Гараараа дүүрэн бөгж зүүдэг хүмүүс хэтэрхий нүсэр харагддаг. Гэхдээ түүний зүүсэн бөгжнүүд яагаад ч юм нэг л өөр. Гоёмсог гэхээсээ илүү дулаахан мэдрэмжийг төрүүлж байсан юм. Магадгүй надтай ярилцаж байсан хүмүүсээс хамгийн тод нь Сүндэриа байх аа.
Ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр өөрийнхөө санаа бодлыг хурц илэрхийлж чаддаг хэрнээ бусдын үгийг үгүйсгэж, өөрийнхөөрөө зөрүүдэлэхгүй нь сонин. Бусдын хувьд гаж ч гэмээр сэтгэхүй нь түүнийг улам чимдэг юм шиг санагдсан шүү. Тэр байгалийн хүч болоод, оюун санааны довтолгооныг юу юунаас ч илүү эрхэмлэдэг гэдгээ хэлж байсан юм. Хөгжмийн ертөнцөд маань өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгооноо эхлээд буй дуучин Сүндэриа. Түүний клипнээс утсан хүүхэлдэйн амьдралыг үзэж болно. Шинэхэн ертөнцөд тавтай морил...