Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, April 25, 2013

З.БАТБИЛЭГ:ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ЦОНХ МААНЬ ЯС МОД САЙТАЙ, ОЛОН НУГАСТАЙ, ТАЛ ТАЛ ТИЙШЭЭ ОНГОЙДОГ



Удам дамжсан уран бүтээлчидтэй ярилцахад үргэлж сонирхолтой байдаг. Учир нь тэд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай ярихдаа хэд хэдэн хүнийг төлөөлдөг билээ. Тэгвэл кино урлагийн талаар гурван хүний өмнөөс ярьж чадах хүнийг өнөөдрийнхөө зочноор урилаа. Тэр бол кино зохиолч Ч.Гомбын ач хүү З.Батбилэг. Бид түүнийг кино найруулагч, сэтгүүлч Г.Золжаргалын хүү гэдгээр нь илүүтэй мэднэ. Ер нь “Нэртэй хүний зүстэй хүү” байх амаргүй. Аав нь, өвөө нь хэдийчинээ мундаг байна, хүүгийнх нь шалгуур төдийчинээ өндөрсөнө. Тэр өндөр шалгуурт бүдрэхгүйн тулд, дэргэдээ байгаа тод “од”-ны гэрэлд бүдгэрэхгүйн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй ч гэдэг. Энэ л жимээр манайхны олон уран бүтээлч алхаж буй. Тэдний нэг нь З.Батбилэг. Тэр ч бас өөрийнхөө дотор буй өөр нэгэн гэрлийг үзэгчдэд харуулахаар зорьж яваа залуу уран бүтээлч билээ.
 
-“Zoljargal and son film”-ийн кинонуудыг үзэхэд аливаа зүйлийг олон талаас нь харуулахыг зорьсон мэт санагддаг. Өвөөгийнхөө туурвил зүйг одоо хийж буй кинондоо тусгадаг уу?
-Өмнөх үеэсээ үргэлж л суралцаж байх хэрэгтэй шүү. Хуучны монгол кино аж байдал, ахуй амьдралыг харуулсан байдаг. Харин бид одоо хийж байгаа кинондоо соёл иргэншлээ хадгалахыг хичээж байна. Манай өвөө баримтат киноны “мэргэжилтэн” байсан. Тийм учраас бид ч бас хуучны баримтат киноны хийц, ур маягийг одоо цагт алдагдуулахгүй байхыг хичээдэг байх. Бас өвөө маань киноныхоо өгүүлэмж, текстийг өөрөө бичдэг байлаа. Цөөхөн үгэнд багтааж, оновчтой бичдэг байжээ л гэж хардаг шүү. Тиймээс одоо кинонд гарах үгийг цэгцтэй илэрхийлэхийг хичээдэг. Манай студи дандаа баримтат кино туурвидаг учраас олон редактортой. Тэд маань үгийг товчлох тал дээр гарамгай.

-Ер нь удам дамжсан уран бүтээлч гэдэг утгаараа юмыг олон өнцгөөс нь харах шаардлагатай болдог юм шиг ээ.
-Өвөөгийн хийж байсан зүйлийг аав хэрхэн хийснийг харж байгаа учраас илүү сайжруулах, орхисон зүйлийг нь нэмэх боломж ч байгаа. Редакторууд маань бүх материалыг цуглуулдаг. Долоо хоног, сар гээд л... Тэгэхээр надад бол маш том боломж байгаа юм. Би бэлэн зүйл дээр ажиллаж байгаа болохоор их азтай хүн шүү. Гэхдээ өвөө, аав бид гуравт өөрийн гэсэн өнгө бий. Өөр өөр цаг үед өсөж торнисон учраас хоорондоо адилгүй илэрхийлэл үзүүлдэг байх. Одоо би техникийн дэвшилийг ажилдаа ашиглах бүрэн боломжтой цаг үед амьдарч байна.

-Хэтийн зорилго тань юу вэ?
-Манай уран бүтээлчид бүгд л монгол киног дэлхийн тавцанд гаргахыг хүсдэг. Орос, энэтхэг киног үзэгчид хараад л таньдаг шүү дээ. Яг түүн шиг монгол киног дэлхийд мэддэг болоосой гэж. Манай студи ч гэсэн тэр үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байгаа. Би ч бас олон улсын хэмжээнд нэр хүндтэй болох боломжийг их хардаг. Олон улсын тайз бол миний мөрөөдөл.

-Олон улсын “дэлгэц” танд хэр ойрхон байгаа вэ?
-Монголын уран бүтээлчдэд олон улсын “дэлгэц” их ойрхон байгаа гэж харж байна. Манай кино ертөнц ч бас хурдацтай дэвшиж байна шүү дээ. Би залуу хүн учраас өмнө минь олон шат байгаа. Урагшлах тусам л урд зурайх замаас хугаслаж, зорилгодоо ойртоно шүү дээ. Ямартаа ч олон улсын өрсөлдөөн гэдэг монголчууд бидэнд нээлттэй байна.

-“Тайгын дууч” баримтат киногоороо та Нью-Йоркийн олон улсын кино наадмаас “Олон улсын шилдэг баримтат кино” шагнал хүртсэн. Уран бүтээлийг тань олон улсын шүүгчид үнэлэх үед та юу харж байв?
-Олон зүйл нүдэнд харагдана ш дээ. Уран бүтээл туурвиж байхад тулгарч байсан бэрхшээлээ ч бодсон. Сайшаалтай нь гэвэл хэтийн зорилго маань улам л тодорч, томорсон. Нэмэх Б зэрэглэлд хүрсэн бүтээлээ хараад, нэмэх А зэрэглэлд хүрэх боломжийг хамгийн тодоор харсан. Илүү их боловсрохыг хүссэн. Ер нь л маш олон зүйл л бодож байлаа шүү дээ. Гэхдээ энэ киног зөвхөн аав бид хоёр хийгээгүй, студийнхний маань хамтын уран бүтээл гэдгийг онцолмоор байна. Нью-Йоркийн олон улсын кино наадмын эхний шалгаруулалтад 30 гаруй орны уран бүтээлчдийн 500 гаруй кино өрсөлдсөн юм. Манай кино эхний шалгаруулалтад “Top notch and excellent” буюу дээд зэрэглэлийн үнэлгээ авч, эцэст нь “Олон улсын шилдэг баримтат кино” гэдэг шагналыг хүртсэн. Бас Лос Анжелос дахь Нью-Йоркийн кино наадмаас “Өв соёлын тухай шилдэг баримтат кино”-гоор шалгарсан.

-Та боловсрохыг хүссэн гэлээ. Тэгвэл боловсрол гэж таны хувьд юу вэ?
-Энэ бол хүний төлөвшил. Бас ертөнцийг таньж мэдэх цонх юм уу даа. Ертөнцийг ямар цонхоор харахаа хүн өөрөө л сонгоно.

-Ертөнцийг харах цонхоо дүрсэлбэл ямар байх байсан бол?
-Ямар ч байсан яс мод сайтай. Олон нугастай, тал тал тийшээ онгойдог цонх. Олон жижигхэн саравчтай. Зарим нь наран тийшээ, зарим нь дээшээ харсан ч байж болно.

-Хийсвэр сэтгэлгээнээс илүү техник сэтгэлгээ сайтай юм шиг санагдаж байна шүү. Би бол хэлбэр дүрс, өнгө, хээ гээд л бодож байлаа. Гэтэл та нугасыг нь хүртэл боджээ?
-Би нээрэн, сониуч хүн байх аа. Багадаа гэрийнхээ олон техникийг задалж үзсэн дээ. Яаж ажилладаг зарчимтайг нь мэдэх гэж олон ч эд эвдсэн. Бараг л телевизор, хөргөгчнөөсөө бусдад гар хүрсэн байх шүү.

-Хүний үг авахдаа сайн уу?
-Авах юмаа авна. Хүний үгийг тусгаж авахыг хичээдэг. Заримдаа хэнэггүйтээд, шүүрэн шанага шиг болчих тохиолдол бий. Төгс гэдэг ойлголт цаг үетэйгээ холбогддог. Бид өнгөрсөн үеэ үгүйсгэвэл хойч үе ч бас биднийг үгүйсгэнэ. Бидний төгс гэж бодож байсан зүйл хэзээ нэг өдөр юу ч биш болж болно.

-Хүүхдийн холбогдолтой 10 гаруй кино хийж байсан. Тийм кино хийхдээ том хүний нүдээр хардаг уу. Эсвэл хүүхдийнхээр үү?
-Олон талаас нь харахыг хичээдэг. Том хүний нүдээр харна гэвэл хүүхдүүдийг бид ойлгохгүй. Хүүхдийн нүдээр харвал томчуудад тэдний дуу хоолойг хүргэж чадахгүй.

