Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 17, 2008

Quiza: Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтлоо хүлээдэг хүн биш

Хип хоп бол түүний бухимдалыг тайлах зэвсэг. Сүүлийн үед хотын соёлыг түгээнэ гээд“I love new UB” клуб байгуулж залуусыг хошууруулж байгаа нь надад ч бас таалагдаад байгаа. Quiza тамхиныхаа ишийг хогийн саванд хийдэг нь иргэний үүргээ хэрхэн биелүүлдэгийг илтгэх мэт. Намайг ярилцлага авахаар очих үед циркийн хажууд дуулгавартай нь аргагүй зогсоод зураг авхуулж байсан юм. Харин дараа нь Сүхбаатарын талбай. Эцэст нь зураг авалт дуусч Irish-ын тагтан дээр бидний ярилцлага эхэллээ. Урьд нь Quiza хаана ч хувийн амьдралынхаа тухай ингэж дэлгэрэнгүй ярьж байгаагүйг энд хэлэхэд илүүц биз. Quiza-гийн улаан фэнүүд мэдэх ёстой зүйлсийг энэ ярилцдагад шингээсэн учраас нэг газар эвээ олж суугаад, Quiza-гийн тухай сонирхоорой.


Mеtro music сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагаа бүрэн эхээр нь орууллаа... 

-“I love new UB” буюу хотын соёлыг түгээх талаар шинэ аян өрнүүлж байгаа юм байна лээ. Их дажгүй санагдсан шүү.
-Манайхан одоо хотын соёлыг хүндэтгэх цаг болсон. Бид хотдоо хотын хүсүүс шиг байхын тулд хотын соёлоос эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хот нэртэй хөдөө болж байна. 

-“Зүгээр л амьдармаар байна” гэж дуулахад юу нөлөөлсөн бэ?
-Зүгээр л амьдарч байхад саад болдог хүмүүс зөндөө байна. Заримдаа бүр аймар их бухимдал төрдөг. Тэд нарт хандаад зүгээр амьдрамаар байгаагаа хэлсэн юм аа.

- Quiza дуунй санаагаа яаж олж, хэрхэн буулгадаг вэ?
-Эхлээд санаагаа бодож боловсруулаад, дараа нь тохирох ая хийдэг.
-Дууны шүлэг гэж байдаг болохоос, шүлэгний ая гэж байдаггүй гэж ярьдаг. Харин эсрэгээр нь хийдэг хүний хувьд юу гэж хэлмээр байна?
-Миний хувьд дууны шүлэг гэж байхгүй. Шүлэгний ая л гэж байдаг. Бусад хүмүүсийн хийдэг зүйл мэдээж өөрсдийнх нь дадал зуршил байж болно. Тэгэхээр эхлээд үгээ зохиох нь миний дадал зуршил.

-Улаанбаатарын гудамж солонгосын хужаануудаар дүүрлээ гээд байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай ханддаг вэ?
-Хүний эрх гээд л яриад байдаг хэрнээ  гадаадуудыг ялгаварлан гадуурхах муухай ш дээ. Энд Хятдуудыг зодож нүдлээ гээд л байдаг, харин Хятадад манай маш олон залуус сурч байгаа ш дээ. Энийг бас бодолцож үзэх хэрэгтэй.

-Club-уудад ороод захиалдаг номер нэг сонголт ямар Drink байдаг вэ?
-Би заавал архи, киво уух ёстой гэсэн бодолтой байсан юм билээ. Харин одоо бол заавал уух ёстой гэдэг бодлоосоо мултарч чадсан шүү. Найзуудтайгаа сууж юм ярьмаар байгаа бол заавал арих, пиво уух шаардлагагүй. Ундаа аваад ууж болно.

-Quiza алкахолын төрлийн ундаа хэр их хэрэглэдэг вэ?
-Би өөрөө дуртай биш. Гэхдээ найз нөхөдтэйгээ уулзаад ярьж суухдаа авч уудаг. Найзууд хүрээлсэн тэр уур амьсгалыг эвдэхгүйн тулд юм уу даа. 

-Хамгийн сүүлд хэзээ тасарч унасан бэ?
-Жилийн өмнө. 

-Ямар үйл явдал болоод Quiza тасраад уначихав аа?
-Хөдөөгийн баясгалан реалити шоунд оролцсон ш дээ. Дуусгачихаад хотод ирээд шоуныхантайгаа хамт ууцгаасан. Тэгээд л хэтрүүлчихсэн дээ.

-Танд хамгийн удаж байгаа хэрнээ, одоо болтол өмсдөг ямар хувцас байдаг вэ?
-2005 онд Лондонд байхдаа авч байсан ганц нэг хувцас байгаа. Одоо болтол өмсдөг.

-Quiza xэдэн размерийн гутал өмсдөг вэ?
-42.

-Юуны орд вэ?
-Хилэнц.

-Зурхайн зурлага ёсоор бол миний өмнө гялгар малгайтай, чихэндээ ээмэгтэй, хээнцэр Quiza сууж байх байлаа. Та зурхайд итгэдэг үү?
-Би зурхай энэ тэрт нэг их ихгэд байдаггүй. Тэр тусмаа ордны зурлагад.

-Сахалаа хэд хоногын давтамжтай хусдаг вэ?
-Хоёр хоноод хусдаг.

-Нүүрнийхээ арьсанд анхаарлаа хандуулдаг уу?
-Заримдаа, хар батга гарахаар санаа зовдог.

-Яагаад хар батга гараад байна?
-Тамхинаас л болж.

-Яагаад тамхи татдаг юм бэ?
-Энэ асуултын хариуг олсон хүн одоогоор байхгүй байгаа. Би ч бас тэдний нэгэн адилаар хариултыг нь олоогүй явж байна.

 -Муу зуршилдаа хэр идэвхитэй байна?
-Би чинь гадуур их явж ажлаа амжуулдаг хүн. Тэрболгонд муу зуршил минь надтай хамт явж байдаг. Харин гэрээс гарахгүй бол нэг их тамхи татаад байдаггүй шүү.

-Танд тамхины хор уршигийн талаар дуу хийх бодол төрдөг үү?
-Би тийм зүйл хийвэл хүлээж авах хүмүүс байхгүй л болов уу. Тэгээд ч тийм санаа алга.

-Та уг нь өөрийнхөө хүссэн бүхнийг дуулдаг гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ яагаад хүмүүс хүлээж авахгүй гэдэгт санаа зовоод байгаа юм бэ?
-Яагаад гэвэл одоохондоо надад тамхины эсрэг дуу хийх санаа төрөөгүй байна. Тэгэхээр эсрэг дуу хийсвэл сэтгэл дотор байхгүй байгаа зүйл хурамч үгээр гарч ирнэ байх л даа. Тиймээс иймэрхүү бүтээлүүдэд дурлах хүн олдохгүй л болов уу,

-Хамгийн сүүлд хэзээ хүнтэй гар зөрүүлсэн бэ?
-Санахгүй байна. Би ер нь их томоотой өссөн.

-Гадаад пасспорт чинь хичнээн виз даруулсан бэ?
-Хуучин пасспортын хуудас нь дуусаад сольсон.

-hi5 дээр таны фэн хуудас байдаг. Мэдэх үү?
-Миний танилцуулга байдаг.

-Үгүй ээ фэн хуудас.
-Ёстой мэдэхгүй юм байна шүү.

-Фэнүүдээсээ авч байсан хамгийн том бэлэг.
-Байхгүй юм байна ш дээ.

-Quiza яг одоо ямар өнгийн дотоожтой явж байна?
-За байз. Цагаан...

-Quiza ганц бие амьдралаар амьдардаг байсан. Харин одоо эхнэр хоёр хүүхэдтэй, айл гэрийн эзэн. Гэр бүлийн амьдрал, ганцаараа байхаас асар том ялгаатай байх тийм үү?
-Гэр бүлтэй болно гэдэг амьдрал маань их тогтвортой, баталгаатай болно гэсэн үг. Ганцаараа байдаг хүн чинь яаж ч магадгүй ш дээ. Нэг одор сайхан партидаад л, маргааш нь нойр хоолгүй их ажиллах ч юм уу.

-Танд тогтвортой амьдрал их таалагддаг юм аа даа?
-Мэдээж тогтвортой амьдрал хүн бүхэнд хэрэгтэй. Надад бол маш их хэрэгтэй. Тэгээд ч би үүндээ дуртай.

-Quiza эхнэрийнхээ яг юунд нь дурласан бэ?
-Мэдэхгүй ээ. Юунд нь болсоноо мэдэхгүй. Цогц зүйл гэж байдаг ш дээ. Машин дугуйгүй бол машин биш гэдэг шиг. Яг тэрэнтэй адилхан миний эхнэр яг энэ чигээрээ л надад таалагдаад байдаг юм.

-Эхнэрээ анх хаана харж байсан бэ?
-Найрамдал зуслан дээр амарч байхдаа харж байсан. Тухайн үед 18, 19 настай л байсан даа.

-Гэрлэх санал яаж тавьсан бэ? Та дуу зохиодог хүн учраас яг ямар үгээр гэрлэх хүсэлтэй байгаагаа ойлгуулсан чинь их сонин байна.
-Гэрлэх санал тавиагүй ш дээ. Бид хоёр их удаан үерхсэн. Нэг л өдөр хүүхэдтэй болчихсон байсан. Гэрлэлт гэдэг бол бид хоёрын байнга ярьдаг байсан сэдэв л дээ. Хроюулаа одоо суучихаад ингэнэ, тэгнэ гээд л...

-Та хоёрын эхнэр нөхөр болсон өдөр Дашням, Балжиннямтай өдөр байсан уу?
-Үгүй ээ. Энгийн л өдөр байсан. Харин тэр биэр гуйх ёслол нь сайн өдөр байсан байх. Бид хоёр хурим хийгээгүй ш дээ. Та хоёрыг эхнэр нөхөр болсоныг зарлаж байна гэсэн гэрлэлтийн баталгаа авсан.

-Эхнэр чинь хартай юу? Та хардалт гэдэг зүйлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ их харддаг байсан. Гэхдээ ямар ч хүн хайрлахдаа, харамлахдаа харддаг гэж боддог. Харин одоо бол бие биенээ хардаад байдаг ямар жаахан хүүхдүүд биш. Ямар ч байсан бие биенээ мэддэг болсон, ойлгодог болсон.

 -Залуу гэр бүлд санхүүгий бэрхшээл их тулгардаг. Тийм болохоор зарим эрчүүд айл гэрийг авч явах мөнгөн хөрөнгөтэй болчихоод гэр бүлийн амьдрал зохиодог. Харин Quiza-гийн хувьд энэ бүхэн яаж өрнөсөн бэ?
-Бид хоёр мөнгөтэй, хөрөнгөтэй байхдаа суугаагүй ээ. Надад оногдсон ачааг үүрээд ямахаас өөр арга байхгүй ш дээ. Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтолоо хүлээдэг хүн биш. 

уу дуулаад дундаж амьдралаар амьдрач чадаж байна уу? Эсвэл давхар бизнес эрхэлдэг үү?
-Миний хувьд бол продюсэрийн чиглэлээр ажилладаг. Гэхдээ дундаж амьдралаар л амьдарч байгаа.

-Quiza одоо зээлтэй юу?
-Зээлтэй.

-Өргүй бол баян гэдэг үг байдаг даа. Та хэзээ бүх өрөө дараад, амар жимэр амьдрах байх гэж бодож байна?
-Тэр цаг ойрхон байгаа гэж итгэдэг. Гол нь хүн өөртөө итгэх итгэлээ алдаагүй байгаа цагт сайн сайханд хүрэх их ойрхон байдаг.

-Өөртөө итгэх итгэл тань юун дэр тогтдог вэ?
-Одооноос л хийж эхлэх юм бол бүх зүйл сайхан болно гэж боддог юм би. Бүх зүйлийг өөрөө нягталж шалгаж, маргаашдаа бэлтгэж өгөх хэрэгтэй.

