орон, орчин тойрноо зохицуулдаг байхад манайхан цаг агаартаа тааруулаад байх шиг байгаа юм. Арай хөгжингүй орнууд өөрийнхөө сонирхлын дагуу тохижуулсан орон гэртээ байхдаа сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр өөрөө ямар орчинд байхдаа сэтгэл хангалуун, тайван байдгаа мэдээд өөрийн амьдарч, ажиллаж, хооллож буй орчноо зас.

- Интерьерт хот төлөвлөлт хамаатай юу?
- Хот төлөвлөлтийн талаар ярихгүй байхын аргагүй. Лондонг гэхэд л тойргоор зургаан бүс болгон хуваачихсан байдаг юм. Нэгдүгээр бүс нь төв хэсэгт байрлахаас гадна үндэсний хэв маягыг харуулсан, жинхэнэ хөгшин европын дүр төрхийг илтгэхүйц барилга, байшингуудтай. Хоёрдугаар бүсд нь жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээний төвүүд, дэлгүүрүүд байрлана. Харин гуравдугаар бүс рүү ороод ирэхээр цагаачлалын алба энэ тэр гэсэн аар саар зүйлүүд харагдаж эхэлдэг.

- Улаанбаатар хотын интерьерт юу дутагдаж байна?
- Улаанбаатарын “А” зэрэглэлийн бүсд барьж байгаа барилгуудын чанарт өндөр шаардлага тавьчихвал болохгүй гэх газаргүй. Хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, сайн чанарын барилгын материал хэрэглээд эхэлчихвэл “манайхан халдвар авахдаа сайн юм чинь” төдөлгүй өндөр зэрэглэлийн барилга байгууламжуудтай болно гэж найддаг.

- Та энд хувь нэмрээ оруулах санаа байна уу?
- Манай залуучуудад болзох, салхилах, найз нөхөдтэйгөө цуглах, чөлөөт цаг өнгөрөөх шороо тоосгүй, цэвэрхэн орчин хэрэгтэй байна. Урт цагаан орчимын тэр хэсэг талбайг залуусын бүс болговол зүгээр юм шиг санагдаад байгаа юм. Ямар ч шороогүй болтол нь чулуу, асфальт, цемент зэргээр бүрчихээд төрөл бүрийн үйлчилгээний төвтэй цогцолбор болгочихвол аятайхан л байна.
Хөдөөнөөс орж ирсэн залуучууд Улаанбаатарын өнгө төрхийг их доош татаж байна. Гудманжинд шүлсээ хаяж, автобусны бүрээсийг урж, байгууллагуудын хаягнаас өөрт нь таалагдсан үсгийг аваад өвөртөлчих жишээтэй. Тэгэхээр юуны түрүүнд ахуйн соёл маш чухал байгаа юм. Цэвэрхэн талбай байгуулаад өгчихвөл тэндэхийн сандалыг эвдэлж, цэцэг модыг нь тасалчихааргүй хүмүүжилтэй л байх хэрэгтэй шүү дээ.

- Тав тухтай байхын тулд хэдэн өрөө байр хэрэгтэй гэж тооцоолж болох вэ?
- Бид нар гал тогооны өрөө, зочны өрөө, коридор гээд заавал тусгаарлах гээд үзээд байдаг байлаа. Одоо бол харьцангүуй өөр болсон. Эхнэр нь хоолоо хийгээд зогсож байхад, хажууханд нөхөр нь телевиз үзээд сууж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд өрөөний тооноос илүү тав тух хэрэгтэй.

- Сүүлийн үед хүмүүс ямар интерьер сонирхож байгаа вэ?
- Эклетик. Орчин үеийн шил толь болсон ширээ, шүүгээ, хана зэргийг дундад зууны үеийн хээ хуартай хослуулах юм л даа. Энэ нь тансаг чамин харагддаг.

- Надад нэг дээр үеийн шүүгээ байдаг юм. Гэрт байхад их үзэмжгүй харагдаад байхаар нь гарашдаа хийчихсэн. Та миний оронд байсан бол яах байсан бэ?
- Тэр шүүгээгээ лакдаад янзалчих хэрэгтэй шүү дээ. Шинээр будаж янзлалгүйгээр, хуучны өнгө төрхийг нь хадгалсан чигтээ сэргээчихвэл маш гоё харагдана. Тэгээд л өрөөнийхөө аль нэг хэсэгт байрлуулаад хажуу талд нь түүнтэй төсөөтэй сандал ч юм уу байрлуулчихаач. Би бодоод байдаг юм, дээхнэ үед бараг айл болгонд арслантай авдар байдаг байлаа шүү дээ. Тэр авдарнууд одоо харагдахаа больчихоод байгаа. Аягүй бол бас л нэг гаражид хэвтэж байгаа биз. Тэрийг л өөд нь татаад, цоож цуургыг нь шинэчилээд гэртээ тавьчихвал их гоё байх даа гэж.

- Айлууд паркетан шал руу хошуурч байна. Үүний оронд ямар шал санал болгомоор байна?
- Надад тэр паркетан шалнаас модон шал илүү сайхан санагдаж байна. Цэвэр модон шал ямар гоё байдаг гэж санана. Хуучны орон сууцнууд бүгд модон шалтай байгаа. Тэгээд л айл болгон шахуу тэр шалан дээрээ хивс дэвсчихсэн, эсвэл хулдаас тавьчихсан байгааг захын нэг айлд ороод л төвөггүйхэн харж болно. Харин тэр модон шалыг сайтар зүлгээд, хөл гаранд өргөс орохгүй болтол нь лакадчихвал юун паркет. Их гоё гялалзаад л явчихдаг юм. Сүүлд нэг айлын шалыг ингэж янзалсан.

- Хүүхдийн өрөөны дизайн хүмүүжилд нөлөөлдөг гэж сонссон юм байна?
- Хүүхдийн өрөө гэж заавал байх ёстой. Тэдэнд зориулж хамгийн дуртай үлгэрийн баатруудынх нь зурагтай ханын цаас, яг л хүүхэлдэйн кинонд гардаг шиг од сарны зурагтай хөшиг, мөн маш чамин хийцтэй гэрлийн бүрхүүл санал болгож болно. Эсвэл яг өөриийнх нь төсөөллийн ертөнцийг бүрдүүлж өгөөрэй. Өөрийн өрөөтэй байсан хүүхдийн өмчид хандах хандлага нь өөрчлөгддөг. Хүний юманд гар хүрэхээ ч болино.

- Ажилд саад болдог хүчин зүйлүүдийг нэрлээч?
- Айлын эхнэрүүдэд хандаад хэлэх үг байна. Тэд үнэхээр дураараа, бас тэвчээргүй улс. Ажилд маш их хүндрэл учруулдаг болохоор энэ завшааныг тохиолдуулаад хэдэн үг хэлэх гэсэн юм. Бид угаасаа бүх төлөвлөгөө зураг хөргөө гаргаж, үйлчлүүлэгчидтэйгээ тохиролцчихоод ажлаа эхлэнэ. Яг ид дундаа ороод сайхан явж байтал эхнэр нь орж ирээд “Надад таалагдахгүй байна, би ийм юм хийлгэхийг хүсээгүй” гээд л эхлэдэг. Захиалагч маань ингээд байхаар бид ажлаа нураагаад шинээр хийх гэж оролддог. Шинэ нь ч мөн таалагддаггүй. Яах ч арга байхгүй болоод дахин буулгаж, анхныхаа зураг төслөөр хийгээд дууссасны дараа л тэдний сэтгэлд нийцдэг. Тэгэхээр дутуу юм харж нервээ барах хэрэггүй байгаа юм.

"Uptown" сэтгүүл, 2006 он.

No comments:

Post a Comment