Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, September 18, 2012

“Монгол хаадын мөр үлдсэн газар бүрт очно”


Хэдэн жилийн өмнө юм дээ, “Тархан суурьсшсан монголчууд”  хэмээх нэвтрүүлгийг үзээд, нэг их догдолж билээ. Тухайн үед 800 жилийн тэртээх он тоололд элэг нэгтнүүдээсээ тасарч, хилийн чинадад зутруухан аж төрж буй ядруухан монголчуудынхаа тухай телевизийн дэлгэцээр үзэж суухдаа нулимс унагасан над шиг хүн олон байх. Учир нь өвөг дээдэс маань 800 жилийн тэртээ 40 гаруй улсыг (багаар бодоход 40 сая гаруй хавтгай дөрвөлжин газарj ) захирч, нийгэм соёлын эргэлт шинэчлэлүүдийг хийж байжээ. Гэсэн ч тэднээс үлдсэн үр ач, хүүхдүүд нь өдгөө бууриа сэлгэлгүй цус нэгтнүүдээ дурссаар л суудаг аж. Тархан суурьшсан монголчууд хэмээн нэрлэгдэх эдгээр хүмүүс цагаан сараараа бидний л тухай ярьж, “Тэнгэрийн монголчууд” (тэд биднийг тэнгэрийн монголчууд гэдэг) өдий хэр нь морио унаж, байлдан дагууллаа үргэлжлүүлсээр яваа хэмээн төсөөлдөг юм билээ.


Энэ нэвтрүүлэг бусад аяллын нэвтрүүлгүүдээс тэс өөр. Монгор буюу цагаан монгол, дээд монгол, Хазар монгол гээд сонсоход цаанаа л нэг дотно. Тэднийг “ТАСАМ” байгууллагын захиал Ц.Санчир болон орчуулагч, судлаач Б.Цэрэн нар бидэнтэй “танилцуулсан”.
Бид өөрсдийгөө гурван саяуулаа л гэж бодож байв. Харин Ц.Санчир эгч Дэлхий даяар нийт 18 сая монгол үндэстэн байгааг “тоолжээ”. Тэр ч бүү хэл 50 саяд хүрч болох талаар рьж байлаа. Энэ бол элэг нэгтнүүдээ эрж хайсан элгэмсүү сэтгэлтэй эгчийн арван жилийн хөдөлмөрийн үр юм. Тэрбээр арван жилийн турш Хар хориноос эхэлсэн аян Ази, Европ, Алтай, Хянган, өргөн Сибирийг туулж, Альп, Кавказыг давж, Зүүн гар, Гансу, Кызылумийн цөлийг гэтэлж, Хар тэнгис, Уар мөрөн, Хазарын тэнгэсийг гаталж, япон тэнгис, номхон далай, Энэтхэгийн далайд ьулж, Ява Суматра арал хүрч их гүрний их хаад өөрийн биеэр байлж явсан улс үндэстэн, газар орон, уул тал, ус мөрөнг олонтаа зорьжээ. Ингэхдээ Чингис хаан болон түүний залгамжлагчийг дэлхий нийтээрээ Жахангүшей, Жахангир хэмээдэг байсныг эх бичгүүдэд тэмдэглэснийг мэджээ. Ингээд аян замын тэмдэглэлийнхээ эхний ботийг “Жахангүшейн замаар” буюу “Ертөнцийн байлдаг дагуулагчийн замаар” хэмээн нэрийджээ.



Энэхүү бүтээлийг уншиж суухдаа Ц.Санчир эгчийн агуу түүхийн мөрийг мөшгисөн тэр их чин зоригт нь гүнээ талархаж суув. Үнэхээр талархан хүндэлмээр, бахархан бархирмаар тийм үнэтэй түүхийг тэр бидний өмнө дэлгэлээ. Ардчилал эхэлсэн цагаас хойш бид л монголын түүхийг үргэлжлүүлж яваа гэж бодсон маань эндүүрэл байжээ. Бидний мэдэхгүй нэгэн сууринд монголчууд аж төрж, монгол заншлаа үргэлжлүүлэн явааг яагаад анзаараагүй юм бүү мэд. Аль эрт монголоосоо тасраад, хилийн зурвасын цаана орхигдсон цус нэгтэнгүүд минь “Эндээ хүлээж бай, монголчууд иргэж ирнэ” гэсэн их хаадын захиасыг биелүүлж, олон зууныг харьд элээж байгаа тухай би түүний ярианаас л анх удаа сонссон юм. Ц.Санчир эгч нэгэнтээ, “400 монгол цустан 800 жилийг харийн нутагт өнгөрөөх гэж ямар их зовлон туулсныг нь бодохоор сэтгэл өвдөхгүй байхын аргагүй” хэмээн шүүрс алдан өгүүлж билээ. Энэ их өвдөлтийг түүний хийсэн судалгаа, бүтээсэн туурвилуудаас мэдэрч болно. Гадаад явсан хүмүүс гангалаад ирдэг байтал Санчир эгч л хамаг юмаа монголчуудад тайлж өгөөд ирдэг гэсэн. Бас буурай орнуудыг зорихдоо Монголынхоо хамаг л өнгөтэй өөдтэй бүтээгдэхүүнийг бэлэглэхээр үүрч, үсчин дагуулж явдаг энэ сэтгэлийг юугаар үнэлмээр юм бэ дээ. Бас олон зуун жилээр мартагдсан, хэн ч эрж хайгаагүй “бидний” түүхийг одоо цагт авчирсан  гавьяаг нь юутай харьцуулах билээ.
Ардын уран зохиолч Л.Түдэв гуай “Жахангүшейн замаар” номд өмнөх үг өргөхдөө, Цэрэндоржийн Санчир гэдэг тэрхүү эрэлхэг бөгөөд далайцтай залуу судлаач бүсгүй “ТАСАМ” буюу “Тархан Суурьшсан Монголчууд гэдэг олон нийтийн байгууллагыг үүсгэн санаачлаж тэргүүлэн ажиллаж, үеийнхээ бүсгүйчүүд байтугай эрчүүдийн хийж зүрхлээгүйг хийж яваа. Тэрээр түүхчдийн очоогүй газар очиж, уулзаагүй хүмүүстэй уулзаж, үзээгүй өв дурсгалыг үзэж, аваагүй зургийг авсан нэгэн боллоо. Найман жилийн өмнө уулзсан хүнээ бид мартаж мэдэх боловч найман зууны тэртээд эх нутгаасаа холдсон ч гэсэн зүрх сэтгэл, зүс царай, зан заншил нь монгол хэвээрээ тэд монгол нутгаа эгээрэн санасаар яваа ажээ. Тэр тухайг Санчирын ном өгүүлж байна” хэмээжээ.
Үнэхээр л “ТАСАМ” байгууллагын хамт олон тасарсан холбоог залгаж, мартагдсан зүсийг таниулж, садан төрлийн сургийг гаргахаар Их эзэн хаан болон түүний баатруудын замаар явж, 450 мянган км зам туулан 30 гаруй улс орны 300 гаруй хот суурингаар орсон аж. Энэ нь Ц.Санчир эгчийн “Монгол хаадын мөр үлдсэн газар бүрт очино” гэсэн агуу том зорилтын нэгээхэн хэсэг билээ.

                                      Үүцээ задлаж, ган үзэгтэн боллоо


“ТАСАМ” байгууллагын захирал Ц.Санчир эгч “Жахангүшейн замаар” хэмээх аян замын тэмдэглэл бүхий номоо “Үүц задлах цагаар” хэмээх ярилцлагын түүвэртэйгээ хамт номыг уншигчдын хүртээл болгов. Энэхүү номд үндэсний болон гадаадын 100 орчим хэвлэлд нийтлэгдсэн 200 гаруй ярилцлагын түүвэр болсон 22 ярилцлага бий. Үүнд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Нипонь миний Ц.Санчир эгчтэй хийсэн ярилцлага ч багтжээ. Энэхүү номын тухай МСЭ.ийн ерөнхийлөгч Б.Галаарид ярихдаа, “Энэ ном түүхийн холбогдолтой сэтгүүл зүйн бүтээл болжээ. Манай сэтгүүлчдийн очиж чадаагүй газарт Ц.Санчир очиж, тэдний сурвалжлаагүй зүйлсийг гарамгай сурвалжилсан байна. Нэг зүйлийн талаар олон сэтгүүлч сонирхож, өөр өөр өнгөөр туурвисан тул сэтгүүл зүйн шинэлэг бүтээл хэмээн бахархаж байна. Ц.Санчир Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн оройн зайг бий болгож чадлаа” гэсэн юм. Ц.Санчир эгч “Үүц задлах цагаар” номоороо МСЭ-ээс шилдэг сэтгүүлчдэд олгодог “Ган үзэг” шагналын эзэн боллоо


1 comment:

  1. Saihan bichsen bna duu mini. gaihaltai uulzmaar hun bna daa

    ReplyDelete