-Цаг хугацааг хүлээгээд суучихдаг хүмүүс байдаг. За би 5 жилийн дараа машин авна даа гээд л... Яг ийм замаар хүмүүс цаг хугацааг алддаг. Танд алдсан цаг хугацаа байдаг уу?
-Би заримдаа би алдаж байна даа гээд хараад сууж байдаг. Би нэг сайхан гуталтай болоё гэвэл өнөөдрөөс эхлээд ажлаа сайн хийх хэрэгтэй. Тэрнээс биш за нэг сайхан гуталтай болоё доо гээд бодоод л суугаад байвал гутал гүйгээд ороод ирэхгүй ш дээ.

-Танд байдаг хамгийн үнэтэй зүйл. Гэхдээ эд материал шүү.
-Миний байр л юм даа.

-Хэдэн өрөө байр, ямар үнэтэй авсан бэ?
-Байр үнэ ороогүй байхад 50 саяаар авсан.

- Quiza хүүхдийн мөнгө авдаг уу?
-Авалгүй яахав. Монгол улсын иргэн юм чинь эрхээ эдэлнэ ш дээ.

-Хүүхдийн мөнгө амьдралд хэр их хэрэг болж байна?
-Мэдээж хэрэг бололгүй яахав. Хоол хүнс, хүүхдүүдэд хэрэгтэй амин дэмийг авахад нэмэр болдог ш дээ.

-Та хүүхдээ цэцэрлэгээс нь авдаг уу?
-Авдаг. Заримдаа хүргэж өгдөг.

-Охидуудад чинь урлагийн авьяас ажиглагдаж байна уу?
-Манай тои охин бол аймар бүжигчин ш дээ. Зурагтаар гарсан бүжигийг бол дууриагаад л... Гэхдээ одоохондоо би ажиглаж шатандаа явж байгаа. Нэг удаа эзэг эхийн хуралд сууж байтал багш нь асуулттай цаас өгсөн юм. Тэр цаасан дээр “танай хүүхэд юунд дуртай вэ” гэдэг асуултыг би хоосон орхисон. Тэрнээс хойш юунд дуртайг нь мэдэх гээд их ажигладаг болсон
-Таныг зурагтаар гарч байхад охин чинь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Гарч байх ёсой л гэж боддог юм шиг байна лээ ш дээ. Бүх хүүхдийн аав нь гарч байдаг гэсэн шиг л хүлээж авдаг. Гэхдээ юу боддогийг нь би сайн мэдэхгүй байна.

-Хамгийн сүүлд хэзээ гэрийнхээ хүнсийг цуглуулсан бэ?
-Өнөөдөр цуглуулсан юм байна ш дээ. Ер нь эхнэртэйгээ байнга цуг явдаг л даа. Эхнэр ганцаараа явах их хэцүү.

-Quiza ер нь ямар загварын пудволк өмсөх дуртай вэ?
-Нэг хэсэг поло гийн пудволкийг өнгө өнгөөр нь өмссөн. Харин одоо энгийн бөөрөнхий захтайг өмсдөг болоод байгаа. Харин өнгөний хувьд сольчихож гэж мэдэгдэхээргүй төсөөтэй өнгө сонгодог.

-Таныг стилл имиж бүрдүүлээгүй дуучин гэж боддог юм. Миний мэддэг хип хоп дуучид ихэвчлэн өнгөн өмд, навсгар цамцтай байдаг л даа.
-Би тэр тал дээр анхаардаггүй. Яагаад ч юм надад хип хоп хувцас таалагддаггүй.

-Хэн нэгэн дизайнер хүрч ирээд Quiza би чиний имижийг бүрдүүлж өгве гэсэн санал тавьж байсан уу?
-Тийм тохиолдол гарч байсан. Гэхдээ би зөвшөөрөөгүй болоод л одоо ингэж хувцаслаад явж байна ш дээ. Гэхдэ үнэхээр чухал үйл ажиллагаанд оролцож байгаа бол тэр өөрийн байр суурийг илтгэх асуудал учраас.

-Quiza костьюм өмсөөд тольны өмнө зогсож байхдаа юу боддог вэ? Аая би саак харагджийна, эсвэл энэ би биш толь ч гэх юмуу элдэв бодол орж ирдэг үү?
-Костьюм ярьсан чинь хурим санаанд орж байна. Костьюмыг дандаа л хуриман дээр өмссөөр байгаад дасчихаж. Өөр үед бол бараг өмсдөггүй шүү.

-Таны хувцаслалтыг ажаад байхад анхаарлын төвд байх дургүй хүн шиг санагдах юм.
-Багадаа ичимхий байсан болоод ч тэр үү одоо олны хараанд байхыг хүсдэггүй. Харин анхаарлын төвд байнга байдаг хүмүүс сүүлдээ бүр яахаа мэдэхээ больдог байх гэж боддог юм.

-Ичимхий зан чинь хэвээрээ байгаа юу?
-Одоо ичихээ больсон. Том болсон шүү дээ.

-Та хувцасаа өөрөө угаадаг уу?
-Угаалгын машин угаадаг.

-Ер нь эрэгтэй хүмүүс гэртээ ирээд гуталаа тайлж шидээд, оймсоо шидээд дурагтын өмнө суучихдаг. Quiza гэртээ ороод хувцасаа хаанаас нь эхэлж тайлдаг вэ?
-Ороод л гутлаа тайлаад, зэрэгцүүлж тавина. Тэгээд гадуур хувцасаа тайлаад л гэрийн амьдрал эхэлнэ дээ.

-Quiza оймсоо тайлаад яаж тавьдаг вэ? Хоёр тийш нь шиддэг үү эсвэл орныхоо доор өшиглөчихдөг үү?
-Хэхэ. Би нэгийг нь нөгөөгийнх нь дотор хийгээд эвтэйхэн бөөрөнхийлчихдөг ш дээ.

-Жилийн өмнө танаас “би мөнгөний төлөө дуулдаг” гээд ярилцлага авч байсан юм байна. Тэр үед нэлээд олон хүмүүс Quiza-г өмөөрч залгаж байсан шүү.
-Энэ ойлголт манай нийгэмд буруугаар ойлгогддог. Мөнгөний мөлөө дуулдаг бол муу дуучин, сонирхолоороо дуулдаг бол сайн гэж ойлгодог хандлага их. Гэхдээ өнөөдөр ажлаа сайн хийх хэмжүүр яах аргагүй мөнгөн үнэлэмж дээр тогтож байгаа. Уран бүтээлч хүнд мэдээж цааш цаашдынхаа ыүтээлийг хийх хөрөнгө хэрэгтэй.

-Таны дууны үг их энгийн байдаг. Тэгсэн хэрнээ хүмүүст их хүрдэг ш дээ. Харин гадаадын хамтлаг дуучид хараалын үг хэрэглэдэг. Та ер нь хэр их хараалын үг хэрэглэдэг хүн бэ?
-Гадаадуудыг сэтгэлгээ өөр л дөө. Хараалын үгтэй дуу сонсоод энэ хүн бухимдалаа тайлж байна гэж хүлээж авдаг.Харин манайхан бол энэ намайг харааж байна гэдэг. Тэгэхээр би цомгийг маань худалдаж авдаг сонсогчдыг яасан гэж харааж байхав дээ.

-Энгийн үед?
-Бүр их бухимдсан үедээ хааяа нэг хэлчихээд байдаг юм. Гэхдээ хүмүүст сонсогдохооргүй л дээ. Хэхэ. 

-Чих чинь цоорхой юм байна. Яагаад ээмэг зүүдэггүй юм бэ? Эсвэл бага насны алдаа юм уу?
-Би алдаа гэж боддоггүй ээ. Чихээ цоолод зохиж магадгүй гэсэн чинь зохиогүй. Тэгээд л дахиж ээмэг зүгээгүй дээ.

-Та пэрсинг, шивээстэй юу?
-Байхгүй ээ. Сонирхдоггүй.

-Тэгвэл пэрсинг, шивээстэй хүмүүс танд ямар харагддаг вэ?
-Стийлтэй дажгүй харагддаг шүү.

-Гадаадын нэг мундаг кропюсэр ирээд Quiza бид чамайг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн од болгомоор байна. Монголын дуучдаас чамайг сонголоо. Харин чи шивээс, пэрсинг хийлгэж, үс сахалаа ургуулаад өөрийгөө бүрэн өөрчил гэвэл та яах вэ?
-Хэцүү л юм байна. Хэрэв тэр хүмүүс намайг чадна гэж харсан бол мөнгөө сайн төлвөл болно ш дээ. Яагаад би Монголоор дуулдаг вэ гэвэл англиар монгол хэлээрээ дуулж байгаа шиг сайн дуулж чадахгүй.

-Хүн нас барсаныхаа дараа сүнс болдог гэдэгт та итгэдэг үү?
-Итгэдэг.

-Би нэг муу ёрын юм асуучихья. Та нас барчихаад сүнс болчихсон явж байхдаа хамгийн түрүүнд хаашаа зүглэх вэ?
-Мэдэхгүй байна. Тэр үеийн байдлааса л болох байх. Энэ талаар огт бодож үзээгүй юм байна. Ямар ч байсан дахин төртөлөө хүлээх байх аа. 

-Бидний амьдрач байгаа нийгмийнг муу муухай гээд байдаг. Гэтэл та энэ газарт дахин төрөхийг хүсээд байна гэж үү?
-Хүмүүс амьдралыг там, үхлийг диваажин гээд байдаг. Харин миний хувьд үхэл бол амьдралын нэг хэсэг. Хүн бүр үхдэг. Харин амьдралын муу тал гэдэг нь үхэл биш архинд орж, өвгөнтөд гарах зэрэг л байдаг байх даа.

-Тэгвэл та амьдралд тэмүүлдэг хүн юм байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж би амьдралыг үр бүтээлээр дүүрэн өнгөрөөхийг хүсдэг.

 Ингэж хоёр цаг шахам үргэлжилсэн бидний ярилцлага дууссан юм. Зузаан цувтай байсан би даарсандаа чичирч харьсан. Харин цамцтайгаа сууж байсан Quiza нэг бол гүрийсэн, эсвэл төрөлхийн их чийрэг хүн байх гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Сэтгэгдэлүүд:

1. Ганхүү | 2008-09-29 17:14:00
хэ хэ сайхан ярилцлага болжээ хөө
2. Puj (зочин) | 2008-09-29 19:11:45
Omno ni orj irj bgaagui blog bna.anh udaa orj irlee. Ene blog-g sain sonirhchood garnaa,yagaad gevel blog-n tuhai ni ih taalagdlaa,tegeed bas quiza-giin interview bsan ni buuuuuuuuur ch ih taalagdlaa. Quiza ch yahav bdgaaraa l bna,asuultuud harin ih zugeer sanagdlaa, :-)
3. goy baina (зочин) | 2008-09-30 00:19:42
quiza bas goy yarix yumaa, enenii umnu ni BX-n yariltslagiig unshcan chin demii yaria ni taalagdaagui, quiza uxaantai zaluu yumaa,
-Та хувцасаа өөрөө угаадаг уу?

-Угаалгын машин угаадаг.
ene xamgiin goy ni
4. dream | 2008-10-04 23:16:51
niponi chin metro musictai hamaatai yumuu???????
lestat /badar uugan?goosh?/ ahiig tegvvl bas medehnee
5. Нипонь | 2008-10-06 00:18:01
Хэ. Ууг нь ууганааг сайн мэддэг гэж боджийсийн. Гэхдээ хүнийг таньж дуусахгүй гэдгийг ойлгосон доо. Сэтгүүлийн хувьд анхны дугаарыг нь цэгцэлж өгсөн төдий...
6. ordinary | 2008-10-06 00:29:05
Миний ганц сонсох дуртай монгол дуучин. Гоё ярилцлага, гоё асуулт, гоё хариултууд байна даа.

Гол нь хүн өөртөө итгэх итгэлээ алдаагүй байгаа цагт сайн сайханд хүрэх их ойрхон байдаг. Энэ сайхан хэлсэн байна..

No comments:

Post a Comment