Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, August 20, 2009

Өнгөрсөн жилийн "Universe best songs" тэмцээний ялагч Ч.Цэлмүүнийг ээжтэй нь хамт ярилцлагад урьсан юм. Play me сэтгүүлийн "Ээжийн танхил охид" буландаа урьж байна.  


Ариунтуул: Миний охин бага байхын л аав ээжийн сайн охин байх гэж их хичээдэг хүүхэд байсан. Ээждээ хоол унд хийхэд нь аль болох туслахыг хичээгээд л их эгдүүтэй. Багаасаа зураг зурах, дуу дуулах, хөгжим дарах сонирхолтой хүүхэд байсан даа. Эмээгийнхээ авъяасыг дагаад ч тэр юм уу урлаг талдаа их элэгтэй. Тэгээд дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Аав, ээжийн хайртай ганц охин. Тэр ч утгаараа хайр нь гаднаа, хал нь дотроо гэдэг үгийг баримталж ганц охиноо хүмүүжүүлсэн дээ. Нэлээн хатуу шаардлага дор өссөн гэж хэлж болно.

Цэлмүүн: Орой долоон цагаас хойш гарч болохгүй, наймаас өмнө гэртээ бэлэн бай гэдэг байсан. Тэр ч бүү хэл яг 9.40 гэхэд орондоо орсон байх ёстой гэдэг байсан ш дээ. Ээж өөрөө тийм дайчин хүн л дээ. Намайг жаахан байхад ээж хоёр талдаа том цүнх үүрээд ажилдаа явдаг байсан юм. Дүүрэн номтой болохоор маш хүнд. Би одоо оюутан болоод яг ээж шиг л явдаг болсон. Тэгээд хүн ээжээсээ их үлгэр дууриалал авдаг юм байна гэж ойлгосон. Хэн нэг супер одыг дууриахаас илүүтэйгээр ээж л надад хамгийн ойр, хамгийн том, хамгийн агуу үлгэр жишээ. Ер нь ээжээс илүү дайчин, мэрийлттэй хүн байхгүй юм шиг санагддаг шүү.



Ариунтуул: “Universe Best Songs” дууны уралдаанд орно гэхэд нь ялж, ялагдаж үзэх хэрэгтэй гэдэг байр суурьнаас хандаж байсан. Харин түрүүлнэ гэж огт бодоогүй ээ. Энэ ялалт манай гэр бүлд шинэ уур амьсгал оруулсан. Миний охины хэлний авъяасыг үнэлсэн гэж бодож байгаа. Өөрөө ч хэл сурах сонирхолтой юм шиг байдаг юм. Одоо Англи, Орос, Япон хэлтэй. Нэмээд Солонгос хэл үзэж байгаа. Тэгээд ч оюутан хүн болохоор сурах зорилгодоо л анхаарлаа хандуулах хэрэгтэй л дээ. Би ч гэсэн тус болох гэж хичээл сургуульд нь хүргэж өгөхийг боддог.

Цэлмүүн: Өглөө хичээлдээ явахдаа ээжтэй хамт гарахыг боддог. Өөрөө машингүй болохоор аль болох ээжээр хүргүүлэхийг бодно. Тэгээд өглөө гэрээс гарах бэлтгэл ажил их ш дээ. Өрөө өрөөндөө гүйлдээд л. Эмэгтэй хүмүүс болохоор үс гэзгээ янзална, нүүр амаа будна гээд л нэлээд хугацаа зарцуулна. Түрүүлж бэлэн болсон нь нөгөөхөө хүлээнэ. Хүлээх зуураа нервтэнэ. Хурдал, би хоцорлоо гээд л манаад зогсчихно ш дээ.

Ариунтуул: Өөр өөр араншинтай хүмүүс хааяа маргалдах үе бий л дээ.

Цэлмүүн: Ээжийг уурлуулчихаараа би тайван сууж чаддаггүй юм. Ээжийнхээ өмнө би өөр зүйлийг тавьж чаддаггүй. Өөр, өөр өрөөнд байхад хүртэл аягүй их юм бодогдоод л... Ээж уйлчихвал яанаа, ээжийн даралт нь ихэсчихвэл яанаа гээд л... элдэв юм бодогдоод дотор тавгүйтнэ. Тэгээд зовлонгийн түргэн нь дээр гэдэг шиг гялс очоод уучлалт гуйчихвал амар байдаг. Мэдээж уучлалт гуйхад тэр болгон амархан байдаггүй, надаас их юм шаардана л даа. Би охин нь юм чинь яалт ч үгүй түрүүлж очих хэрэгтэй л дээ.

Ариунтуул: Би заримдаа өөрөө өөрөөсөө ичдэг. Миний охин надад буулт хийгээд, “Ээж ээ намайг уучлаарай” гээд тэврээд үнсдэг. Тэгэхээр би өөрийгөө засах хэрэгтэй юм байна гэж боддог. Буулт хийх тал дээр эхний алхмыг хийж чаддаггүй юм шиг байгаа юм.

Цэлмүүн: Эрэгтэй хүн товч, тодорхой байдаг. Яриагаараа ч тэр, байгаа байдлаараа ч тэр. Харин эмэгтэй хүн нэг бүрчлэн дүрсэлж ярьдаг. Ээж минь юм ярихдаа бүх юмыг яг тэгж дэлгэрүүлж ярьдаг. Тэрийг нь сонсохоор миний хувьд их цаг авна. Удаан сонсох хэрэг гардаг. Намайг өрөөндөө сууж байхад ээж орж ирээд яриад л байдаг, яриад л байдаг. Энэнээс болоод ихэнх маргаан үүсдэг дээ.

Ариунтуул: Одоо л би охиндоо хайр халамж үзүүлэх тал дээр илүү анхаардаг болж байгаа. 18 настай том охин болчихлоо. Нэг л мэдэхэд миний охин тусдаа гараад явна. Бид нартай байгаа энэ богинохон хугацаанд амьдралд нь хэрэгтэй бүх зөвлөмж, зөвлөгөөнүүдийг хэлэхийг чармайж байгаа.
Цэлмүүн: Би ээжийг надад сайн сайхныг хүсдэг гэдгийг мэддэг. Заримдаа миний хүслийг их хорьдог л доо. Зүгээр нэг жижигхэн зүйлийг хүртэл анхаардаг. Жишээ нь би чихэртэй цай уух дуртай л даа. Бүр маш их чихэр хийж уудаг. Харин ээж маань намайг чихэртэй цай уухыг хориглосон. Надад аймаар муухай байдаг. Миний дуртай юмыг хориход би дургүй ч гэлээ ээжийн үгнээс ерөөсөө зөрж чаддаггүй юм.

Ариунтуул: Таалагдсан бүх зүйлээ аваад яваад байж болохгүй. Хүсэл, хэрэгцээ хоёроо ялгах хэрэгтэй. Байгаа зүйлдээ сэтгэл ханах ч юм уу, тиймэрхүү амьдралын нарийн ухааныг охиндоо сургахыг эрмэлзэж байна. Миний охин ээжийгээ их сайн ойлгодог.

Ярилцсан: сэтгүүлч Т.Нипонь
Зураг дарсан: Б.Батбаяр

1 comment: