Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, April 27, 2013

Амьдралын чөлөөнөөр

Мансуурам нил хар шөнөөр танихгүй хөлийн чимээ одод шиг л түгдэг сэн. Аль хэдийнэ танил болсон тэр чимээнд түүртээд унтаж чаддаггүй юм. Дөтөлж яваа алхаа ямар гутлынх вэ гэдгийг аньсан нүдэндээ төсөөлнө. Элэгдсэн гутлын чимээ, цоо шинэ өндөр өсгийтийн хөнгөн товшилт. Яг л юм ярьж байгаа мэт тов тодхон алхаатай хүмүүс ч бий. Тэр хүмүүс цонхны минь доор ямар мөр үлдээснийг харах юмсан гэж тэсэлгүй ихээр хүснэ. Орой бүр үүдэнд минь ирж зогсоод, орж ирдэг болох тэр нэгэн алхаа ямар байхыг дүрслэхийг хичээнэ. Унтахдаа хөг жим сонсдоггүй шалтгаан минь ердөө л энэ. Тэгээд л үл таних хүмүүсийн алхаа бодол дундуур минь туучихыг анирдсаар үүр цайлгадагсан. Өглөө эрт хөшгөө ярахад ядруухан өндийх нар шиг хув хуучин хүмүүс, яриад яриад дуусмааргүй тийм гүн харцнууд хаа нэг тийшээ яарч явна. Танихгүй хүмүүст би хамгаас дуртай.


Харин ойр тойрныхон болоод дотнын хүмүүсээсээ дэндүү хөндий. Тэднээс аль болох хол байхыг хичээдэг юм. Учир нь дотнын хүмүүс л биднийг өвдөлтөд дасгаж, дөжрүүлдэг. Туслах гэхдээ гол цэг дээр хатгаж, тамир тасартал зовооно. Уйлуулна. Уйлж байхад загнана. Үгэндээ оруулах гэж зүтгэнэ. Дийлэхгүй бол хамаг муухайгаар хэлнэ. Хаана минь хүрч чадахаа мэддэг болоод л тэр. Мэдээж бас тэднийг л шаналахад бүх биеэр зовнил тарж, үл үзэгдэх сэтгэл хүртэл үйрээд уначих шиг болдог юм. Ер хамгийн ойрын хүмүүс л биднийг хамгийн ихээр зовоодог байх аа. Тиймээс л би танихгүй хүмүүст улам их татагдсаар байдаг юм.Өр минь өвдөхгүй, өмөлзөж уйлахгүй байх цор ганц аминчхан арга энэ. Магад үүнийг эмээ минь надад сургасан. Битгий тэг, битгий ингэ, “зовж явдаг юм” гэсэн хориг намайг анх зовлон гэдэг үгтэй танилцуулсан. Шинэхэн “танил”-ынхаа тухай хүн бүрээс шалгааж эхлэхэд би хэдтэй байлаа. Ямар ч байсан “том хүний юм” сонирхож болохгүй гэдэг хорио надад хором тутамд үйлчилдэг байсан нас байв. Эмээгээс анх удаа зовлон гэж юу болохыг сонсоод хүмүүсийн тойрч гарахыг хичээдэг зовлон гэдэг айдсаас бүр мөсөн салсан юм. Эмээ надад яаж тайлбарласан болоод одоо болтол би зовлонгоос хамгаалах бүрхүүлтэй явдаг юм бүү мэд. Уг нь буддын шашин төрөхийн зовлон, үхэхийн зовлон, өвдөхийн зовлонг номлодог юм. Харин кармачакрад бүх зовлонгийн гурван үндсийг уур, мунхаг, тачаангуй гэдгээр багцалдаг. Би гэж нэрлэж болохоор энэхүү сэтгэл зүйн зохисгүй элементүүд задарсаар, маш олон төрлийн “би” болно. Би бол тэр “би”-нүүдийн л нэг шүү дээ. 

Эмээ минь намайг жаахан гэж голдоггүй байлаа. Тиймдээ ч надад бүх зүйлийн талаар аминчлан ярьдаг байсан юм.Үхлийн тухай, үгүйрлийн тухай, үйлийн үр, үнэнч сэтгэл, урвалт, ухралтын тухай. Ер нь юм бүхнийг. Тиймээс нэгдүгээр ангид орохдоо л би эмээ маань ч бас ханан гэрээ орхиж, хадан гэртээ тухлах цаг ирэхэд уйлж унжиж, харуусахгүй байх тухай ягштал цээжилсэн байв. Товчхондоо эмээ минь намайг их олон жилийн туршид өөрийнхөө үхэлд бэлтгэсэн юм. Яг цаг нь ирэхэд би бэлэн байлаа. Томчуудыг хүртэл уйлуулж дөнгөдөг тэр айхтар хагацалтай нүүр тулаад яаж тийм тайван байснаа одоо ч гайхсаар байдаг билээ. Заримдаа би үсээ самначихаад, сэвээ харах бүртээ эмээгээ хачин ихээр санадаг. “Гялгар зүйлд дуртай уран шувуу үсээр чинь үүрээ барьчихна. Уран шувуу шиг хөдөлмөрч шувуу энэ ертөнцөд байхгүй ч гэлээ, гял цал бүхэн хэврэг байдгийг ойлгодоггүй юм, тэр шувуу. Тиймдээ ч үүрэндээ тухлахаас илүүгээр үүрээ гоёмсог барих гэж хичээсээр насаа элээдэг юм. Үсээр чинь үүрээ барьчихвал чи ч бас тэр шувуу шиг болно” гээд ярьж байсан тэр хүн миний цор ганц багш байсан юм уу.

Яагаад, яагаад, яагаад гэж зогсоо чөлөөгүй асууж өсдөг хүүхэд бүрийн нэгэн адилаар л би өсөж, торнисон. Гэхдээ надад бүх асуултад минь хамгийн үнэн хариултыг өгч чаддаг эмээ байсан юм. Эмээ минь хадан гэрлүүгээ явсан хойгуур бусад хүн юунд ч хариулж чадахгүй мэт санагддаг болов. “Бид яагаад гэж асуухын оронд томчуудын хэлснийг ягштал биелүүлдэг байлаа” гэж хүмүүс ярина. Яагаад гэдэг асуултын хариуг хайлгүй уджээ. Зүгээр л бусдын гутлын чимээ, мансуурам нил хар шөнөөр одод шиг түгэхийг анир даж хонох минь хялбархан сатаарал юм уу...


Т.Нипонь 2013 оны 04 сарын 29 17:53
Баярлалаа :)
dreamer_0120@yahoo.com 124.158.12*** 2013 оны 04 сарын 29 10:06 
сайнуу Бадмаа? блог фб-ээр чинь хааяа ордог, чи их гоя ертөнцтэй бүсгүй шиг санагддаг, бодууштай сайхан нийтлэл болжээ. ^^
urnaa 110.152.5.168 2013 оны 04 сарын 28 15:26 
ene niitlel mash ih taalagdlaa. negiig bodoj 2 iig tungaah shan niitlel bna. bayrlalaa.

No comments:

Post a Comment