Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, April 2, 2012

АЙДСЫН ДАРААХ ГҮН ТАЙВШРАЛ








 “Silent Hill” буюу “Чимээгүй толгод” киног мэдэхг үй хүн үгүй. Энэ киноны зохиол гайхамшигтай боловч хөгжмийн зохиол нь киног амь оруулсан. Зохиолоо гүйцэхээр кино үгүй гэлцдэг. Харин “Чимээгүй толгод” бол сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн жинхэнэ кино. Цочиж, сандрах юу ч үгүй боловч энэ киног үзсэний дараа эргэн тойрон дахь нам гүм байдал айдас төрүүлнэ. Тэр ч бүү хэл чимээ шуугианаас ч жийрхмээр болно. Тэгвэл энэ л “хүнд” мэдрэмжийг энэ киноны хөгжмөөс дангаар нь мэдэрч болж байна билээ. Чихэвчээ эцэст нь тулгаад “Silent Hill” киноны дуунуудыг цувуулан сонс. Дөчин хоёр дуутай энэ листнээс “Room of Angel” буюу “Сахиусан тэнгэрийн өрөө” дууг нь онцлох байна. Тэгээд миний юу хэлэх гээд байгааг та мэдэрнэ. Байн байн эргэж хармаар эсвэл нүдээ тас аниад юу ч бодолгүй алхаад баймаар тийм этгээд сэрэл асна. Тийм ээ, энэ бол айдас. Айдсаас таашаал авна гэж үгүй. Харин айдсын дараах тайвшрал жинхэнэ “сул” амьсгалын амтыг мэдрүүлнэ.
Энэ л сул амьсгалыг Акира Ямаокагийн “ажил” гэж хэлмээр байна. Акира Ямаока. Тэр бол Японы бахархал. Түүнийг уран бүтээлч гэхээсээ илүү сонсголын мэргэжилтэн гэж нэрлэмээр үе олон бий. Видео тоглоомын хөгжмийн зохиолч, дууны найруулагч мэргэжилтэй энэ хүн 1968 оны хоёрдугаар сарын 6-нд төржээ. 1993-2009 оны хооронд “Киноми” видео тоглоомын үйлдвэрт ажиллаж байсан гэдэг. Тэр л үед видео тоглоомын хорхойтнууд Акирагийн зохиосон аяыг сэтгэл дотроо цээжилчихсэн байдаг байв. Эхлэх дуу, төгсгөлийн дуу гээд л... Харин Акира дунд сургуульд байхдаа л анхны комбинацаа хийж байсан гэдэг. Тэр угаас нүргээнийг шүтэн биширдэг. Харин одоо бол нүргээнийг чив чимээгүйтэй гайхалтай хослуулдаг уран бүтээлж болсон. 2004 онд Акира видео тоглоомын симфони концерт тавьж байсан удаатай. Энэ бол цоо шинэ зүйл байсан юм. Хөгжмийн хувьсал, эрч хүчийн тэсрэлт. Эндээс л видео тоглоомын дуу сэтгэл хөдлөлд илүү хүчтэй нөлөөлдгийг судлаачид анзаарсан байдаг. Хүмүүс ч гэсэн алга таших завдалгүй энэ тоглолтыг үзсэн байна билээ. Акира өөрийнхөө сонсголын тухай “Би дунд сургуулийн сурагч байхдаа 80-аад оны бритиш стиллийн дуу сонсдог байлаа. Тэгээд л европ маягийн мэдэрхүйгээ өдий хэр нь гээгээгүй. Ихэвчлэн Ултравокс, Виссаж Акони Планкийн дуунуудыг таалдаг байсан. Бас Герман дуунд ч дуртай. Яг одоо санаанд орж байгаа нь Нитзер Эбб, Пропагандын дуу байна. Үнэндээ панк рок дуунд туйлширч явсан үе бий. Одоо ч гэсэн сонсдог л доо. Хүчтэй, чанга, “том” хөгжмүүд намайг өөрийн эрхгүй догдлуулдаг” хэмээн ярьсан юм. Харин түүний хамтран зүтгэгч Суда Акирагийн талаар ярихдаа “Би найман жилийн өмнө Токиогийн видео тоглоомын шоуны үеэр “Чимээгүй толгод 2” тоглоомыг үзсэн . Тэр үеэс эхлэн Акиратай хамт ажиллахыг мөрөөддөг байлаа. Тэр бол жинхэнэ гайхамшиг” гэсэн юм. (Суда бол видео тоглоомын бүтээгчдийн нэг бөгөөд Судагоичи буюу Суда51 нэрээр ажилладаг нэгэн бөгөөд Япондоо нэр хүндтэй) Инээмсэглэсэн нүдтэй Акира гэгч энэ залуу сонсголоор дамжуулан айдас түгшүүр хийгээд айдсын да раах гүн тайвшралд хөтөлнө. Түүний зохиосон хөгжмүүдийг эхлэл, төгсгөл, зөгнөл, далд ертөнцийн чимээ өөр юу юу ч гэж тайлбарлаж болно. Амьдралын чөлөөгөөр амттай дуу сонсох хэчнээн сайхан билээ. Тэгвэл би танд Акирад нэг өдрөө зориулахыг санал болгож байна.

Т.НИПОНЬ

1 comment:

  1. hi uran buteel sain u? NOM ni hezee garah gej bn. Ene deerhi niitlel: helsneer ni ter tsomogt ni “Room of Angel” gej baihgui baihiimm... arai uur nertei yum bolov u ontslon duridsan bolhoor ni sonsmoor sanagdsiim uur bodol baihgui,

    ReplyDelete