-Та өөрөө хэзээ том хүн болсон бэ?
-Яг хүүхэд байхаас том хүн болох үйл явцад шилжиж байгаагаа мэддэг хүн байдаг юм болов уу. Нэг мэдэхэд гэдэг шиг л... Том хүн болох гэдгийг төлөвших гэж ойлгож болох байх. Хариуцлага хүлээж сурах ч юм уу. Иргэний үнэмлэх авч, сургууль төгссөнөөрөө том хүн болчихгүй.

-Аав, өвөөгийнхөө юуг нь дуурайхыг хүсдэг вэ. Уран бүтээлч гэдэг талаас нь?
-Тэд маань эрэл хайгуулыг уйгагүй хийдэг, их дайчин хүмүүс. Аав бол ямар нэг зүйлд туйлширч, улаан туг өргөсөн хүмүүсийг дагаад байдаггүй хүн дээ. Яг л өөрийнхөөрөө. Хүнийг, бүр эд юмсыг ч тэр гаднаас нь биш дотор талаас нь харахыг эрмэлздэг юм шиг санагддаг. Бас их олон талын мэдлэгтэй. Би аав шигээ мэдлэг хуримтлуулахсан гээд уншиж, судалж л явна. Тэр их шаргуу, хөдөлмөрч занг нь дуурайхыг үнэхээр их хичээдэг. Яг аав шигээ дайчин болох гэж хүсээд, зэрэгцэж ажиллаад дийлэхгүй юм аа. Өглөө яг найман цагт ажил дээрээ очоод шөнө дунд л орж ирнэ. Тэр чинээнд нь хүрэх гээд, шургаж уначих гээд л явж байна. Пянг нь дийлэхгүй юм аа.

-Санал зөрөх тохиолдол их байдаг уу. Хоёр өөр хүн, нэг зүйл дээр хамтарч ажиллахад асуудал их тулгардаг гэлцдэг.
-Уг нь аавтайгаа хамт ажиллах сайхан. Олон зүйл суралцана, асууна, зөвлөгөө авна. Гэхдээ би их зөрүүд л дээ. Аав хүү хоёр байх чинь хувийн асуудал. Харин ажил дээр аав дарга, найруулагч. Заримдаа би найруулагч. Мэдээж хоёр өөр хүн болохоор санал зөрнө. Монтажтай өдөр бол орой болгон муудалцана. Зургийн талбай дээр ч бас асуудал үүснэ. Энэ зургийг ингээд авчихмаар байна гээд бодож байтал аав тэндээс нэг өөр юм хэлнэ. Зарим ажлаа оройжин бодож хоноод, сэтгэл дотроо зурчихсан байтал аав тэс өөр зүйл хэлнэ. Ингээд бодохоор би эсэргүүцэл зарладаг гэсэн үг. Энэ мэтээр кино дуусан дуустал тэмцэлдэнэ, ярилцана, эвлэрнэ. Кино дууссаны дараа л санаа амарна. Гэхдээ бидний зорилго нэг шүү дээ. Үзэгчдэд сайн бүтээл хүргэх. Харин бусад үед бол би аавынхаа үгнээс гарахгүй ээ.

-Таныг өсгөх гэж тэр хүн хэрэндээ л зовсон байх. Ер нь яг тэр үеүдэд та юу боддог байсан бэ?
-Их л зүйл боддог байсан байх даа. Тухайн үед хүүхэд байсан болохоор тэр энэ гэж хэлж мэдэхгүй юм. Одоо ингээд цөөхөн үгээр хариулахад хэцүү. Ямартаа ч их амаргүй зүйлийг давж гарсан даа, аав минь. Би байсан бол түүн шиг тэвчээртэй байж чадахгүй байх байсан. Тэр үеийг бодохоор аавыг самурайн сэлэмтэй зүйрлэж болохоор. Давтах тусам хурц болдог ган сэлэм. Одоо эргээд бодоход олон хүнд давааг туулжээ л гэж бодогддог юм.

-“Нэртэй хүний зүстэй хүү” байх амаргүй гэлцдэг...
-Хэцүү нь хэцүү шүү. Хүмүүс юм болгон дээр харна шүү дээ. Уран бүтээлээс маань аавыг хайна. Үг, үйлдэл бүхэн минь ганцхан надад хамаарахгүй. Алдаа гаргах юм бол надаас гадна аав, өвөөгийн нэр гарна. Яг үүнээс болоод олон ч бие даалтаа уруулж явлаа даа. Оюутан байхад багш нар маань надаас мундаг л зүйлийг хүлээгээд байдаг байж билээ. Оюутан хүн чинь бусдынхаа нэгэн адил л бие даалт хийнэ шүү дээ. Тэгтэл багш нар маань “Гар хийцийн авдар шиг юм хийж ирлээ” гээд л шөнөжин хийсэн хичээлийг маань ураад хаячихна. Өдөржин гадуур явж авсан зургийг голоод дүн тавихгүй. Дахиад хий гэнэ. Тэгэхээр маш их хичээл зүтгэл шаардана. Надад тавьсан шалгуурын хэрээр л би хичээдэг байлаа. Магадгүй бусдаас илүү байхыг, бусдын хийж байгаагаас илүү зүйл хийхийг надад заах гэсэн нь тэр байх.

-Та муу хүн байх эрхгүй юү?
-Муу хүн чинь олон янз ш дээ.

-Гудамжинд шүлсээ хаяж, хүмүүстэй маргаж, цахим ертөнцөд хараал бичиж болохгүй гээд л...
-Би ер нь нэг их гарч ордоггүй юм. Найзууд маань намайг гарж, орооч л гээд байдаг юм. Бодоод байхад би их томоотой л юм шиг байна. Заримдаа бол яах вээ, хүмүүстэй түр тар хийх, муухай ааш гаргах тохиолдол бий. Хотын залуус хотын соёлд суралцаж, бусадтайгаа эвтэй байх хэрэгтэй. Нэг л их эрх чөлөө гэж исгэрсэн, машин хааж зогсчихоод алга болчихдог хүмүүс бий л дээ. Өөр гариг дээр амьдардаг юм шиг тийм хүмүүстэй ойлголцох хэцүү.

-Зүүднээсээ уран бүтээлдээ хэрэг лэх шипи авч байв уу?
-Зарим зүйлийг харж байсан. Зургийг ингэж авч болох юм гээд л... Зүүднээсээ хуулах гэхээр бүтээх төвөгтэй л дөө. Зүүдний зураглал их сонин болохоор тэр байх. Би зүүдний тухай бодохоос илүү ургуулан бодох дуртай. Гоё гоё зураглал сэтгэлд бууж ирээд л.

Халуун Лате, нүдэнд дулаахан инээмсэглэлээр хачирласан ярилцлагаа “Амьдрал гэж юу болохыг асууснаар төгсгөлөө. Түүний хувьд амьдрал гэдэг “Цаг хугацааны үелзэлд торсон сайн сайхны туяа” юм уу даа. Түүний ярианд сайн сайхан, гэрэл гэгээ гэдэг үг л хамгийн их давтагдлаа. Магад эдгээр үгээр түүнийг төлөөлүүлж болох байх. Ямартаа ч түүний тухай хоёр хүний дүгнэлтээр ярилцлагаа өндөрлөж байна. 

Зохиолч Д.ТӨРМӨНХ: Уран бүтээлч гэр бүл нэмэгдэж байгаад би их баяралдаг. Ч.Гомбо гуай бол манайдаа кино зохиолоор мэргэшсэн хамгийн лут кино зохиолч байлаа. Ихэнх кино түүний зохиолоор хийгдэж байсан. “Анхны алхам”-аас эхлээд олон киног нэрлэж болно. Түүний хүү хүн бүрийн мэдэх Г.Золжаргал маш сайн сэтгүүлч бөгөөд сүүлийн үед хүүгээ дагалдуулаад баримтат кино хийж байна. Түүний хүү Батбилэг олон ч баримтат кино хийсэн. Бас гаднын хэд хэдэн фестивальд оролцсон билээ. Урыг нь харахаар угийг нь хар гэж манай хөгшчүүд үнэн хэлжээ. Энэ хүүд ур ч байна, удам ч байна.

Зураглаач Д.АНГАРАГ: З.Батбилэг маань баримтат киногоор дагнан ажилладаг цөөн залуу уран бүтээлчийн нэг. Баримтат киноны уран бүтээлч байх амаргүй ажил юм шиг санагддаг. З.Батбилэгийн өөрийнх нь бүтээл их өмөрмөц хийцтэй байдаг юм. Хэд хэдэн бүтээл нь гаднын томоохон кино наадмаас шагнал хүртэж байсан. Шагнал хүртэж байна гэдэг түүний бүтээл ямар болсныг харуулж байгаа хэрэг. Түүний дотор ямар нэгэн өвөрмөц гэрэл асаалттай байгаа нь мэдэгддэг юм шүү.

Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment