Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, March 3, 2012

“БУРХАН ӨРШӨӨГ” КИНО ИНЭЭЛГЭЭГҮЙ Ч, ЭМГЭНЭЛ ТӨРҮҮЛЛЭЭ



Гэхдээ энэ эмгэнэл бол уран бүтээлчдийн бидэнд хүргэхийг зорьсон тэр эмгэнэл биш. Монголын кино урлагийг үнэгүйдүүлж буй шинэ үеийн уран бүтээлчдээс эмээх эмзэглэл бүхий эмгэнэл.

Сүүлийн үед олигтой кино нэг ч гарсангүй. Үнэндээ бол 2010 онд дэлгэцнээ гарсан “Орхидос” хэмээх хоёр ангит кино болон өнгөрсөн жил бүтээсэн “Бодлын хулгайч”-аас өөр сайн гэж үнэлэх бүтээл алга. Манай үзэгчид өлсгөлөн байсан үе бий. Гэхдээ одоо бол өөр. Манай залуус дэлхийн шилдэг киног гэртээ үзэж, киног зохиолтой нь харьцуулж, уран бүтээлчийн хэлэх гэсэн санаатай нь жишин дүгнэж байна. Гэтэл манай кино урлаг өнөөх л арилжааны сэтгэлгээнээсээ салсангүй. Энэ хямдхан сэтгэлгээ манай кино урлагийг улам хямдруулсаар байгааг уран бүтээлчид ярьдаг. Гэсэн ч энэ яриа зүгээр л халаглаад өнгөрөх хугацаанд хүмүүсийг сэртхийлгэдэг юм. Дараа нь улигт сэдвүүд кино театрт хөвөрсөн хэвээрээ…
Өчигдөр нээлтээ хийсэн “Бурхан өршөөг” киног үзлээ. Ур хийц нь сайхан юм. Гэхдээ нэг л хуучин сэтгэлгээ. Шинэ шинэ гэж амласаар байсан уран бүтээлчид Монголын нийгэмд бугшсан хув хуучныг шинээр туурвижээ. Уг нь кино гэдэг хэзээ ч хуучирдаггүй, үргэлж шинэ санаа сэдэл төрүүлж бай даг зүйл юм. Миний киноны цуг луулгад Америкчуудын хайр тай 1946 оны “It is a Wonderful life” кино ноос эхлээд энэ жилийн Оскарыг түүсэн “Уран бүтээлч” хүртэлх 600 орчим кино бий. Тэдгээрийг үзэх тоо лондоо шинэ шинэ санаа “олдог” хэдий ч Монголынхоо шинэ гэсэн киног үзэхээр тогтоогоод авах зүйл үгүй юм. Уран бүтээлийг хүртэл халтуурдах болсон нь зүй тогтол шахуу болжээ. Үүнийг орхиод, “Бурхан өршөөг” киног үзээд төрсөн сэтгэгдлээ тантай хуваалцмаар байна. Юуны өмнө эл киноны үндсэн санаа болох А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолыг тухай товч өгүүлье.
Энэ зохиол Иван Дмитрыч Червяков нэрт түшмэл “Корневилийн хонх” бүжигт дуурийг үзэж байгаагаар эхэлдэг. Үзвэрийн үеэр гол дүрийн түшмэл маань найтааж орхидог юм. Найтаасныхаа дараа Зам харилцааны яаманд албан хааж буй генерал Бризжалов урд нь сууж байгааг анзаарна. Том тушаалын хүн рүү шүлсээ үсэргэснээсээ эмээн, уучлал гуйх гэж удаа дараа оролдсон боловч өнөөх генерал үүнийг огт тоосонгүй. Учир нь хүн бүхэн л найтаадаг шүү дээ. Харин жүжгийн маань гол дүрийн баатар Иван Дмитрыч Червяков энэ л найтаалтаас болж сэтгэл санаа нь хямарсан юм. Тэгээд гэртээ ирж, ёслолын хувцсаа ч тайлалгүй хэвтээд. Нас баржээ.
“Бурхан өршөөг” киноны гол дүрийн залууг Ботго овогт Гоёогийн Цэлмэг гэдэг. “Түшмэлийн үхэл” жүжигт гардаг Иван Дмитрыч Червяковтой адил санаа бодолтой энэ залуу зөөлөн суудалд суухын төлөө даргын ул долоож явдаг нэгэн аж. Албан тушаал ахиж, баяжина гэдгээс цаашхыг тэр бодож байсангүй. Цэлмэг ердөө л даргын татаасаар тушаал дэвшиж болдог гэдгийг л мэднэ. Түүнд “томорно” гэдгээс өөр бодол үгүй бөгөөд өөрийн арчаагүй дорой байдлаас гарахын тулд хэн нэгэн даргыг царайчлахаас өөр аргагүй мэт билээ. Уг хүн нь хүний албан тушаалтай харьцдаг бялдууч юм. Энэ дүрд тоглосон М.Баярмагнай анх удаа уран сайхны кинонд гол дүр бүтээж байгаа нь энэ. Тэрбээр энэ тухай ярихдаа, “Цэлмэг хэмээх залуугийн дүрийг бүтээж байхдаа би дэлгэцийн урлаг тайзнаас асар хол гэдгийг мэдэрсэн. Тайзан дээр алдаа гаргалаа гэхэд мар гааш нь засчихаж болно. Харин кинонд тоглож буй нэг агшны жүжиглэлт л киноны уур амьсгалыг тэр чигт нь бүрдүүлдэг. Биеэрээ биш царайны хувирал дууны өнгө тун чухал юм билээ. Тэгээд ч кино чинь мөнхийн бүтээл шүү дээ” гэсэн юм.
Харин сайд Сундуйгийн дүрийг бүтээсэн Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатарын үг бүр нь үнэтэй байлаа. Чихэнд биш зүрхэнд сонсогдмоор үгс залууст маань хэрэгтэй. Аргагүй л сайн жүжигчин дүрийг амьдруулдгийг Ц.Төмөрбаатар гуай харуулсан юм. Гэхдээ мөн л захиалга маягийн яриа байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Энэ дүр мөнөөх “Түшмэлийн үхэл” жүжгийн генерал Бризжаловын монгол хувилбар юм.
Энэ хоёр дүрийн харилцаанаас кино үргэлжилнэ. Сундуй сайд импортын хүнсний ногоо ард түмний эрүүл ахуйд хохирол учруулж буйг таслан зогсоохын тулд хилээр хүнсний ногоо импортлохыг хориглосон тушаал гаргав. Харин сайдад их хэмжээний мөнгө санал болгож байсан хүнс импортлогч залуу түүний гэр бүлд заналхийлнэ. Сайд “Монголын төр ариун байх болтугай” гэж хэлээд огцорч байгаагаар эл киноны гол өгүүлэмж өндөрлөдөг. Мэдээж зохиол ёсоор Цэлмэг үхэх ёстой. Эрх мэдлийн төлөө улайран зүтгэсэн Цэлмэг албан тушаал авсан өдрөө зүрхний эмээ хэтрүүлэн амиа егүүтгэсэн юм. Маргааш албан тушаалтай хамт ирэх айдас дарамтын тухай сайд Сундуй түүнд ойлгуулж чадсан нь энэ билээ. Энд өгүүлэх нэгэн санаа бол албан тушаалд шунах хэрэггүй гэсэн ухагдахуун. Харин нөгөө талаас харвал улс орны төлөө санаа тавих бус мөнгө “идэх” хүн л сайд болох ёстой гэсэн аж. “Түшмэлийн үхэл” зохиолын гол дүр генералаас уучлал сонсож чадаагүйдээ гутарсан бол “Бурхан өршөөг” киноны Цэлмэг сайдаас өөрийн бодит байдлыг харсан юм. Тэр үнэхээр л сайдын хэлсэнчлэн “дарга болж чадахгүй хүн” билээ.
Улс төрийн сэдэвтэй энэ киног захиалгаар хийгээгүй гэж уг киноны найруулагч З.Батболд хэлсэн. Гэсэн ч хоёр үзэгдэл дээр 3-6 минут үргэлжилж буй Ардчиллын тухай ойлголтын “хичээл” нэг л биш санагдаад явчихсан. Учир нь уран бүтээлчийн нүдэнд улс төр “ийм өнгөтэй” харагддаггүйг би мэднэ. Тэр хэсгүүдийг захиалга биш хэмээн эерүүлэх талаас нь хүлээж авах гэж зөндөө оролдсон ч болсонгүй. Учир нь тэнд өгүүлсэн Ардчилал бидний мэддэгээс өөр байв. Надад бол тулган шаардалт мэт санагдлаа. Уг нь энэ эрх чөлөө гэдэг зүйлийг Ардчилал, аль нэг хувьсгал бидэнд өгөөгүй. Бид эрх чөлөөтэй төрсөн. Харин Ардчилал гэж хүмүүийн дуу хоолойны “тэсрэлт”, ихэнх улс орнуудын дайран өнгөрсөн зогсоол биш үү…
Нэг цаг 57 минут үргэлжилсэн энэ киног надтай хамт үзсэн танхим дүүрэн үзэгчдэд ямар сэтгэгдэл төрсөн бол… “Үнэхээр гоё кино болжээ” гээд, сэтгэл хангалуун гарч байгаа залуус нөгөө эмзэглэлийг маань улам л дэвэргэснийг нуух юун. Тэд өөрийг нь чичилж “Ардчиллыг ойлгодоггүй, бодол санаа нь хүний сүг болсон, зөөлөн суудалд зүтгэдэг” хэмээн эрүүлжүүлэхийн өрөөнөөс загнаж зандарсан Манлайбаатар хэмээх архинд донтсон залуугийн үгэнд алга ташиж байлаа. Н.Ялалтын бүтээсэн энэ дүр сайхан дүр. Н.Ялалт сайн ч тоглосон. Гэхдээ үзэгч рүү чичилнэ гэдэг ухамсрын доройтол юм. Тэр тусмаа ямар нэг үзэл суртлын ухуулга маягийн зүйл ярина гэдэг тархи угааж буй үйлдэл билээ. Зарим үзэгдэл дээр үзэгчид нирхийтэл инээлдэж байхыг сонсоод “Big Line Film”-ийнхэн үзэгчийн сэтгэл зүйд тааруулсан кино хийдэг болохыг анзаарав. Үзвэрээр цангаж яваа залуус дахиад зөндөө олон байгаа бололтой.
Гэхдээ яг энэ тохиолдолд “Би олж харсангүй, би ойлгосонгүй, уучлаарай” гэж хэлбэл ухамсартай үйлдэл болох байх. Тиймээс кино урлагийн төлөө харамсаж буй эмзэглэлийнхээ төлөө уучлал хүсье.
Эцэст нь Д.Отгонжаргалд алга ташмаар байна. Түүний “Өнө мөнх эх орон” дуу энэ киног аварлаа. Зүрхэнд мөнх эх орныг минь зүүдэнд ч мөнх болохыг сануулсан энэ дууны үг, тэр л хүчирхэг аялгуу нь кинонд өгүүлэх гэж хичээсэн нийтлэг хөндүүрийг улам л тодруулах шиг болсон юм. Тэр хөндүүр бол монгол хүн бүрийн хөмсгийг атируулж буй улс төрийн зөөлөн суудлын төлөөх тэмцэл билээ. Энэ тэмцэлд бүгд тэмүүлэх хэдий ч тэр суудалд хүн бүр суудаггүй. Тэнд зөвхөн авлига авч чаддаг хүн л суудаг ажээ.
Т.НИПОНЬ /mongolnews.mn/

3 comments:

  1. үзэж амжаагүй л явна. жилийн дараа л үзэх байх. гэхдээ нипоноо чи дэндүү юмыг нэг талаас нь харж байж магадгүй л юм.

    ReplyDelete
  2. Хүмүүс ихэвчлэн нэг талаас хардаг юм шиг. Зеритл бол алга ташаад л байна лээ. Өөрөө үзээрэй.
    Уг нь кино бүтээгчид, уран бүтээлчид олон талаас харж байж хүн бүрт зорилтот санаагаа хүргэдэг ёстой. Мэдээж суралцаж, шинийг эрж яваа залуу уран бүтээлчид бусдын харсан өнгийг сонсож гэмээнэ дараагийн уран бүтээл чанаржина гэж боддог.

    ReplyDelete
  3. Тэр ардчилалын тухай хэсгүүд жоохон нуршуу байсан ч үүнийг эс тооцвол маш сайн кино болсон, бидэнд эмгэнэл төрнө үү гэхээс кинон урлагт биш!

    ReplyDelete