Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, June 30, 2012

Б.Мөнгөн-Өлзий: Урлагийнхан тэтгэвэрт гараад өвөрмонголд багшилдаг болж

Хээ угалз бүхий цагаан торгон дээлэн дээрээ урт хар үсээ задгайлсан энэ хүн өнөөдрийн маань зочин. Нүднээ үл үзэгдэх хөгжим хэмээх гайхамшгийг өөрийн үзэмжээр бүтээдэг энэ хүний гарт байгаа нарийхан саваа шидэт дохиур мэт санагдах үе олон. Ийм л торгон мэдрэмжийг хүмүүст өгч чаддаг энэ хүн бол Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын удирдаач, хөгжмийн зохиолч Б.Мөнгөн-Өлзий. 
 
-Орон нутгийнхан сургууль бараадах гэж хот руу яваад, эргэж ирэх нь ховор гэдэг. Энэ асуудал аймгийн театруудын нэг эмгэнэл шүү дээ.
-Манай театрт ч гэсэн ийм эмгэнэл бий. Аж амьдралаа бодоод, өсөж дэвшихээр явж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Угаас л хот бараадаж, боловсролоо дээшлүүлэх гэдэг нь залуу хүмүүсийн хувьд зөв сонголт шүү дээ. Тэгээд ч манайд урлагийг нэг их үнэлдэггүй болохоор хилийн чанадыг зорих хүмүүс ч их байна. Энэ нь өсөж дэвших боломж боловч нөгөө талаараа орон нутгийн театрыг эзгүйрүүлж байгаа эмгэнэл юм. Дээхнэ манай театраас сургуульд явуулсан хүүхдүүдээ тоолоход эргэж ирээгүй нь 30 гаруй байсан шүү. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад шингэчихнэ. Голдуу л төвийн урлагийг барааддаг нь илэрхий.
-Нутагтаа ирж ажиллаж байгаа залуус бий юү?
-Хуруу дарам цөөн шүү. Уг нь нутагтаа ажиллах сонирхолтой залуус их л байх юм. Харамсалтай нь төcөв, төлөвлөгөөнд захирагдаж ажилла даг болохоор тааруухан цалингаас айдаг бололтой юм билээ. Урлаг тэтгэвэрт гардаггүй гэдэг үгтэй хэр санал нийлдэг вэ? 

-Урлагийн хүмүүс үргэлж залуу гаараа байх шиг санагддаг.
-Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуульд урлагийнхныг эрт тэтгэвэрт гарахаар заасан байдаг. Манай өндөр настай уран бүтээлчид Өвөрмонголын урлагийн сургуулиудад багшилж байна. Хуучны орос дектатур маань одоо европ стандартад гойд нийцэж байна шүү дээ. 

-Сураг алдарсан зохиолч, бүжиг дэглээч нар маань Өвөрмонголд амьдарч байгаа тухай зөндөө сонсож байсан юм байна шүү.
-Манай Хөдөлмөрийн тухай хуульд уран бүтээлчийг 60 нас хүрлээ л бол тэтгэвэрт нь гаргах заалт бий. Тэтгэвэртээ гарсан хүнийг хүмүүс төдийлэн тоохоо ч болино. Харин тэднийг өвөрмонголчууд урьж, залаад багш болгон авч, өндөр хөлсөөр ажил луулдаг болжээ. Бугат, Хөх хот, Шилийн голд очвол хэчнээн олон хүн ажиллаж байгааг харж болно. Урьд нь Соёлын төвд ажиллаж байсан Сүхбаатар тэргүүтэй уран бүтээлчид маань тэнд багшилж байгаа.

-Таныг энд тэндээс ажилд урьж байв уу?
-Амралтаар урилга, заллага ирдэг болохоор Өвөрмонголд очиж хичээл заадаг л юм. Хэдэн төгрөг нь хэрэгтэй шүү дээ. Улс маань бидний амьдралыг тоох ч биш. Хоосон хонож байхад “Энэ чинь Алтан гадас одонт уран бүтээлч шүү дээ” гэж халаглахгүй болсон цаг.

-Тэгвэл та тэтгэвэрт гарахаараа өөр газарт багшлахаар явах нь ээ?
-Явна. Тэнд нэг сар ажиллах цалинг олохын тулд энд дөрөв, таван сар ажиллана шүү дээ. Мэдээж хүн бүхэн л амьдралын төлөө тэмцэж байна.

-Та Шилийн голд урилгаар очиж, хичээл зааж байсан гэсэн. Юу заалгаж байна?
-Таван шугамтай ноотны онол, орчин үеийн хөгжмийн онол заасан. Манайд заадаг энэ ноотыг тэд огт мэдэхгүй. Одоо хэр нь зөвхөн Хятадад л хэрэглэдэг тоон ноот үздэг. Дэлхийн тоон ноотоор тоглодог газар өөр хаана ч байхгүй. Тэгэхээр дэлхийн урлагаас хоцрохгүйн тулд дэлхийн жишигт нийцсэн урлагийн суурь боловсрол л өвөрмонголчуудад хэрэгтэй байгаа нь ажиглагдаж байна. 2009 онд тэнд хичээл зааж байхдаа хоёр ч хөгжмийн найруулга хийж өгсөн. Түүнээс хойш дахиад хэд хэдэн уран бүтээл туурвиж өгөөч гээд дуудаад л байгаа юм.

-Ноот заана гэхээр хүүхдүүдэд багшилдаг хэрэг үү?
-”Улаан мөчир”-ийн чуулгад багшилсан. Өвөр монгол нийтдээ 57 “Улаан мөчир”-тэй. “Улаан мөчир” гэдэг нь манайхаар чуулга юм даа.
-Нээрэн тийм, танай театр анхны нүүдэлчдийн театр гэдэг утгаараа их алдартай шүү дээ.
-Дэлхийн нүүдэлчдийн театр Монголоос гаралтай гэж театр судлаачид тодорхойлсон байдаг. Монголын театрын суурийг тавьсан анхдагч нь манай Дорноговь аймгийн театр гэж хэлмээр байна. Энэ бол миний, манай аймгийнхны бахархал. Угаасаа манайд хөгжимт театр үүсэж, үүнээс салбарлан хөгжимт драм, драмын теарт, хүүхэлдэйн театр хөгжсөн түүхтэй.

-Үзэгчид хэр их байдаг вэ?
-Зах зээл эхэлж байх үед үзэгчийн тухай яриа ч байсангүй. Хөдөөгийн театрууд уран бүтээлчгүй болчихоод хаалгаа барьсан. Зарим нь гурван сараар цалингаа өгч чадахгүй болсон үе ч бий. Харин манай театр хаалгаа бариагүй ээ. Дөрөвхөн хөгжимчинтэй үлдчихээд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Одоо бусад театрын адил жигдхэн үйл ажиллагаатай байна. Үзэгчид маань ч гэсэн театрынхаа суудлыг хоосруулж байсангүй. Хөдөө газар үзэж, харах зүйл хомс болохоор зочдоо хүндэтгээд бид улам л чанартай бүтээл хийхийг зорьдог шүү. 

-Тогтмол үзвэр бий юү?
-Төлөвлөгөөний дагуу сардаа нэг, хоёр л үзвэртэй. Улсын баяр наадам, эх үрсийн өдөр гээд л тогтмол арга хэмжээнээс гадна жилдээ хоёр, гурван жүжиг төлөвлөдөг юм. Үүн дээр цаг үеийн чанартай тоглолт нэмэгддэг дээ. Дээрээс баталсан нормыг биелүүлэхгүй бол цалин тавихгүй. Тэгэхээр бизнес талаа орхигдуулж болмооргүй байгаа юм. УДЭТ гэхэд л бизнес тал руугаа анхаарч байгаа учраас байнга дүүрэн үзэгчтэй байна. Урлаг ер нь хоёр талаар л хөгждөг. Арилжааны, оюуны тэжээл авах зориулалттай гээд. Гэхдээ манайхны яриад байгаа шиг арилжааны бүтээл гэхээрээ заавал муу байдаг юм биш. Сонирхол татахуйц хөнгөн хэрнээ, сайн бүтээл олон л байна шүү дээ.

-Удирдаачийн онцлог нь юу вэ. Хөгжимчид ноотоо хараад тог лочихож чадаж байхад удирдаач ямар хэрэгтэй юм бэ?
-Бид аливаа нэг зохиолыг нэгтгэн, найруулах үндсэн үүрэгтэй. Үүнийг л биелүүлэхийн тулд өөрийн гэсэн онцгой мэдрэмжтэй удирдаач хэрэгтэй байдаг юм. Хүмүүс яг чам шиг боддог байж мэднэ. Гэхдээ хамгийн гол нь тоглолт хийхээс өмнөх бүхий л бэлтгэл сургуулилалт, найруулга зэргийг нарийн чанд давтаж, хөгжимчдөө нийлүүлдэг учраас удирдаачийн ажил тэр бүр ил байдаггүй юм. 

-Зарим удирдаачийг араас нь хараад таньдаг болчихдог. Удирдаачийн хөдөлгөөн, зангаа зэрэгт стандарт бий юү?
-Хүн бүр л өөрийн эмоциороо “аашилдаг”. Үүнийг хэлбэрдэлт ч гэж хэлж болно. Харин бидний хувьд хувийн тоглолт юм даа. Лид гэдэг юм. 

-Таны лид хэр онцгой вэ. Тухайлбал араас чинь хараад таньж болох болов уу?
-Ёстой бүү мэд. Үзэгчид анзаардаг байх.

-Би лав таныг үсээр чинь таньдаг аа. Зарим нь таны үсийг харчихаад бүжиг дэглээч С.Сүхбаа тар гуайтай адилхан гэдэг юм билээ.
-Бид чинь нэг нутгийн улс байгаа юм. Тэгэхээр төс байх нь аргагүй биз дээ. 

-Танай нутгийнхны хөгж мийн боловсрол ямархуу түвшинд хөгжсөн бэ?
-Манайхан чинь дуу хуурт дуртай улс даа. Урлагийн тоглолтыг их сайхан хүлээн авдаг. 

-Данзанравжаагаар овоглодог та най нутгийнхан “Үлэмжийн чанар” дууг их өөр аялгаар дуулдаг гэдэг юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Жинхэнэ үгээр нь цээжилчихсэн болоод л тэгж сонсогдож байгаа юм. Шинэчилсэн хувилбартайгаа зэрэгцүүлэх юм бол биднийх ая нь жаахан өөр. Үгийн урт богиноос л хамаарсан хэрэг.

Орон нутгийн театрт “нуугдаад” олны нүдэнд тэр бүр өртөөгүй Б.Мөнгөн-Өлзий ах 40 гаруй жил урлагаар овогложээ. Түүний хийж бүтээсэн зүйлсийг тоочвол энгэрт нь гялалзах Алтан гадас одон улам ч тод санагдах билээ.

No comments:

Post a Comment