Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, April 13, 2013

БИ Л БАЙЖ ДЭЭ, ХАВАР


 Дэлгээтэй цонхоор бүлээхэн салхи орж ирээд үс хийсгэчихэв. Урт удаан хүйтний дараа байгалийн үнэр түгэх нь хаварсан билүү. Хавар гэдэг үгийн цаана хайр гэдэг үг л дуулдаад байдагсан. Хайр бол үзэсгэлэнт эрвээхэй юм. Хөөцөлдвөл төөрчихнө. Хайр бол эрвээхэйн далавч мэт гоо үзэсгэлэн юм. Хүрвэл үхчихнэ. Эрж бэдрэх үед зугтаад байдаг хэрнээ, санаандгүй байж байтал гэдсэн дотор нисэлдээд байдаг үл үзэгдэх таталцал, түлхэлцлийн хууль юм. Тиймээс л би түүнийг өөрийн болгох гэж шунаглахгүйгээр урагшилж явна. Алхаад л, алхаад л... Заримдаа гүйж, хааяадаа үл хөдөлнө... Гэхдээ юу гээч, цаг хугацаа болоод гариг эрхэсийн уудам зайд үл үзэгдэх хийгээд, үзэсгэлэнтэйгээр харагдах эрвээхэйнүүд намайг тойрон эргэлдсээр байгааг би мэдэрсээр байдаг юм.
Харамсалтай нь нэг л эрвээхэй дурсамжинд минь цор ганцаараа ниссээр байна. Тэр эрвээхэйн харцанд тодордог тэр нэг дулаан өнгө хаа нэгтээд минь шингээд гуниг болчихдогт хачин ихээр дурладаг гэдгээ би хавсарга хайрахад л мэдсэнсэн. Хэзээ байлаа. Хавар л байл уу. Өвөл бүхэн хавраараа үлддэг тэр дулаахан харцыг халамцуу салхи зүүднээс минь хулгайлж аваад, далайд үйчихсэнийг мэдээд хачин ихээр харууссан даа. Тэрнээс хойш би хаврыг олж үзсэнгүй. Ой тойнд минь шингэн үлдсэн чийглэг тэр амьсгалыг үнэрлэсэнгүй.
Хаврыг үнэрлэсэнгүй. Тархины минь өнцөг булан бүрт аж төрөхүй түмэн бодлыг нэг нэгээр нь түгжиж хадгалдаг ч, тэр л эрвээхэйг хорьж дийлээгүй. Тэр бол хаяхаас хайран ч гэлээ хадгалах тусам тээр болж буй дурсамж юм. Бодлогшрол хүмүүсийг дуугүй болгодог бололтой. Би зүгээр л хаврыг хүлээн, чив чимээгүй дохилзон сууна. Ингэж суусаар хэр удсаныг бүү мэд. Тэсрэх хүслээ хав дараад уйлж суусан минь хэд билээ. Өвдсөндөө, эсвэл өширхсөндөө хаврыг өөрөөр харж сурахыг хүчлэвч хүссэн, хүлээсэн тэр минь үлэмж хурдаар алсарна. Хэдий их хүснэ, төдий чинээ холдно.
Дэлгээтэй цонхоор бүлээхэн салхи орж ирээд үс хийсгэхэд би сэрэх шиг болов. Урт удаан хүйтний дараа байгалийн үнэр түгэх нь хаварсан билүү. Аягатай кофегоо шуналтайгаар залгилж, цонхны цаадах хүмүүсийг таньдаг юм шиг харсаар байтал хавар ирчихжээ. “Хавар, хавар” гэж дуу алдах танхил охидын дэргэдүүр амьсгаа даран алхах хөвгүүдийн инээмсэглэл, малгайгаа тоссон жаал хүүгийн горьдсон харц, гутал тосолж суудаг ахын аялдаг дуу, автобусны буудал дээр баян хуур тоглосоор байдаг хөгжимчид нэг л дотно. Толгойд үлдчихсэн дүр төрхнүүд, дуу хоолойнууд, миний ойртох хурдаар надаас холдоод байдаг мөрөөдлүүд хаврын өөдөс. 

Нэлийсэн их цас, тэнгэр хоёрын завсарт хаврыг хүлээж хэвтэхдээ би тэр их эрх чөлөөнд дасаж чадаагүй. Өвлөөс хаврыг, хавраас түүнийг олох л гэж улирч одсон он жилүүдийг ухрааж нэгжсээр хэдэн он улирчээ. Олсонгүй. Нүдэнд нь би өөрийгөө тольдоод, “Хавар” гэж дуу алдсанаа дурсвал түүний харц биш, би л байж шүү дээ, хавар...

4 comments: