Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 24, 2008

Н.Сүндэриа: Төөрч будилахгүйн тулд зохиосон хөгжмийн урсгалууд нь төөрмөөр олон болчихсон


Гараараа дүүрэн бөгж зүүдэг хүмүүс хэтэрхий нүсэр харагддаг. Гэхдээ түүний зүүсэн бөгжнүүд яагаад ч юм нэг л өөр. Гоёмсог гэхээсээ илүү дулаахан мэдрэмжийг төрүүлж байсан юм. Магадгүй надтай ярилцаж байсан хүмүүсээс хамгийн тод нь Сүндэриа байх аа.
Ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр өөрийнхөө санаа бодлыг хурц илэрхийлж чаддаг хэрнээ бусдын үгийг үгүйсгэж, өөрийнхөөрөө зөрүүдэлэхгүй нь сонин. Бусдын хувьд гаж ч гэмээр сэтгэхүй нь түүнийг улам чимдэг юм шиг санагдсан шүү. Тэр байгалийн хүч болоод, оюун санааны довтолгооныг юу юунаас ч илүү эрхэмлэдэг гэдгээ хэлж байсан юм. Хөгжмийн ертөнцөд маань өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгооноо эхлээд буй дуучин Сүндэриа. Түүний клипнээс утсан хүүхэлдэйн амьдралыг үзэж болно. Шинэхэн ертөнцөд тавтай морил...
-Гарандаа ямар ч олон бөгж зүүгээв дээ. Ямар учиртай юм?
-Би чулуунд дуртай. Энэ чулуунуудад дэлхий ертөнц үүсэхээс эхлээд хэдэн сая жилийн турш амьдралын эрчим хүч шингэсэн байгаа. Байгалийн хүч, нарны туяа шингэсэн байдаг учир их хурц энерги ялгаруулж байдаг л даа. Байгаль бол биднийг үүсгэсэн тэр их энерги шүү дээ. Охидууд гялгар чимэглэлүүдэд их дуртай байдаг. Харин надад тийм хиймэл юмнаас илүүтэйгээр байгалийн чулуунууд хүчтэй мэдрэмж төрүүлдэг юм. Гэхдээ гоё өнгө уран хийцэнд дуртай л даа. Би хүчтэй байх дуртай хүчтэй юм бүхэнд л татагддаг. Манай ээж намайг чулууны хоббитой болход нөлөөлсөн. Ээжид үе дамжиж ирсэн үнэт зүйлс байдаг юм. Би зүгээр нэг хүнд харагдах биш миний амьдралд нөлөөлөх талаас нь бодож чулуу цуглуулдаг. Жишээ нь Алмаз бол хүний билгийн мэлмийд нөлөөлдөг тийм болхоор ч үнэтэй байдаг байх. Ер нь судлаад үзвэл хүн төрөлхтөн зүгээр ч нэг эрдэний чулуу хэргэлж байгаагүй байх.

- Чакра буюу энергийн төвийг тайлбарлаач?
- Хүн амьдрах эрчим хүчээ хоол, агаар, нойр зэргээс авдаг бас сансараас ч эрчим хүч авдаг. Энэ нь чулуу энэ тэрээс биш илүү нарийн. Тухайлбал бясалгал байна. Хүний биед эрчим хүчийг хуримтлуулдаг төвүүд байдаг үүнийг л чакра гээд байгаа юм. Тэгээд тэр бүх төвүүдэд нөлөөлөх чулуунууд байдаг. Мөн аль эрчим хүчний төв давамгайлсан байна гэдгээс хамаарч хүн бүр өөр өөрийн амьдрах хэв маягтай.

-Хувцаслалтынхаа тухайд?
-Манай ээж дизайнер хүн. Би бага байхдаа л хувцасны зохицол мэдэрэх чадвартай байсан юм шиг санагддаг. Өөрийнхөө өмсөх хувцасыг сонгодог байсан. Зөвхөн надад зориулсан хувцасыг ээж маань оёж өгнө. Дээрээс нь ийм байвал гоё гээд л яг өөрийнхөө үзэмжинд тааруулсан загварын хувцасыг өмсдөг. Одоо ч бас Диорын, Долчэ Габанна гийн хувцаснаас илүү надад зориулсан хувцаснуудыг би илүүд үздэг юм. Саяхан дизайнер Хумбага надад зориулан бүс хийж өгсөн нь их таалагдаад байгаа. Би мэдрэмжинд нэлээд автдаг хүн л дээ. Тэгээд ч миний амьралын мөч бүрийг амьдралаас авч байгаа мэдрэмж бий болгодог. Хүн амьрах гэж л ирсэн хүний ёсоор амьдрах ч ёстой. Тиймээс ч намайг бүрдүүлж бусдын сэтгэлд бий болгодог учираас хувцсанд би их ач холбогдол өгдөг. Хүн чинь ер нь дандаа хүний сэтгэлд амьдарч байдаг юм шигээ. Заримдаа хувцасаа тохируулж өмсөж чадахгүй болохоороо ёстой их уур хүрдэг. Тэр өдөржингөө толины өмнө эргэлдсээр байгаад гадагшаа гардаггүй гээч. Хувцас бол хувь хүний илэрхийлэл. Тохируулж өмсөхөд бүх төрлийн мэдрэмж бүр түүхийн мэдлэг хүртэл нөлөөлдөг гээд боддоо, би дизайнд төрөлхийн дуртай л даа. Энэнээсээ ч таашаал авч чаддаг.

- Хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
-Олон улсын коллежид байхад олон үндэсний бүжиг гэх мэтчилэн бүжгийн хичээл авч байсан. Би бүжиглэх их дуртай. Гэхдээ дэглэсэн тийм нэг уйтгартай бүжгэнд тийм ч дуртай биш. Баллетаар хичээллэдэг. Үнэхээр дуртай. Балетийг манай багш өнгөрсөн үеэс бидэнд үлдээсэн юуг нь ч хаяж болохгүй шилэгдмэл сургалт гэдэг юм. Үнэхээр сэтгэл бие хоёрыг холбодог эрхэмсэг урлаг. Гэхдээ бусад бүжгээс ялгагдах зүйл нь хүнээс их сахилга бат хатуужил шаарддаг тийм болхоор ч би дуртай.

-Цагаан хоол иддэг болоод их хөнгөн байдаг юм болов уу?
-Мэдэхгүй ээ. Би мах идээгүй удсан болхоор мэдэрдэггүй юм. Ямар байсны нь мартчиж. Тэгээд ч тэр үед жоохон байсан юм чинь бас л хөнгөн байсан биз. Хүүхэд байхад ч гоё байж дээ. Гэхдээ би одоо ч хүүхдээрээ шахуу даа. Угаасаа том болохыг ч хүсэхгүй байна (хаха) Хариуцлага гэдгээрээ биш л дээ. Би бие даасан хүн, бүр хэтэрхий ч байж магадгүй. Гэхдээ хүүхдийн сэтгэл байхгүй бол бүх юм уйтгартай юм шиг санагддаг. Хүүхдийг тэнэг гэж бодож болохгүй хамгийн оюунлаг байдаг ш дээ бид нар ч гэсэн тийм байсан даанч мартсан. Хүүхдүүд багадаа бүгд л том мөрөөдөлтэй амжилттай амьдрана гэсэн итгэлтэй байдаг. Тэгээд том болхоороо хэн хэн болцгоодог билээ. Ямар ч хүүхэд ажилгүй хүн болно гэж мөрөөддөггүй юм.

-Энэ төрлийн уран бүтээл хийхэд юу нөлөөлсөн бэ?
-Бүх юм. Төрсөнөөс минь эхлээд өдийг хүртэл надтай тааралдаж байсан хүмүүс. Бас бүх төрлийн мэдрэмжүүд. Номнууд, хөгжим гэх мэт. Өнөөдөр анх удаа уулзаж байгаа ч гэсэн чи бас нөлөөлнө. Манай хоёр дүү бид гуравыг багаас нь Мөрдоржийн Эрдэнэбаатар багшаар төгөлдөр хуур заалгадаг байсан. Бас миний мэргэжил би МУИС-ийн сэтгүүлчийн анги төгссөн. Миний дуунууд ер нь бол миний амьдралыг үзэх үзэлээс л төрдөг байх. Тэрийгээ бусдад түгээнэ энэ ч бас нэг төрлийн хэвлэн нийтлэх хэв маяг ш дээ. Өөрийн сэтгэх аргаа бас хэлэх үгээ уран бүтээлдээ оруулдаг. Бас зарим хүнээс өөр байсан ч өөртөө үнэнч байхад европоор аялж. Дани улсад суралцсан маань нөлөөлсөн байх. Тэнд би бусдаас өөр гэж мэдэрдэггүй.

- Уран бүтээлийн урсгалаа тодорхойлвол?
- Ер нь би рок маягийн стилтэй. Зарим дуунд готик хэв маяг илэрч байх жишээтэй. Гэхдээ надад панк, электро, бүр жаз суйнг дуу ч байгаа л даа. Тухайн үед юу мэдрэх, юу илэрхийлэх зэргээс хамаарч хийдэг. Гэхдээ ер нь бол дуу хөгжим хүний сэтгэлээс л гардаг биз дээ. Тэр олон сэтгэхүйн хэлбэлзэлийг хөгжим болгосон. Тэгээд өөрсдөө төөрч будилахгүйн тулд л ангилсан нь төөрмөөр олон урсгал болсон. Рок хөгжим л гэхэд хичнээн ч янз юм хэн мэдлээ. Энэ бүхэн хүний сэтгэлээс гарч сэтгэлд хүрдэг. Надад их олон мэдрэмжүүд байдаг тэгээд л энэ бүхнийг хийдэг. Яг тэр энэ стил гэх юм уу, одоо хүмүүсийн сонсох дуртай болсон юмыг барьж авч хөгжим хийвэл би Сүндэриа гэж хүн байсны хэрэг юу байна тэр хөгжимүүд надтай надгүй байж л байна. Яг над шиг сэтгэдэг хүн байхгүй юм чинь миний уран бүтээл ч гэсэн тийм л байх ёстой. Хэн ч миний нүдээр харж чадахгүй ш дээ.

-Чи их ганцаарддаг байх. Тийм ээ?
-Тийм ээ. Гэхдээ би ганцаардахдаа жаргалтай байдаг. Өөрийгөө илүү их мэдэрдэг юм. Би ганцаарддаггүй байсан бол уран бүтээл хийхгүй ч байсан байж магадгүй. Яагаад гэвэл өөрийгөө тэгж их илэрхийлэх хүсэлгүй байсан биз. Бас ганцаараа байхад төвлөрч ая шүлэг энэ тэр бичих цаг гарна. Гэхдээ амьдралын дундаас хүмүүстэй харилцах явцад туршлага хуримтлагдаж дараа нь ганцаараа байх үедээ түүнийгээ буулгадаг.

-Залуучуудийн талаар ярилцая?
-Эрэгтэй хүмүүсийг би их сонирхдог. Хүнтэй харилцах харилцаа ер нь хүмүүс их сонирхолтой ш дээ. Надаас өөр ертөнцүүд нээгдэж байгаа ч юм шиг. Би хэцүү хүн ш дээ сонин. Надад тохирох хүн байхгүй юм байна гэж бодоод байдаг юм. Хүмүүс өөр өөртөө тохирсон хүнийг хаанаас ч юм олоод авчихсан байхад би дотны найз ч бараг байхгүй шахуу. Миний юу бодож явдгийг манай гэрийхэн ч мэдэхгүй байх тэгхээр өөрийгөө ойлгуулах хүнтэй харилцах гэдэг миний хувьд хэцүү л зүйлийн нэг.

- Чиний нүдээр харагддаг эр хүний идеал?
-Ммм, за байз. Би нэг тийм зэвүүн төрхтэй, өөрийн гэсэн ертөнцтэй, содон араншинтай залууд дуртай. Харахад, хамт байхад, бүр үнэрлэхэд хүртэл өөрийн үнэртэй... Идеал гэвэл Жонны Дэпп ч юмуу Фрэдди Мэркури.

- Фрэдди Мэркури ижил хүйстэн биз дээ?
-Гэхдээ тэр эрэгтэй хүн байсан.

-Тэгвэл яг чамд таалагдах талаас нь харвал?
-За байз би юу гэж тайлбарлах вэ. Миний хувьд хувийн ажил карер.

-Тэгвэл карергүй эр хүн чинийхээр ямар ч идеалгүй гэсэн үг үү?
-Хүн бүр зорилготой байдаг ш дээ. Үнэхээр их хүсч буй зорилго руугаа тэмүүлэх сэтгэл байсан ч түүндээ хүрэх орчин нөхцөл нь бүрдэхгүй байж болно. Зарим хүмүүс карергүй хэрнээ ямар нэг зүйл сэтгэлийнх нь гүнд нуугдаж байгаа. Тэгэхээр би хүний хүсэлд дуртай байх нь ээ. Би зөв хүсэл зорилготой хүнд дуртай. Зөв юм хийхэд үргэлж хэцүү байдаг. Бүр зөв бодход хүртэл.

-Клипэн дээр байгаа утсан хүүхэлдэй, Сүндэриа хоёр ямар ялгаатай вэ?
-Утсан хүүхэлдэй бүгд л хэн нэгний бодол санааны илэрхийлэл болдог. Заримдаа миний хийж байгаа бүхэн урьдаас төлөвлөсөн ч юм шиг. Нэг л хачин. Бурхан ч гэх юм уу, нэг тийм зүйл байгаад байх шиг... Заримдаа би яг тийм жигтэй зүйлийг мэдэрдэг. Намайг Сундэриа болгосон бухэн зохиомол юм шиг. Миний амьдралыг орчныг албаар ийм байлгаж. Намайг албаар ийм юм хийлгэж бодуулж ийм хүн болгосон юм шиг. Тэр бүхнийг би огтхон ч анзааралгүй өнгөрчихсөн ч юм шиг…

-Тэгвэл тайзан дээр байгаа утсан хүүхэлдэйнүүдийг хараад өөрийгөө ямар дүр байх байсан гэж боддог вэ?
-Хэрэв би утсан хүүхэлдэй байсан бол хамгийн хүйтэн царайтай, бас үзэсгэлэнтэй нь байх байсан. Тэгээд бас эзнээ алахыг хүсдэг байх байсан байх аа.

-Тэгвэл яагаад клипэн дээрээ эзнээ алаагүй юм?
-Хаха. Хамгийн гол нь би аллагын эсрэг хүн. Яг хүн алахдаа биш. Ердөө л эрх чөлөөг эрхэмлэдэг зан чанар маань илэрч байгаа юм. Тэр мэдрэмж яг хэн нэгнийг алуулахгүй ч гэсэн, тиймэрхүү маягаар л илэрхийлэгддэг. Үг гэдэг чинь бидний бодлоос их бүдүүн бааргийн юм ш дээ. Намайг чөлөөтэй байлгахгүй байгаа эзнээс чөлөөлөгдөхийг хүссэн тэр мэдрэмж тийм хүчтэй гэдгийг би алхыг хүсэх байсан гээд хэлчихлээ л дээ. Тэр амьд биетүүд яг надтай адилхан санагддаг. Угаасаа алж чадахгүй гэдгийг цээжин дотроос хэн нэгэн нь хэлээд байна. Энэ бол биеийн аллага бус оюун санааны мэдрэмж юм.

-Аллага ярьмаар байх чинь?
-Аллага...Эсрэг үйл, үзэл бодолтой хүнийг алах нь зарим талаар зөвтгөгдөх боловч хүний биеийг биш тэр тэнэг мунхаг үзэл бодлыг алж болох юм шиг санагддаг. Алуусан хүн тэр хэвээрээ л үлдэнэ байх. Харин хүн амьд байж л өөрчлөгддөг. Хүн сурах гэж ирсэн бид өөрчилөгдөх л гэж амьдардаг юм шиг ээ. Гэхдээ миний л бодол ш дээ. Зарим засрашгүй бүр алчихмаар хүмүүс байдаг. Хаха. Гэхдээ хүн алах юунд ч хэрэггүй.

-Цагаан хоолтон аллага ярихаар нэг л сонин байна шүү. Хэхэ.
-Би мах идэлгүй бараг долоо найман жил болж байна. Амьтдыг алж, махыг нь идэхээс зайлсхийдэг. Гурван ч удаа үхэлтэй нүүр тулгарч байсантай холбоотой байх гэж боддог. Адилхан л амь.

-Чи тэгвэл өөртөө их хайртай байх нь ээ?
-Би зорилгоо биелүүлэлгүйгээр амьдралаас явхаас их айдаг. Манай нэг найз надаас яагаад өөртөө ийм их хайртай байдагийг асууж байсан. Яагаад гэвэл би л зөвхөн өөрийнхөө үйл хэргийг хийж чадна. Өөр хэн ч биш. Өөрийнхөө хүссэн зүйлийг хэн нэгэнд хэлээд хийлгэх боломжгүй. Миний төлөө гээд хийж өгөх хүн ч байхгүй. Би хүнийг тэгж утсан хүүхэлдэй болгох ч үгүй. Тэд ч бас өөрийн гэсэн зорилго, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй. Хүний өмнөөс амьдарах хүн байгаа гэж үү? Аймар их архи уудаг, өөрийгөө хайрлахгүй олон абортод ордог, бүх юмаа гаргуунд нь гаргасан хүмүүсийг бид нар мэднэ ш дээ. Тэд нар бусдыг бас хайрлалгүй гэм хор хүргэдэг. Хүнд тус болж чадахгүй байж гай болох хэрэггүй биз дээ. Би өөртөө хайртай учираас л хүмүүсийг хайрлаж чадаж байгаа ч юм шиг... Гэхдээ нэг үг байдаг юм, бурхан чиний гэм нуглийг хэзээд уучилна харин чи өөрийгөө хэзээ ч уучлахгүй.

- Чи бид хоёрыг ийм юм ярихаар хүмүүс гайхах байх даа? Их гэгээлэг...
-Би тийм хуйтэн зэврүүн хатуу л байх дуртай.Тэр нь дээр байдаг юм. Тийм байх дуртай гэдэг нь хичээдэг биш угаасаа тийм болчихсон юм байна лээ, хүмүүс дургүй хургээд байхаар өөрин эрхгүй би ийм л болсон хүйтэн ч юм шиг. Тэгээд энэ нь намайг ийм болгосон гэдгээрээ утсан хүүхэлдэйн мэдрэмж шиг ойлгож байна уу? Ер нь заавал яагаад хүн сайхан байх ёстой гэж. Тэгээд тэр сайхан хүний загвар нь нэг тийм мангар юм шиг хүн байдаг хаха. Харин рокуудыг ч юм уу хиппичүүдийг болохоор нэг их аймар, хэрцгий байх ёстой юм шиг боддог...

-Тэгвэл зүүд энэ тэр гээд хийсвэр зүйл яръя л даа.
- Би бага байхдаа аймар уйланхай байсан. Зүүдэндээ хэт автчихсан болохоор л... Бусад хүмүүс шиг л зүүд зөнтэй байдагт итгэдэг, зүүдний тайлал хардаг. Нэг удаа өөрийгөө осолд орж байна гэж зүүдэлсэн, тэр зүүд маань биелсэн. Зүүдэнд өөр ертөнцийн амьтад нөлөөлдөг юм шиг ээ. Унтаж байхад нэг зэвүүм юм цээжин дээр суугаад хөдөлгөхгүй. Би ямаан хөлт гэж сонсохоор л аймар айдаг. Номноос уншаад л киноноос үзээд ч. Тэгээд тийм амьтантай зүүдэндээ таараад яг л хүн шиг санагдсан шүү сэтгэдэг ярьдаг. Аймар байгаа биз. Зүүдэнд амьдрал үргэлжилж л байдаг ш дээ. Биеэр бус оюун санаагаар. Оюун санаа бол хүн өөрөө л гэсэн үг. Зүүдэнд санаж авмаар юм байдаг. Урьдчилан сануулсан зүйлс зүүдээр дамждаг байх. Ямар нэг асуултын зөв хариу зүүдэнд ирдэг ш дээ.

No comments:

Post a Comment