Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, May 24, 2010

Ц.Сумъяахүү: Японы хөгжил Манга-наас хамаардаг

Японы хөгжил Манга-наас хамаардаг гэсэн яриа сонсоод Монголын манга сонирхогч охид, залуустай уулзсан юм. Тэдний ярианаас манга хүний төлөвшилд нөлөөлдөг тухай олж мэдэв. Ингээд би Монголын анхны манганы ном зурсан 21 настай Ц.Сумъяахүүтэй танилцлаа. Тэрбээр Соёл эрдэм сургуулийн япон хэлний орчуулагчийн ангийн оюутан бөгөөд 17 настайдаа “Тулгуур зүрх” номынхоо зохиолыг бодож олжээ. “Дэлхий даяар манга сонирхдог. Манга зурснаар зорилгодоо тууштай ханддаг болдог” гэж бидний яриа эхэлсэн юм.




-Манга-ны талаар хүн бүр мэдэхгүй. Эхлээд товч танилцуулах уу? 
-Манга анх Японд үүссэн. Урт нарийн цаасан дээр үйл хөдлөлийг нэг нэгээр нь зурдаг байсан юм билээ. Яг л киноны хяльс шиг. Үйл авдал нь зургаар илэрхийлэгддэг. Харин хэл яриа нь бичгээр. Хамгийн анхны манга туулай идэж буй мэлхийний дүрслэлтэй байсан юм билээ. Ардын уламжлалт зургийн аргаар зурсан энэ зураг хөгжсөөр байгаад орчин үеийн манга болсон.

-Манга, комикс хоёр ямар ялгаатай юм бэ. Хоёулаа л адилхан зургаар бүтсэн “үлгэр” биз дээ.
-Манга хар цагаан байдаг бол комикс нь өнгөт. Эхлээд манга үүссэн. Нэг үгээр хэлбэл хар зураг юм даа. Одоо гарч байгаа “Naruto”, “Bleach”, “Vampire knight”, “One peace”, “Helsing” гэсэн алдартай анимэнүүд эхлээд манга байсан. Дүрслэл зургийн арга барилаас нь хамаарч япон хүүхэлдэйн киног анимэ гэдэг юм шүү. Зарим газар анимэг шууд л хүүхэлдэйн кино гээд биччихдэг. 

-Мангаг анимэ болгоод байдаг юм уу?
-Тийм ээ. Гэхдээ цөөхөн манга л анимэ болдог. Манга зураачийг японоор мангака гэдэг юм. Мангака олон учраас өрсөлдөөн ихтэй. Манганы тэмцээнд түрүүлж, хүмүүсийн хараанд өртөхгүй л бол хоолоо олж идэхэд хэцүү. Ер нь манганы холбогдолтой наадам их зохиогддог. “Косплэй” гээд алдартай манганы баатруудын дүрд хувилж, адилхан хувцасласан хүмүүсийн жагсаал ч болно. “Naruto” ч гэсэн уралдаанд түрүүлж байж олонд танигдсан бүтээл байгаа юм.

-Манга монголчуудад тохирох уу?
-Монголд тохирно оо. Монгол гэлтгүй бүх орны хүмүүст тохирно. Гол нь хүний оюун санаанд тулгуурласан болохоор хэл, соёлын ялгаа гэж бараг байхгүй. Сүүлийн хоёр жил манга-ны хөгжил их хурдацтай явж байгаа. Сүүлийн үед худалдааны байгууллагууд мангагаар дамжуулж бизнесээ өргөтгөж байгаа гэж сонссон.

-Манга зураач олон байдаг гэсэн үг үү. Зурж чаддаг л бол манга зураач болчихдог уу? 
-Японууд манга зураачийг сэтгэлийн тэнхээгүй л бол энэ ажлаа орхих хэрэгтэй гэдэг. Хагас нойртой, өлсгөлөн, ядарсан байхыг хүсэж байвал манга зураач бол гэж зөвлөдөг. Энэ их хэцүү ажил...

-Чи тэгээд өлсөж, ядарч, хагас нойртой явахыг хүсээ юү?
-Дуртай болохоороо өлсөх, ядрах тухай огт бодоогүй. “Тулгуур зүрх”-ийг зурахдаа үүр цайтал суудаг байсан. Нэг эхлүүлчихвэл дуусна гэж байхгүй. Зураад л, бичээд л... Тэгээд л 2007 онд “Тулгуур зүрх”-ээ зураад ном болгож хэвлүүлсэн.

-Хэчнээнийг хэвлүүлсэн бэ. Хүмүүс худалдаж авч байна уу?
-200 хувь хэвлээд, дөнгөж тал нь л зарагдсан. Манганы тухай хүмүүс бараг мэдэхгүй болохоор сонирхогчид цөөхөн. Тэгээд ч одоо цахим ертөнцөөр мангаг үнэгүй үздэг болсон байна лээ. Зарим сайтууд монгол хэл рүү орчуулах нь олширсон. Тийм болохоор ном худалдаж авах нь ховор доо.

-Чи өөрөө манга орчуулж байв уу?
-Үгүй ээ. Орчуулж байгаагүй.

-Манганы номонд хэчнээн зураг, дүрслэл ордог вэ?
-Нэг манга 1000 орчим зургаас бүтдэг. Би ч бас тэр зарчмаар л зурсан.

-Яриаг нь бас өөрөө зохиодог юм уу?
-Тийм ээ. Ерөнхий санаагаа гаргаад, зурж эхэлнэ. Зурж байх явцдаа яриаг нь бичдэг юм. Ярианы хэлээр бичдэг болохоор уншихад ойлгомжтой.

-Манганд ихэвчлэн хийсвэр үйл явдал гардаг. Сүнс, энерги гэх мэт...
-Зохиогч хүссэн зүйлээ ургуулаад бичиж болдог болохоор хийсвэр зүйл олон л доо. Манганд хил хязгаар гэж байхгүй. Байж боломгүй зүйлсийг ч манганд өгүүлэх нь бий. Өөр гариг, өөр соёл иргэншил гээд л. Огт байхгүй цаг хугацаанд оршин байгаа төсөөлөл гэх юм уу даа.

-Хэд орчим настай хүмүүс манга сонирхдог юм бэ?
-Насны хязгаар байхгүй ш дээ. Хүмүүс өөртөө тохируулаад л сонгочихдог.

-Зурагтай ном болохоор нь бага насны хүүхдүүдэд зориулсан гэж боддог байлаа шүү.
-Монголчууд үлгэр сонсож өсдөг шиг япончууд багаасаа манга уншиж эхэлдэг. Манганы баатруудын үйл хөдлөл, бодол эргэцүүлэл нь хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлдэг юм. Тийм болохоор япончууд бүгд зоригтой, тууштай байх гэж хичээдэг. Энэ нь зөвхөн хүүхдүүд манга сонирхдог гэсэн үг биш. Манга олон төрөл байдаг болохоор томчуудад зориулсан нь ч бий. Мөн хайр дурлал, дайн тулаан, нөхөрлөл, адал явдал, аймшиг, эротик, охидынх, хөвгүүдийнх гээд л бүх төрөл бий. Тийм болохоор л хүмүүс өөртөө тохирсныг сонгож уншдаг юм.

-Чиний бүтээсэн манга ямар төрөлд нь хамаарах вэ?
-Адал явдал гэдэг төрөлдөө хамаарагдах боловч тулаант хэлбэрийнх гэж ярина л даа. Дан адал явдал гэхээр өрөөсгөл санагдаад байдаг юм.

-“Тулгуур зүрх”-ийн баатрууд дандаа гадаад нэртэй юм билээ. Бас царай нь япон маягийн...
-Харин тийм ээ. Манга-ны баатрууд монгол нэртэй байвал унших хүн олдохгүй байлгүй дээ. Ямар Батаа, Чимгээ гэлтэй биш... Харин зураглал нь япон биш, солонгос. Би анх Ох Се Вон гэдэг зураачийн бүтээлд дуртай байсан юм. “Тулгуур зүрх”-ийг яг түүний зурдаг хэлбэрээр зурсан.

-Манга зурах арга барил гэж бий юү?
-Байлгүй яах вэ. Гэхдээ би “Тулгуур зүрх”-ийг зурахдаа нарийн ширийн зүйл мэддэггүй байсан. Дараа нь хүмүүсийн хэл аманд өртөөд, нэлээд судалж хичээллэсэн л дээ. Миний мэдэхгүй олон зүйлс байдаг юм билээ. Зураг, дүрслэл нь яг л киноны зураг авалт шиг үргэлжилдэг. Одоо би сайжирсан.

-Одоо монголд манга зурдаг хүмүүс хэр олон бэ?
-Байх нь байгаа. Гэхдээ цөөхөн, нууцлагдмал... Би мангагаа балын харандаагаар зурдаг. Харин одоо вакумаар зурдаг болсон байна лээ.

-Вакум гэж юу юм бэ?
-Компьютерт холбодог самбар. Самбар дээрээ зурмагц дүрс нь компьютерт гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр өнгө дүрс нь сайжирна.

-Манга зурах сонирхолтой хүмүүст зориулсан сургалт байдаг уу?
-Манайд бол байхгүй ш дээ. Харин Японд манганы зураач бэлтгэдэг сургуулиуд байдаг. 2,5 жил сураад төгсдөг юм билээ.

-Чи өөрөө яаж сурсан юм бэ?
-Хараад, дуурайж зурж байгаад л сурчихсан. Эгч маань Германаас надад манга явуулдаг байсан юм. Хэлийг нь мэдэхгүй болохоор зургийг нь үзээд ойлгочихно. Заримдаа орчуулаад явуулна. Харин Монголд сүүлийн үед манга хөгжөөд байгаа болохоор олж унших арга ихэссэн. Манга номын сан ч байдаг болсон байна лээ.

-Цаашдаа өөр манга хийх үү?
-Хийлгүй яах вэ. Гэхдээ энэ хэлбэрээрээ зурахгүй, олон ангитай хийхгүй. “Тулгуур зүрх” есөн ангитай. Уг нь хоёр ангитай хийхээр төлөвлөсөн хэдий ч ес болчихсон. Удахгүй хоёрдугаар цувралаа хэвлүүлнэ ээ.

-Тэгвэл анимэ?
-Хүүхэлдэйн кино хийх тухай бодоогүй. Одоохондоо анимэний талаар мэдлэг байхгүй болохоор ярихад эрт байна...

Гурван жилийн өмнө Монголын анхны манга “Тулгуур зүрх” нэртэйгээр хэвлэгдэн гарсан тухай дээр дурдсан. Тэгвэл энэхүү манганы “эзэн”-тэй та сая “уулзлаа”. Ц.Сумъяахүү адал явдалд дуртай, хийж буй зүйлдээ тууштай ханддаг нэгэн байлаа. Түүний энэ занг манга төлөвшүүлсэн гэсэн. Та ч гэсэн манганы талаар сонирхоод үзээрэй...

1 comment:

  1. аанхан, номыг нь олж уншнаа. гоё мэдээлэл өгсөнд баярлалаа...

    ReplyDelete